“Уран бүтээлч” буландаа яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баярааг урилаа. Яруу найрагт дурлагсад түүнийг “Цөн”, “Таслал” зэрэг номоор нь андахгүй. “Таслал” ном нь 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртсэн юм.
-Уран бүтээлийн сүүлийн үеийн сониноос тань хуваалцаж ярилцлагаа эхэлье. Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажиллав?
-Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжгийн зохиол болгож хөрвүүллээ. Найруулагч М.Батболд “Гэм зэм”-ийг жүжиг болгоно. Жүжгийн зохиолыг нь бичиж өгөөч” гэсэн санал тавихад их л додигор хүлээж авсан. Энэ романаар Ф.М.Достоевскийтэй “танилцаж”, одоо хичээлийн хөтөлбөртөө оруулж заадаг болохоор санаанд багтсан юм. Гэтэл бичиж эхлээд л хана мөргөчихсөн. Учир нь түүний зохиолууд хөдөлшгүй логиктой, их нарийн. Тэгээд ч залуудаа биш, их зохиолч болсон хойноо бичсэн роман нь. “Зад татах”, хөндөх боломжгүй. Харин ОХУ-д боловсорч, зохиолын задаргаа, системүүдийг нь эзэмшсэн найруулагчтай ажилласан нь миний хөдөлмөрийг их хөнгөвчилсөн.
-Ф.М.Достоевскийн романуудыг хэт нуршуу гэж шүүмжилдэг хүмүүс бий. Маш уран, тод дүрслэлтэй учраас уран бүтээлчдийн хувьд “бэлэн хоол” гэж хардаг нь ч байх. Жүжгийн зохиол болгож агшаах амаргүй байсан уу?
-Хүүрнэл зохиолыг жүжгийнх болгох тийм амар биш. Хүүрнэл зохиол дотроо Ф.М.Достоевскийнх төгс бөгөөд сонгодог жишээ. Маш оновчтой гарц олохын тулд шийдэл хэрэгтэй болсон. Сайн анзаарвал зохиолоо нарийн тооцоолж, загварчилж бичсэн байдаг юм билээ. Хүмүүс “Гэм зэм”-ийг нуршуу л гэдэг. Би бол тэгж боддоггүй. Монолог, харилцан яриа, өнгөн дүрслэлтэй, маш баялаг. Тиймээс жүжгийн зохиол болгоход сонголт арвин мэт атлаа зориг, мэдрэмж шаардаж байлаа. Романаас илүү тодруулах дүрүүдээ нааш татаж, хэрэгцээгүйг нь цааш түлхэж, үйл явдлаа “ачааллуулах”, тайзны дүрслэл бий болгохдоо их “гашилсан”. Гэхдээ дууссан хойно амттай санагдаж байна. Түрүүн хэлсэнчлэн найруулагчтайгаа жүжгийг харах өнцгөө алгуурхан нийлүүлж, нэг цэгт огтлолцуулж чадсан нь зохиол бичих явцыг хөнгөвчилж, бас хурдлуулсан болов уу.
-“Гэм зэм” жүжгийн зохиолыг бичихдээ гол дүрийг хэрхэн төсөөлсөн бэ. Аль нэг жүжигчнээр төсөөлсөн үү?
-Үнэнийг хэлэхэд хэн нэгнийг төсөөлөөгүй. Харин хөдөөгөөс хотод ирээд, оюутны байранд амьдарч байсан үеийг минь эргэж сануулсан. Хажууд цэцэрхдэг хүмүүсийн хүрээлэл дунд оюутан насаа өнгөрүүлсэн минь ч төстэй санагдсан. Супер уран бүтээл хийнэ гэж хөөрцөглөж, нийлж хэлхэлддэг үе залуу уран бүтээлчдэд байдаг даа. Раскольников яг л тийм. “Гэм зэм” жүжгийг хүргэх гэж буй залуу хамт олон бид ч тийм үеэсээ холдоогүй байна.
-“Гэм зэм”-ийн тухай яриагаа ингээд орхиё. Өөр ямар уран бүтээлд ажиллаж байгаа вэ?
-Залуу уран бүтээлчид нэгдэж “Орфей” театр, фильмийг байгуулаад байна. “Гэм зэм” жүжгээс гадна хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Хүүхдийн жүжиг, дэлгэцийн уран бүтээл ч хийнэ. Тайз, дэлгэцийн уран бүтээл хослуулна гэсэн үг. Төслүүдийн зохиолын урьдчилсан төлөвлөгөө гаргаж, хэв маяг, төрлөө тодорхойлчихсон. Хувийн уран бүтээлийн хувьд өгүүллэгийн номоо гаргахаар ажиллаж байна. Мөн нэг роман гаргах санаа бий. Гэхдээ хараахан болоогүй.
-Таны “Таслал” 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагнал хүртсэн. Ер нь хэчнээн ном “өлгийдсөн” юм бэ?
-Яруу найргийн дөрвөн номтой. Редакторласан 20 гаруй ном бий.
-Яруу найраг, өгүүллэг, жүжгийн зохиол, роман гээд утга зохиолын олон төрөлд өөрийгөө сорьж байна. Аль төрөл нь тантай илүү ойр вэ?
-Сэтгэл хамгийн татдаг, зовж судалж, өөрийн болгохыг хичээсэн төрөл бол жүжгийн зохиол. СУИС-д ч энэ чиглэлээр хичээл заадаг. Энэ төрлөөр бичих чадвар эзэмших нь олон зүйлийн үндэс болно. Мэдээж яруу найраг бол өглөө бүхэн бичдэг шахам ойр төрөл.
-Яруу найраг өглөө болгон бичигддэг “зүйл” гэж үү?
-Зарим өглөө надад харанхуй шөнө шиг санагдаж болно. Гэхдээ миний хувьд тухайн өглөө энгийн санагдвал шүлгийн хэдэн мөр холбочиход асуудалгүй.
-Энгийн гэж ямар өглөөг хэлж байгаа бол?
-Ажил бодож сэрээгүй өглөө. Тийм өглөө юунд ч санаа зовохгүйгээр шүлгээ бичээд суух сайхан шүү дээ.
-Тайзны олон уран бүтээлд зориулан бичсэн шүүмжүүдийг тань уншсан. Мэргэжлийн судлаачдын шүүмжийг тусгаж авдаг уран бүтээлч байхад гомдож, өс санадаг нь ч харагддаг. Танд хэрхэн анзаарагддаг вэ?
-Бүү мэд. Надад олон дайсан байхгүй болов уу. Дээхнэ үед нэг нь шүүмж бичингүүт нөгөөх нь ирж уурлаад л, хоорондоо хонзон зангидаад л, бараг гудамжинд таарахаараа хоёр тийшээ салаад явчихдаг гэх мэтийн үлгэр шиг яриа байдаг л юм. Одоо бол уран бүтээлчдийн шүүмжийг тусгаж авах хандлага илт өөр болж байгаа шүү дээ. Тэгээд ч манай тогоо жижигхэн. Бүгд нэгнээ гадарлана. Гэхдээ би сүүлийн гурван жилд уран бүтээл, багшлах ажилдаа илүү шамдаж, шүүмж бичсэнгүй. Бичсэн шүүмжид минь дутагдал байсныг дараа нь анзаарч, “Тэгээд, ингээд биччихгүй яав даа” гэж бодох тохиолдол байдаг нь хэцүү. Тиймээс шүүмж, судлал бол зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй хүний хийдэг ажил.
-Тойм, сэтгэгдэл, шүүмжийг ч ялгахгүй үзэгч олон байгаа нь судлаач, шүүмжлэгчдийн мэргэжлийн үнэ цэнийг унахад нөлөөлж байна уу. Урлаг судлал, судлаач, шүүмжлэгчдийн түвшин хаана явна вэ?
-Мэргэжлийн шүүмж бол сэтгүүлчийн бичсэн тойм, үзэгчийн сэтгэгдлээс өөр шүү дээ. Гэтэл сүүлийн үед тойм, шүүмж хоёрын эрлийз хэлбэрийг уншигчид их тоодог болчихоод байгаа юм. Урлагаар дагнан бичдэг сэтгүүлч олширч, СУИС-иас зарладаг шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцдог, сонирхолтой бичдэг залуучууд ч бий. Гэхдээ мэдээж түвшин нь муу. Мэргэжлийн үнэ цэн ч уначихсан. Үүнд судлаач, шүүмжлэгчдийн ур чадвар, үзэгч, уншигчдын боловсрол, нийгмийн хэрэгцээ, хандлага ч нөлөөтэй. Намайг багшилж эхэлснээс хойш урлаг судлалаар 50 гаруй оюутан төгссөн. Нэгдүгээрт, төгсөөд ажлын байргүй учраас энэ мэргэжлийг сонгож суралцах хүн байхгүй. Хоёрдугаарт, суралцагчийн чанар муу зэрэг шалтгаанаар өнгөрсөн жилээс элсэлт авахаа больсон.
-Зохиолынхоо төгсгөлийн өгүүлбэрийг бичиж, цэг тавьчихаад зохиолч гүнзгий амьсгаа авч, сэтгэлийн цэнгэл эдэлдэг байх. Харин судлаач хүн юунаас таашаал авдаг юм бол?
-Судалж буй зүйлийнхээ уг үндсийг мэдэж, хүмүүст хэрэгтэй мэдээлэл цуглуулсан үед, түүнийг нь хүмүүс хүлээн зөвшөөрч, хэлэлцүүлэг өрнүүлэхэд маш таатай, сайхан санагддаг.
-Танд хэзээ тийм таатай мэдрэмж төрсөн бэ?
-Одоогоор тийм даацтай судалгааны ажил хийгээгүй. Харин миний шүүмжүүд хүмүүст хүрч, уран бүтээлчид, уншигчдын зүгээс хариу үйлдэл, сэтгэгдлүүд ирэхэд тийм таатай мэдрэмж төрж, “Юм хийж дээ” гэж боддог. Түрүүн хэлсэнчлэн уран бүтээлчид шүүмжид их мэдрэмжтэй, эерэг ханддаг болчихсон. Одоо харин олон нийтийг судлал, шүүмжийг ойлгодог, уншдаг болгож сургах хэрэгтэй.
-Жүжгийн юм уу, киноны зохиол болгох сон гэж хорхойсдог бүтээл байдаг уу?
-Оюутнуудаараа би хүүрнэл зохиолыг жүжгийнх болгох, жүжгийнхийг киноных болгох семинар хийлгэдэг. Энэ хичээлийнхээ үеэр өөрийн дурладаг зохиолуудыг өгч, ажиллуулдаг юм. Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Тэжээвэр”, Д.Энхболдын “Соёо” туужийг кино зохиол болгочих юм сан гэж хүсдэг. Эдгээр зохиолчийг би дэлхийн энтэй уран бүтээлч гэж боддог. Тэдний бүтээл агуулгын хувьд ч, бичлэгийн чанарын хувьд ч дэлхийн хэмжээнд дүйхүйц.
-“Уран бүтээл ид туурвих залуу насаа багшийн ажилд үрж байна, цаг хугацаасаа хумсаллаа” гэж бодох үе байдаг уу?
-Тэгж боддог үе байсан. Сүүлийн 2-3 жил тэгж бодохоо больчихсон. Дэмий, түүхий “юм” гаргаж байснаас багшлаад явж байсан нь дээр. П.Батхуяг багш “Багшилснаар юу ч алдахгүй. Харин ч хэрэг болно” гэж байсан нь одоо бодоход үнэн санагддаг.
-Нээрэн, та найзуудтайгаа хамтран “Boobooks” хэвлэлийн компани байгуулсан. Танайхаас маш сонирхолтой номууд “төрдөг”. Одоо ямар ном гаргах гэж буй вэ?
-Яруу найрагч Б.Батзаяа, орчуулагч Н.Энхбаяр бид хэд таашаалдаа зориулж ном гаргадаг, “Boobooks” гэж албан бус хэвлэлийн компани байгуулсан. Эх орондоо хэвлэгдээгүй, заримыг нь бүр хориглосон зохиолуудыг сонгож, хэвлүүлдэг. АНУ-ын яруу найрагч Чарльз Буковскийн “Хүүхнүүд” романыг гаргасан. Мөн эх орондоо гишгэх эрхгүй болсон, Хятадын эсэргүү гэгддэг Ма Жианы “Хэлээ гарга”-ыг хэвлэсэн. Оросын постмодернизмыг Данийл Хармсгүйгээр төсөөлшгүй. Түүний богино өгүүллэгүүдийг хэвлүүлсэн. Одоо Туркийн тэрслүү үзэлтэн, улс төрийн хоригдлуудын шоронд байхдаа бичсэн шүлгүүдийг эмхэтгэн гаргах гэж байна. Түүний дараа дөрөв, таван ном төлөвлөчихсөн явна.
Бэлтгэсэн А.Тайшир