Цагдаагийн байгууллагын алба хаагч мансууруулах бодис хэрэглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мөн цагдаагийн цөөнгүй ажилтан хэрэг, зөрчилд холбогдоод буй билээ. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүйн талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энд онд танай байгууллагын ой тохиож та бүхэн саяхан цахимаар тэмдэглэсэн шүү дээ. Та ойн хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээнээс дурдахгүй юу?
-Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 19-ний хуралдаанаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Арван тавны цагдаагаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон гэж үздэг. Монгол төрийн орчин цагийн цагдаагийн байгууллага өдгөө нэгэн зууныг үдэж, шинэ зуунтай золгож байгаа ойн баяраа дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдварын цар тахлын улмаас түр хойшлуулаад байсныг бид саяхан цахим хэлбэрээр тэмдэглэлээ. Ойн хүрээнд түүхэн алдар гавьяагаа мөнхжүүлэх, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албаны байр, хэсгийн төлөөлөгчийн кобан, замын хяналтын цэгийн байруудыг барьж ашиглалтад оруулах, алба хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах, автомашины
парк шинэчлэл хийх зэрэг бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээ, урлаг, соёлын олон ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүхийн гурван боть номыг түүхч эрдэмтдийн багаар бүтээлгэж, түүхэн баримт бичгийн эмхэтгэл, нэвтэрхий толь, анги, байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байсан автомашин, техник хэрэгслийг харуулсан гэрэл зургийн эмхэтгэлүүд, “Цагдаа-100 инновац” цахим сэтгүүл, цагдаагийн албанд холбогдох дууны түүвэр зэрэг 10 гаруй ном, бүтээл гаргасан нь 100 жилийн үйл хэрэг, алдар гавьяаг мөнхжүүлсэн ажил болсон. Мөн “Болор цом-38” яруу найргийн наадмыг зохион байгуулж, цагдаагийн байгууллагын түүхэн үйл явдлыг харуулсан баримтат кино бүтээж, уран сайхны кино хийж байна.
-Гадаадынхантай бас цахимаар зөвлөлдсөн байх аа?
-Аливаа байгууллагад гадаад харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахлын аюул их байгаа боловч бид ойн хүрээндээ Дэлхийн эрүүл мэндийн болон Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг баримтлан “Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, Монгол Улсад суугаа 14 улсын, гадаадаас цахимаар 17 улсын Элчин сайд, консул, НҮБ, түүний харьяа мэргэжлийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Европын Холбооны төлөөлөгчийн газар, цагдаа, хууль сахиулах болон ижил чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчид, “Фэйсбүүк” компанийн Хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан нэгж зэрэг нийт 24 улс, олон улсын таван байгууллагын 90 гаруй зочин, төлөөлөгчийг хамруулсан зөвлөгөөнийг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Түүхт ой тохиож байгаа энэ хугацаанд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, цагдаа, дотоодын цэргийн байгууллага төдийгүй монгол түмнээ баярлууллаа. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор хоёр, ахлагч бүрэлдэхүүнээс анх удаа онцгой гавьяа байгуулсан дөрвөн алба хаагч Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх хүндтэй цол, шагнал хүртсэн бахдам амжилтуудаар бид түүхт 100 жилийн ойгоо угтаж байна.
-Сайны хажуугаар саар гэгчээр цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үе үе гардаг. Алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх талаар та бүхэн ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Тийм ээ, энэ үнэн. Бид дотооддоо болж буй болохгүй зүйлсийг нуух шаардлага байхгүй. Дор бүр нь засаж сайжруулж явах ёстой. Цагдаагийн байгууллага гэдэг том айл, үйл ажиллагааны цар хүрээ ч мөн их, ажил нь ч их онцлогтой. Цагдаа нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэргүүн эгнээнд нүүр тулдаг, ажлын шугамаар сэтгэл санаа тогтворгүй, стресс бухимдалтай янз бүрийн хүнтэй уулздаг. Мөн алба хаагчдын маань ур чадвар, харилцаа хандлага, төлөвшил хүмүүжил гээд олон зүйлээс шалтгаалан зарим тохиолдолд алдаа гаргах, цаашлаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох асуудлууд ч гардаг.
Бид алба хаагчдаа сургаж бэлтгэх, сахилга, ёс зүйг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж ажилладаг. Тухайлбал, энэ онд удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилтыг дэвшүүлэн, ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны болон ахлагч бүрэлдэхүүний 2021 оны цахим сургалт, зөвлөгөөнийг анх удаа амжилттай зохион байгуулж, анги, байгууллагын 54 байршлаас 512 удирдах ажилтан, 2688 ахлагч бүрэлдэхүүнийг тус сургалтад хамруулсан.
Цагдаагийн байгууллага алба хаагчдаа дотоод, гадаадын их, дээд сургуульд бэлтгэж, цагдаагийн офицер болоход дөрвөн жил, ахлагч болгоход 1-3 сар сурган дадлагажуулж байж ажилд томилдог. Үүний дараа ажлын байранд дадлагажуулан сургах сургагч багшийг томилж, ажлын байрны онцлогийг таниулж, зохих ур чадварыг эзэмшүүлдэг. Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдварын улмаас бид сүүлийн хоёр жил цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албанд орох иргэнээс авах сонгон шалгаруулалт, давтан болон мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтуудаа цахимаар зохион байгуулж байна. Энэ онд сонгон шалгаруулалтад тэнцсэн 470 иргэнийг цахим сургалтад хамруулан хүний нөөцөө бүрдүүлсэн. Цагдаагийн алба хаагчид сургуулийн мэдлэгээс гадна өөрсдөө бие даан сурч байж жинхэнэ цагдаа болдог. Ер нь цагдаагийн ажилд суралцахад маш их цаг хугацаа, сэтгэлийн хатуужил, бэрхшээл даван туулдаг юм.
-Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарын ажлыг шалгаад байгаа юм билээ. Үүний дараа халаа, сэлгээ хийх нь гэсэн яриа ч бас гарсан байсан.
-Бид алба хаагчдын үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн дутагдал бүрт дүгнэлт хийж, дахин алдаа гаргуулахгүйн төлөө мэргэшүүлэх болон давтан сургалтууд зохион байгуулдаг. Удирдлагын зүгээс бие бүрэлдэхүүнтэй ажиллах, мэргэжлийн ур чадварыг шалгах, ар гэр, ахуй амьдралтай нь танилцах, харилцаа хандлагыг дээшлүүлэх нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулж байна. Одоогоор анги, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, алба хаагчидтай уулзалт хийх, цагдаагийн төв байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, арга хэмжээний талаар танилцуулах, удирдах ажилтны тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байдал, ур чадварын түвшнийг тогтоох зорилгоор ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг төв, орон нутагт ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийнхэн Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн 29 анги, байгууллагын 258 удирдах ажилтнаас шалгалт авч, үйл ажиллагааны мэргэшлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өглөө. Дээрх ажил одоо оро нутагт үргэлжилж байна.
-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл авдаг тусгай дугаар ажиллуулаад ямар үр дүн
гарав?
-Иргэдээс цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах зорилгоор 126 дугаарын утсыг 24
цагаар ажиллуулж, ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын нэгжүүд мэдээлэл хүлээн аваад багагүй хугацаа өнгөрсөн. Алба хаагч зөрчил гаргасан гомдол, мэдээлэл бүрт бид заавал албаны шалгалт явуулж шийдвэрлэдэг. Цагдаагийн байгууллага дотроосоо өөрийгөө цэвэршүүлж, байгууллагын зөв соёлыг бий болгон, хариуцлага ёс зүйтэй, мэргэшсэн, ажил гүйцэтгэх чадвартай алба хаагчийг бэлтгэхийг зорьж байна. Мөн нөгөө талаар бид хуулийн дагуу зөв үйл ажиллагаа явуулаад буруудаж, гүтгүүлж буй алба хаагчаа хамгаалах ёстой юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй” гэж заасны дагуу бид сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ёс зүй, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал давтан гаргуулахгүй байх, албаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор ёс зүйн төлбөртэй сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Ер нь цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн, хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон бол тохирсон шийтгэл ногдуулж, түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч, мэдээллийг бүрэлдэхүүнд хүргэдэг.
Мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл, гүтгэлэг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан явуулах хандлага их байна. Энэ бүхэнд бид хуулийн хүрээнд байгууллага, алба хаагчийнхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тодорхой ажил зохиож байгаа. Байгууллага, алба хаагчийн
албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан түүний нэр хүндэд халдсан хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүстэй эвлэрэхгүй, хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллах болно.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд хэдэн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгуулсан бэ?
-Энэ оны эхний долоон сарын байдлаар иргэд, байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчтай холбоотой ирүүлсэн 1004 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 1134 алба хаагчийг холбогдуулан шалгалаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол 57 буюу 5.3 хувь, холбогдон шалгуулсан алба хаагч 94 буюу 7.6 хувиар буурсан байна. Өргөдөл, гомдолд 1134 алба хаагч холбогдон шалгуулсны 884 буюу 77.9 хувийг офицер, 244 буюу 21.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн, зургаа буюу 0.5 хувийг энгийн ажилтан эзэлж байгаа юм. Нийт өргөдөл, гомдлын 15 буюу 1.4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэх саналтай холбогдох байгууллагад шилжүүлж, 235 буюу 23.4 хувьд нь сахилгын шийтгэл ногдуулж, 582 буюу 57.9 хувьд цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, зургаа буюу 0.5 хувьд алба хаагчийн буруутай үйл ажиллагаа нотлогдсон боловч хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оноох хугацаа өнгөрсөн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Энэ оны эхний долоон сард бүртгэгдсэн сахилгын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал сахилгын зөрчил 13 буюу 2.1 хувь, холбогдсон алба хаагч 16 буюу 2.4 хувиар буурчээ.
Бид алба хаагчдаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сахилга, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд нөлөөллийн шинжтэй соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
Тухайлбал, “Эрүүл цагдаа”, “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо” хөтөлбөр зэргийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Өнгө нэмцгээе”, “Харилцаа хандлага” зэрэг дотооддоо чиглэсэн аян зохион байгуулж байна. Энэ ташрамд хэлэхэд, цагдаагийн мэргэжил нь өөрөө их ачаалалтай, стресстэй орчин нөхцөл учраас алба хаагчид ажлаас халшрах, ажил мэргэжлээс үүдэлтэй бие хүний гажуудал үүсэх эрсдэл өндөр. Олон улсад хийсэн судалгаагаар хамгийн ачаалалтай, ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг таван мэргэжлийн нэгээр цагдааг дүгнэсэн байдаг. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн 65 улсад явуулсан судалгаагаар цагдаагийн алба хаагчийн гэр бүл нь бусад төрөл мэргэжлийн гэр бүлээс илүү тогтворгүй, салалт өндөртэй байгааг тодруулж, гишүүн улс орнуудад цагдаагийн алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад анхаарах шаардлагатайг сануулсан байдаг.
Энэ бүхэнд дүгнэлт хийж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангаж, энэ чиглэлээр тусламж үзүүлэх, хөдөлмөр, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэстээ Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсэг байгуулан ажиллаж байна. Тус хэсэг байгуулагдаад гурван сарын
хугацаанд нийт алба хаагчдын 20 хувь буюу 2300 орчмоос алба хаагчаас сэтгэл зүйн суурь судалгаа авч, алба хаагч, ажилтны сэтгэл зүйн бэлтгэлжилт, харилцааны ур чадвар, стресст тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил, арга хэмжээний үр дүн нь дунд хугацаанд гарна гэж тооцоолж байгаа.
-Манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Цагдаагийн алба хаагчид ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байна. Тодруулбал, танай нэг мөрдөгч бусдаас шан харамж авч, хураасан нотлох баримтаа устгасан мэдээлэл гарсан. Цагдаа цагдаагаа шалгадаг нь буруу гэж ярьдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Тийм ээ, ийм асуудал гарсан. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэгдэх хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, эдийн засгийн, цахим, зохион байгуулалттай болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихээр гарах болсон. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байна. Гэвч зарим алба хаагч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох асуудал гарсан. Бид үүнийг дотоодын хяналт шалгалтаараа илрүүлж, хууль тогтоомжид заасны дагуу тухай бүрт нь арга хэмжээ авдаг. Тухайлбал, 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Б.Д нь олсны ургамал, шавар хууль бусаар олж авч, хадгалсан гэх гомдол мэдээллийг шалгах явцдаа хэргийг хааж өгнө гэж холбогдогч нараас гурван сая төгрөгийн хахууль авч, нотлох баримтыг устгасан нь шалгалтын явцад тогтоогдсон тул түүнийг цагдаагийн албанаас дутагдлаар халж, хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгуулсан.
Мөн саяхан цахим орчинд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын харуулын цагдаа Ц.М нь бусадтай нийлж, мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байгаа үйлдэл нь нийтлэгдсэн. Тухайн алба хаагч өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад томилогдон нэг жил ажилласан юм. Одоогоор түүнийг цагдаагийн албанаас дутагдлаар халж, хэргийн нотолбол зохих байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийн дунд цагдаа цагдаагаа шалгах нь алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн алдаа, дутагдлыг нуун дарагдуулдаг, ял завшуулдаг гэсэн хардлага бий. Тийм асуудал байхгүй. Харин ч бид энэ асуудалд шуурхай, шударга, хуулийн хүрээнд хандаж, шалгалтын бүхий л явцад анхаарал хандуулж, хяналт тавьж байна. Цагдаагийн төв байгууллагын бүтцэд дотоод хяналт шалгалт, аудитын болон аюулгүй байдлын чиг үүрэгтэй нэгжүүд ЦЕГ-ын дэд даргын шууд удирдлагад харьяалагдан ажилладаг. Бид алба хаагчдын гаргасан зөрчлийн 80-90 хувийг дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байдаг. Алба хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу холбогдох байгууллагад нэн даруй шилжүүлэн шалгуулдаг.