Монголын ширээний теннисний үндэсний шигшээ баг, “Оч” клубийн тамирчин, улсын хошой аварга ОУХМ Б.Билэгтийг спортын хүрээлэлд танихгүй хүн ховор. Түүний тоглолт олны сонирхлыг татдаг. Тэрбээр “Тамирчин хүнийг мөрөөдөл нь амжилт руу хөтөлдөг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Би амжилтынхаа талаар төсөөлөн бодох дуртай. Гэрээсээ гараад бэлтгэл хийдэг клуб хүртлээ хөгжим сонсоод алхдаг. Жил бүр шинэ он гарахаас өмнө мөрөөдөж буй зүйлээ жагсаан бичиж, тэмдэглэл хөтөлдөг. Миний мөрөөдлийн ихэнх нь биелсэн. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнд амжилт гаргана гэж бичсэн. Тэр мөрөөдөл минь Катарын Дохад болох Азийн АШТ байх болов уу” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага эхэлсэн юм.
-Катарын Дохад ширээний теннисний Азийн АШТ энэ сарын 28-нд эхэлнэ. Манай тамирчид бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Манай шигшээ багийнхан тус тэмцээнд оролцохоор БНСУ-ын дасгалжуулагч Кан Дон Хуны удирдлагад Хандгайт дахь амралтын баазад бэлтгэл хийж байгаа. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн баг амжилтаа жилээс жилд ахиулж, одоогоор 67, эмэгтэйчүүд 48 дугаарт байрт жагсаж байна. Бид энэ удаа ч амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
-Та тамирчин удамтай. Гэр бүлийн тань уур амьсгал, дэмжлэг спортод хөл тавихад нөлөөлсөн байх?
-Би 2007 онд Сонгино хайрхан дүүргийн ширээний теннисний АШТ-д өөрийгөө сорьж үзмээр санагдаад оролцсон юм. Сүрхий амжилт гаргаагүй ч хойшид тоглох ирээдүй байгааг мэдэрсэн. Үйлдвэрчний соёлын төв ордон дахь ширээний теннисний клубт бэлтгэл хийж, 2008 оны өсвөр үеийнхний УАШТ-ий ганцаарчилсан, хос тоглолтын төрөлд хүрэл, багийнхад алтан медаль хүртэж тамирчин болох замналаа эхэлсэн. Ээж минь волейболын тамирчин, Сонгино хайрхан дүүргийн 36 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг байхдаа дүүргийн сургуулиудын дунд спортын тэмцээн байнга зохион байгуулдаг байв. Намайг ширээний теннис рүү татагдах тусам ээж волейболоор хичээллүүлэх гэж их хичээдэг сэн. 2006 оны тэмцээнд өрсөлдөх гэтэл “Чи волейболоос өөр төрөлд оролцох хэрэггүй” гээд зөвшөөрөөгүй. Волейболоор би багтаа холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Ширээний теннисний тэмцээнд оролцохын тулд ээжээсээ хэдэн өдөр гуйж арай гэж зөвшөөрүүлдөг байв.
-Гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн багш волейбол тоглодог байсан хүүг теннис рүү урвуулчихсан гэдэг, үнэн үү?
-Т.Мэргэн багш аавтай минь ойр дотно нөхөрлөдөг байсан юм билээ. Тэрбээр ээжтэй уулзаад “Би найзынхаа хүүг ширээний теннисээр удам залгамжлуулж хичээллүүлэх үүрэгтэй. Биерхүү, өндөр нуруутай байх нь энэ спортод тохирно” гэж санал тавихад таатай хүлээж аваагүй гэдэг. Би ч түүнээс хойш “Ширээний теннисээр хичээллэнэ” гэж зөрсөөр байгаад бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн.
-Шигшээ багт хөл тавьж, гадаадын тэмцээнд өрсөлдөнө гэдэг өөрийгөө хөгжүүлэх том боломж шүү дээ.
-2007-2011 он хүртэл өсвөр үеийн тамирчин байхдаа БНХАУ-ын Тайюань хотод зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд Английн тамирчныг хожиж, шилдэг 16-д үлдсэн. Мөн “Монгол туургатан” тэмцээнд гурван жил дараалан өрсөлдөж, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 2012 онд Үндэсний шигшээ багт ирснээр тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж бүрдсэн. Тэр жил Германы Дортмунд хотод болсон багийн ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг өрсөлдсөн юм. Миний хувьд Европод хөл тавьсан анхны том тэмцээн байлаа. Манай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Е хэсэгт аваргын төлөө Шри Ланкaгийн багийг хожиж, түрүүлэхэд Олимпын хорооных нь ерөнхийлөгч алтан медаль гардуулсан. Тус ДАШТ-д 190 гаруй орны тамирчин оролцсон санагдана. Тэр үед манайхан монголчууд ширээний теннисээр дэлхийн аварга боллоо гэж шуугисан шүү дээ. Алтан медаль энгэртээ зүүгээд зогсож байхдаа “Надад амжилт гаргах боломж хойшид ч бий юм байна” гэж бодсон.
-Германы Дортмунд хотод болсон ДАШТ-д багийнхаа гол тоглогчдын нэг нь та байжээ. Аваргаар шалгарсан баярт мөчийг танайхан одоо ч дурсах дуртай юм билээ.
-Манайхан ДАШТ-д С.Галбадрах багшийн удирдлагад Е хэсэгт тоглон тэргүүлж, 97 дугаар байр руу урагшлан, IV зэрэглэлд тоглох эрх авсан. Тэр үед Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн ах нартай III тоглогчоор Б.Баатарсүрэн, Б.Батдэлгэр нарын аль нэг нь тоглох болов уу гэж таамаглаж байв. Тэмцээнд III тоглогч хамгийн чухал үүрэгтэй. С.Галбадрах багш, Э.Лхагвасүрэн ах нар “Б.Билэгтийг III тоглогчоор тоглуулах нь зөв” гэж ярилцаад шийдсэн юм билээ. Аваргын төлөө Шри Ланкагийн багтай оноо тэнцэхэд сүүлийн шийдвэрлэх тоглолтыг Э.Лхагвасүрэн ах хийж, 3:2 болгож, багтаа хожил авчирч баярлуулсан.
-Түүнээс хойш хоёр жилийн дараа БНСУ-д зохион байгуулсан Инчоны Азийн наадамд амжилттай тоглосон шүү дээ?
-Азийн орнуудад ширээний теннис өндөр хөгжсөн тул шилдгүүд олон. Бидний хувьд тэдэнтэй өрсөлдөөд шигшээ найм, 16-д тунах амаргүй. БНСУ-ын Инчонд 2014 онд болсон Азийн наадамд оролцохдоо чамлахааргүй амжилт гаргасан. Тус наадамд Мьянмар, Кувейт, Катарын тамирчныг хожиж, шигшээ 16-д үлдэж байлаа.
-Гадаадын тэмцээнд тамирчид ур чадвар, авьяасаа сорихын зэрэгцээ өрсөлдөгчийнхөө давуу, сул талыг ч бас олж хардаг.
-Тайландын Паттаяа хотод 2015 онд болсон Азийн АШТ-д оролцохдоо БНАСАУ-ын шилдэг тамирчин Пак Син Хёктой учраа таарсан. Түүнд хэдхэн онооны зөрүүтэй ялагдсан юм. Тамирчид тэмцээнд оролцохдоо олон зүйлийг харж, судалдаг. Гадаадынхантай өөрсдийгөө харьцуулахад манайхан тоглолтын үед овсгоо самбаа гаргаж, хурдан сэтгэдэг. Бие бялдрын хувьд ч хүчтэй. Сүүлийн үед ширээний теннист залуу тоглогчид хүч түрэн орж ирлээ. Би одоо 28 настай. Энэ спортоос зодог тайлах дөхөж байна. Ширээний теннис хурд, хөдөлгөөн, хараа, мэдрэмж их шаарддаг болохоор “Ширээн дээрх шатар” гэж ярьдаг. Тамирчдын амжилтыг минут, секундээр бус долиор бодож тооцно. Тамирчид тэр богино хугацаанд өрсөлдөгчийнхөө сул тал, алдаа, дутагдлыг олж хардаг. Амжилт гаргахад олон зүйл нөлөөлнө. Үүнд хоололт маш чухал. Манайхан хоол хүнсэндээ мах голдуу хэрэглэдэг. Тэдэнтэй харьцуулахад хүч, бяраар илүү ч уян хатан хөдөлгөөн дутмаг байгаа нь анзаарагддаг. Би Бээжингийн биеийн тамирын их сургуульд сурч байхдаа ширээний теннисний тамирчидтай ярилцдаг байв. Тэднээс аминдэмийг хэрхэн хэрэглэдэг тухай сонирхож асуухад “Тухайн тамирчны биеийнх нь онцлог, ямар бүлгийн цустай байхаас хамаарч хэрэглэх аминдэм нь өөр байдаг” гэсэн юм. Бүх зүйл нь ийм нарийн тогтолцоотой, тооцоотой байхад тэд амжилт гаргах нь ойлгомжтой шүү дээ. Тэнд тамирчдыг тэмцээнд оролцох үед ар талынх нь бүх ажлыг хариуцдаг нэг хүн байдаг. Тамирчид зөвхөн тоглох л үүрэгтэй. Тэгвэл манай тамирчид ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно. Монголчууд тамирчдаа тал бүрээс нь дэмжээд өгвөл амжилт гаргах авьяастай. Аливаа зүйлийг амархан сурч, байгаа орчиндоо хурдан дасан зохицдог. Үүнийг гадаадын олон тэмцээнд оролцож байхдаа ажигласан юм.
-Манай тамирчид амаргүй нөхцөлд бэлтгэл хийж, амжилтын төлөө тэмүүлдэг. Танд ч гэсэн спортын амьдрал заримдаа хэцүү санагддаг биз?
-Тамирчин болсон эхэн үед бүх зүйл амаргүй санагддаг байв. Олон улсын тэмцээнд оролцох гэхээр дэмжлэг үзүүлэх байгууллага тэр бүр олдохгүй. Аав, ээж минь байгаа мөнгө өгөөд л явуулна. Тэднээсээ хэдий болгон авах вэ дээ, санаа зовно. Бэлтгэл хийх цагаасаа хугаслаад байгууллагуудын хаалга татдаг байлаа. Тэр үеийг бодвол одоо арай өөр болсон. Шигшээ багийн тамирчдыг сар бүр цалинжуулж, тэмцээнд явахад нь дэмжлэг үзүүлдэг болсон нь амжилтад сайнаар нөлөөлж байгаа.
-Шигшээ багийнхныг Кан Дон Хун дасгалжуулагчаас өмнө БНАСАУ-ын Чо Юн Хо багшийн удирдлагад бэлтгэл хийж, ур чадвараа сайжруулсан гэдэг юм билээ.
-Чо Юн Хо дасгалжуулагч шигшээ багийнхныг бэлтгэл хийлгэдэг байхад би оюутан байв. Түүний удирдлагад эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхан Токиод болсон ДАШТ-д оролцохын тулд сургуулиасаа жилийн чөлөө авч, “Оч” клубт бэлтгэл хийсэн. Түүний бэлтгэл хийлгэдэг ачааллыг даах бидэнд амаргүй санагддаг байлаа. Ханиад хүрвэл эм уулгахгүй. Хөлсийг нь гартал гүйлгэж, биеийнх нь дархлаагаар эдгээдэг байв. Тэрбээр Монголд өөрийн шавь Рой Хён Соныг дагуулж ирсэн. Жилийн дараа шавь нь өнгө, зүс орж таргалахад бид жигтэйхэн турсан байв. Бидний хувьд ням гараг хүсэн хүлээдэг аз жаргалын өдөр байлаа. Тэрбээр зарчимч, өндөр шаардлагатай. Бид бэлтгэл шаргуу хийсний үр дүнд Токиод болсон ДАШТ-д амжилтаа ахиулсан.
-Түүнийг ирснээс хойш Монголын ширээний теннисний хөгжил өмнөхөөс хэдэн алхам сайжирсан гэдэг нь үнэн бололтой.
-Тийм ээ, тэрбээр бэлтгэлтэй өдрүүдэд гар утсыг маань хураагаад авчихна. Утасны бараа хараагүй бид сошиал ертөнцөөс хагас жил “тасарсан”. Тэр үед хаана ямар үйл явдал өрнөж буйг мэдэх боломжгүй. Мэдээллээс хоцорсноо хэзээ хойно мэддэг байлаа. Чо Юн Хо багш биднийг амжилт гаргуулахын тулд зөвхөн бэлтгэлд анхаарлыг нь хандуулж, өөр зүйлээс хол байлгасны ач тус гарсан. Түүний хатуу шаардлагад бид ур чадвараа хөгжүүлсэндээ баярладаг. Багш ажигч, гярхай. Бидэнд “Монголын нийгэм бухимдалтай, замбараагүй юм. Та нар гар утсаар оролдож, бэлтгэлдээ анхаарал төвлөрүүлэхгүй байна. Бэлтгэл хийхдээ уур, бухимдлаа гаргаж байгаа нь анзаарагддаг. Танай улсад автомашин жолоодох тун хэцүү. Ууртай, омогтой хүмүүс замын хөдөлгөөнд оролцож, алдаа, дутагдал гаргах юм. Нийгмийн таагүй уур амьсгал та нарын амжилтад сөргөөр нөлөөлнө” гэдэг байв. Түүний баримталдаг зарчим заримдаа хатуу санагддаг ч биднийг өндөр зэрэглэлийн тамирчид шиг бэлтгэж байсныг хожим ойлгосон.
-Та нар түүнд их дасжээ. Нутаг буцсанаас нь хойш үгүйлдэг байв уу?
-Багшийг эх орондоо буцсанаас хойш бид холбоо барих гээд чадаагүй. Тэрбээр 2014 онд ДАШТ-д оролцохоор Токио руу явахын өмнө биднийг онгоцны буудалд тэвэрч үнсээд, нулимстай үдсэн. Түүнээс хойш нэг ч хараагүй. БНАСАУ-д олон улсын тэмцээн болбол заавал оролцож, багштайгаа уулзана гэж боддог байлаа. Тэнд даанч ямар ч тэмцээн болоогүй. Тайландын Паттаяа хотод 2015 онд болсон Азийн АШТ-д оролцохдоо түүнтэй хамт ирсэн Рой Хён Сонтой таарсан. Бид нэгнээ хараад тэврэлдээд л уулзсан. Түүнээс багшийнхаа тухай сонсохыг л маш хүсэж байлаа. Тэрбээр “Багшийн бие тааруухан байгаа. Дасгалжуулагчаар ажиллахаа больсон. Гэртээ амрангаа далайн эрэгт загас барьж, ач, зээ нартайгаа цагийг өнгөрүүлдэг болсон” гэсэн юм. Цар тахлын улмаас БНАСАУ-ын тамирчид энэ жилийн тэмцээнүүдэд оролцоогүй, эдийн засгийнх нь хөгжил хэцүү байгаа тул энэ удаа ч гэсэн оролцохгүй болов уу.
-Шантарсан үед ээж тань дэм өгч урагшлуулдаг уу?
-Надад шантрах бодол огтхон ч төрж байгаагүй. Саад бэрхшээлийг даван туулахад тамирчин удам нөлөөлсөн байх гэж боддог. Дандаа амжилт гаргана гэж юу байх вэ, хааяа хожигдож, сэтгэлээр унах үе цөөнгүй. Тийм үед ээж минь түшиг болдог. Гэхдээ манай ээж сонин арга барилтай. Магтахаас илүү шар малтдаг. Үг нь хатуу. Би ээжээсээ магтаалын үг ховор сонсдог. Тэмцээнд түрүүлээд ирэхэд “Чи болоогүй байна. Ингэж, тэгж тоглосон бол амжилт гаргах байлаа” гэнэ. Хэд хоногийн өмнө холбогдохдоо “Чи эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй. Нас чинь явж, хөгширч байгааг мэднэ биз” гэж эгдүү хүртэл сануулна. Би их шартай. Ээжийн үгэнд амархан бууж өгөхгүй. Ээж тэмцээнд түрүүлчихээд “Би алтан медаль хүртлээ. Одоо чиний шагнал авах ээлж шүү” гэнэ. Өрх тусгаарласан хэдий ч цом, медалиа ээжийнхээ гэрт байлгадаг. Миний медалийн тоосыг ээж сар бүр арчиж цэвэрлэдэг юм. Намайг хайрладаг хэрнээ гаднаа хатуу хүн болж харагдах гэнэ.
-Таныг завтай үедээ шатар тоглох дуртай гэж сонссон.
-Чөлөөт цагаараа ээжтэйгээ шатар тоглодог. Бид өгөө аваатай л хожно. Ээжид хожигдохоор өөрийн эрхгүй шар хөдөлнө. Ээж хожигдохоороо уурлаж байгаагаа нүүрэн дээрээ ил гаргахгүй ч дотроо бол шатаж байгаа нь мэдрэгддэг. Бид үе тэнгийн найзууд шиг ана мана өрсөлддөг. Шавь нарынхаа зан чанарт нь тохируулж, ямар үед шүүмжлэн хурцалж, хөглөхөө ээж, Т.Мэргэн багш хоёр сайн мэднэ. Тэд тамирчидтай харилцдаг болохоор зан чанарынх нь онцлогийг судалсан байдаг юм.
-Ширээний теннис өөрийг тань хэр өөрчилж чадав?
-Намайг энэ спортод хурдтай болгож сайжруулсан зүйл бол шатар. Өвөө минь хүүхэд байхад тоглохыг заасан. Оюуны спортоор хичээллэсэн хүүхэд сууж сурдаг. Сууж сурсан хүүхэд аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Ширээний теннис тоглоход шатар юмыг хурдан хүлээж авах, сэтгэн бодоход нөлөөлсөн.
-Шигшээ багт шилдгүүд олон. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Намайг өсвөр үеийн тамирчин байхад Б.Баатарсүрэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Бид насаар чацуу. Тэрбээр БНХАУ-ын Тяньжинь хотод ширээний теннисээр хоёр жил хичээллээд ирсэн юм. Тэмцээнд амжилтаараа цойлж, залуучуудын УАШТ-д ана мана үзэлцээд эхний гурван байрт шалгардаг байлаа. Түүний тоглолтын арга барилаас өмнөд хөршийнхний техник харагддаг байв. Хүүхэд байсан болохоор түүнд хожигдчихоод их бухимдана. Харахаар л өөрийн эрхгүй уур хүрдэг сэн. Одоо бол хүчтэй өрсөлдөгч таарвал би баярладаг. Өдгөө өөртэйгөө өрсөлдөхөөс гадна дүү нартайгаа ана мана үзэлцэж байна. Миний хувьд тэднээс туршлагаар илүү ч хурдыг нь гүйцэх амаргүй.