Өнөөдөр “25 дугаар суваг” телевизийн 25 жилийн ой тохиож байна. Тус телевизийг үүсгэн байгуулагчийн нэг, Гавьяат холбоочин Лувсандамдингийн Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Жаргалант сумд мэндэлж, Жаргалантын сангийн аж ахуйн ерөнхий боловсролын сургуулийг алтан медальтай төгсөөд ОХУ-ыг зорьж, Ленинград хотын Цахилгаан холбооны дээд сургуульд инженер мэргэжил эзэмшжээ. 1979 оноос одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевизийн явуулын станцаас ажлын гараагаа эхэлсэн түүний амьдралын замнал телевизтэй салшгүй холбоотой. “25 дугаар суваг” телевизийг байгуулалцсан эрхмүүдийн дундах ганц эмэгтэй нь техникийн бүхий л ажлыг нугалж байсан Л.Жаргалсайхан юм.
-Юуны түрүүнд танд халуун баяр хүргэе. Таны үүсгэн байгуулсан телевиз 25 нас хүрлээ. Анхны нэвтрүүлгээ цацсан 1996 оны есдүгээр сарын 27-ны өдрийг эргэн дурсахгүй юу.
-Баярлалаа. 1996 оны есдүгээр сарын 27 бол миний хувьд насан турш санаж явах өдөр. Бидний хэдэн нөхөд “25 дугаар суваг” телевизийнхээ анхны нэвтрүүлгийг олонд хүргэх гээд их ч догдолж, тэвдэж ч байлаа. Нэвтрүүлэх станц, эвлүүлгийн тоног төхөөрөмж авах, студи байгуулах гээд л гол ажлууд тавдугаар сараас өрнөсөн. Алтай, Авираа, Галсанжаргал бид нар одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) хэмээх их айлаас өрх тусгаарласан юм. МҮОНТ 1967 оны есдүгээр сарын 27-нд анхны нэвтрүүлгээ цацсаныг бодолцон, хувийн телевизийнхээ анхны нэвтрүүлгийг есдүгээр сарын 27-нд үзэгчдэдээ хүргэхээр сонгосон. Тэр өдрийг одоо ч тод санаж байна. Дулаахан, нартай өдөр байлаа. Анх манай телевизийнхэн Соёлын төв өргөөний театрын музейд байрладаг байв. Соёлын төв өргөөний оройг оруулж байгаад Авираа (А.Авирмэд) маань анхны нэвтрүүлгээ нээсэн дээ. 19.00 цагт эхэлнэ гээд л цөмөөрөө студидээ ороод суулаа. Эфирийн найруулагч “Анхаар, мотор” гэсэн чинь дуу байдаггүй. Эхлээд Алтай ярьтал ам нь ангалзаад юу ч сонсогддоггүй. Би сандарч гүйж гараад техникээ шалгатал туслах охин маань дууны утсыг буруу холбочихож. Бушуухан засаад нэвтрүүлгээ эхлүүлж билээ. Тэр өдрөөс хойш одоог хүртэл телевизийн маань үйл ажиллагаа тасралтгүй явж ирлээ. Анхны нэвтрүүлгээ цацсан өдөр бидэнд баяр хүргэхээр олон хүн ирсэн. Ар гэрийнхэн маань ширээ засаад, олуулаа оройжингоо бужигнасан даа. Манай Ц.Балдорж хоёр хөөрхөн охиноо дагуулж ирсэн. Манай телевизийн үйл ажиллагаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө анхны дугаараа олонд хүргэсэн “Өнөөдөр” сониныхон ирж баяр хүргэснийг тодхон санаж байна. Бид урьд нь “Цагаан шонхор” радио станц, дараа нь FM.107-г ажиллуулж байсан туршлагатай. Тэр үеэс манай баг болж ажилласан дууны найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазар, Г.Энхтүвшин нартаа баярлаж явдаг. Дууны найруулагч С.Нарантуяа маань одоо ч “25 дугаар суваг” телевиздээ ажиллаж байна. Телевизийн анхны эфирийг “түлхсэн” Л.Төмөрхуяг гэж найруулагч байлаа. Харамсалтай нь, одоо бидний дунд алга. Мөн Чимгээ найруулагч, оператор Б.Энхбаяр, дууны техникч Д.Ганмягмар нарын олон хүн арын албанд зүтгэж байсан. Бидний нэрлэдгээр “том” Халиун (Б.Халиун), Ш.Инжмаа, нэвтрүүлэгч Энхжаргал нар мөн ажилладаг байв. Зарим нь одоо ч телевиздээ ажиллаж байгаа. Тэр үед манайд редактораар ажилладаг байсан Б.Оюунчимэг найзыгаа бас онцолмоор байна.
-Телевизийн үүсэл түүхийг сөхвөл танаас гадна Ц.Балдорж, Ш.Отгонбилэг, З.Алтай, А.Авирмэд, Д.Галсанжаргал нарын зургаан эрхмийн тухай яригдана. “АЭ энд ЖААГ” компанийг та бүхэн өөрсдийн нэрийн эхний үсгээр нэрлэсэн гэж дуулсан.
-“ЖААГ” компани үйл ажиллагаагаа 1993 оны наймдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн түүхтэй. З.Алтай, “парик” Жаргалсайхан, А.Авирмэд нар цугларч компани байгуулж, алсдаа телевизтэй болохоор төлөвлөж л дээ. Ингээд хүмүүсээ бүрдүүлж, Б.Ганбаатар инженерийг дуудаж. Санхүү мөнгөний асуудал ч яригдаж, Москвад ажиллаж байгаад ирээд удаагүй Д.Галсанжаргалыг бас эгнээндээ нэгтгэжээ. “Цагаан шонхор” компанийнхан ХБНГУ-аас радиогийн тоног төхөөрөмж худалдан авахад тусалсан гэдэг. Түүнийгээ угсрахад мэргэжлийн хүн хэрэгтэй болсноор би багт нь элссэн юм. Намайг Залуучуудын соёлын төвд очиход тэд компани байгуулсан гээд ирсэн хүн бүртэй баярын зоог барьж байв. Тэгэхээр нь би Авираад “Та нар ийм үрэлгэн байвал хэдий удаан тэсэх вэ” гээд хэлчихлээ. Ингээд би техникээс гадна санхүүгээ хариуцах болов. ЖААГ гэх нэрийн тухайд бол Ганболдын Жаргалсайхан, Лувсандамдингийн Жаргалсайхан, Зоригийн Алтай, Аюушийн Авирмэд, Бумбын Ганбаатар, Дэмчигдоржийн Галсанжаргал гэсэн зургаан хүний нэрийн эхний үсэг юм. “Цагаан шонхор” радио станц, FM.107-г үүсгэн байгуулалцсан хүмүүсийг өнөөдөр дурсахгүй өнгөрч болохгүй. Компани байгуулахад бидэнд дэм болсон хүн цөөнгүй. Тэдний нэг нь манай Алтайгийн хүргэн ах Банзай юм. Бизнесмен хүний хувиар бидэнд зөвлөж, дэм болж байсан. Мөн Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аварга биднийг дэмжиж тусалж байлаа. Хэдийгээр бид зорилгодоо бага багаар ойртож байсан ч төд удалгүй Г.Жаргалсайхан маань “Яаж ийм байдалтай телевиз байгуулах вэ” гээд гарчихлаа. Ганбаа инженер мөн тушаал дэвшээд, өөр газар луу явчихав. Ингээд дөрвүүлээ хоцорлоо. Азаар “ЖААГ” гэх нэр маань бүтэн үлдсэн. Жаргалсайхан миний бие, Алтаа, Авирмэд, Галсанжаргал нар үлдсэн учраас тэр л дээ. Бид телевиз байгуулах гэтэл нэвтрүүлэх станц авах мөнгө байдаггүй. Ингээд бид Ц.Балдорж, Ш.Отгонбилэг нарыг “уруу татсан” юм. Ц.Балдорж бид хоёр Жаргалантын арван жилийн сургуульд хамт сурдаг байсан, багын танил. Миний хувьд телевизийн хүрээнд хамтран ажиллахаасаа өмнө Ш.Отгонбилэгийг зүс таньдаг байсан. Ингэж компанийн хувьцаа эзэмшигч нэмэгдсэнээр нэр өөрчлөх хэрэг гарсан. Тэр үед Ц.Балдорж “Ардын эрх” сонины эрхлэгч байлаа. Тиймээс “Ардын эрх” сонины нэрийг товчилж, компаниа “АЭ энд ЖААГ” гэж нэрлэсэн түүхтэй. Аливаа бизнес эхлэхэд эдийн засгийн хүндрэл үүсдэг шүү дээ. Санхүүгийн тал дээр Ш.Отгонбилэг маш их нэмэр болсон. Мөн манай нөхөр бизнес эрхэлдэг байсан учир ажилтнуудын цалин дээр удаа дараа тусалсан.
Бал эрхлэгч үргэлж л бидний хажууд байв. Биднийг “халаасандаа” чирээд л явна. “Ардын эрх” сонины байр, дараа нь одоогийн энэ байранд ч ялгаагүй биднийг авчирсан. Манай А.Авирмэд бол хүнтэй гайхамшигтай эвтэй байдаг, үндэснийхээ түүх соёл, өв уламжлалыг нэвтэрхий мэддэг, өндөр мэдлэг, чадвартай хүн байлаа. Одоогийнхоор бол гайхалтай менежер. Бурхан болсон эрхэм нөхдөө ойн баярын энэ өдрөөрөө дурсалгүй яах вэ.
…Техник, технологи гэрлийн хурдаар хөгжиж байна шүү дээ. Үүнийг дагаад цөөн хүний хүчээр их ажил амжуулах боломж бүрдэж. Нэвтрүүлгийн харагдах байдал, өнгө, хийц нь ч сайхан болжээ. Тэр үед цаасан дээр гуашаар зурж, бичээд хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийн арын фон болгодог байв. Гэвч өдгөө хүнээ сургах тал дээр бага зэрэг орхигдсон юм шиг…
-“25 дугаар суваг” телевиз Монголын анхны хувийн, чөлөөт телевиз гэдгээрээ онцлог. Тухайн үед хувийн арилжааны телевиз байгуулахад асуудал бэрхшээл их байсан биз.
-Байлгүй яах вэ. Тэр үед тоног төхөөрөмж, санхүү, боловсон хүчин хомс байлаа. Бид цөөхөн тоног төхөөрөмжөөр том хэмжээний нэвтрүүлэг бэлдэж байсан. Үзэгчид “Дүрс нь бүдэг, жирэлзэж байна” гэж шүүмжилсэн ч манай телевизийг үзэх дуртай гэцгээнэ. Биднийг бүгд л дэмжиж байв. Тухайн үед хуучнаар “Монгол” телевизээс гадна “Улаанбаатар” телевиз үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс “Улаанбаатар” телевизийн талаар онцолж ярья. МҮОНТ-ийн хоёрдугаар студийн хажууд Теле кино үйлдвэр гэж хоёр давхар жижигхэн шар байшин байлаа. Тэнд баримтат кино, телевизийн мэдээллүүдийг 16-35 мм-ийн кино хальсан дээр бэлтгэж өгнө. 1990-ээд онд Монголын кино урлаг хүндхэн үеийг туулсан нь Теле кино үйлдвэрийг тойроогүй. “Монгол” телевизийн техникийн албаны дарга байсан Бумбын Ганбаатар гуай Японоос тусламжаар ирсэн эвлүүлгийн тоног төхөөрөмж, сурвалжилгын камерыг Теле кино үйлдвэр лүү хуваарилсан нь Монголын телезизийн хөгжилд маш их түлхэц болсон. Ийнхүү Теле кино үйлдвэрийнх болсон өнөөх тоног төхөөрөмжийг угсарч, ашиглалтыг нь хариуцах хүн хэрэгтэй болжээ. Б.Ганбаатар гуай надад санал тавьснаар би тус үйлдвэрийн Дууны цехийн даргаар очсон юм. Би тэр үед “Монгол” телевизэд Явуулын сурвалжилгын цехийн дарга байлаа.
Ингээд бид Теле кино үйлдвэрээ пүүс болгож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хишигт гуай “Өлзий” хэмээн нэрлэсэн юм. Л.Балхжав, яруу найрагч Я.Энхээ нартай хамтран, эстрадын ахмад дуучдын болон С.Цэрэнчимэд, Ш.Чимэдцэеэ тэргүүтэй, тухайн үеийн нэртэй уран бүтээлчдийн тоглолтоор теле концерт хийж борлуулдаг байлаа. “Шувууд буцсан намар” гэдэг нэртэй, телевизийн анхны киног мөн бид хийсэн. Бас “Хөөрхөн хүүхэн” киног монгол хэлнээ хөрвүүлэн зарж овоо орлого олсон шүү (инээв). Б.Ганбаатараас гадна Ц.Цэнд, Д.Цэдэвсүрэн нар телевизийн хөгжилд үнэтэй гавьяа байгуулсан. Тэднийг маань хангалттай үнэлж хүндлэхгүй байна уу даа гэж боддог.
1991 онд бид пүүсээ телевиз болгон өргөжүүлэхээр зорьсон юм. Гэтэл Ганбаа дарга тушаал дэвшээд явчихлаа. Дараа нь Сарантуяа дарга ирж, бидний эхлүүлсэн ажлыг гүйцээсэн. Хотын захиргааны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” телевизийг байгуулахад би техникийн ажиллагааг нь хариуцаж байлаа. Товчхондоо, өнөөдрийн “Улаанбаатар” телевизийн эхлэл нь “Өлзий” пүүс байсан юм.
-Тэгэхээр та хоёр ч телевиз байгуулахад гар бие оролцжээ. Одоогийн телевизүүдийн хөгжлийг тэр үеийнхтэй харьцуулахад ямар санагддаг вэ?
-Ярих юмгүй сайхан болсон. Тухайлбал, намайг МҮОНТ-д ажиллаж байхад нэвтрүүлгийн хоёр цагийн хальс 15 кг. Бичлэгийн үеэр алдаа гарвал дахиад эхнээс нь бичдэг байсан. Маш хурц гэрлээр шардаг, хүнд нөхцөлд ажиллана. Одоо бол энэ бүхнийг компьютер дээр хурдан хийчихэж байна. Техник, технологи гэрлийн хурдаар хөгжиж байна шүү дээ. Үүнийг дагаад цөөн хүний хүчээр их ажил амжуулах боломж бүрдэж. Нэвтрүүлгийн харагдах байдал, өнгө, хийц нь ч сайхан болжээ. Тэр үед цаасан дээр гуашаар зурж, бичээд хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийн арын фон болгодог байв. Гэвч өдгөө хүнээ сургах тал дээр бага зэрэг орхигдсон юм шиг. Техник, тоног төхөөрөмжийн ажиллагаа хялбар болчихоор залуус сэтгэж бүтээхдээ өнгөцхөн хандаж байна. Гэхдээ мундаг чадалтай залуус олон бий.
-25 жилийн турш та бүхний баримталж ирсэн зарчим, телевизийн үнэт зүйл гэвэл юуг хэлэх бол?
-Миний амьдрахуйн бүх зүйл энэ телевизээс хамааралтай учраас би зүрхний угаас хайртай. Энэ дайны яваа минь телевизийн ач буян. Тиймээс телевизийнхээ төлөө зовохгүй, шаналахгүй байж чаддаггүй. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан нийгмийг Монголд байгуулахад түшиг тулгуур болохын төлөө бид зорьж ирсэн.
Би тэтгэвэртээ суугаад дөрвөн жил болж байна. Амьдралынхаа хамгийн идэвхтэй, гэрэл гэгээтэй үеийг би энэ телевизэд өнгөрүүлсэн. Амралтын өдөр гэж байсангүй. Ингээд бодоход миний залуу нас, амьдрал тэр чигээрээ “25 дугаар суваг” телевиз. Телевизээрээ бахархахын дээдээр бахархаж, хамтран ажилласан хүмүүстээ баярлахын дээдээр баярлаж явдаг даа. З.Алтай, Ц.Балдорж, Д.Галсанжаргал, А.Авирмэд, Ш.Отгонбилэгтээ мэхийн ёсолъё.
-Амралтгүй ажилладаг хүний ар талд сайн хань байдаг. Та гэр бүлээ товч танилцуулахгүй юу. Таны бага охин сэтгүүлч мэргэжилтэй гэж дуулсан.
-Хүний амьдралд эвлэх, эвдрэх явдал зөндөө. Гэхдээ би азаар маш сайхан ханьтай хүн. Миний ханийг Дангаасүрэнгийн Пүрэвдорж гэдэг. Нөхөр минь “ДЦС-3”-т инженерээс нь эхэлж ажиллаад Цахилгааны цехийн дарга болж дэвшсэн. Сүүлд хувийн бизнес эрхэлсэн юм. Одоо бид нэгэн сувиллын газар ажиллуулж байна. Миний хань ажилд минь тус болж байснаас ганц ч удаа “Чи оройтлоо” гэж хэлж үзээгүй. Дөрвөн охиноо үүрч дүүрч өсгөсөн хүн. Том охин П.Гэрэл маань “25 дугаар суваг” телевизийн санхүүгийн албанд ажиллаж байна. Дараагийн охин П.Содгэрэл урлаг судлаач. Өдгөө Цинхуа их сургуульд докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Гурав дахь охин П.Содбилэг телевизийн оператор, нүүр хувиргагч мэргэжилтэй. Бага охин П.Номинбилэг “Гэрэг” сэтгүүл, ub.life сайтын тоймч.
-Олон нийтийн зүгээс “Телезизээр үзэх олигтой нэвтрүүлэг алга, нэг мэдээгээ бүгдээрээ давтдаг” гэж шүүмжлэх болсон. Үүнийг өөрчлөх арга замыг та юу гэж харж байна вэ?
-Үзэх юмгүй байна гэдэг хоёр талтай. Нэг талаас манай улс гуравхан сая хүнтэй. Цөөн хүн амтай тул мэдээний эх үүсвэр бага. Нөгөө талаас хүн амтайгаа харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш олон. Анхаарал татсан нэг үйл явдалд бүгд овоордог. Суваг солиход харах өнцөг нь ижилхэн шахуу мэдээнүүд урсаж байна. Хэвлэл мэдээлэл нэр хүндээ алдахын зэрэгцээ иргэдийг залхааж байна гэж хэлж болох юм. Тиймээс телевизийн тоог цөөлөх ёстой. Мөн сэтгүүлч, телевизийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтыг чанаржуулах хэрэгтэй. Тэгвэл чадалтай уран бүтээлч төрнө. Сэтгүүлчдийн тухайд гэхэд эвийг нь олоод эмх цэгцтэй бичдэг редактор ховор байна шүү дээ.
-Телевиз хэмээх их айлд хөл тавьж буй залуу сэтгүүлч, уран бүтээлчдэд хандсан үгээр тань ярилцлагаа өндөрлөе.
-Залуу хүмүүсийн өмнө урт зам бий. Бидний үеийнхээс хурдацтай хөгжиж буй ирээдүй хүлээж байна. Хүн техникийн хөгжилд шахагдаж мэдэх цаг үед амьдарч байгаа учраас өөрийгөө хөгжүүлж, дайчилж, зогсолтгүй урагшаа зүтгэж яваарай. Мөн “25 дугаар суваг” телевизэд урт, богино хугацаанд ажилласан, олон телевизийн боловсон хүчнийг бэлтгэсэн “их сургууль”-ийн босгыг алхсан хүн бүхэнд 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тэр дундаа Д.Ганмягмар найруулагч, Д.Жамьянжав, Д.Энхтуяа, инженер Эрдэнэбат, Ч.Дашдэмбэрэл, нэрт найруулагч Бадрахын хүү Хишигбаяр нартаа онцлон талархъя. Тулгамдаад зарим нэгнийгээ орхигдуулсан бол уучлаарай. Энэ өдөр бол “25 дугаар суваг” телевизээр овоглосон бүх хүн, үзэгчдийн маань баяр билээ.