Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын 88 жил, “Хилчдийн өдөр” өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, хурандаа Цагааны Ганболдтой ярилцлаа.
-Хил орчмын нутаг дэвсгэрийн газар, усны нэрийн өөрчлөлт, үндэсний болон хилийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар судалгааны ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөхгүй юү?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн жил хилийн боомтод гарч байгаа хэрэг зөрчил, түүнийг шийдвэрлэх талаар судалгааны ажил хийх даалгавар өгснийг гүйцэтгэсэн. Өнөөдөр хэрэгжүүлж байгаа. Энэ жил “Хил орчмын нутаг дэвсгэрийн газар, усны нэрийн өөрчлөлт, үндэсний болон хилийн аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт захиалгат судалгааны ажил авлаа. Урьдчилсан байдлаар анги, салбаруудаас тойм мэдээлэл аваад байна. Үүнээс үзэхэд, Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувь нь казах болчихсон, эсвэл казах аялгатай болжээ. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казахаар оруулж, өөрчилсөн байгаа юм. Мөн үүнийг буцаагаад монгол хэлнээ орчуулахад утга нь алдагдаж байна. Тодруулбал, Хайргат гэдгийг буцаагаад монгол болгохдоо утгыг нь алдагдуулж Чулуут болгочихсон байх жишээтэй. Энэ мэтчилэн газар, усны нэрийн өөрчлөлт маш их болсон нь үндэсний болон хилийн аюулгүй байдалд маш хортой. Хилийн түүх бүдгэрэх, газар нутгийн маргаанд хүргэх аюултай байдаг.
-Уг нь газар орны нэрийг хууль бусаар өөрчилбөл хариуцлага хүлээлгэх зохицуулалттай биз дээ.
-Газар, усны нэрийг өөрчлөхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжуудад бий. Хэрэв газар усны нэрийг өөрчилж сольсон байвал Монгол Улсын Эрүүгийн, Зөрчлийн тухай, Монгол хэлний, Геодези, зураг зүйн тухай хуульд томоохон зүйл заалтууд байдаг. Харамсалтай нь, амьдрал дээр энэ нь хэрэгждэггүй. Харин одоогоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт Монгол хэлний тухай хууль зөрчсөн, газар, усны нэрийг өөрчилсөн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Газар, усны нэр төвийн аймгуудад ч мөн өөрчлөгджээ. Ялангуяа уул уурхай эрхэлж байгаа, шилжилт хөдөлгөөн ихтэй газруудад өөрчлөлт их гарах болсон. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд Увсаас иргэд олноор шилжиж суурьшсантай холбогдуулан газар, усны нэрийг өөрчлөх асуудал гарч байна. Хүдрийн голыг Ондоогийн гарам гээд нэрлэчихсэн байх жишээтэй. Нутаг орноо санагалзахдаа зарим газар, оронд өөрийн төрж өссөн газрын нэрийг өгдөг ч тохиолдол байна. Хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл Цөх голыг Тэс гол гээд нэрлэчихсэн байхыг ер үгүйсгэх аргагүй. Гар утасны сүлжээ барьдаг газар нэг сүлжээний антен байгуулчихаад түүнийгээ Моби толгой, Жоби толгой гэх мэтээр нэрлэчихсэн байх явдал их. Мөн уйгуржин монгол бичгээс кирилл үсэгт буулгахдаа газар, усны нэрийг алдаатай бичиж байна. Тухайлбал, Алтанбулаг дахь Бүрхтэй уулыг Бүргэдэй уул гэж нэрлэж хэвшсэн байх юм. Уйгуржин монгол бичигт үгийн дундах х, г үсэг адилхан бичигддэг. 1727 оны Буурын гэрээн дээр Бүрхтэй уул гэж бий. Гэтэл явсаар байж Бүргэдэй уул гэж нэрлэж хэвшсэн байх жишээтэй. Номтын салбар гэдэг нь жинхэнэ уламжлалт нэрээрээ Нумтын салбар юм шүү дээ. Энэ мэтчилэн нэр нь солигдсон газар олон. Мөн манай газрын зургуудыг оросууд хийхдээ нэлээд их алдаа гаргасан байдаг. Газар, усны нэрийг орос дуудлагад оруулсан. Торхилогийн голыг жишээ нь Торголик гээд биччихсэн байх жишээтэй. Зарим зурагт Тохилог болгоод илт алдаад биччихсэн байгаа юм. Эдгээрийг засаж залруулах ёстой. Бас Рашаантын төмөр замын өртөө гэж бий. Жинхэнэ газрынх нь нэр Ар шанд юм шүү дээ. Төмөр зам барьж байсан оросууд д үсгийг зөв дуудаж чадахгүй байсан тул Рашаант гэж дуудсаар ийнхүү өөрчлөгджээ. Мөн мэргэжил нэгт хилчдэдээ ч бас шүүмжлэлтэй хандаж байгаа. Манай хилчид газар, усны нэрийг уламжлалт монгол нэрээр нь, хэрэв тухайн газар нэргүй бол тоот өндөрлөгөөр нь нэрлэж занших ёстой. Хилийн анги, салбарын хариуцсан хэсэгт Ахмадын өндөрлөг, Хурандаагийн овоо, Хилчин даваа гэх мэтээр нэрлэчихсэн газар бий. Ингэж ер болохгүй. Сүүлд зурагт үзэж байтал манай нэгэн уулчин Алтай таван богд ууланд авирахдаа хормойд нь хоноглодог газраа “Хоног толгой” гэж нэрлэснээ маш их бахархалтайгаар ярьж байх жишээтэй. Хэрэв бид газар, усны нэрийг дураараа өөрчлөөд байвал их эзэн хааныхаа төрсөн газрыг ч олохгүй будилахад хүрнэ. Одоогоос 800 жилийн тэртээ их эзэн Чингис хаан Дэлүүн болдог хэмээх газар мэндэлсэн нь уламжлалт нэршлээрээ өдий хүрсэн. Эрдэнэт, Оюутолгой ч мөн нэрлэж заншсан уламжлалаараа яваа. Гэтэл зарим хүн их гэнэн, хэнэггүй сэтгэлээр ханддаг. “Нэг нэргүй толгойд нэр л өгчихөө биз. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ямар хамаатай юм” гэдэг. Газар, усны нэрийг өөрчлөх нь хуулийн процессынхоо хувьд хүний нэрийг өөрчлөхтэй адил.
-Их Монгол Улсын үед манай нутагт багтаж байсан, өдгөө ОХУ, Казахстан улсад байгаа олон газар монгол нэртэй байдаг шүү дээ. Тэдгээрийг өөрчилсөн тохиолдол байна уу?
-Одоогийн ОХУ, Казахстан, Киргиз, Горный Алтай зэрэг нь Монголын түүхэн газар нутаг тул уламжлалт монгол нэртэй байх нь элбэг. Эдгээрийг зориуд өөрчлөх, Монголын эртний түүхийг бүдгэрүүлж гуйвуулах оролдлого системтэйгээр хийдэг. Шинжаан-Уйгур, Киргизэд Жаргалант нэртэй газар байна. Нууц товчоонд Баргужин төхөм нэрээр бичигдсэн газар ОХУ-ын Буриад улсад тэр нэрээрээ уламжлагдаад явж байна. Шинжаан-Уйгурт Кульжа гэж хот бий. Анх Угалз гэдэг нэртэй байсан юм билээ. Галдан бошигт хаан Угалзын хийдийг байгуулж, байшингийнхаа дээврийг угалзын эврээр чимж байсан гэдэг. Энэ нь Гулз болон өөрчлөгдөж улмаар Кульжа болсон байх жишээтэй. Мөн Шинжаанд Хайнак гэж хот бий. Энэ нь Галдан бошигтын байгуулсан Хайнаг гэж сүмийн нэр. Хайнагийн эврээр дээврийг нь гоёсон ийм л сүм байж. Энэ нь сунжраад Кайнак болж өөрчлөгдсөн байна. Өөрийн улсын нутаг дэвсгэрт байгаа газар, усны нэрийг цэгцэлж чадахгүй байж гадаадын асуудлыг хөндөх нь зохисгүй гэж зарим хүн ярьдаг л даа. Уугуул монгол нутгийн эздийн хувьд энэ асуудлыг хөндөхгүй байж болохгүй. Бас нэг анхаарах ёстой асуудал бол Баян-Өлгий аймагт ерөнхий боловсролын ганцхан сургууль монгол хэлээр хичээлээ явуулдаг. Бусад бүх сум, багт хичээлээ казах хэлээр явуулж байна. Энэ нь монгол хэлний тухай хууль, Төрийн хэлний бодлоготой зөрчилддөг. Баян-Өлгий аймагт монгол хэлний хэрэгцээг бий болгохгүй бол казах хэлээр сурах нь зөв ч юм шиг болчихдог. Бид үүнд амар тайван, хэнэггүй хандаж огт болохгүй. Уламжлалт газар орны нэр монголоороо л байх ёстой.
-Казахууд газрын нэр өөрчилснийг буцааж монгол хэлнээ болгосон жишээ бий шүү дээ.
-Монгол Улсад казах нэрээр нэрлэсэн нэг ч газар байх ёсгүй. Үүнд ач холбогдол өгч нэр усыг өөрчилж эхэлсэн. Үүнийг улам эрчимжүүлэх шаардлагатай. Тухайлбал, хил хамгаалах байгууллагын удирдлага бидний тавьсан асуудалд анхаарал хандуулж Сыргалын хилийн салбарыг Хотон нуурын хэмээн өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн монгол нэрээр нь нэрлэх боллоо. Энэ бол зөвхөн эхлэл. Гэхдээ их сайн эхлэл юм. Энэ мэтээр цаашид үргэлжлэх болно. Бидний одоогийн хэрэглэж байгаа газрын зураг бол 1984 оны хуучин газрын зураг. Түүнээс хойш 40 орчим жил болоход зарим газар оронд маш их өөрчлөлт гарсан. Зарим газар шинээр олон барилга байшин барьсан, нэг хэсэг нь устсан. Газар орон, гол ус өөрчлөгддөг. Эдгээрийг газрын зурагт тусгаагүй нь маш аюултай. Бид 1984 оны хуучин зургаар хил хамгаалалтыг удирдан зохион байгуулна гэдэг байж боломгүй зүйл. Монгол Улсын газрын зургийг шинэчилж тодотгон, шинэ нэр усыг журамлах саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлнэ. Энэ мэт олон асуудлыг хөндөхөөр судалгааны ажил хийж эхэлсэн. Урьдчилсан байдлаар Баян-Өлгий аймагт амьдарч байгаа казах бус иргэдтэй холбогдож байгаа. Тува, урианхай, дөрвөд зэрэг олон ястантай холбогдоход тэд асуудлыг зөв шударга, нууж хаах зүйлгүйгээр дэвшүүлэн тавьж байна. Энэ нь газар усны нэрийг засаж залруулах ажилд ихээхэн тус нэмэр болох болов уу. Тэд ч тусалж дэмжихээ баяртайгаар илэрхийлсэн. Харин манай казах иргэд үүнд тийм ч тааламжтай бус хандах байх. Гэвч энэ бол зөвхөн хэн нэгэн хүн хоорондын асуудал биш. Энэ бол монгол төрийн ажил, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай асуудал. Мөн Монгол Улсын хилийн аюулгүй байдалд нөлөөлөх асуудал юм. ОХУ-тай хиллэдэг хилийн 90 км орчим зурвас газрыг Н.Назарбаев ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс ижил хэмжээтэй газраар сольё гэсэн хүсэлт хэд хэдэн удаа тавьсан байдаг. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл эдгээр казах нэршилтэй газар, уснаас шалтгаалан нутаг дэвсгэрийн маргаан үүсэх аюултай. Казахстан буюу Турк ертөнцийн зүгээс манай улсын түүхийг гуйвуулах ажил эрчимтэй явуулдаг. Казахстан улс Алтан ордны улсын 750 жилийг ойг тэмдэглэхээр болсон. Бодит түүхэн талаасаа энэ нь байж болохгүй зүйл. Энэ бол Орос, Монголын асуудал. Хэл, соёл, шашны хувьд ижил боловч генетикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Монгол Улсын казах, Казахстан Улсын казах иргэдийн ген тэс өөр. Эдгээр нь өөр үндэстэн гэдэг нь нотлогдсон байдаг юм шүү дээ. Зөвхөн нэрнээс уламжлаад маш олон асуудал урган гардаг. Уг асуудлыг онол, практикийн түвшинд сайтар судалж, санал зөвлөмжтэй нь танилцуулахаар бэлтгэж байна. Бодит байдлыг яг л байгаагаар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болно. Хэрхэхийг төр, засгийн удирдлага шийдэх байх.
-Өмнө нь энэ талаарх судалгаа хэр хийсэн юм бол?
-Газар зүйн хүрээлэнгээс судалгаа хийсэн байдаг. Гэвч өнөөдөр жишээлбэл, Баян-Өлгий аймагт очиход гадаадад байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Байгуулагдсан шинэ багууд бүгд казах нэршилтэй байна. Төрийн хэлний бодлогын зөвлөл сайн ажиллах ёстой. Хуулийн заалтуудыг тухай бүр нь хэрэгжүүлэх ёстой байдаг. Аляскад одоо хүртэл монгол нэртэй газрууд бий. Алаг сүүл, Атга сүх гэдэг нэртэй газар байгаа шүү дээ.
-ХХЕГ-т саяхан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын зорилго чиглэл юу байв. Эндээс ямар дүгнэлт гарсан бол?
-Хил хамгаалах байгууллагын Эрдэм шинжилгээний хүрээлэн дахин байгуулагдсанд баяртай байна. Тус хүрээлэнгийн анхны эрдэм шинжилгээний хурал “Хил хамгаалалтын дүрэм, түүнийг өөрчлөх үндэслэл” сэдвээр зохион байгуулагдлаа. Энэ бол хил хамгаалах байгууллагын өмнө тулгамдсан шийдлээ хүлээж байгаа асуудал мөн. Шүүмжлэлтэй хандахад харин ч оройтож зохион байгууллаа. Монгол Улсын Хилийн тухай хууль 2016 онд батлагдсан. Үүнийг дагаад хил хамгаалалтын дүрмүүд шинэчлэгдэх ёстой. Даруй таван жил өнгөрчээ. Одоо бид нэн яарах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хил хамгаалалтын дүрэм маань түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо шинэчлэх ёстой. Эхний үндэслэл нь Хилийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдоно. Хоёрдугаарт, хөрш орнуудын хил хамгаалалтад маш олон өөрчлөлт гарсан. Бид хариу арга хэмжээ авахын тулд Хил хамгаалалтын дүрмээ зохицуулан шинэчлэх ёстой. Гуравдугаарт, хөрш орнууд төдийгүй дэлхийн хил хамгаалах байгууллагуудын хил хамгаалалтад орчин үеийн шинэ техник, технологиуд нэвтэрч байна. Тухайлбал, нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроныг дэлхийн бүх улс орон хил хамгаалалтдаа өргөн ашиглаж байна. Бид ч үүнээс ангид үлдэлгүй дрон худалдан авч, мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Гэтэл дроноор Монгол Улсын хилийг зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг эрх зүйн зохицуулалт нь одоохондоо бидэнд алга. Мөн нийгмийн хөгжил, хил хамгаалах байгууллагын хөгжилд зарчмын цоо шинэ өөрчлөлтүүд гарсан нь Хил хамгаалалтын дүрмийг өөрчлөх үндэслэл болж байгаа юм. Хил хамгаалалтын дүрмийг өөрчилнө гэдэг нь Монгол Улсын хил хамгаалалтын тогтолцоог өөрчилнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар арга хэрэгслээр, хил хамгаалалтыг яаж зохион байгуулах вэ гэдэг ирээдүйн дүр төрхийг гаргана гэсэн үг. Өөрчлөлт, шинэчлэлт хийхийн тулд бид үзэл баримтлалаа өөрчлөх шаардлагатай.
-Хилийг цаашид цэргээр хамгаалуулсаар байх юм уу гэдэг асуудлыг улстөрчид ч, судлаачид ч хөнддөг л дөө. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсын хил хамгаалах байгууллагын өмнө тавьсан зорилтыг биелүүлэхийн тулд ямар хүч хэрэгслээр, ямар аргаар, яаж гүйцэтгэх вэ гэдэг асуултад эхлээд хариу өгөх ёстой. Эрдэм шинжилгээний хурлын үеэр хилийн харуулын арга хоцрогдсон гэдгийг хөндсөн. Тийм. Гэхдээ бид учиртай, уян хатан хандах хэрэгтэй. 1727 онд Буурын хилийн гэрээгээр хил тогтоосноос хойш хилийг хилийн харуулаар хамгаалж ирсэн. Өмнө нь ч байсан нь дамжиггүй. Энэ бүх хугацаанд хилийн харуул цаг үеийнхээ өөрчлөлтийг даган шинэчлэгдэж ирсэн. Хилийн харуулын материаллаг бааз ч бэхэжсэн. Бид хэрэгтэй газар оронд хэчнээн ч тооны хилийн харуул байлгаж болно. Гэхдээ өмнө нь хийсэн бүтээн байгуулалтаа устгаж, үгүй болгохгүйгээр улам хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг Монгол Улсын хил хамгаалалтад шинэ техник, технологи нэвтэрнэ. Үүнд тохирсон арга тактик боловсруулж, журамлаад явна. Миний хувьд үндсэн гурван асуудлын хүрээнд саналаа танилцуулсан. Нэгдүгээрт, Хил хамгаалалтын дүрмийг өөрчлөхийн тулд онол, арга зүйн үндсийг тодорхой болгох хэрэгтэй. Цэргийн гол онолоор зэвсэгт тэмцлийн хэрэгсэл нь аргаа тодорхойлдог. Ямар шинэ зэвсэг, техник нэвтрүүлнэ түүнийгээ хэрхэн оновчтой ашиглах арга тактикийг боловсруулж байх ёстой. Хоёрдугаарт, шугаман тогтолцоотой хил хамгаалалтыг орон зайн хамгаалалтад шилжүүлэх шаардлагатай. Хил зөрчигчийн арга заль, тактик ажиллагаанд суурилсан сургалт, хамгаалалт явагдаж байгаа. Үүнийг хилийн аюулгүй байдлыг хангах сургалт бэлтгэл, хамгаалалтад чиглэсэн тогтолцоогоор солих ёстой. ОХУ-ын эрдэмтэн Рыбалкины “Хил хамгаалалтын өөрчлөлтийн зүй тогтлын онол” гэж бий. Уг онолоор хил хамгаалалтын арга тактик бол хөрш зэргэлдээ улсаас хилийн талаар баримталж байгаа бодлого, хандлага, харилцаанаас хамаардаг гэж үздэг. Улсын хилийг хөрш орнуудын тухайн улсад хандах хандлага хамгийн тодоор илэрдэг толь гэж ойлгож болно. Хятадууд 2000 онд цэргийн номлолоо өөрчилсөн. Энэ номлолд “Хятад хүн хятад хүнийхээ эрх ашгийг дэлхийн аль ч өнцөгт зэвсгийн хүчээр хамгаална” гэсэн томьёолол орсон. Үүнээс бид ургуулан бодох хэрэгтэй болно. Дөнгөж саяхан хятадууд Хуурай газрын хилийн тухай болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль баталлаа. ОХУ ч мөн адил цэргийн номлолдоо өөрчлөлт оруулсан. “ОХУ холбоотнуудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх эрхээ эдэлнэ” гэж уг номлолд бий. Үүнийг ерөнхийд нь “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд байгаа юм л даа. Том гүрнүүд өөрсдийн үйл ажиллагаа, үйлдлийг зөвтгөхийн тулд урьдчилан эрх зүйн орчныг бий болгодог. Бид ч энэ байдлаар ажиллах хэрэгтэй.
-Найрамдлын хилийн тухай ойлголт өнөөдөр өөрчлөгдсөн үү?
-Энэ бол XX зуунд байсан ойлголт. 1990-ээд оноос хоёр улсын улс төрийн систем, хандлага, харилцаа өөрчлөгдсөн. Тусгаар улсууд ижил тэгш харилцан энх тайванч байх зарчимд тулгуурлан хил хамгаалалтыг зохион байгуулж байна. Манай улс хоёр хөрштэйгөө иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэ бол харилцан хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр. ОХУ-ын хил хамгаалалтдаа тавьдаг зарчим бол “Улсын хилийг бүх нийтээрээ хамгаалах”. БНХАУ-ын хувьд “Хоёр улс-нэг хил” томьёоллоор хамгаалдаг шүү дээ. Монголчууд ОХУ-тай хилээ хамтран хамгаалах, БНХАУ-тай харилцан хамгаалах гэдэг зарчимтай. ОХУ бол улсын хилийг хилийн төлөөлөгчийн ажиллагаа, хилийн тагнуулын албаны үйл ажиллагаагаар голчлон хамгаалдаг. Харин цагийн байдлын өрнөлт ихтэй газар оронд цэргийн хүчийг ашигладаг. БНХАУ нь хилийн төлөөлөгчийн ажиллагаа, хилийн инженер техникийн хүч хэрэгслээр улсынхаа хилийг хамгаалдаг. БНХАУ манай улстай хиллэдэг 4500 гаруй км хэсгийг хилийн инженерийн төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Дохиоллын систем бүхий торон саад, мөр хянах зурвас, камерын хяналт бүгд бий. Харуулын байрууд нь хилийн багана бүрийн чиглэлд тавигдсан байдаг. Тэд улсын хилийг инженерийн хэрэгслээр хамгаалах ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Манай улс хөрш орнуудын хил хамгаалалтын жишгээс хоцрох ёсгүй. Бид үүнтэй ижил түвшинд л хүрэхийг эрмэлзэх нь чухал. Мөн улсын хил хамгаалалтыг бүхэллэг байдлаар нь буюу тогтолцоо талаас нь харах хэрэгтэй болдог. Монгол Улс хуурай газрын, усан, газрын хэвлийн, агаарын дөрвөн хилтэй шүү дээ. Үүний нийлбэр цогцоор хил хамгаалалтыг бүрэн зохион байгуулна. Нэг нь доголдоход л систем бүрэн ажиллахаа больдог. Хилчид үүнийг бүрэн хариуцаж ажиллах шаардлагатай.
-Хил хамгаалалтын хөгжлийн бодлого хаашаа чиглэх бол?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Хил хамгаалалтын дүрэмд зургаан төрлийн үйл ажиллагаагаар улсын хилийг хамгаална гэж заасан байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр өргөн уудам. Хүн хүч, зэвсэг техник, тоноглолын хүрэлцээ дутагдалтай. Гэсэн ч Монгол Улсын хилийг ямар нэгэн аргаар хамгаалж байх ёстой. Хамгийн бага зардлаар, хамгийн үр дүнтэй хамгаалах аргыг бид олж хэрэглэх ёстой. Энэ шаардлагад хамгийн их дөхөж очсон нь миний бодлоор Хилийн төлөөлөгчийн арга юм. Үүнийг улам боловсронгуй болгох шаардлагатай. Орчин үеийн хил хамгаалалтыг уламжлалт хил хамгаалалттай хослуулж явах нь зүйтэй юм. Морь, машин, нисдэг тэрэг гээд бүгдийг ашиглах хэрэгтэй. Бид өмнө нь хүрсэн түвшнээсээ маш их ухарсан. Зүй нь бол нэгэнт хүрсэн түвшнээсээ бууж болдоггүй. Бид 1970-1980-аад оны үед улсын хил хамгаалалтад нисэх онгоц ашиглаж байлаа. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй хилийн хэсэгт нисдэг тэрэг ашиглаж чадахгүй байна гэдэг үнэхээр байх ёсгүй асуудал шүү дээ. Бид өмнө нь радио локацын станц, шөнийн прожекторын станц зэрэг дохиоллын системийг хил хамгаалалтад маш үр дүнтэй ашиглаж байсан. Өнөөдөр энэ бүхнийг дахин бий болгох ёстой. Манай хилчид өнөөдөр хилийн торон саадыг гар аргаар хийж байна. Торон саад татдаг комбайнтай бол нэг хүн хороо цэргийн гүйцэтгэх ажлыг хэдхэн цагийн дотор хийж болно. Цахимжихаасаа өмнө бид ядаж механикжах хэрэгтэй байна. Хилийн шалган нэвтрүүлэх албанд ч тодорхой шинэчлэлүүд хийх шаардлагатай байгаа. Улсын хил гэдэг бол улс орон оршин тогтнох үндэс суурь болсон хамгийн ариун нандин бүс. Энэ нь ганцхан хил хамгаалах байгууллагын биш, Монголын төр, ард түмний үүрэг. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хилийг зөрчсөн тохиолдлын 46 хувийг Монголын иргэд өөрсдөө эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хил хамгаалах байгууллагын ашигт үйлийн коэффицентийг авч үзвэл үйл ажиллагааныхаа 46 хувийг дотоодын иргэдтэйгээ тэмцэхэд л зориулж байна шүү дээ. Тэгэхээр манай хил орчмын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа ард иргэдийн хилээ, хуулиа дээдлэх эх оронч, хилч үзэл алга болчихсон нь харагдаж буй юм.
Бэлтгэсэн Ж.Оюунэрдэнэ