Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, доктор О.Чинбаяртай ярилцлаа. Саяхан болж өнгөрсөн номын баярын үеэр тус эвлэлээс томоохон хоёр бүтээл олны хүртээл болгосон талаар мэдэж ихэд олзуурхсан юм. Монголын зохиолчдын өгүүллэгүүдээс түүвэрлэн орос хэлээр орчуулсан “Современный монгольский рассказ”, Оросын зохиолчдын бүтээлүүдээс монгол хэлэнд буулгасан “Оросын орчин цагийн өгүүллэгүүд” гэсэн ном хоёр орны утга зохиол болон аль, аль үндэстний аж амьдралыг сонирхдог хүмүүсийн анхаарлыг гойд татах нь гарцаагүй. Эдгээр номын эргэн тойронд хөөрөлдлөө.
-Уг бүтээлүүдийг хэрхэн “төрүүлсэн” бэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, хүүхдийн зохиолч А.Торопцев нар “Номын ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг номын баярт оролцохоор манай оронд ирсэн юм. Тэр үед ярилцсан санаанууд өнөөдөр биеллээ олсонд их баяртай байна. “Оросын орчин цагийн өгүүллэгүүд”-ийг түрүүлж эрхлэн гаргасан. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээлтийг нь хийсэн. Манай улсын зохиолчдын өгүүллэгүүдийн орос хэлээрх түүврийг хэдхэн хоногийн өмнө хэвлүүллээ. Энэ номыг Орост бас хэвлээд буй юм.
-Аль алинд нь орчин цагийн бүтээлүүдийг багтаажээ.
-Тийм ээ. 1984 онд манай улсын зохиолчдын бүтээлийн хоёр боть орос хэлээр гарсан түүхтэй. “Рассказы монгольских писателей” гээд бор, хатуу хавтастай ном байдаг, хүмүүс анддаггүй. Түүнээс хойш өгүүллэгийн түүвэр гаргаагүй. Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд уг номуудыг уншигчдад хүргэхийг зорьсон. Хаана, хаанаа цар тахалтай тул цахимаар харилцсаар байгаад гаргаж чадлаа.
-Оросын хэчнээн зохиолчийн бүтээлээс оруулав?
-Оросын 24 зохиолчийн 25 өгүүллэг бий. Тэдний 21 нь “Горький”-г төгссөн бөгөөд 14 нь өдгөө сургуульдаа багшилж буй. Нэг ёсондоо өнөө цагийн “гүйлгээний бус” зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийг монгол хэлээр унших боломж бүрдсэн гэсэн үг.
-Гүйлгээний бус зохиолч гэж хэн бэ?
-Арилжааны бус бүтээл туурвидаг зохиолчид гэсэн үг. Өнөөдөр энх тунх буй орос зохиолчдын хөндөн бичиж буй сэдэв, тэдний бичлэгийн арга барил, урсгал зэргийг уг зохиолыг уншаад мэдэрч болно. Энэхүү түүвэрт бүтээл нь багтсан зохиолчид бол Оросын орчин цагийн утга зохиолын гол төлөөлөгчид юм. Уншигчид, ялангуяа залуу зохиолчид уншвал Оросын уран зохиолын хөгжил ямар түвшинд байгаа вэ гэдгийг бэлээхэн харж болно. Тэднээс суралцахад ч ач холбогдолтой.
-Хэн, хэн орчуулав?
-Оросын 24 зохиолчийн өгүүллэгийг Монголын 20 орчуулагч хөрвүүлсэн. Олон хүний хамтын бүтээл болсон доо. Нэрт дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн, нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Ж.Нэргүй тэргүүтэй орчуулагч нар ажиллалаа. “Горький”-н үе үеийн төгсөгчдөөс орчуулгаар бүтээл туурвиж байсан зургаа, долоон хүн бий. Тэднийгээ ч бас дайчиллаа.
-Тэгвэл орос хэлээр хэвлэн гаргасан “Современный монгольский рассказ” түүвэрт манай зохиолчдоос хэн, хэний бүтээлийг багтаасан бэ. Хэрхэн сонгов?
-Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзанын шигшсэн сонгомол өгүүллэгүүдэд түшиж, давхар шүүн сонгосон. Мэдээж номын эхэнд буюу магнайд нь орчин цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн бүтээлээс “Ламбугайн нулимс”-ыг сонгож залсан. Мөн Д.Намдаг, Ж.Пүрэв, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Д.Гармаа, Д.Батбаяр нарын шилдэг өгүүллэгүүд бий. Зохиолч Б.Догмид, До.Цэнджав, П.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, М.Уянсүх, Г.Аюурзана, Т.Баянсан, Л.Өлзийтөгс, М.Эрдэнэбат, П.Батхуяг, Х.Болор-Эрдэнэ, Н.Бадамжав, Б.Золбаяр гээд сүүлийн үед өөрийн гэсэн өнгө аясаар бичиж буй зохиолчдын бүтээлийг түүвэрлэн багтаасан. М.Горькийн нэрэмжит сургуульд шүүмжээр суралцаж буй Э.Энхсаруул нь Д.Нацагдорж, С.Эрдэнэ нарын өгүүллэгүүдээс орчуулж оролцсон. Сургуультай нь холбоотой хэрэгжүүлж буй төсөлд хамрагдах нь, бүтээл нь уг номд багтах нь тухайн оюутанд нэр төрийн хэрэг. Түүнийг улам хурцалж, урамшуулж, цаашид их юм хийгээсэй гэсэн үүднээс оролцуулсан. Нэг ёсондоо залуу орчуулагчдаа дэмжих, урам өгөх зорилгоор татан оролцуулсан гэсэн үг. Насны хувьд 23-80 насны орчуулагчид ажиллалаа.
Монголын зохиолчдын өгүүллэгийн чансаа, өнөөгийн амьдрал ямар байгаа юм гэдгийг Оросын уншигчдад мэдрүүлэх, ямар, ямар зохиолч шинээр төрөн гарсан тухай танилцуулахад “Современный монгольский рассказ”-ыг бүтээхийн зорилго оршиж буй. Зохиолчдын өгүүллэгийг нийтлэхдээ өөрсдийнх нь танилцуулга, гэрэл зурагтай оруулсан. Мөн орчуулагчдын товч намтар ч бий. Бас жижиг гэлтгүй тайлбар тольтой. Хэл гадарладаг хүмүүс монгол зохиолчдынхоо ямар бүтээлийг орос хэл рүү хэрхэн орчуулсан бол гэж сонирхох нь гарцаагүй. Дээрх түүвэрт багтсан орчуулгын бүтээлийг эх зохиолтой нь харьцуулж унших боломжтой. Орос хэл сурахыг зорьж буй хүмүүст их хэрэгтэй.
-Томоохон ажлын ард гарчээ. Санхүүжүүлэх хөрөнгийг хэрхэн босгосон бэ?
-Нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Мэргэн агсны үр хүүхдүүд аавынхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор улсынхаа утга зохиолын салбарын хөгжилд хувь нэмэр болох, тэр дундаа Монголын уран зохиолыг гадаад хэл рүү, гадаадын зохиол бүтээлийг эх хэл рүүгээ орчуулах төслийг хэрэгжүүлэх, мөн аавынхаа зохиол бүтээлийг ботилж гаргах зэрэг ажил хийхээр “Мэргэн зон” төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан юм. Анхных нь дэмжсэн, хамтарч хэрэгжүүлсэн төсөл нь энэ хоёр ном боллоо.
-Ийм хоёр ном гаргасны ач холбогдлыг та юу гэж хэлэх бол?
-Бодоод үзье. Манай хэн нэг зохиолч Орост номоо хэвлээд, борлуулах гэвэл хэр олон хүн худалдаж авах бол гэдэг нь өнөөдөртөө өөрөө том асуудал. Харин М.Горькийн нэрэмжит сургуулийнхан хамтарч эрхлэн гаргасан байна гэдгийг мэдвэл илүүтэй сонирхох байх гэж бодогдоно. Монголын зохиолчдын өгүүллэгийн бүтээлийг Орост номын худалдаанд удахгүй тавих байх. Тэр цагт монголчуудыг мэддэг, өөрөөр хэлбэл, манай улстай амьдрал нь холбоотой хүмүүс буюу Монголын уран зохиолыг сонирхдог хүмүүс худалдаж авах байх. Орост монгол судлалаар суралцдаг оюутан олон. Тэд ч бас монгол хэлээ сайн сурах үүднээс авч таарна. Мөн манай улсын, орос хэл сурах гэж буй залууст хэрэгтэй. Тэгэхээр энэ номууд оюуны алжаал тайлахын сацуу сургалтын, судалгааны ач холбогдолтой юм. Өнөөдөр жирийн нэг төрийн бус байгууллага, оюуны ундарга болсон сургууль хоёр хамтраад, ийм олон зохиолч, орчуулагчийг хамруулаад энэ хэрийн бүтээл гаргана гэдэг бидний хувьд цагаа олсон үр дүнтэй ажил болсон гэж бодож байна даа.
-Сайн зохиол аль ч цаг үед үнэ цэнтэй байдаг гэдэг. Жишээлбэл, үргэлжилсэн үгийн зохиол, тэр дундаа өгүүллэгийн мастер гэдэг С.Эрдэнийн “Диваажинд хүрэх зам” бүтээлийг орчуулж энэ номд оруулжээ. Оросын уншигчид үүнээс юу олж харах, мэдэх боломжтой вэ?
-Ер нь энэ номд буй бүтээлүүдийг уншсан хүн Монголын жамаараа урагшилж буй уран зохиолын салбарын хөгжлийг харах боломжтой. Их зохиолч Д.Нацагдоржийн үед тийм байж, түүний дараагийн үеүдэд ийм болж, харин өнөөдрийн Монголын хөгжил, өнгө төрх, сэтгэлгээ иймэрхүү байгаа юм байна гэсэн тойм мэдээлэлтэй болно. Ардчилсан Монгол Улсын зохиолчид өнөөдөр чөлөөтэй туурвиж байна. Ямар нэгэн цензур байхгүй, янз бүрийн урсгалаар бичих гэж оролдож байна. Энэ бол их сайн. Ганц дутуу нь гадаад хэлний мэдлэг. Зохиолчид бусдын бүтээлийг гадаад, өөрөөр хэлбэл уугуул хэлээр нь уншвал өөрт нь мэдлэг, мэдрэмж илүү “наалдана”. Нөгөөтээгүүр, утга зохиолын орчуулагчид заавал байх ёстой юм. Бэлдэх ч ёстой. Энд зөвхөн орос хэлний тухай ярьсангүй, ер нь гадаад хэл гэсэн утгаар хэллээ.
-Аливаа, ялангуяа төрийн зүгээс сулхан анхаардаг салбарын хөгжилд мэргэжилдээ дуртай, салбартаа дуу хоолойтой хувь хүмүүсийн эерэг нөлөө их байдгийг анзаардаг. Таныг нэрлэх гэж байна л даа. Өөрийн төгссөн, М.Горькийн нэрэмжит сургуульдаа багшилж, Москвагийн Хэвлэлийн дээд сургуульд хэл бичгийн ухааны докторын зэрэг горилон суралцах хугацаандаа хоёр улсын уран зохиолынхныг хооронд нь холбоход нэлээд ажил амжуулжээ.
-Яах вэ, хичээсэн. Одоо ч үргэлжлүүлсээр байна. Бид өөрсдийгөө М.Горькийн отгон төгсөгчид боллоо доо хэмээн олон жил бодож явсан тэр цаг хэдийн ард хоцорчээ. Энэ жил гэхэд өдрийн ангид К.Ану хэмээх орос, хятад хэлтэй, шүлэг зохиол бичдэг бүсгүй суралцаж эхэллээ. Тэрбээр олны танил яруу найрагч М.Уянсүхийн шавь юм билээ. Энэ бол шинэ үеийн харилцааны сайхан эхлэл. Миний бие аспирантурт сурч байх хугацаандаа ардын дипломатын үүрэг гүйцэтгэж гэх үү, төгссөн сургуулийнхантайгаа ойр дотно байж, уламжлалт харилцаагаа сэргээх талаар чамгүй ажилласан. Ингэснээр дээд курст гурван зохиолч сурах боломжийг нээсэн. Ингээд бодохоор бид Орост төдийгүй дэлхийн утга зохиолын талбарт нэр хүндтэй М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультайгаа харилцаагаа сэргээгээд зогсохгүй хамтарсан төслүүд хэрэгжүүлж эхэлсэн нь юу юунаас сайхан байна.