Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр Туул” компанийн захирал Цогоохүүгийн Мөнхцэцэг хэмээх бүсгүйг зорин очиж, уулзлаа. Хувиараа бизнес эрхлэгч олон мянган жирийн иргэний дундаас түүнийг онцлох болсон нь учиртай.
“Өнөөдөр” сонины 1997 оны зургадугаар сарын 12-ны өдрийн дугаарт “Өвлийн идшээр шагнуулсан, мах иддэггүй каратэч охин” гарчигтай ярилцлагадаа сэтгүүлч Д.Баасанжаргал “…Хилийн цэргийн командлагчийн дэргэд эрээн хувцас, тусгай бэлтгэлтэй хэдэн залуу байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өндөржүүлсэн бэлтгэлтэй энэхүү тусгай салааныхан эх орны торгон хил дээр элдэв болзошгүй мөргөлдөөн, эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд ажиллах ёстой… “Эрээн цоохор ирвэсүүдийн” дотор нэг бүсгүй алба хаадаг. Учиг ирмэж, үйл мэтгэх бүсгүй заяатан юуны учир эрчүүдтэй мөр зэрэгцэн хүнд хүчир албанд зүтгэх болов. Тэрбээр 1976 оны тавдугаар сарын 12-нд төрсөн. Луу жилтэй. Нийслэлийн 53 дугаар сургуулийг 1994 онд төгссөн. Аав, ээж, дөрвөн дүүгийн хамт амьдардаг. Багаасаа спорт хөөсөн. Урлагт тааруу. Аав Цогоохүү нь түүнд Мөнхцэцэг хэмээх нэр хайрласан. Одоо Хилийн цэргийн 0151 дүгээр ангид хурандаа Цэрэндоржийн “торгон цэргийн” салаанд алба хашдаг” хэмээн дурдсан нь энэ өдрийн ярилцлагын минь баатар, “Ихэр Туул” компанийн захирал бүсгүйн тухай бөлгөө.
Тухайн үед сэтгүүлч Д.Баасанжаргал Ц.Мөнхцэцэгийг үеийнхнээс нь онцлон уншигчдад танилцуулах болсон нь ч учиртай. Юуны түрүүнд, Хилийн цэргийн командлагчийн тусгай салааны цор ганц эмэгтэй алба хаагч нь сурагчийн ширээнээс гараад удаагүй “годгор” охин байсан нь, хоёрдугаарт 19 настайдаа 1996 онд БНСУ-д болсон кик боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медальтай ирсэн нь ийнхүү “Өнөөдөр” сонины хуудсанд залах шалтгаан байлаа.
Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин 25 жилийнхээ ойд зориулсан дугаартаа ийм нэгэн хүнийг онцлон ярилцсаныг болгооно уу.
Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тулаанчдын нэг Spear буюу Жад хочит Ц.Амарсанаа Ц.Мөнхцэцэгийн дөрвөн дүүгийн бага нь юм билээ.
-25 жилийн дараа таныг “эрэн сурвалжилж” олоход тийм ч хэцүү байсангүй. Учир нь “Таван цагариг” сонин “Өнөөдөр”-ийн нэгэн мөчир учраас спортын сэтгүүлчид маань үүнд санаа тавьсан. Харин таны гар утас байнга “яриад” холбогдох гэж багагүй хугацаа авлаа. 20 дөнгөж гарч яваа насандаа тулааны спортоор дэлхийн амжилт гаргаад уншигчидтай танилцсан охин өнөөдөр ямар ажил эрхэлж, хэрхэн аж төрж байгааг сурвалжлах нь бидний зорилго юм. Тэгэхээр яриагаа өөрийгөө танилцуулахаас эхлэх үү?
-Юуны өмнө та бүхэнд баярлалаа гэж хэлье. Өдий олон жилийн дараа намайг санаж, сураглаж, олоод, зориод ирсэнд талархаад, бүр сандарч хоолой чичрээд. уйлах нь. Би 2000 онд гэр бүл болоод л Налайхад суурьшсан. Нөхөр, таван хүүхдийн хамт амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд сайн ээж, эхнэр, зөв иргэн байж өөрт ногдсоныг хариуцлагатай, сэтгэлээсээ хийхийг хичээж, энгийн сайхан амьдарч ирлээ. Холбогдож чадаагүй гэдгийн тухайд бол манай компани худалдаа, үйлчилгээ эрхэлдэг болохоор гар утас минь “амрах” завгүй байдаг юм.
-“Айлын” хүн болоод л спортоосоо бүр хөндийрсөн хэрэг үү. Хэдэн оноос хойш “нам гүм” болчихов?
-Анхны хүүгээ тээгээд гурван сар болж байхдаа 2000 онд Эрдэнэт (одоогийн Орхон аймаг)-д улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш дэвжээнд дахин гараагүй. Тэр үед гэдсээ баадагнаад, аль болох хамгаалж тулалдсан. Нөхөртэйгөө нэг гэрт орж амжаагүй байсан үе. Манай хүн “Чи хүүхэд алах нь уу” гэж аашилсан. Үүнээс хойш дахин тэмцээнд оролцоогүй. Тэгээд анхны хүү, дараагийнх нь гэж явсаар таван сайхан үртэй болсон. Эхний хоёр нь хүү, гурав дахь төрөлтөөрөө ихэр охинтой болсон. Тэднийгээ бэлгэшээж компаниа “Ихэр Туул” гэсэн. Дараа нь нэг хөөрхөн шар охинтой болсон. Одоо гурван настай отгон маань их адтай. Түүнийг төрснөөс хойш манайх гэр бүлийн зураг авхуулж амжаагүй юм. Тэгтэл нэг удаа зураг харж байснаа өөрийгөө хайгаад олохгүй болохоор “Би хаана байна аа, унтчихсан байсан юм уу” гэж асуугаад бөөн инээдэм болсон. Манай хүнийг Г.Баттөмөр гэдэг. ШУТИС-ийн оюутан байхад нь танилцаад, ханилсан. Өдгөө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх дахь төвийн даргаар ажиллаж байна.
-Аав, ээжээсээ тавуулаа Мөнхцэцэг өөрөө таван хүүхэдтэй болсон нь сонирхолтой юм. Нөхөр тань эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Миний ээж эцэг, эхээсээ мөн л тавуулаа. Манай нөхрийн хувьд ах, дүү 11-үүлээ.
-Дэлхийн дэвжээнд өрсөлдсөн, энэ спорт-урлагийг Монголд хөгжүүлэхэд анхдагчдын эгнээнд явсан тамирчин гэнэт л карьераа дуусгаад “томоотой” амьдрахад хааяа “зодолдмоор” санагддаг уу. Илүү амжилтад хүрэх боломж байсан гэж харамсдаг уу?
-“Тамирчны карьераа хөөсөн бол илүү амжилтад хүрэх боломж байсан, эсвэл нээрэн яах байсан бол” гэж ер нь бодож байгаагүй юм байна, таныг сая асуухаар л юу билээ гэж эргэцүүллээ. Ер нь харамсаж байгаагүй. Хувийн амьдрал зохиогоод, хүүхэдтэй болно гэдэг чинь шинэ зорилго бий боллоо гэсэн үг. Тэгэхээр үр хүүхдүүдээ зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх, гэр орноо аятай тухтай байлгах, бусдад тус нэмэртэй, төвөггүй явахыг л хичээдэг.
Би есдүгээр ангид байхдаа каратэ сонирхон, хичээллэж, 1992 оноос “Монгол каратэ” клубийн Бат-Эрдэнэ багшийн шавь болж, 1994 онд улсын аваргын тэмцээнээс хүрэл, дараа жил нь алтан медаль хүртсэн. Удалгүй 1996 онд БНСУ-ын Бусан хотод болсон ДАШТ-ээс мөнгө медальтай ирсэн. Энэ хугацаандаа байнга бэлтгэл сургуулилалт хийж, олон тэмцээнд оролцсоны зэрэгцээ Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаагч байсан. Тухайн жилүүдэд монгол хүүхэд, залуучууд бие хамгаалах урлагийг их сонирхон хичээллэж, шинэ содон зүйл байсан. 1998 онд санагдаж байна, Монголд эмэгтэй боксчин анх шалгаруулахад очоод оролцчихсон. Гурван жинд тус бүрт ганц эмэгтэй тэнцсэний нэг нь би. Тэгээд “Red rock” клубийн тамирчин болсон. Энэ спортоор дотоодын хэдэн тэмцээнд л оролцсон.
-1997 оны ярилцлагад дурдсанаар аав, ээжийгээ Орос руу явсан хойгуур нэг тэмцээнд оролцоод II байр эзэлж, орны бүтээлэг, 500 төгрөгөөр шагнуулсан, тэр мөнгөөрөө чихэр аваад дүү нартайгаа хуваагаад идсэн гэжээ. Чухам ямар чихэр авч идсэн бол гэж бодохоор “хорхой” хүрээд байлаа.
-Яг сайн санахгүй байна. Тухайн үед арваннэг хорийн (кг нь 11 төгрөг 20 мөнгөний чихрийг нэрээр нь бус, үнэ ханшаар нь нэрлэдэг байв), хатуу чихрээс өөр гоё нь байгаагүй юм чинь, тэрийг л авсан байх. Монголчууд ганзагын наймаанд ид явдаг байсан үе шүү дээ. Аав, ээж хоёр маань Орос руу хааяа “гарчихна”. Тэгээд л явчихсан байж таарсан юм. Ер нь намайг каратэ сонирхлоо гээд анхнаасаа дургүй, бэлтгэлд явуулахгүй гэрт цоожлоод бөөн юм болдог байж билээ. Гэтэл хэдэн сар яваад ирэх хооронд нь тэмцээнд оролцоод бүр шагнуулчихсан байдаг, аргагүйн эрхэд л тэд минь “бууж” өгсөн. Харин дүү нар маань бүгд эрэгтэй болоод ч тэр үү, эгчийгээ их дэмжинэ. Нэг удаа тэмцээний үеэр үзэгчдийг дэлгэцээр харуулж таарсан юм. Тэгтэл манай дөрөв эгнээд суучихсан, ямар хөөрхөн харагдсан гээч. Тэд маань одоо бүгд тогтсон сайхан амьдралтай, сайн явна. Том нь 41 настай, онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Удаах нь ганц насны зөрүүтэй, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн тогооч бий. Дараагийнх нь хувиараа бизнес эрхэлдэг. Бага дүү Амарсанаа маань 31 настай. UFC-д тулалдаж байна. Аав, ээж хоёр минь тэтгэвэртээ суугаад, ач, зээ нараа хараад бас л завгүй амьдарч байгаа.
-Ямартай ч эгчийн гаргасан жимээр тулааны спортод нэг дүү нь дурлаж, амжилттай яваа юм байна. Хүүхдүүдээс нь харин “зодоон” сонирхох шинж илэрч байна уу?
-Хөвгүүд маань сонирхоогүй. Том хүү Налайх дүүргийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, аавынхаа мэргэжлээр сурч байна. Одоо ШУТИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан. Багачууд, охид маань яахыг хэлж мэдэхгүй юм.
-1996 онд ДАШТ-ий өмнөх орой нь хэтрүүлж идээд “паакталсан” гэсэн. Тэр талаараа дурсвал сонирхолтой байх. Магадгүй чийглэг газарт очоод хавагнасан юм болов уу. Ер нь хэчнээн тамирчин явж, хэчнээн медальтай ирсэн юм бэ?
-Багш дасгалжуулагчтайгаа нийлээд бид наймуул Бусанд очсон. Эмэгтэй хоёр тамирчин байсан. Би 60 килограммын жинд мөнгө, эрэгтэйчүүдээс мөн нэг медальтай ирсэн. Тэмцээний өмнөх шөнө 02.00 цагт багш техникийн зөвлөгөөний хурлаас ирээд бидний биеийн жинг үзлээ. Гэтэл минийх 62 кг давчихжээ, жаахан ахиу идсэн үү, эсвэл таны хэлдгээр хавагнасан байсан уу, мэдэхгүй. Ухаан алдах шахлаа. Килограмм байтугай граммаар зөрөхөд л хасах хатуу журамтай. Хоёр багш маань намайг дагуулаад гарлаа. Үүр цайтал, бараг таван цаг хүртэл зочид буудлын хажууханд байсан хөлбөмбөгийн талбайг тойроод гүйсэн. Багш дагаж гүйгээд, зааварчлаад, удирдаж, залуурдсаны үр дүнд жингээ барьсан. Дасгалжуулагч багшийн үүрэг, оролцоо, шийдвэр, удирдах чадвар, хариуцлагаас их зүйл шалтгаалдгийг жинхэнэ утгаар нь харуулсан даа.
Бидний үед гэлтгүй одоо ч тамирчдын хувьд зардлаа олно гэдэг том асуудал байдаг. Миний зардлыг манай ангийн захирагч Цэрэндорж хурандаа олж өгсөнд үргэлж талархаж явдаг.
-Тэр амжилтыг тань мялааж 0151 дүгээр ангийн удирдлага өвлийн идшээр шагнажээ. Гэтэл өөрөө мах иддэггүй байсан хэрэг үү, ярилцлагын гарчгаас тэгж ойлгосон.
Мах огт идэхгүй биш л дээ. Бага хэрэглэдэг байсан юм, бие хөнгөн байхад тустай гэж. Одоо бол сайн иднэ ээ. Манайх үхэр, хоньтой айл.
-Өнөөдрийн Ц.Мөнхцэцэг Монголын нэгэн эд, эсийн хувьд, аж ахуй эрхлэгчийн хувьд зорьсноосоо буцах, шантрах тохиолдолтой учирч байв уу?
-Ер нь аливааг болгоно, бүтээнэ гэж зүтгэх явцдаа саад бэрхшээлтэй тулгарвал ухарч, шантарч болохгүй. Ухарчихвал амьдрал минь ядуу болно, цаашлаад улс орны ядуучуудын тоо нэмэгдэнэ биз дээ. Тэгэхээр ухрах тухай бодох ч хэрэггүй.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй, уналттай, орлого муутай байгаа талаар хаана хаанаа л ярьж, хэлэлцэж байна.Хүнд хэцүү нөхцөл байдлыг яавал эрсдэл багатай туулах талаар аж ахуй эрхлэгчийн хувьд ямар санал, бодолтой байна вэ?
-Хэцүү өвчин тархаж, цаг үеийн асуудал, бэрхшээл тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг далимдуулаад ажиллах хүсэлгүй, зүгээр л аваад суух сонирхолтой хүн нэмэгдээд байх шиг. Уг нь төр, засгаас цахилгааны төлбөрийг хөнгөлөх зэргээр арга хэмжээ авч байна. Энэ нь бодитоор нэмэр тус болж байгаа шүү дээ. Ер нь манай улс халамжийг хэтрүүлээд, бэлэнчлэх дуртай болгоод байна гэж боддог. Одоо “зөөлөн” байдлаа хазаарлаж, хөдөлмөрлөх, бүтээхэд нь хөшүүрэг болоосой гэж хүсэж байна.
“Бага байхын л уурласан үедээ дуугаа хураачихдаг зан минь одоо ч хэвээр. Өөрчлөгддөггүй ганц зан минь энэ байх” хэмээн инээх Ц.Мөнхцэцэг өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун, цаашид улам цэцэглүүлэх эрч хүч, тэмүүлэлтэй яваа нь бахархалтай санагдлаа.
Тэрбээр ийнхүү ярилцаж суугаад ажлын шаардлагаар түр гарав. Хэдэн минутын дараа Мөнхцэцэг өндөр, ханхар сайхан залуу дагуулан орж ирээд “Гэдсэнд байхдаа ээжтэйгээ тэмцээнд “оролцсон” хүү маань одоо ийм эр болсон” хэмээн танилцууллаа. Сүүлийн үед монгол хүүхэд, залуучууд маань өсгөлүүн, бие бялдар сайтай, царай зүс сайхантай, мэдэхийн төлөө тэмүүлэлтэй, хичээнгүй болж байгаа нь үнэхээр баярлаж, бахархууштай. Тэдний нэг нь энэ айлын ууган хүү Б.Баяржавхлан аж.
Шаламгай хөдөлгөөнтэй, аливаад чамбай байрын энэ бүсгүй бусадтай ам зөрөх, муудалцахаас зайлсхийдэг талаараа ярилаа. “Хэрэлдэхийн оронд цохиод авсан нь дээр” хэмээн 25 жилийн өмнө “эршүүд хариулсан”, “Өнөөдөр”- ийн зочин маань өдгөө хоёр хүүдээ “Хүнтэй муудалцаж, гар зөрүүлж болохгүй. Үргэлж эелдэг, сайхан харилцааг эрхэмлэ” гэж чандлан захидаг, амьдралыг өөдрөгөөр хардаг сайхан ээж, бас цөөн гэлтгүй ажлын байр бий болгосон, бусдад тустай нийгмийн нэгэн хэсэг болон амьдарч байна.
Эх орны амар амгалангийн төлөө зүтгэж явсан, “Онц хилчин”, өдгөө гэр бүлийн “манаанд” зогсож буй Ц.Мөнхцэцэг сониноор дамжуулан Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн хамт олонд, хурандаа Цэрэндоржид мэнд дамжуулан, үргэлж талархаж явдгаа уламжилсныг дуулгая.