Үндэсний геологийн албанаас улс орны хөгжлийн бодлогод нийцүүлэн геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллүүдийг орчин үеийн техник технологи ашиглан боловсруулах цогц ажлын хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлэгт Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд оролцон мэдээллийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, өмчлөл, мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бодлого, үйлчилгээг танилцуулсан. Улмаар геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллийн үнэ цэнэ, баталгаагүй мэдээллийн хор уршгийн талаарх ойлголтуудыг өгснөөрөө ач холбогдолтой.
Хэлэлцүүлгийн үеэр “Гео мэдээллийн цахимжилт” үзэсгэлэн боллоо. Мөн Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг байгууллагуудад ашиглаж буй цахим системүүдийг танилцуулав. Монгол орны геологийн салбарт хийсэн бүх төрлийн судалгааны баримт, мэдээллийг агуулсан цахим системүүдийг иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой эл цаг үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ч эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж аж.