Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэхээр УЕПГ-т ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа.
-Юуны түрүүнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэчнээн хэрэг хянаж шийдвэрлүүлээд байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий прокурор энэ оны гуравдугаар сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгаж буй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл, хэргийг хянан, шуурхай шалгаж, шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм. Эдгээр хэргийг шуурхай хянаж танилцан, шийдвэрлүүлэхээс гадна гомдол гаргасан иргэдтэй биечлэн уулзах, санал хүсэлтийг нь хүлээн авахыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс нийт 118 хэргийг хянаж танилцлаа. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.
-Олны анхаарал татсан ямар хэргийг шүүхэд шилжүүлэв?
-Ажлын хэсгээс дээрх хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байгааг түрүүн дурдсан. Үүнээс сүүлийн үед шийдвэрлэсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгье.
Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын ажилтан Д нь 2020 оны гуравдугаар сард нэгэн ресторанд хамт үйлчлүүлж байсан Г-тай маргаж, архины шилээр цохиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Нийслэлийн Прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуу лийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй гэж Япон Улсын иргэн Т-гаас 4.1 тэрбум, Н-гээс 423 сая төгрөг залилж авсан, мөнгө угаасан Б-д холбогдох хэрэгт дээрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний захиалгын мөнгө болох найман тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
-Хилийн цэргийн алба хаагчид даргынхаа амийг бүрэлгэсэн үйлдэл олны анхаарлын төвд байсаар буй. Бас Суданд манай нэг энхийг сахиулагч нэгэн амиа хорлосон хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнөөг хүрлээ. Хэрхэн шийдвэрлэж байгаа бол?
-Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт дахь хилийн 0214 дүгээр ангийн Чандмань богд хилийн харуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэгт Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болсон.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах “Хубилай” цэргийн баазад батальоны захирагч Б, III мотобуудлагын ротын захирагч Г, ротын сургагч ахлагч С нар бүлэглэн энхийг сахиулагчдынхаа өмнө цэргийн алба хаагч Г-г ар гэртээ хов зөөсөн гэх мэтээр гутаан доромжилж, сэтгэл санааны хямралд оруулсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, захирагдагчтайгаа цэргийн дүрмийн бусаар харилцаж зодсон, хүч хэрэглэсэн гэх үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа.
Эдгээр хэргээс гадна Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч нарын үйлдсэн эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн.
-УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсныг манай сонин мэдээлсэн. Түүнд ямар зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол. Өмгөөлөгч Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг хэзээ шийдвэрлэх вэ?
-УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 9-нд яллах дүгнэлт үйлдсэн. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийж байна.
Өмгөөлөгч Б.Баасанцогтод холбогдох хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Б.Баасанцогтод Нийслэлийн Прокурорын газраас дээрх хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа