Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, агрономич Ш.Шинэбаяртай ярилцлаа. Тус холбоог 1997 онд байгуулсан бөгөөд өдгөө агрономи, ургамал болон хөрс хамгаалын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж.
-Тариалангийн бүс нутгаар албаны төлөөлөл явж ургацын эрсдэлийн үнэлгээ хийхэд та оролцоод иржээ. Энэ намар манай улс сүүлийн 30 жил аваагүй арвин ургац хураах талаар салбарын яамнаас мэдээлж буй. Газар дээр нь нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 550 000 орчим тонн улаан буудай хураах боломжтой гэж тооцсон. Манай улсад 300 000 тонноор гурил үйлдвэрлэн, ирэх жилийн үр болон онцгой байдлын нөөцөд үлдээн, спирт гаргахаа нэмбэл нийт 400 000 гаруй тонн улаан буудай шаардлагатай. Эндээс урьдчилж тооцвол 150 000 гаруй тонн улаан буудай, гурилаар тооцвол 100 000-110 000 тонн бүтээгдэхүүн илүү гарах хэмжээнд тариа ургаад байна. Хэрэв ургацаа бүрэн хурааж чадвал улаан буудайгаа гурил болгон, үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнийг нь худалдан авч нөөцлөх хэрэгтэй болов уу. Учир нь Канадад ургац алдаж буй мэдээлэл байна. ОХУ, Казахстан зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүний голлох экспортлогч оронд гандуу зун болжээ. Тиймээс дэлхийн зах зээлд улаан буудай хомсдон, үнэ нь өсөх магадлалтай.
-Ургац хураалтыг энэ сарын 15-наас эхлүүлнэ гэсэн. Ургацаа бүрэн хураахад бэрхшээл тулгарахаар байна уу?
-Ургамал ургаж эхлэх, болц гүйцэхэд тодорхой дулаан шаарддаг. Хавар, намрын 10 хүртэлх хэмийн дулаанд манай улсад таримал ургадаг. Хавар, зуны эхэн сард сэрүүвтэр байсан учраас тариа, ногоо ургаж эхлэх хугацаа бага зэрэг оройтсон. Тиймээс ургац хураалт ч хойшилно гэсэн үг. Болц нь гүйцээгүй тариатай талбай олон байна. Тиймээс эхний ээлжид энэ сарын 15-наас ангилан хадах нь зүйтэй. Анхны цас хэзээ орох нь ургацаа бүрэн хураахад чухал нөлөөтэй. Сүүлийн 20 жилийн дунджаар есдүгээр сарын эхний 10 хоногт Увс аймаг, Дархадын хотгороор анхны цас түрүүлж орж байж. Дараагаар нь Хэнтий, Дорнод зэрэгт цас унадаг юм байна. Тухайн бүс нутагт хэзээ цас орох төлөвтэй талаарх төсөөлөл, зөвлөмж гарган бид сануулдаг. Өдөр, шөнийн агаарын хэмийн зөрүүг харахад энэ сарын 15-30-нд ургац хурааж болох таатай үе тохиох нь. Гэхдээ 23-27-нд цочир хүйтрэх магадлалтай учраас энэ өдрүүдэд талбай дахь төмс, хүнсний ногоог хучих, хөрсөнд байгааг нь хөндөхгүй, хүлээвэл зохино. Сүүлийн 30 орчим жилд байгаагүй цаг уурын тааламжтай, сайхан жил тохиосон тул ургацаа алдахгүй байх аа.
-Зарим нутагт тариа тарьж буй иргэд, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн бус ажиллах, агрономичгүй үйл ажиллагаа явуулж буй тохиолдол гарч байгаа гэсэн. Ер нь агрономич ямар үүрэгтэйг тодруулна уу?
-Манай байгууллага зөвлөх үйлчилгээ эрхэлдэг, би Хөдөө аж ахуйн их сургуульд багшлахаас эхлээд газар тариалангийн салбарт 30 орчим жил ажилласан туршлагатай учраас салбарын яамны ажлын хэсэгт багтах, судалгаа, шинжилгээний гэрээт ажил гүйцэтгэх нь бий. Ялангуяа хавраас намарт тариалангийн талбайд хөдөө ажилладаг. Агрономич, технологич ажиллуулдаг компанийн тариан талбай андашгүй. Тухайлбал, бид Дорнод, Хэнтийд ажиллаад саяхан ирлээ. Эл хоёр аймгийн нөхцөл илт өөр байна. 20 000 га газарт тариалалт хийсэн Дорнодод 12 агрономич ажилладаг гэнэ. Хөрснийх нь өнгө төрх болон шимт байдал, улаан буудай, төмс, хүнсний ногооны болц харьцангуй сайн юм. Ургацынх нь хэмжээ ч их байх болов уу. Харин Хэнтийд 17 000 га-д тариалалт хийсэн атал агрономич байхтай, үгүйтэй гэнэ. Аж ахуйн нэгжүүд нь орон тооны хүнгүй, өөрсдийн туршлагаар л ажлаа явуулдаг бололтой. Хэнтийд элэгдэж, сүйдсэн газар ихсэн, хөрснийх нь өгөөж буурсан учраас ургац бага авах төлөв анзаарагдсан.
-Аж ахуйн нэгжүүд агрономич авч ажиллуулахгүй байгаа нь цалин хөлсөө хэмнэж буйтай холбоотой юм болов уу?
-2015 онд баталсан Тариалангийн тухай хуульд аж ахуйн нэгж, компаниуд заавал агротномич, технологичтой байхыг тусгасан. Гэтэл зарим нь мэргэжлийн хүнгүйгээр ажлаа явуулж, дураараа авирлаж буй тохиолдол цөөнгүй. Үүнд мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавих учиртай.
Агрономич бол хөрс, ургамал, шавж судлаач, технологич, цаг уурч гээд олон талын мэдлэгтэй хүн. Хаана, ямар ургамлыг ямар технологиор таривал их ургац авах вэ гэдгийг тооцоолдог. Ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийх учиртай. Хэзээ ямар бордоо, химийн бодис талбайдаа хэрэглэхийг мэддэг, зүй зохисоор нь ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
-Агрономичгүйгээр тариалан эрхэлж, улмаар хөрс сүйтгэж буй тохиолдол цөөнгүй байна гэлээ. Мэргэжилтэнгүй бол аж ахуйн нэгжүүдэд ч хохиролтой биш үү?
-Хохиролтой байлгүй яах вэ. Мэргэжилтэн, санхүү хөрөнгө, цаг уурын нөхцөл гурав бол тариалангийн салбараас өгөөж хүртэх, ашигтай ажиллах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцын тулгын гурван чулуу. Иргэд, жижиг аж ахуйн нэгжүүд бие биенээ дуурайн, энд ийм ногоо таривал ашигтай гэнэ хэмээн таамгаар газар тариалан эрхлэх тохиолдол цөөнгүй. Аз нь тохиовол ашиг олдог аж. Гэхдээ аз үргэлж тохиохгүйг анхаарах хэрэгтэй. Дээр дурдсанчлан тулгын гурван чулуугаа л бат тулж авбал урт хугацаанд өгөөжтэй.
-ХААИС-ийн Агроэкологийн сургуулийг нүүлгэх талаар та ямар бодолтой байна вэ?
-1993-1994 оны хичээлийн жилд ХААИС-д агрономич, ургамал судлаач бэлтгэдэг ангиудыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэхээр болж, тушаал шийдвэр нь гарсан. Тэр үед би ХААИС-д багшилж, агрономи, ургамал судлалын чиглэлээр 100 гаруй оюутан суралцаж байв. Гэтэл Дархан-Уул аймаг руу багш, оюутан хэн ч явалгүй тухайн үед нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол фермер” дээд сургууль руу шилжсэн. Ширээ, сандал, лабораторийн багаж хэрэгсэл, номын санг нүүлгэсэн ч үр дүнд хүрэлгүй Дархан-Уулд аваачсан эд юмс хаягдаад өнгөрсөн. 1997 оноос Улаанбаатарт агрономич ахин бэлтгэж эхэлсэн. 1993-1997 онд агрономич мэргэжлээр төгсөгч цөөн байсан нь 1990-2000 оны газар тариалангийн салбарын уналтад нөлөө үзүүлсэн гэж боддог.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах, агро төвлөрлийг сааруулахаар хийж буй алхам нь их, дээд сургуулийг нүүлгэх гэсэн. Одоогоор ХААИС-ийн Агроэкологийн сургуульд 150 гаруй оюутан сурч буй. Тэд түгжрэл үүсгэж, төвлөрөлд тэгтэл их нөлөөлөх нь юу л бол. Бас тус сургуулийн лабораториуд бүрэн тоноглогдон, бааз суурь нь сайжирсан. Ийм үед нүүлгэн, хөнгөн гоомой хандвал 1993-1994 оны үйл явдал давтагдан, эд юмс алга болоод өнгөрөх вий. Сургууль нүүлгэхэд багш нар нүүх болж таарна. Хэдэн багш шилжих боломжтой нь тодорхойгүй шүү дээ.
…Одоогоор ХААИС-ийн Агроэкологийн сургуульд 150 гаруй оюутан сурч буй. Тэд түгжрэл үүсгэж, төвлөрөлд тэгтэл их нөлөөлөх нь юу л бол. Бас тус сургуулийн лабораториуд бүрэн тоноглогдон, бааз суурь нь сайжирсан. Ийм үед нүүлгэн, хөнгөн гоомой хандвал 1993-1994 оны үйл явдал давтагдан, эд юмс алга болоод өнгөрөх вий. Сургууль нүүлгэхэд багш нар нүүх болж таарна. Хэдэн багш шилжих боломжтой нь тодорхойгүй шүү дээ…
-Тариалангийн талбайд янз бүрийн бордоо, химийн бодис хэрэглэх нь ихсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн хэмээн зарим хүн ярьдаг. Энэ талаар юу гэх вэ?
-Бордоо, ургамал хамгааллын бодис, хортон шавжийн эсрэг уусмал талбайдаа ашиглахгүй, хэрэглэхгүйгээр тариа, ногоо тарих боломжгүй. Хамгийн гол нь эдгээр бодисыг хэзээ, ямар тунгаар хэрэглэхийг агрономич, технологичид мэдэж хийдэг. Пестицид гэхэд 30 хоногийн дараа ургамлын найрлагаас “гардаг”. Тэгээд ч бордоог ургамал тарьж эхлэх үед хэрэглэн, ургалтыг нь дэмжихэд ашиглахаас ургац хураах үед ямар ч хэрэггүй. Манай улс бордоо бараг үйлдвэрлэдэггүй. Хилээр оруулж ирсэн мэдээллээс харахад нэг га талбайд 8-10 кг-ыг хэрэглэсэн дүн харагддаг. Энэ бол бага хэмжээ. Урд, хойд хөрш, Япон, Өмнөд Солонгост нэг га-д 500 гаруй кг зарцуулдаг жишиг бий.
Ямар ч ургамал шим тэжээлийг нарийн үндсээрээ, урт хугацаанд авч төлждөг. Тухайлбал, ногоо хураахаас 50 хоногийн өмнө бордвол химийн бодисгүй ургац авна гэсэн үг. Бордоо бол азот, фосфор, кали гурвын нэгдэл. Энэ гурав бол хүнд хэрэгтэй мах, гурил, ногоо гэсэн үг учраас ургамалд заавал шаардлагатай. Ер нь өндөгний чинээ байсан ногоог химийн бодисоор бордсоор гар бөмбөгний дайтай болгох боломжгүй. Бордоо, химийн бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний найрлага дахь байвал зохих хэмжээний талаар олон нийтэд зөв мэдээлэл өгч хэвшээсэй. Хянах, шалгах, шинжлэх эрх бүхий байгууллагууд нь идэвхтэй ажиллах шаардлагатай.
-Манайх улаан буудай, гурил, төмс экспортлогч орон болох зорилготой. Үүндээ хүрч чадах болов уу?
-Манайх газар тариалангийн салбарыг хөгжүүлэн, атар газар эзэмшээд дөнгөж 60 жил болж буй. Харьцангуй “залуу”, эрүүл хөрс, экологийн цэвэр орчинтой улс. Хөрсөө бордож, тордохдоо химийн бодис ихээр хэрэглэдэггүй нь давуу тал болдог. Мөн өндөрлөг газар нутаг, салхи ихтэй тул тариа, ногоо ургах явцад салхины аясаар ямар ч хүнд металл, хортой бодисыг хөөж өгдөг. Бид ийм л цэвэр эрүүл орчноос ургац хураадаг. Харин бүтээгдэхүүнээ эрүүл гэдгийг нотлох, гарал үүслийг нь тодорхойлох талаар дорвитой ажил хийх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ талбайд, тэдэн сарын, тэдэнд хортон шавжийн эсрэг ийм, ургалтыг сайжруулах тийм бодис цацсан гэх мэт тэмдэглэл хөтлөн, тайлагнасан байх ёстой. Аль болох нээлттэй байвал илүү үр дүнтэй. Эрүүл гэдгээ нотолсон, бичиг баримтыг нь зохих ёсоор бүдүүлсэн гурил, төмс, улаан буудайг худалдан авагч олон улсад хангалттай бий.
-Нарийн ногоог төдийлөн хангалттай тарихгүй, импортоос хараат хэвээр, бүтээгдэхүүний үнэ өндөр буйг хэрхэн харж байна вэ?
-Санхүү, хөрөнгө мөнгөтэй л холбоотой асуудал. Хэтэрхий хүйтэн цаг ууртай учраас нарийн технологитой хүлэмж шаардлагатай болдог. Нэг ам метр хүлэмж барихад 150 000-500 000 төгрөг хэрэгтэй. Ийм хөрөнгийг гарган, ашиглалтын зардлыг нь даан, бизнес эрхлэх аж ахуйн нэгж ховор байх шиг. Хүлэмжийн аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах, урт хугацаанд газраа түрээслүүлэх зарчим баримтлахад буруудахгүй болов уу.