“Team OGGI” багийн тамирчин, ОУХМ Э.Болор-Эрдэнэ дугуйн спортод амжилт гаргаж яваа шилдэг тамирчдын нэг. Тэрбээр 2016 онд мэргэжлийн дугуйчдын хурд сорьдог олон улсын олон өдрийн “Tour of Taihu Lake ucl 2.1” уралдаанд IV байрт шалгарч, 2018 онд “Tour de singkarak Indonesia” тэмцээний зургадугаар гараанд III байр эзэлжээ. Тэгвэл Монголд зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцож, аваргаар нэг бус удаа тодорсон юм. Тухайлбал, 2019-2020 онд болсон УАШТ-ий ганцаарчилсан гараатай, энэ жилийн бөөн гараатайд түрүүлсэн юм. Түүнийг “Залуус” буланд урилаа.
-Цар тахлын улмаас спортын тэмцээн үзэгчгүй болж байгаа. Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан тэмцээнүүдэд та амжилттай хурд сорьж, аваргаар нэг бус удаа шалгарсан. Тухайлбал, ОУХМ Я.Баатарын нэрэмжит “Монголын олон өдөр-2021” уралдаанд тэргүүлж шар, ногоон цоохор цамцны эзэн боллоо.
-Миний хувьд энэ уралдаан гайхалтай болж өндөрлөлөө. Цар тахлын хүнд үед тамирчдынхаа ур чадвар, бэлтгэл сургуулилалтыг сайжруулах зорилгоор уралдаан зохион байгуулж байгаа Монголын дугуйн холбооныхонд баярлаж байна. Монголын олон өдрийн 22 дахь удаагийн уралдааныг энэ жил ОУХМ Я.Баатарын нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Дугуйн спортынхон цамцаар гангарах дуртай. Амжилт гаргаж, цамц өмсөнө гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Би нийлбэр дүнгээр тэргүүлж, шар цамц, мөн шилдэг бариачийн ногоон, уулын шилдэг дугуйчны цоохор цамцны эзэн боллоо. Манай багийнхан багийн дүнгээр I байр эзэлж, хүчтэй өрсөлдөгчидтэй гэдгээ харуулсан. Арын албанд ажилласан дүү нар, мөн дасгалжуулагч А.Алтансүх ахын хичээл, зүтгэл, хөдөлмөрийн хүчинд бид амжилттай хурд сорьсондоо сэтгэл өндөр байгаа.
-Сүүлийн үед “Team OGGI “ клубээр овоглодог болсон. Хэзээнээс уралдах болов?
-Би 2014 оны аравдугаар сард Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших багшийн удирдлагад хичээллэж, “CCN Мongolia” багт хөл тавьсан. Дараахан нь “Хас банк” нэртэй болсноор манай багийнхан 2016-2018 он хүртэл уралдсан. 2019 онд багш минь хорвоог орхиж, нөхөшгүй гарз тохиосон юм. Олон улсын тамирчид багшийг минь Оогий хэмээн дууддаг байсан юм билээ. Тиймээс багийнхан ярилцаж, багшийнхаа нэрээр ийнхүү нэрлэхээр шийдсэн.
-Амжилтаараа өнгөлж яваа Монголын шилдэг дугуйчдын нэг нь Та. Өнөөгийн өндөрлөгөөс эргэж харвал ямар дурсамж дурайх бол?
-Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Н.Нармандах багшийн удирдлагад 2012 онд 17 насандаа дугуйн спортоор анх хичээллэсэн. Түүний ачаар сууриа зөв эхлүүлж, өсвөр үе, залуучуудын ангилалд амжилт гарган спортын мастерын болзол хангасан юм. Дараа жил нь цэргийн алба хаахаар явахдаа дугуйн спортоос больё гэсэн бодолтой байв. Цэрэгт байх хугацаанд багш минь ангийн захирагчтай уулзаж, бэлтгэл хийлгэх талаар ярилцсан юм билээ. Манай цэргийн анги татан буугдаж, зургаан сар алба хаасан. 2014 оны хавар халагдах үед цагдаа, цэргийн байгууллагынхны дунд дугуйн уралдаан болоход түрүүлсэн. Тэр тэмцээн урам өгч, спортод эргэн ирэх эрч хүч хайрласан. Цэрэг байхад минь орхилгүй бэлтгэл хийлгэсэн багшдаа баярладаг. Тэр жил Монголын олон өдрийн тэмцээнд амжилттай хурд сорьж, Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших багштайгаа анх танилцсан. Өнөөгийн өндөрлөгт хүрэхэд багш нарын минь сэтгэл, зүтгэл их нөлөөлсөн. Түүнээс хойш багийнхантайгаа олон амжилтын ард гарсан байна.
-Өөрийг тань дугуйд дурлуулж, спортоор босгоор алхах боломж олгосон зүйл юу байв?
-Би найзуудтайгаа дугуй сонирхож унадаг байлаа. Нэг өдөр хичээлдээ иртэл дүүргийн аварга шалгаруулах дугуйн уралдаан болно гэсэн зарлал байхыг хараад нөхөдтэйгөө оролцохоор шийдэв. Тэр үед Н.Нармандах багш надад санал тавьснаар тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Бэлтгэл хийсэн эхний саруудад дугуйгаар хичээллэх техникүүд сонирхолтой санагдаж, сурах зүйл их байв. Тэр цагаас өнөөг хүртэл тууштай, шантрахгүй хичээж зүтгэсний үр дүн амжилт болж ирсэн гэж боддог. Миний хувьд үеийнхнээсээ дугуйн спортод хожуу хөл тавьсан. Өмнө нь спортын өөр төрлөөр хичээллэж үзсэн. Тэгсэн нэг л болж өгөхгүй, дасгалжуулагч нар нь ч идэвх гаргаагүй. Тэгээд л өөртөө ямар нэг спортоор хичээллэвэл тууштай зүтгэнэ гэсэн зорилго тавьсан.
-Тамирчдад анхны тэмцээн нь урам өгч, зорилгодоо хүрэх замнал нь болдог. Мөрөөдөл тань амжилт руу одоо ч хөтөлсөөр байгаа биз дээ?
-Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртчихээд их баярласан. Аав, ээж минь “Тамирчин хүний анхны шагнал хүрэл медаль байвал сайн байдаг” гээд намайг бүх талаар дэмжсэн. Аавын минь хэлсэн тэр үг намайг хурцалж, амжилт руу тэмүүлэх зориг хайрласан.
-Спортын талбар өрсөлдөөн ихтэй. Шантрах саад бэрхшээлтэй цөөнгүй удаа нүүр тулсан байх. Хэцүү санагдсан тэр өдрүүдэд хэн буцааж авчирдаг байв?
-Спортын ертөнц өрсөлдөгч олонтой. Хэн хөдөлмөрлөж, хичээсэн нь үр шимийг хүртдэг. Шантарч халшрах үе бишгүй. Тийм үед дасгалжуулагч, багийн ах нар, найзууд минь юун дээр алдаж байгааг хэлж, зөвлөдөг. Тэмцээнд хожигдож, хожих үе алийг тэр гэх вэ. Хэцүү санагдсан тэр өдрүүдийг даван туулахад зорилго, итгэл минь тусалсан.
-“Ningxia sports lottery continental” багийнхантай Азийн орнуудад зохион байгуулсан олон уралдаанд хурд сорьсон санагдана.
-БНХАУ-ын дугуйн мэргэжлийн “Ningxia sports lottery continental” багийнхантай 2016 oнд уралдсан. Энэ багт манай хоёр ах уралддаг. Өмнөд хөршид зохион байгуулсан “Tour of Xingtai” олон улсын тэмцээнд нийлбэр дүнгээр ОУХМ Э.Мөнхтулга тэргүүлснээр манайхан багаараа I байрт шалгарсан юм. Тэр уралдаанд Монголын тамирчин цойлж тэргүүлсэн нь бахархмаар үйл явдал байлаа.
-Дугуйн мэргэжлийн нэр хүндтэй багт уралдах урилга хүлээж авна гэдэг тамирчдад тэр бүр олдохгүй боломж. Тус багийнхан ямар тэмцээнд оролцоход тань анх санал тавив?
-Ж.Өлзий-Орших багш минь 2016 онд тус багт намайг оруулсан. Энэ багт уралдсан Монголын гурван тамирчны нэг нь би. Мэргэжлийн багт багшийнхаа ачаар хөл тавьсан нь миний хувьд маш том боломж байлаа. Тус багийнхан дугуйн спорт ямар байдгийг таниулж, мэргэжлийн багт тамирчид хэрхэн өсөж, хөгждөгийг мэдрүүлсэн. Мэргэжлийн багийнхны уралдаан өндөр зэрэглэлтэй болдог. Тиймээс тус багт анх хөл тавьсан өдрөөсөө л би улам хичээх ёстойг ойлгосон доо.
-Мэргэжлийн багийнхантай уралдсан тэмцээнд ямар амжилт гаргав?
-БНХАУ-ын мэргэжлийн багаас 2018 онд “Tour de singkarak Indonesia” тэмцээнд зургаан улсын тамирчин нэг баг болж оролцсон. (Хятад, Украин, Колумб, Испани, Монгол) Найман өдрийн уралдаанд би зургадугаар гараанд III байрт орж, ОУХМ цолны болзол хангасан.
-Та Японы дугуйн багт 2019 оноос уралдаж эхэлсэн. Ямар уралдаанаас тэдэнд тоогдож, санал хүлээж авсан бэ?
-Японы “Bonne chance” мэргэжлийн багт 2019 оноос уралдсан. Тус багт Ж.Өлзий-Орших багшийн минь гэргий М.Ариунзул эгч оруулсан юм. Энэ багийнхантай уралдаанд хараахан орж амжаагүй байна. Цар тахал олон улсад дэгдсэн тул хил хаагдаж, тэмцээнд оролцох боломжгүй болсон.
-Таны уралдсан хоёр багийн тамирчдын бэлтгэл сургуулилалт, амжилт, зорилго хэр ялгардаг вэ?
-Хятадын мэргэжлийн багийнхан өндөр түвшинд хөгжсөн. Тэр хэрээрээ зэрэглэл өндөртэй уралдаанд хурд сорьдог. Тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл, эд материал нь чанартай, бас баталгаатай. Японы баг байгуулагдаад удаагүй тул өмнөд хөршийн багийнхны түвшинд хараахан хүрээгүй.
-Тамирчин болоход гэрийнхэн тань хэр дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөв?
-Гэрийнхэн минь миний ялалт, ялагдалтай хамт байдаг. Амжилт гаргахад урам хайрлаж, сэтгэлээр унахад дэм өгч сэргээдэг. Тэд минь дэмжээгүй бол амжилтын тухай өгүүлэх хэцүү. Намайг тэмцээнд оролцох үед эхнэр ар гэрийнхээ бүх ажлыг хариуцдаг. Гадаад руу нэг сар, цаашлаад хэдэн сар ч явах тохиолдол бий. Тийм үед үр хүүхдэдээ анхаарал хандуулж, хичээл, сургуулийг нь зохицуулна гэдэг эмэгтэй хүнд ахадсан ажил. Гэр бүл минь бэлтгэл тайван хийлгэж, амжилт гаргуулахын тулд бүх зүйлээ зориулж байгаа.
-Өөрийг тань дуурайж энэ спортоор хичээллээд амжилт гаргасан найзууд байдаг уу?
-Найзууд минь надтай хамт дугуйгаар нэг хэсэг хичээллэсэн. Шантрах нэг нь холдож, тууштай нь үлдсэн. Дугуйн спорт хүнд төрөлд ордог болохоор тэсэж үлдэх хүн ховор. Үүнээс гадна зардал, мөнгөгүйгээс болоод найзууд минь орхисон тал бий. Энгийн үед сайхан нөхөрлөдөг нөхөдтэйгөө тэмцээнд шударга өрсөлддөг тохиолдол олон.
-Зодог тайлбал дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би энэ талаар бодож амжаагүй явна. Миний амжилтын карьер яг одоо эхэлж байна.
-Бахархдаг тамирчныхаа уралдах техник, тактикаас байнга суралцдаг уу?
Английн алдарт тамирчин Крис Фрүүм миний шүтээн. Тэрбээр дугуйн спортын хамгийн том тэмцээн болох “Tour de France” уралдаанд дөрөв, “Vuelta a Espana”-д хоёр, “Giro d Italia”-д нэг удаа түрүүлсэн. Түүний уралдааныг сонирхож үздэг. Намайг дугуйгаар хичээллээд удаагүй байхад тэрбээр дэлхийд ид шуугиулж эхэлж байлаа.
-Унадаг дугуй олны хэрэглээ болон хөгжиж байна. Залуус сонирхож хичээллэдэг болжээ. Тэдэнд өөдрөг үгээр урам хайрлаач?
-Монголд дугуй сонирхдоггүй хүн ховор болсон. Энэ нь дугуй сонирхогчдын клубүүд хүрээгээ тэлж байгаатай холбоотой. Дугуйгаар анх хичээллэж байгаа бол “Шантрах зүйл гарсан ч тэсээд ард нь гараарай. Тууштай байдал амжилтад хүрэх том алхам” гэж хэлье. Энэ ташрамд, манай багийн тамирчдыг дэмждэг “Giant Mongolia”, ”Lada Mongolia”, “ArGal oil LLC”, “Mongolian aircraft industries” байгууллагын удирдлага, хамт олонд баярлалаа. Дугуй миний амжилтад хүрэх замыг гэрэлтүүлсэн. Бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ ч хайрласан. Ялалтын гайхамшиг, ялагдлын гуниг ямар байдгийг бас мэдрүүлсэн. Амжилтаас атгахад тусалсан Ж.Өлзий-Орших багшдаа, гэргий М.Ариунзул эгч, мөн миний ар талд цайз мэт бат зогсож, бүх зүйлийг хариуцдаг гэр бүл, багийнхаа хамт олон, найзууддаа талархаж явдгаа уламжилъя.