Монголын сагсан бөмбөгийн II үеийн ахмад тамирчин, спортын мастер А.Өлзийхутаг энэ спортод татагдаж явснаа дурсах дуртай. Ажил, амжилтынх нь замнал “Алдар” нийгэмлэгтэй салшгүй холбоотой. Түүнд сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн хөгжилтэй дурсамж ч бий, хөгжүүлж явсан гавьяа ч бий. Тэрбээр “Монголчууд 70 жил хөдөлмөрлөж байж олимпод өрсөлдөх эрх авсан. Манай гурав дахь үеийн тамирчид гадаадынханд монгол хүн намхан, багийн спортод амжилт гаргахгүй гэсэн ойлголтыг халж чадлаа. Дэлхийд сагсан бөмбөгөөр Монголын нэр дурдагдаж, олны өмнө гарна гэдэг нь том амжилт. Энэ бол үе үеийн тамирчдын хүсэл мөрөөдөл байсан” хэмээн өгүүлсэн юм.
-Үндэсний бөхийн барилдааныг шимтэж үздэг монголчуудад сагсан бөмбөг төвхнөж “бууриа зассан” нь шинэ, содон зүйл байсан гэдэг. Ингэхэд сэтгэлийг тань сагсан бөмбөг юугаараа тэгтэл их татсан юм бол?
-Сургуулийн сурагч болсон миний хөгжилтэй түүхийг өнөөгийн хүүхдүүд уншвал шоолох биз. Аав, ээж Улаанбаатарт ажилладаг тул би өвөө, эмээгийндээ өссөн. Тэд минь Архангай аймгийн Булган сумынх. Өвөө минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, би эмээдээ эрвийх, дэрвийхээрээ тусалдаг байв. Нэг өдөр багийн дарга Самбуу гуай ирж “Цэрэндэжид гуай, хүүгээ сургуульд явуулах боллоо” гэхэд “Дарга аа, хүүгийн бие том болохоос дөнгөж долоо хүрэх гэж байгаа” гээд насыг минь дарж хэлээд явуулчихав. Дараа жил нь ирэхэд “Самбуу минь ээ, ноднин хий насаараа дөнгөж долоо хүрч байсан байхгүй юу” гэж билээ. Өвөөгөөс хойш амьдралаа авч явах болсон эмээд минь гарын үзүүрт тус дэм болох хүн надаас өөр байгаагүй. Эмээ “Хүүгээ шинэ ч үгүй, хуучин ч үгүй болгох нь. Өөрийн мэддэг маани, мэгзмээс зааж өгье” гээд цээжлүүлнэ. Би их хөдөлгөөнтэй, сахилгагүй гэж жигтэйхэн. Судар барьчихаад гэр тойрч, хар эрчээрээ гүйнэ. Эмээ харчихаад “Ээ дээ, энэ нүгэлтэй хүүхэд шүү, гэр нураах нь, аяар гэм” гэж зэмлэдэг сэн. Тэр үед би ганцаараа ийм байгаагүй. Эмээ, бид хоёрын амьдрал тэр үеийн хүмүүсийн нийтлэг дүр. Сургуулийн бараа арай гэж харсан нөхөр VII ангид орж, 17 нас хүрлээ. Ажил, амьдралын зах зухтай ч золгов. Сагсан бөмбөгт соронз шиг татагдаж сургууль, хичээлээ тоохоо болилоо. Хятад ажилчдын байр луу үеийнхээ хөвгүүдтэй байсхийгээд гүйнэ. Ажил тарсны дараа сагсан бөмбөг тоглохыг нь харах гэж хорхойсно. Хожвол сүрхий хүндэлж, байгаа зүйлээрээ харамгүй дайлна. Тэд ирж байгаарай гэдэг ч бид хожих нь ховор байлаа.
-Сагсан бөмбөгийг сонирхох хүрээлэл тэр үед өнөөгийнх шиг байгаагүй. Үеийнхнээсээ түрүүлж бөмбөг барьсан хүүгийн анхны тэмцээн сонирхолтой дурсамж өгүүлэх байх даа?
-Толгойт дахь 19 дүгээр сургуулийн сурагч байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд анх удаа оролцож, “сүрхий” том хэрэг мандааж явсан хүн. Сурагчдын хаврын амралтын үеэр III сургуулийн зааланд тэмцээн зохион байгууллаа. Тэр үеийн хүүхдүүдэд биеийн тамирын хувцас гэж байсангүй. Даалимбаар шорт хийж өмсөөд л тэмцээнд оролцоно. Тоглож байтал шорт оёдлоороо зад урагдчихлаа. Хөдөлж чаддаггүй. Ичсэндээ хожигдож, багаа орхиод гараад гүйчихсэн. III сургуулиас уруудаад алхаж явтал хаалгатай, эсэх нь мэдэгдэхгүй гоё хашаа байхаар нь саваагүйтээд давчихав. Хотын төв рүү тоотойхон зүглэдэг нөхөр БНХАУ-ын Элчин сайдын яам гэж яаж мэдэх вэ дээ. Байшингийн үүд хавьд явж байтал нохой хөтөлсөн цагдаа гарч ирээд бариад авлаа. “Чи Хятад улсын хил зөрчлөө, тагнуул, эсвэл өдөөн хатгагч уу. Цагдан сэргийлэхийн газарт аваачна” гээд машинд суулгаад явсан. Тэнд очоод “Би хот сайн мэдэхгүй, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод гарч явахдаа Хятадын Элчин сайдын яам гэж мэдэхгүй л хашааг нь давсан” гээд бүх үнэнээ хэллээ дээ.
-Тэмцээнд оролцох гэсэн биш бөөн хэрэг мандаачихаж. Тэгээд аав, ээждээ ч зэмлүүлсэн биз?
-Дуулианаас наахнуур юм болсон. Намайг дагуулаад манайх руу явлаа. Гэрт ирээд “Энэ хүү Хятадын хилийг зөрчиж, Элчин сайдын яамны хашааг давсан” гэхэд “Энэ сахилгагүй золиг хашаа дандаа давдаг юм” гэдэг байгаа. Тэд ч сүүлдээ намайг сургуулийн сурагч, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон нь үнэн болохыг мэдэж, баахан зэмлэж байгаад орхисон. Түүнээс хойш ичсэндээ сагсан бөмбөг тоглохоо больё гээд холдсон. Гэсэн ч дуртай юм болохоор юу гэж удаан тэсэх вэ, эргээд тоглолоо. Манай аав “Миний хүү бөмбөг хөөх хэрэггүй. Аав нь насаараа барилгад ажиллалаа. Чамайг Барилгын техникумд оруулъя” гээд Барилгын яам руу хэдэн удаа дагуулж очсон. Спортод их татагдсан болохоор дахиж зүглээгүй.
-Та Д.Батцолмон гуайн “БНМАУ-ын сагсан бөмбөгийн түүх” теле цуврал нэвтрүүлэгт уригдаж тамирчин байх үеэ дурссан. “Хоршоолол” нийгэмлэг тухайн үед шилдэг тамирчдыг бэлтгэдэг том айл байсан. Дасгалжуулагчдад нь хэрхэн “тоогдож”, босгоор нь алхсанаа сонирхуулж яриач?
-Манай бага ангийн багшийн хүүг Д.Батнягт гэдэг юм. Тэр сагсан бөмбөг сайн тоглоно. Нэг өдөр уулзаад “Би чамд нэг газар зааж өгье. “Хоршоолол” нийгэмлэгийн сагсан бөмбөгийн курсэд сур” гэв. Сонирхоод очтол дасгалжуулагчдаас Ш.Намдагсүрэн, Д.Агваандугар нар сууж байна. Д.Агваандугар багш спортод элдэвтэй. Хөнгөн атлетик, волейбол, бокс, өндрийн харайлтаар хичээллэдэг. 100 метрийн гүйлтийн тэмцээнд байнга түрүүлж, улсын дээд амжилт тогтоодог болохоор хүмүүс “Рекорд” гэж хочилдог байв. Тэрбээр “Универсал тамирчин” шагнал хүртсэн удаатай. Бөмбөг хэд шидүүлж намайг шалгалаа. Овоо тоогдсон бололтой. “Аюушбазар овогтой Өлзийхутаг нь сагсан бөмбөгийн жилийн курсэд шалгалт амжилттай өгсөн тул сургууль, ажлаас нь чөлөөлнө үү” гэсэн бичиг байв. Аавыг ажлаасаа ирэхээр нь “Би шалгуулаад тэнцчихлээ” гэтэл “Ямар юманд…” гэж байна. “Сагсан бөмбөгийн дасгалжуулагч багшийн курсэд сурах боллоо. Сард 500 төгрөгийн цалинтай” гэхэд ихэд гайхаж “Чи сая юу гээд хэлчихэв, дахиад нэг хэл дээ” гэхээр нь нөгөө бичгээ харууллаа. Аав юм хэлсэнгүй. Маргааш өглөө нь “За, хоёулаа явна аа, очиж уулздаг хэрэг. Би өмсөх гутлыг чинь авч дийлэхгүй байхад энд эрхэлж, бөмбөг өшиглөдөг хүнд 500 төгрөг өгдөг яасан баян газар вэ” гээд дагуулаад явсан.
-Тэр үеийн 500 төгрөг их мөнгө. Дээд боловсролтой сэхээтнүүдийн цалинтай дүйх мөнгө авна гэхээр аавд тань нэг л итгэл төрөөгүй бололтой.
-Аав “Хоршоолол” нийгэмлэгийн багш нартай уулзахаар орлоо. Тэгтэл “Зуугийн улаан” хочтой Гүнжээ багш намайг жижүүрээр дуудуулж байна. Тэрбээр тус нийгэмлэгийн дарга байсан юм. Яваад ортол аавд “Танай хүү сагсан бөмбөгийн курсэд сурах нь үнэн. Сургуулийнх нь захиралтай энэ талаар ярилцана. Хүү тань оройн ангид сураад сургуулиа төгсөж болно” гэв. Долдугаар ангийн сурагч би тэр өдрөөс хойш 500 төгрөг авч, үеийнхнээсээ түрүүлж цалинтай болсон, баян нөхөр явлаа. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, одоогийнхоор бол хувийн хэвшлүүдийг нэгтгэсэн том байгууллага байв. Ээждээ цалингаасаа амьдралдаа нэмэрлэ, үлдсэнийг нь хадгалаарай гэж өгчихөөд хэрэг болсон үедээ эргүүлээд авчихна. (инээв) Түүнээс хойш аав “Бөмбөгтэй хөөцөлдлөө” гэж зэмлэхээ больсон. Спорт гайхамшигтай. Би одоо ч сагсан бөмбөгийн тухай яриад сууж байна шүү дээ.
-“Хоршоолол”-д данстай болсон нөхөр ямар багшийн удирдлагад дасгалжуулагч болохоор сурав даа?
-Т.Доржзав (өвөрлөгч) багшийн шавь боллоо. Тэрбээр химийн багш мэргэжилтэй. Политехникумаас Төмөр замын техникумд багшаар очиж ажилласан. Өмнөд хөршөөс сагсан бөмбөгийн мэргэжилтэн Ю Ганийг Монголд ирэхэд багш орчуулагчаар нь ажилласан юм. Ю Гань багш манай шигшээ багийн тамирчдыг гадаад, дотоодын тэмцээнд хэрхэн тоглохыг нь харсан тул эх орондоо очоод “Танай сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор тамирчдыг тань Румын улсад гурван сар туршлага судлахад тусалъя” гэсэн урилга явуулав. Биеийн тамирын төв зөвлөлөөс Т.Доржзав багшийг дуудаж уулзаад Монголын сагсан бөмбөгийн тамирчдыг Румынд гурван сар дадлага хийлгэх ажлыг 1961 онд даалгасан юм билээ. Тэндээс манайхны ур чадвар өмнөхөөсөө илт сайжраад ирсэн гэдэг. Тэдний төлөөллөөс Л.Цэрэнжанхар бий.
-Алтны дэргэд гууль шарлана гэдэг үг бий. Т.Доржзав багшийнхаа дэргэд байх хугацаанд олон зүйл сурсан байлгүй.
-Багшийн дэргэд байхдаа сагсан бөмбөгийн “цагаан толгой” заалгаж, дасгалжуулагчаар ажиллах үнэмлэх авсан. Миний бөмбөг шидэхийг харчихаад “Чи бөмбөгийг мод шиг шидэх юм” гэж шоолдог сон. Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн анхны дасгалжуулагчдын нэг багшаасаа олон зүйл сурсан. Би өөрийгөө сүрхий амжилт гаргасан гэж хэлэхгүй. Гэхдээ эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж явсан он жилүүд бий.
-Та “Алдар”-т хэзээнээс хөл тавив. Шигшээ багт нь олон жил тоглож, дараа нь дасгалжуулагчаар ажилласан юм билээ.
-Би 1964 онд Улаанбаатар хотод Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хаасан. Өмнө нь цэргийн алба гурван жил байв. 1958 онд цэрэгт мордсон залуус 1964 онд энгэртээ Алтан гадастай, гурван жил хөдөлмөрлөсөн ажлын хөлс 6000 төгрөгтэй халагдсан гэдэг. Зарим цэрэг эх орны бүтээн байгуулалтад гар, бие оролцож, алба хаах хугацаагаа сунгаж, барилгад зургаан жил ажилласан юм билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Норсонжавын хөгжим, яруу найрагч Ч.Чимидийн шүлэг
“…Саарал шинелиэ тайлаагүй
Буурал найз минь хаа байна.
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү…” хэмээх “Дайчин нөхрийн дуу” үүнээс үүдэн зохиогдсон гэлцдэг. Барилгын цэргийн 022 дугаар ангийн цэргүүд Мах комбинатын барилгад ажилласан. Бусад нь ажлын хөлсөө аваад халагдахад би бэлтгэл хийх гэж заал руу гүйсээр олигтой цалин авалгүй “Алдар”-т ирж байлаа. Миний хувьд тус нийгэмлэгт 1964-1975 он хүртэл тоглосон. Тэр үед зургаан нийгэмлэг, таван дээд сургуулийн шигшээ баг УАШТ-д оролцдог байв. “Хоршоолол”-д АУДС-ийн эмэгтэйчүүд хүч сэлбэнэ, “Алдар”-т армийнхан тоглоно. Эмэгтэйчүүдийнх нь багт Цэцэрлэгийн техникумын оюутнуудыг тоглуулдаг байв. Л.Аюурзана багш “Алдар”-ын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг 23 жил удирдахад шагналт байрт байнга шалгардаг сан. Үүнээс 57 алт, 50 мөнгөн медаль хүртсэн. Багшийг гавьяаныхаа амралтад гарахад би ажлыг нь үргэлжлүүлж, шигшээ багийн тамирчдыг гурван жил дасгалжуулсан.
-Багшаасаа сурсан бүхнээ шигшээ багийнхаа тамирчдад хэрэгжүүлэв үү?
-Багш зөөлөн зантай, тамирчдаа хатуу үгээр зэмлэж байгаагүй. “Алдар”-т тоглох хугацаанд түүнээс олон зүйл сурсан. Монголд гарынх нь олон шавь бий. Би 1986 он хүртэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулахдаа багшийнхаа амжилтын буухиаг таслаагүй. 1985-1987 онд хотын, 1986 онд улсын аварга баг болгож байлаа. Миний хувьд 1984 оноос шигшээ багийг залуу тамирчдаар бүрдүүлж, хүч сэлбэсэн. Тэр гурван жилд улсын чанартай олон тэмцээний түрүүг нь авсан санагдана. Тэгээд л шавь М.Гантөмөртөө ажлаа хүлээлгэж өгөөд хөдөөг зорьж, эрүүл агаар, тайван орчинд амьдрахаар шийдсэн. Би уг нь Архангай аймгийн хүн. Говьсүмбэрт 31 жил амьдарч байна. Одоо ч төрсөн нутгаас минь ялгаагүй санагддаг болжээ. Манай хүүхдүүд тамирчин болоогүй ч өсвөр насандаа сагсан бөмбөг тоглодог байсан. Хоёр нь Биеийн тамирын дээд сургууль төгссөн.
-Дасгалжуулагчаас өөр ажил сонирхоогүй хэрэг үү. Байгууллагуудаас санал ирэхэд татгалздаг байсан юм уу?
-Би өөр ажил хийж үзсэн л дээ. 1983 оны наймдугаар сарын 4-нд Төв аймгийн Лүн сумд засмал зам тавьж байсан Баруун замын ангид Намын хорооны зааварлагчаар ажиллахаар явсан. Тэнд баяр болохоор хурлын илтгэл бэлтгэн, уулзалт, үдэшлэг зохион байгуулж, кино гаргана. Замын ажил шаггүй болохыг тэр үед мэдэрсэн. Н.Намдаг багшийн шавь “Чамайг “Алдар”-т тоглуулах шийдвэр гарсан шүү” гэснээр 1984 оны наймдугаар сарын 4-нд эхнэр, хүүхдүүдтэйгээ буцаад Улаанбаатарт ирж байлаа. Ингэж би “Алдар”-т дахин хөл тавьсан түүхтэй.
-Монголд 1966 онд болсон тэмцээнд манай шигшээгийнхэн БНАГУ-ын “Динамо” багтай гал гартал тоглож, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлснийг ахмад тамирчдаас нэг бус сонссон.
-Монголд тэр жил их үер болж, олон хүн орох оронгүй зутарсан гашуун түүх бий. Ардчилсан Германы “Динамо” багийнхан тэмцээний товыг хойшлуулж, наймдугаар сард ирж тоглосон юм. “Баянгол” зочид буудлыг дөнгөж ашиглалтад оруулж байх үед манай шигшээгийн тамирчид есөн давхарт нь байрлаж, гурван сар бэлтгэл хийсэн юм. Монголын хоёр шигшээ баг “Динамо”-гийнхонтой тоглосон. Эхний тоглолтод манайхан 54:59-өөр хожигдож, хоёр дахид нь онооны харьцаа 73:73 болж тэнцэхэд тоглолтын цаг дуусав. Тэд монголчуудтай тоглоод хожигдсон гэвэл шоолуулна гэж бодсон уу, тэмцээнийг “Хоёр орны нөхөрсөг тоглолт болгож өндөрлүүлбэл ямар вэ” гэж хүсэлт тавьснаар зүгээр л эв найрамдлын тэмцээн болоод өнгөрч билээ.