Маргааш цагдаагийн байгууллага 100 жилийн ойгоо цахимаар тэмдэглэнэ. Энэ байгууллагад эмэгтэй жолооч төдийлөн байдаггүй. Тэгвэл ЦЕГ-ын Авто баазад олон эрчүүдийн дунд 1990-ээд оны сүүл үеэс нэгэн эмэгтэй жолооч ажиллах болсон нь Ядамжавын Наранбаасан аж. 100 жилийн ойгоо тэмдэглэж буй цагдаагийн байгууллагын анхны эмэгтэй жолооч болж 20 гаруй жилийн амьдралаа зориулсан, өдгөө цэргийн тэтгэвэртээ гарсан ч хууль зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлж буй бэлтгэл хошууч Я.Наранбаасантай ойн баярынх нь өмнө ярилцлаа.
-Наранбаасан гэдэг нэр ховор, нийтлэг биш санагдана. Энэ нэрийг хэн сонгож өгөв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Аавын минь садангийн, нутаг усандаа алдартай, их ном эрдэмтэй хүн хайрласан гэдэг. Нарангэгээн гэсэн утгатай юм л даа. Ном мэддэг хоёр ч хүн намайг “Их сайхан нэртэй хүүхэд байна, хэн өгсөн бэ” гэж асууж байсан шүү. Хүүхэд байхдаа нэрнээсээ ичдэг байлаа.
-Аль нутгийн уугуул вэ. Ямар сургууль төгсөж, анх ямар мэргэжил эзэмшив?
-Аав, ээж минь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд төрж, өссөн хүмүүс байлаа. Тэгэхээр угсаа гарал минь Баянхонгорынх гэхэд болох юм. Би Улаанбаатар хотод төрж өссөн, дөрвөн охинтой айлын хоёр дахь нь. Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийг 1986 онд төгссөн. Эзэмшсэн мэргэжлийн хувьд аав, ээжтэй минь салшгүй холбоотой. Аав минь намайг цагдаагийн байгууллагад оруулах чин хүсэлтэй хүн байсан юм. Цагдаагийн байгууллагад ажилд оруулахаар аав минь хэд хэдэн удаа санал тавихад нь би зөвшөөрөөгүй. Тухайн үед би хувиараа бизнес эрхэлдэг, амьдрал элбэг сайхан байлаа. Багаасаа л аав, ээжийгээ их хүндэлдэг, үгэнд нь сайн ордог мөртлөө цагдаагийн хүн болгоно гэхэд нь ерөөсөө хүлээж авдаггүй байв. Тэгтэл нэг ч удаа өвчин хэлж үзээгүй ээж минь цэл залуу, сайхнаараа 1996 онд 51-хэн насандаа бурхан болж бидэнд маш хүнд үйл явдал тохиосон юм (уйлав). Аав, ээж минь үргэлж хамт явдаг, их сайхан хосууд байлаа. Сэтгэлээр унан, өдөр шөнөгүй уйлж суугаа аавыгаа хараад “Аавынхаа үгэнд оръё доо, сэтгэлийг нь бага ч болов сэргээе, амьд байхад нь баярлуулъя” гэж бодож, аавыгаа дагаад 1998 онд цагдаагийн байгууллагад орж, ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Аав тань таныг хөтлөн цагдаагийн байгууллагад ажилд оруулжээ. Удам дамжсан цагдаагийн алба хаагч болгох гэж тэр үү. Бусад нэгж, алба байсаар атал яагаад заавал Авто баазад жолооч болгов?
-Эцэг хүний ухаан. Дөрвөн охинтой эцэг хүн юм юмыг л бодож, харж, мэдэж байсан болов уу даа. Ер нь бол хүүхэд байхын ааваасаа салдаггүй, тавдугаар ангид байхдаа хээр гарч бай буудаж сурлаа. Цэрэгжилтийн хичээлдээ дандаа онц авна, урлаг, спортод дуртай, аливаа зүйлд тууштай гээд олон зүйл аавын минь шийдвэрт нөлөөлсөн байх. Уг нь намайг Найрамдлын районы Цагдан сэргийлэх хэлтэст, мөн нийслэлийн Цагдаагийн газарт үйлчлэгчээр оруулна гэж дагуулж очиж байв. Тэгэхэд нь би үйлчлэгч хийхгүй гээд дургүйцэж билээ. Их дураараа, эрх ч байж, бас аминдаа үйлчлэгчийн ажлыг голж, ичиж байсан юм болов уу даа. Аав минь ажлыг багаас нь эхэлж байж амжилтад хүрч, амьдрал чинь амттай байдаг юм. Охиноо оруулчихсан байхад гялалзана даа гэдэг байж билээ. Намайг хоёрдугаар ангид байхаас л манайх хувийн машинтай байлаа. Ээжийгээ алдсан жил жолооны курс төгсөөд аавынхаа “Волга 24-10” машиныг жолооддог байсан болохоор ЦЕГ-ын Авто баазад жолоочоор оруулах бодол төрсөн байх. Тэгээд аавын ухаан, охины чармайлт нийлж удам дамжсан цагдаа-жолооч болсон доо.
-Аав, ээж нь ер нь ямар албан тушаал хашдаг, цагдаагийн байгууллагатай амьдралаа хэрхэн холбосон хүмүүс вэ?
-Аав минь 1964-1965 оноос юм болов уу даа. НАХЯ-ны Авто бааз гэж байхад нь анх слесариар ажилд орж байсан гэдэг. Мөн “Алдар” нийгэмлэгийн улсын шигшээ багийн тамирчин, улсын таван удаагийн аварга, 1968 онд олон улсын тэмцээнээс боксын спортын түүхэнд Монгол Улсын анхны медаль авчирч байсан П.Ядамжав гэж хүн байлаа. Ээж минь Ажилчны районы эмнэлэгт бага эмчээр ажилладаг байсан. Манайх зундаа Майхан толгойн зусланд олон жил гарсан. Тэр үед аав минь хурандаа нарыг тээвэрлэдэг цоо шинэ “ПАЗ” автобус жолооддог байлаа. 1982-1983 оны үед юм уу даа. Манай хөрш, Авто баазын засварын цехийн дарга Шадав гэдэг ах аав, ээжид минь засварын мастерын ажлын санал тавьснаар өнөөгийн ЦЕГ-ын Авто баазтай амьдралаа холбосон гэдэг. Сайхан аав, ижий хоёроороо үргэлж бахархаж, хайрлан дурсаж явдаг даа.
-Цагдаагийн жолооч гэдэг хэзээ ч дуудагдахад бэлэн байдаг ажилтай. Дуудлагаар хэрэг, учралын газарт цөөнгүй очсон биз. Айж, бэргэсэн үү?
-Бага наснаасаа Авто баазын хашаанд тоглож өссөн, хүүхдийн уралдаан тэмцээнд нь оролцдог байлаа. Тиймдээ ч хаана цагдаагийн ямар алба байдгийг сайн мэддэг. Жолооч болчихоод хэдийд ч дуудагдсан ямар ч асуудалгүй бэлэн байна. Ер нь хэцүү зүйл байгаагүй, шантарч, цуцаж ч байсангүй. Би манивилддаг “УАЗ-469” жолооддог байлаа. Нөхөөсөнд буюу бусад албаны машин эвдрэхээр оронд нь явна. Цагдаагийн байгууллага олон албатай шүү дээ. ЦЕГ, Санхүү, аж ахуйн алба, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Жижүүрийн шуурхай алба гээд олон салбар нэгжтэй. Аль албанд жолооч хэрэгтэй байна, тэр болгонд нь очиж үүрэг гүйцэтгэнэ. Айж, бэргэж явсангүй. Харин ч их юм үзэж, олон зүйл сурсан шүү. Тэр үеийн хүмүүсийн ухамсар, хүн чанар их сайхан байж. Намайг жолооч гэхээр хүмүүс итгэдэггүй, тэгээд манивилддаг “69”-тэй гэхээр бүр гайхна. Түүгээр ч зогсохгүй цагдаагийн Авто баазад эмэгтэй жолооч байдаг юм уу хэмээнэ. Аавдаа хөтлүүлэн цагдаагийн байгууллагын өндөр босгоор алхаж орсноос хойш аливаа ажлаас шантраагүй, ажлаа орхиогүй, тууштай ажилласан минь хурандаа С.Цэвээнлхазал даргатай Авто баазын хамт олны дэмжлэг туслалцаа, аав, ээжийн минь буян, миний хүчин чармайлт бас байсан болов уу гэж боддог. Би одоо хүртэл тэр үеийн ЦЕГ-ын Авто баазын дарга, хурандаа С.Цэвээнлхазал, алба, хэсгийн дарга Моломжамц, Ж.Булгантамир, Н.Мөнхмандах, Баярсайхан, Г.Хаянхярваа, Ч.Чойдог-Иш, Ням-Алтан, Жанчив эгч, Батцагаан эгч гээд аав, ээжтэй хамт минь ажиллаж байсан бүх л хүнд талархан, хүндэлж явдаг даа.
-Хувиараа бизнес эрхэлж байсан хүн төсвийн байгууллагад, тэр дундаа өдөр, шөнөгүй ажилтай цагдаагийн байгууллагад ороод цалингаа голж байсан биз?
-Тэр үед төрийн албаны цалин их бага байлаа. Би тухайн үед 28 000 төгрөгийн цалин аваад дотроо голсон шүү. Эхэндээ ч гайгүй байсан, сүүлдээ өдөрт дөрвөн бууз, нэг салат иддэг болсон доо. За энэ наргиа шүү (инээв).
-Анх ажилд орж байгаа хүмүүсийг шалгаж, туршихын тулд хүндхэн үүрэг даалгавар өгөх тохиолдол зарим газарт бий. Танд ч бас тийм үүрэг өгсөн байлгүй.
-Ажилд оронгуут засварт байгаа, моторгүй, 06-30 дугаартай, хар өнгийн “Волга-24” машиныг засах үүрэг ЦЕГ-ын Авто баазын Ашиглалтын албаны дарга Ж.Булгантамир өгч байлаа. Аавтайгаа хамт гурван сар ноцолдож байж тэр машиныг босгосон доо. Миний засна ч гэж юу байх вэ дээ. Дарга, ахлах инженер, моторчин, засварчин, цахилгаанчин, манаач гээд тус баазын олон хүнийг таньдаг, “Ах аа, эгч ээ” гээд хүний арга эвийг олж байгаад дор нь л зассан. Аавтайгаа өглөө хамт ажилдаа ирээд хамт харьдаг байлаа.
-Офицер болох талаар бодож, мөрөөдөж байв уу. Хэрхэн офицерын бүрэлдэхүүнд орж, ахлах офицер болтлоо дэвшив?
-Хүн ер нь эцэг, эхээ амьд байхад нас залуу аливааг мэддэггүй юм байна лээ. Ээжийгээ өнгөрснөөс хойш бүх анхаарлаа би аавдаа зориулсан. Аавыгаа тэнгэрт хальснаас хойш гурван сарын дараа офицер болчихоод хязгааргүй их баярлаж, ЦЕГ-ын төв байрны гадаа машиндаа цурхиртал уйлж билээ. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир тухайн үед тус газрын даргын зөвлөлийн хурлын үеэр “Энэ охин цагдаагийн тогоонд чанагдсан, удам дамжсан, жолоочоос ажлаа эхэлсэн байна” гээд хэсгийн байцаагчаар томилсон юм. Ингээд тухайн үеийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн туслах, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Хэв журмын албанд бичиг хэрэг-оператор зэрэг ажил хийж байсан би офицерын бүрэлдэхүүнд орж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, хэв журмын ахлах байцаагч, ЦЕГ-т ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байлаа. Баяр наадам, жагсаал цуглаан, үер ус, гал түймэр, үймээн самуун, зочин гийчин, үзвэр үйлчилгээ гээд өвөл, зун, өдөр, шөнө гэхгүйгээр цаг үеийн бүхий л нөхцөлд ажиллана шүү дээ.
-Манивилдаж асаадаг машин эмэгтэй хүнд хэцүү байв уу?
-Тухайн үед зам, техник хэрэгсэл одоогийнх шиг байсангүй. Шороон зам ихтэй, бороо орвол шаварт сууна, цас их унавал түүнд боогдох гэх мэт явдал бишгүй л тохиолдоно. Зарим дарга эмэгтэй жолооч явууллаа гэж голох явдал ч гаргадаг байв. Энд нэг хөгжилтэй гэмээр зүйл ярья. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга, хурандаа Нэргүй гэж хүн байлаа. Түүний жолоочоор хэдэн өдөр явсан юм. Манай алба хаагч нар чинь сайхан шүү дээ. Надаар юу гэж машин манивилдуулах вэ дээ. Нэг өдөр Нэргүй даргатай ЦЕГ руу очихоор болов. Тэгтэл Нэргүй дарга “За Нараа минь, би ЦЕГ руу гүйхээрээ орчихоод гараад ирье. Ээ дээ чи минь машинаа унтраав. Хүүхэн нь суугаад хурандаа нь манивилдалтай нь биш, хурандаа нь суугаад хүүхэн манивил эргүүлэлтэй нь биш гэж байж билээ.
Хуучнаар Улсын мөрдөн байцаах газрын албан хэрэгцээнд машинтайгаа явна. Мөрдөн байцаагч залуус машиныг минь өөрсдөө манивилдаад асаачихна. Нэг өдөр Соёлмаа гэдэг мөрдөн байцаагч эгчтэй явлаа. Замын цагдаагийн уулзварт очоод машин минь унтарчихав. Тэр үед машин цөөн, түгжрэл гэдгийг мэддэггүй байж. Астаачир (стартер)-аа хий л дараад байлаа. Заримдаа астаачраа дарахаар асчихдаг байсан юм. 2-3 удаа дарлаа байдаггүй шүү. Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулагч хүрч ирээд намайг харж инээснээ “Асдаггүй юу” гэж байна. Би ч хариуд нь “Асдаггүй ээ л” гэлээ. Алив манивилаа гэж байна. Гаргаад өгтөл ганц эргүүлээд асаачихав. Ингээд бид баахан хөхрөлдөөд цаашаа явж билээ. Хамгийн инээдтэй нь манивилддаг “УАЗ-469” жолооддог хэрнээ өөрөө машиныхаа манивилийг огт эргүүлж үзээгүй шүү.
-Хэсгийн байцаагч гэдэг бол цагдаагийн төдийгүй төрийн байгууллагын анхан шатны нэгжийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байдаг албан тушаал. Хороо, хэсгийн байцаагчаар ажиллахдаа ямар ажил амжуулав?
-Хэсгийн байцаагч гэдэг бол миний хувьд цагдаагийн байгууллагын хамгийн сайхан ажил гэж санагддаг. Хийхгүй зүйл, оролцохгүй ажил гэж үгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагчаар анх томилогдож очиж байлаа. Надаас гадна хоёр хэсгийн байцаагч энэ хороог хариуцдаг. Тухайн үед хорооны цагдаа гэж байгаагүй. Шинэ комьпютер, принтер, баахан бичиг хэргийн хэрэгсэл худалдаж аваад долоо хоног өдөр, шөнөгүй сууж бүх судалгаагаа гаргаж байв. Улмаар ахлах байцаагч нартаа шалгуулан сайшаагдаж байсан минь сайхан дурсамж болж үлджээ. Хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа бас хонгилын өрөө байсныг засаж албан өрөө болгож тохижуулан, нэг байцаагчийнхаа хамт орж сууж байлаа. Хорооныхоо газар нутгийг гурван хэсэгт хуваагаад хариуцсан хэсгийнхээ гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар очно. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг эрүүлжүүлнэ, хэрэг, материал шалгана, прокурорт танилцуулна, зөрчил гаргасан хүнийг шүүхээр хариуцлага тооцуулна, архины эмчилгээнд явуулна, хорооны нутаг дэвсгэртээ эргүүл хийнэ, өглөө бүр рапортод сууна, хажуугаар нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хийнэ. Энэ мэтээр анхан шатны нэгжид ажил мундахгүй шүү дээ. Ер нь хэсгийн байцаагчийн ажлыг хийж сурсан хүнд дараа дараагийн ажил ямар ч хүндрэл, бэрхшээл байхгүй дээ.
-Цагдаагийн байгууллагад ажиллаж буй болон энэ албанд орох сонирхолтой хүүхэд залууст хандаж та юу хэлмээр санагддаг вэ?
-Биднийг хүүхэд, залуу байхад эцэг, эх, багш, дарга нарын үг хууль байлаа. Одоогийн залуусыг харахад харилцаа, хандлага, ёс зүй гэж байхгүй болсон юм уу гэж санадаг. Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, зарчимтай, төлөвлөгөөтэй, хурдтай, гүйцэтгэл сайтай байхад амжилт өөрөө л ороод ирдэг юм шүү. Хамгийн гол нь харилцаа хандлагадаа анхаарч, үг сонсох, даах чадвартай байх ёстой шүү гэж хэлмээр санагддаг.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхгүй өнгөрч байна. Та тэгш ойн жилүүдэд баярын ёслолын жагсаалд нэг бус удаа алхаж байсан хүн. Энэ байгууллагадаа ажиллаж байгаад ойн парад хийвэл бусад эмэгтэй алба хаагчтайгаа мөр зэрэгцэн алхахыг хүсэж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Магадгүй дэлхий нийтийг хамарсан энэ өвчин гараагүй байсан бол байгууллагынхаа 100 жилийн парадад алхах л байсан. 100 настай энэ сайхан албанд аав, ээжийнхээ хамт ажиллаж, цагдаагийн байгууллагын түүхэнд “удам дамжсан анхны эмэгтэй жолооч” гэсэн дурсамж үлдээж байгаагаараа бахархдаг.
Энэ ташрамд, танай сониноор дамжуулан үе үеийн ахмад буурлууд, удирдлага хамт олондоо цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг халуун дотноор хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөе.
Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон минь амар амгалан, энх тунх байх болтугай.