Утга зохиол судлаач, яруу найрагч, МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуягийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр “Цаасан навчсын эмгэнэл”, “Зурмал нүдэт хэрээ”, “Шувуудын гүн ухаан”, “Шулмын шүлгүүд: Лурас”, “Амь тавих сарууд” тэргүүтэй яруу найргийн, “Муурын байшингуудын түүх” өгүүллэгийн түүвэр, “Уншихуйд автахуй” шүүмж судлалын номоо уншигчдад хүргээд буй. “Балдорж” сангаас жил бүр зохион байгуулж, Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдэг 10 бүтээлийн нэгээр түүний “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш” нийтлэл нь 2018 онд шалгарч, “Уншихуйд автахуй” ном нь өнгөрсөн онд утга зохиолын шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг судлал, шүүмжийн төрөлд хүртсэн юм.
-Хамгийн сүүлд ямар бүтээлээ уншигчдад хүргэв. Одоо ямар уран бүтээл туурвиж буй вэ?
-Хөрөг, аян замын тэмдэглэл, сурвалжилга, дурсамж тэргүүтэй нийтлэлүүдээс бүрдсэн ном гаргахаар ажиллаж байна. Ингэхийн тулд Мон- гол орноороо аялж, хүмүүсийн тэр бүр зорьж очдоггүй газруудаар явлаа. Хамгийн сүүлд өн - гөрсөн зун зүүн тайгыг зорьсон. Миний хувьд аялах гэдэг байгалийн сайхныг мэдрэх, зураг авахаас гадна сонирхолтой хүмүүсийг олж уул- зах, тэмдэглэл хийх, түүгээрээ бүтээл туурвих давхар зорилготой. Ингэж аялах нь өөрт ч таа- тай, өрөөлд ч сонирхолтой.
-Номдоо зориулж хэдэн аймгийн хэчнээн сумаар аялав. Сэтгэлд тань хамгийн хоногшсон, эсвэл илүү сонирхолтой газар хаана байв?
-21 аймагт бүгдэд нь очсон. Сэтгэлд илүү хоногшсон нь сүүлд аялсан зүүн тайга. Хол, бартаатай замыг машин, мориор туулж, адал явдал ихтэй аялсан болохоор тэр юм болов уу. Тайгынхны уламжлалт ёс заншил, ахуй, хувцас хэрэглэл, хүмүүсийнх нь зан төрх надад их нууцлагдмал бөгөөд сонирхолтой санагддаг байлаа. Очоод тайгынхны тухай домог, хууч яриа олныг сонссон нь эртний үлгэрийн оронд ирсэн мэт л онцгой, сайхан санагдсан. Зүгээр л машинаар засмал зам дээр давхисаар байгаад хаа нэгтээх газарт очих биш, бартаа саад туулж, байгалийн үзэгдлүүдтэй тулж, адал явдалтай аялах би дуртай. Дараа нь бичихэд ч “амттай”.
-Эл номоо хэзээ гаргахаар төлөвлөж, хэр удаан “нухаж” буй вэ?
-Би хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Үндэсний мэдээ” сонинд Ш.Даваадорж гэж мундаг сэтгүүлчийн удирдлагад ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л энэ төрлийн ном гаргах сан гэж хүссэн.
-Хамгийн сүүлд ямар нийтлэл бичив. Таныг “Сэтгүүлчээр огт ажиллахгүй” гэж боддог байсан гэж сонссон юм байна.
-Би утга зохиол судлал, утга зохиолын ажилтнаар суралцсан юм. Хөрвүүлээд сэтгүүл- чээр ажиллах ч боломжтой. Оюутан байхдаа сэтгүүлчээр огт ажиллахгүй гэж боддог байлаа. Энэ бодлыг минь соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн "Аав, бид хоёр”, Л.Болормаа агсны “Даашинзтай сур- валжлагууд” ном өөрчилсөн. Эдгээр номыг уншаад “Сэтгүүлчээр ажиллавал ийм гоё хөрөг, нийтлэл бичиж болох юм байна. Бичиж буй бүх зүйлдээ бүтээл хэмээн хандах хэрэгтэй юм. Тэгж чадвал ийм гоё бүтээл бичиж чадна” гэх урам, итгэл авсан. Сүүлд нь надад тэгж итгэл өгсөн бүтээлийн эзэн Б.Ганчимэг сэтгүүлчийн удирдлагад “Open door” сонинд ажиллахдаа ярилцлага хийж, сурвалжилж, түүнээс урмын үг сонсохдоо баяртай байлаа. Одоо гурав дахь редакцдаа ажиллаж байна.
-Таны сүүлд гаргасан “Амь тавих сарууд” яруу найргийн хэд дэх түүвэр вэ?
-Долоо дахь нь. Амьдралынхаа нэг мөчлө- гөөс дараагийнхад шилжих яг тэр завсрын үед бичсэн шүлгүүдээрээ “Шулмын шүлгүүд: Лурас” түүврээ гаргаж байлаа. Тэр түүвэрт багталгүй үлдээсэн нэлээд хэдэн шүлгээ сүүлд бичсэнүүдтэйгээ эмхэтгэн “Амь тавих сарууд”- аа гаргасан юм. Цаг хугацаа урсаж, “үхэж” хоцордог. Бидний яг одоо амьдарч буй цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй, 12 сар жил бүр давтагддаг ч гэлээ хэзээ ч ноднингийнхтой адил байхгүй, бид энэ үеийг дахин мэдрэхгүй. Тэгээд л “Амь тавих сарууд” гээд нэрлэчихсэн. Дахин хэзээ шүлгийн түүвэр гаргахаа харин огт төлөвлөөгүй. Шүлэг гэдэг өөрийнхөө доторхыг бусдад ний нуугүй нээн харуулж буй хэрэг гэж би боддог. Тэгэхээр байнга тэгж нээх бас онцгүй. Шүлэг “төрөх” цагтаа л “төрдөг”. Нөгөө талаас, би ном гаргана гэж шүлэг бичдэггүй, бас сараачсан бүхнээ ном болгодоггүй.
-“Төрөх” цагтаа л “төрсөн” олон шүлгийг эмхэтгэн түүвэр гаргахад онож нэрлэх үг олох хэр ярвигтай бол?
-Хэцүү. Тухайн ном хэдэн ч шүлгээс бүрдсэн бай нэг бүхэл агуулгатай байх хэрэгтэй. Тэгж байж цогц, бас амьтай болно. Түүнийг илэрхийлэх нэр өгөх хэцүү.
-Бүтээл бүр тань таны оюун санаанаас “ургасан”. Тэгэхээр бүгдэд нь төстэй нэг “өнгө” шингэчихсэн байж магад. Таныхаар тэр нь юу вэ?
-Бүтээл бүрээс минь “үнэртдэг”, миний өө - рөө ч мэддэг, хүмүүсийн ч хэлдэг зүйл нь үхлийн тухай ойлголтууд. Би үхлийг төгсгөл биш, үхсэний дараа жинхэнэ амьдрал эхэлдэг юм болов уу гэж төсөөлдөг.
-Ингэхэд таныг уран зохиолд хэн дурлуулав. Хэзээнээс бичиж эхэлсэн юм бэ?
-Ах, эгч нарыгаа хичээлээ хийгээд сууж байгааг харах их сонирхолтой санагддаг байв. Хажуунаас нь харж, дуурайж бичсээр байгаад цэцэрлэгт орохоосоо өмнө уншиж, бичээд сурчихсан. Цэцэрлэгт байхдаа нэг ном уншсан нь Ардын уран зохиолч П.Бадарч гуайнх байж таарсан. Тэндээс
“Нүүдэл нүүдэл үүлэн чанад бараа чинь тасарчих вий гэж
Нүдээ цавчихаас ч үнэндээ би айж л явна шүү…” гээд л уншсанаа огт мартдаггүй юм. Тэр үеэс л унших бүр ч дуртай болсон. Гуравдугаар ангийн сурагч байхдаа ой, хээрийн түймрийн тухай сэдэвт аймгийн шүлгийн уралдаанд “Гал түймэр” гээд шүлгээр оролцох гэтэл нас бага гээд авдаггүй. Би Хэнтийнх л дээ. Азаар нагац эгч маань манай сургуулийн хичээлийн эрхлэгч байсан болохоор миний шүлгийг ахлах ангийн хүүхдүүдийнх дунд хавчуулаад явуулчихсан. Гэтэл тэр нь шилдгээр шалгарчихсан. Түүнээс хойш бүр урам орж, бичиж эхэлсэн. Ер нь хүний, тэр тусмаа хүүхдийн хүмүүжил төлөвшилд уран зохиолын үзүүлэх нөлөө их. Багадаа Вик - тор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийг уншсан хүн хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг хэ- зээ ч дорд үзэхгүй. Чарльз Диккенсийн “Оливер Твист”-ийг уншсан хүүхэд хэзээ ч хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй.
-“Уншихуйд автахуй” шүүмж судлалын номдоо та гадаад, дотоодын 40 орчим зохиолч, яруу найрагчийн уран бүтээлийг задлан шинжилснээ багтаажээ. Хорхе Луис Борхес, Владимир Набоков нарын утга зохиолын суутнаас гадна өдгөө бичиж туурвиж байгаа монгол зохиолч, яруу найрагчдыг ч багтаасан нь сонирхолтой санагдсан. Тэдгээр зохиолч болон бүтээлийг сонгосон шалтгаан тань юу бол?
-Мөн л оюутан байхаасаа энэ төрлийн ном гаргахыг хүсдэг байлаа. Сүүлийн 7-8 жил “ну- хаж”, өнгөрсөн онд хэвлүүлсэн. Утга зохиолын шүүмжүүдийн ихэнх нь нуршуу, уншихад тө- вөгтэй санагддаг. Тиймээс зохиолын тухай зохиол шиг бичих сэн гэж хүссэн юм. “Open door” долоо хоног тутмын сонинд ажилладаг байхдаа долоо хоног бүр нэг ном сонгож, түү- нийхээ тухай шүүмж бичдэг байв. Тэндээс л “Уншихуйд автахуй” минь эхлэлтэй. Мэдээж утга зохиолд шимтэгсдийн эчнээ мэдэх алдар- тай зохиолчдын бүтээлүүдээс заавал багтаах ёстой. Мөн суут зохиолчдын уншихыг санал болгодог бүтээлүүдээс ч оруулахыг хүссэн. Бас өөрийнхөө дуртай, таашаан уншдаг бүтээлүүдийг ч багтаасан. Түүнчлэн Монголынхоо зохиолчдыг ч орхих ёсгүй. Ингэхдээ гайхал- тай уран бүтээлүүдтэй атал хүмүүсийн тэр бүр “барьж” бичээгүй, судлаагүй зохиолч, яруу найрагчдыг сонгохыг хичээсэн.
-Яг таны “Уншихуйд автахуй”-даа сонгосон шиг гайхалтай уран бүтээлүүдтэй хэр нь судлаачдын тэр бүр “ухаагүй” зохиолчийг та номд шимтдэг залууст санал болгооч. Хэний, ямар бүтээлийг хүмүүс заавал уншаасай гэж хүсдэг вэ?
-Би бичиж байгаад гацах, эсвэл түр зав- сарлах үедээ Төрийн шагналт, зохиолч Д.Но- ров гуайн аль нэг өгүүллэгийг дэлгэчихсэн л суудаг. Хүмүүсийг ч уншаасай гэж хүсдэг. Милорад Павичийг заавал нэрлэнэ. Түүний “Салхины дотоод тал”, “Загасны хайрсан бүрх”, “Бэлхэвч” зэрэг зохиолыг манайд орчуулсан нь бий. Мөн Венедикт Ерофеевын “Москва- Петушки” романыг хүмүүс уншаасай гэж хүсэж байна. Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр”-ыг олонх нь сонссон боловч уншаагүй байх нь элбэг. Ном дөнгөж сонирхож, уншиж эхэлж буй хүмүүс хэт нүсэр роман барьж аваад, дуусгалгүй мохчихдог. Тэгвэл сая дурдсан зохиолчдын бүтээлүүд маш сонирхолтой, мөн нуршуу биш учраас залуучуудад таалагдах байх. Мөн Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг уншилгүй залуу насаа өнгөрөөвөл харамсалтай.
-Та хамгийн сүүлд ямар номын хавтсыг хаав?
-Үндэсний номын баярын үеэр “Тагтаа” хэв - лэлийн газрын орчуулагч, яруу найрагч М.Бат- баярын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номыг авснаа уншиж дуусгалаа. Маш гоё мэдрэмж төрүүлсэн. Уг номд багтсан өгүүллэгүүд нь бичих хүсэлтэй залуучуудад багшлахаар хэмжээний бүтээл мэт санагдсан.
-Шүүмж бичихийг хүсдэг ч өнөөдрийг хүртэл зориглож чадаагүй бүтээл байдаг уу?
-Хоёр зохиол бий. Их удаан бодож, уншиж, судалж байгаа хэдий ч эхэлж чадахгүй юм. Эх- нийх нь жүүд хэлээр бичдэг, еврей гаралтай америк зохиолч Исаак Башевиз Зингерийн “Хар захын гудамжны Спиноза”. Ганц энэ өгүүллэг гэлтгүй түүний бусад өгүүллэг, романыг ч уншиж, судалж байна. Нөгөөх нь Жорж Оруэл- лийн “1984” роман. Бас Б.Батрэгзэдмаа зо- хиолч, яруу найрагчийн шүлгүүдийн тухай шүүмж бичихийг хүсдэг ч чадаагүй л байна.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиол бичих хүсэлтэй юү?
-Богино хэмжээний киноны зохиол оролддог л юм. Би хүн хийж буй ажил, эсвэл ямар нэг зүйлийг маш сайн хийдэг, мэргэших ёстой гэж боддог. Тийм ч болохоор зөвхөн хүүрнэл зохиолын төрлөөр дагналгүй бусдаар нь ч жигд сайн бичдэг, чаддаг байхыг хүсдэг. Тиймээс төрөл бүрээр бичиж, оролдож, туршиж л байна. Харин роман бичнэ гэж огт боддоггүй. Дургүй биш, эмээдэг. Түрүүн өгүүллэгт илүү дуртай гэж хэлсэн дээ. Агшин зуурын үйл явдал, дүрүүдийн холбоо хамаарал, зөрчил зангилааг гаргаж бичихэд үргэлжилсэн үгийн зохиолууд дундаас өгүүллэг илүү хамгийн амттай.
-Өгүүллэгийн түүвэр дахин гаргах уу?
-Хойтон жил гаргах бодол бий. Хүүрнэл зохиолын төрлүүд дотроос өгүүллэг хамгийн таалагддаг. Мөн өөрийн бага насны дур- самжуудаас сэдэвлэн уран зөгнөлт төрлийн хүүхдийн тууж бичиж эхэлсэн. Бичиж хадгалсан, одоо бичиж буй хэдэн “юм” бий.