Оросын зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг Монголын театрын тайзнаа анх удаа “Орфей” театр “амилуулах” гэж буй. Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөсөн тус жүжгийн гол дүрд “Guys” хамтлагийн дуучин, LVA энтертайнментын жүжигчин, найруулагч Д.Лхагва тоглох юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
“Guys” хамтлагийн уран бүтээлээсээ гадна дэлгэцийн бүтээл үзэгчдэд хүргэдгийг тань үзэгчид мэднэ. Харин тайзны уран бүтээлд хамгийн сүүлд хэзээ ажилласан бэ?
-2001 онд СУИС төгсөхдөө У.Шекспирийн “Гамлет” жүжгээр дипломоо хамгаалж байлаа. Энэ жүжигтээ Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан, Төрийн шагналт Н.Сувд гуайтай тоглож байснаа мартдаггүй. Үүний дараа 2004 онд С.Жаргалсайханы “Дурлал яг үлгэр шиг, үхэл шиг” жүжиг, 2006 онд “Зун орсон цас” мюзиклд тоглосон. Сүүлд 2013 онд “Найзууд” театрын “Гэнэтийн бэлэг” жүжигт тоглосноос хойш тайзны уран бүтээлд ажиллаагүй.
-“Гэм зэм” романыг Монголын театрын тайзнаа анхлан “амилуулахад” та гол дүрийг нь бүтээхээр болжээ. Энэ зохиолыг анх хэзээ уншиж байв?
-Ф.М.Достоевскийн бүтээлүүдийг мэдэх боловч яг “Гэм зэм”-ийг нь уншиж байгаагүй. Найруулагч М.Батболдыг жүжгийн гол дүрд тоглуулах санал тавьсны дараа уншсан. Романыг хэд хэдэн удаа уншиж, жүжгийн зохиолтойгоо танилцсаны дараа саналыг хүлээн авсан. Их баяртай байгаа. Уран бүтээлчийн хувьд өөрийгөө үзэгчдэд өөрөөр харуулах боломж, завшаан гэж олзуурхаж байна.
-Найруулагч нар танд ихэвчлэн ямар дүрийн санал тавьдаг вэ?
-Дэлгэцийн уран бүтээлийн л санал ирдэг. Гэхдээ байнга биш. Өөрөө кино найруулдаг болохоор бусдынхад тоглохгүй биз гэж боддог болов уу. Нөгөө талаас киноны зохиолоо өөрөө бичиж, найруулдаг болохоор бусдынхад тоглох зав ч тааруу, бас зарим тохиолдолд санаанд хүрдэггүй юм. Бас ихэвчлэн эсрэг дүрд тоглуулах санал тавьдаг. Хүмүүс эсрэг, муу залуугийн дүрээр л хараад байх шиг санагддаг. Уг нь би “Сайн уу, амьдрал минь”-ээс өөр кинонд эсрэг дүрд тоглож байгаагүй.
-“Гэм зэм” жүжигт тоглох Родион Раскольниковын дүр тань таныг хэр “зовоох” бол?
-Хүний эрхэм дээд чанар, арчаагүй дорой байдлын аль алиныг нь илэрхийлсэн дүр. Өмгөөлж, хамгаалж, бүхнээ зориулж тоглох дүр. Яг энэ насанд минь ийм дүрийн санал ирсэнд баярлаж байгаа. Учир нь өмнөх жүжгүүдэд нас арай залуудаа тоглосон. Үгийн далд утга, ёгт санааг ч бүрэн ойлгоогүй явж. Харин одоо үзсэн, туулсан амьдралын болон уран бүтээлийн туршлага тэр үеийнхээс мэдээж ахисан. Тиймээс маш урамтай, өөрийгөө дайчлан ажиллаж байна.
-Танд Родятай төстэй чанар бий юү?
-Олон бий гэж хэлнэ шүү. Зорьсон зүйлийнхээ эцсийг үздэг, өөрөө өөртэйгөө тэрсэлддэг, тэмцдэг зэрэг төстэй чанар бий.
-Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат нарын туршлагатай уран бүтээлчтэй хамтран тоглох юм билээ. Гар нийлж байна уу?
-Мэргэжлийн уран бүтээлчид цугласан болохоор гар мэдээж нийлж байна. Гэхдээ найруулагчийн шийдэл, бусад
уран бүтээлчийн талаарх нууцыг задруулж болохгүй байх. Нэг л зүйлийг хэлж чадна. “Гэм зэм” жүжигт оролцож буй бүх уран бүтээлч сэтгэлээ зориулж, авьяасаа дайчилж, сайн бүтээл үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа.
Бэлтгэсэн А.Хангал