Төгөлдөр хуурч, Консерваторын багш Г.Оюун-Эрдэнийг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр дууны шүлгийн гаргуун зохиолч Л.Гаваасүрэн хурандаа болон СУИС-ийн багш, хөгжмийн онолч, зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг нарын бага охин юм. Түүний том эгч дуучин Г.Эрдэнэтунгалагийг хүмүүс сайн таньдаг. Удаах эгч Г.Оюунтунгалаг нь АНУ-д драмын жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд ирсэн. Залуу багш, уран бүтээлч, хүний сайхан хань, хоёр хүүхдийн ээж түүнтэй ийнхүү хөөрөлдсөн юм.
-Москвад Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөхдөө мөн энэ хөгжмийн хөглөөч болоод ирсэн. Аливаад зүтгэлтэй, бүтээлч санагддаг. Ийм зан чанарыг аав, ээж нь өвлүүлсэн болов уу. Хэний ямар, ямар сайхан чанарууд танд “шингэсэн” бэ?
-Баярлалаа. Одоогийн Оюун-Эрдэнэ гэдэг хүний зан чанарыг миний эргэн тойрны маш олон хүн бүрдүүлж өгсөн гэж боддог. Яс, махны тасархай гэж монголчууд ярьдаг шиг зарим чанар бол яалт ч үгүй ясных, цусных юм байна гэж мэдэрдэг. Жишээ нь, бүх зүйлд чин сэтгэлээсээ үнэнч ханддаг зан чанар бол аав, ээж хоёрт маань хоёуланд нь байдаг. Хамт ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нь сайн мэднэ дээ. Нэг зүйлийг хийе гээд, нэгэнт дайраад орвол эцсийг нь үздэг чанар бол аавынх. Аав нойр, хоол гэж мэдэхгүй, шөнө ширээний чийдэнгийн гэрэлд юм бичээд, ажлаа хийгээд л сууж байдаг байсан. Өглөө унтаж байхад ажилдаа явчихсан байдаг. Бүхий л зүйлд хариуцлагатай, үнэнч, шударга ханддаг, зарчимч чанар ааваас минь өвлөгдсөн байх. Аав минь ганц шөнийн нойр, өөрийн биеийн амрыг бодохоос илүү хүний итгэлийг алдахгүй байх гэдэг хэчнээн чухал болохыг ойлгуулж өгсөн. Ямар ч зүйлийг хийсэн шиг хийдэг, няхуур нямбай, хурдтай байх чадварыг надад багаас суулгасан хүн бол миний том эгч.
-Аав, ээжээс гурвуул, бүгд охин. Давуу тал бий юү?
-Бий. Бие биеэ хүмүүжүүлдэг гэх үү дээ. Бид гэрийн ажлыг долоо хоногоор ээлжилж, тогтмол хийдэг байлаа. Тухайн үед бараг л эгчдээ гэр цэвэрлэж өгч байгаа юм шиг санаж, ажлаа хурдан хийчихээд унтахаа боддог байв. Гэтэл үнэн хэрэгтээ надад аливааг хийж гүйцэтгэх чадвар суулгаж өгч байсан юм билээ. Эгч юм л бол “Болоогүй байна. Дахиад угаа, хий” гээд буцаадаг байв. Сүүлдээ дахин тэгж хэлүүлэхгүйн тулд шууд нэгмөсөн хийдэг болчихдог юм байна лээ (инээв). Бага байхад мэргэжлийн хичээл эхлэхийг хүлээх зуураа ангиа цэвэрлэдэг байлаа л даа. Тоос арчаад л, шалаа мөлхөөд угаачихаар багш маш их баярладаг байсан юм. “Манай Оюун-Эрдэнэ ямар ч юманд сэтгэлээсээ ханддаг” гээд л магтана. Гэрийн хүмүүжлийн зэрэгцээ багш маань бас маш олон сайхан чанар, чадварыг надад суулгасан гэж боддог.
-Яагаад хөгжимчин, тэр дундаа төгөлдөр хуурч болохоор сонгов. Юу нь таалагдсан бэ. Эсвэл ээж нь, эгч нь ч юм уу албадав уу?
-Өөрөө төгөлдөр хуурын ангид оръё гэж хэлж байснаа бол мэддэггүй. Шалгалт өгөх гээд сууж байсан үеэ л цухас санадаг. Мэдээж ээж, аав, гэр бүлийн нөлөө их байсан. Ядаж нэг охиндоо мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшүүлж, өөрийн чадаагүй зүйлээ үр хүүхдэдээ олгох, өвлүүлэх хүсэл ялангуяа ээжид байсан байх. Гэхдээ би өөрөө хөгжим, дуу, урлагт багаасаа дуртай, бүр хайртай хүүхэд байсан юм. Төгөлдөр хуурч мэргэжилдээ том болоод дурлаж эхэлсэн. Тэгээд ч би ер нь урлагийн л хүн байх юм шиг. Үүнээс илүү сайн хийж чадах зүйл надад байхгүй.
-Багшлахын хажуугаар бусад уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Гоцолж тоглох, концертмейстер, цөөхүүл чиглэлийн алинд дуртай вэ. Яагаад?
-Аль алинд нь дуртай. Хүмүүстэй хамтарч, хамсарч тоглоход бүтээлч чадвар илүү хөгждөг учраас бүр илүү амттай, бас сонирхолтой байдаг. Манайд одоохондоо сольный гэж ярьдаг гоцлол тоглолт үзэх хүн ховор, нийгэмд тийм уур амьсгал бүрдээгүй учир сонсогчдоо бага багаар бэлтгэх, татах, сонгодог хөгжим сонсох дур хүслийг нь нэмэгдүүлэх зорилготой ажлууд хийж байгаа юм. Яагаад гэж боддог байсан зүйлсийн тухайд өөрөө гаргалгаа гаргаж, шийдэл олох гээд эрэл хайгуул хийгээд яваад байна даа.
-Бас эвлэгхэн дуулдаг. Аав, ээж, эгчтэйгээ гэр бүлийн тоглолт хийхдээ дуулсан уу. Эсвэл зөвхөн хөгжим тоглосон уу. Тэр тоглолтыг үзээгүй хүмүүст хэн, хэн ямар үүрэгтэй байсан талаар сонирхуулж яриач.
-Манай гэр бүлийнхний тоглолт 2018 онд болсон. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан юм. Би Москвагаас зорьж ирж, эгч нартайгаа хоолой салган акапелла дуулж, хөгжимдсөн. Бас ээжтэйгээ Оросын, дайны үеийн дуунуудын поппуриг баян хууртай, дүүтэйгээ төгөлдөр хуурын хоршил тоглосон. Аав шүлэг уншихад ард нь хөгжим тоглож байлаа. Аав, ээж хоёрын маань олонд түгсэн дуунуудыг нэрт уран бүтээлчид үзэгчдэд хүргэж, хоёр эгч маань ч мэргэжил мэргэжлийнхээ дагуу дуулж, бас драмын жүжгийн хэсгээс толилуулсан.
-Сонирхолтой тоглолт болсон гэж ярьдаг. Удахгүй дахин гэр бүлээрээ тоглох цаг ирэх байх. Та өөрийн подкасттай болсон. Бас клабхауст “Хөгжмийн өрөө”-тэй. Аль аль нь чамгүй сонсогчтой болсон байх. Хүмүүст мэдээлэл өгөхийн сацуу хүмүүнлэгийн ажил хийгээд байна уу гэж анзаарсан. Юу, юу амжуулсан бэ?
-“Ковид-19” тархсан хоёр жилийн хугацаа надад лав үр өгөөж өглөө. Бодол төдий байсан зүйлс маань аль хэдийн биеллээ олжээ. “Classica MGL podcast”-ыг зөвхөн мэргэжлийн сургуулийн оюутан, сурагчдадаа улсынхаа урдаа барьдаг гэж ярьдаг, шилдэг уран бүтээлчдийн түүх замнал, мөн хэрэгтэй зөвлөмж зэрэг мэдээллийг шууд хүргэх зорилготой эхлүүлж байлаа. Гэтэл зөвхөн хөгжмийн мэргэжлийн сонсогчид бус, өөр мэргэжилтэй, хөгжимд дуртай хүмүүс хүртэл үзэж эхэлснээр илүү өргөжсөн. Хөгжимчид бид ярих чадвараар сул, дотогшоо гэх үү, өөрсөдтэйгөө л байх гээд байдаг учраас нүүр тулж ярьж суръя, дутагдлаа засъя гэж бодсон. Урлагийнхантай илүү гүнзгий ярилцах мэргэжлийн сэтгүүлч ч хомс юм. Ийм шалтгаануудаас үүдэн ярилцлагын цагтай болсон. Хүмүүсийн хэлсэн санал, хүсэлтэд тулгуурлан туршлага хуримтлуулж, бага багаар ахиулж л байна. Үүнийг зөвхөн сонгодог урлагийн хүрээлэлд явуулдаг байсан бол “Хөгжмийн өрөө”-нд бүхий л төрлийн уран бүтээлчдийг хамруулдаг. Тиймээс илүү хандалт, сонсогчидтой. Түүгээр дамжуулан мэргэжлийн уран бүтээлчдээ сурталчлах, илүү таниулах, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа “амьд” тоглолт сонсох боломж олгож, үзэгчидтэй “амьд” харилцаатай, чөлөөтэй байлгадгаар “Хөгжмийн өрөө” давуу талтай. Бас их сайхан энергитэй орчин. Төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс нэг талбарт цугларснаар олон танилтай, өөрийн гэсэн хүрээлэлтэй болж, уран бүтээлийн шинэ сонин санаа, эрч хүч ч олж авдаг.
-Бас нэгэн ярихгүй өнгөрч боломгүй сэдэв байна. Та өнгөрсөн зун сургуулийнхаа бусад багшийн хамт тэмцэгч боллоо. Консерваторын газрыг хамгаалахад олон өдрийг зориулж, үр дүнд хүрсэн. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй төлөвшил байх шиг байна. Энэ нь мөн ааваасаа өвлөж авсан үнэт зүйл болов уу?
-Тийм шүү. Манай эцэг, эх хэзээ ч шударга бус зүйлстэй эвлэрч, нэгдэж байгаагүй. Бас л үргэлж тэмцэж ирсэн. Тийм чанар магадгүй цусанд байж мэдэх л юм. Бүгд л ярьдаг. Гадаадад амьдарч байхдаа ч “Улс эх орон ийм байна. Хулгайч луйварчид, шударга бус үйлдэл хэрээс хэтэрлээ” гэсэн яриа сонсдог байлаа. Үнэхээр тэр бүх зүйлс миний ажиллаж байгаа газар, тэр дундаа миний сурч, хүмүүжсэн сургуульд бий болчихсон байгааг мэдээд, удаан хугацаанд бухимдаж, цухалдаж явсан. Сургуулийн газар дээр хашаа хатгаад, байшин барих гээд эхлэх үед дураар авирлагчдын хийрхэл үнэхээр байж болох дээд хэмжээндээ хүрсэн юм байна гэж үзээд багш нар тэмцсэн хэрэг. Долдугаар сарын турш зөвхөн сургуулийнхаа газрыг хамгаалж үлдэхийн төлөө ажилласан. Багш нар, төгсөгчид маань нойр, хоол, гэр бүлээ умартан тэмцсэн. Дараа нь олон ажил ундарсан. Өөрчлөлт гарч, үр дүнгээ өгсөөр байна. Бидний тэмцлийн хоёр дахь шатны шаардлага нь Удирдах зөвлөлийг татан буулгаж, шинээр байгуулах байсан бөгөөд биеллээ оллоо. Консерваторын багш нарын нээлттэй сонгуулиар Удирдах зөвлөлд багш нарын төлөөлөл тав, төгсөгчдийн төлөөлөл нэгийг сонгосон. Харин одоо гурав дахь шаардлага болох сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг нам, улс төрийн томилгооноос чөлөөлж, нээлттэй явуулах ажил хүлээгдэж байна.
-Шавь нар нь олон улсын цахим уралдаанд амжилттай оролцсон байна лээ. Сурагчдаа, амжилтыг нь танилцуулах уу. Танд төгөлдөр хуур заах арга ухааныг Хөгжим бүжгийн дунд сургууль, ОХУ-ын Хөгжмийн академи сургажээ. Нэр зааж, ач санаж явах багш гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Шавь Б.Гүен Моцартын нэрэмжит болон Олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртсэн. Шавь Э.Энгүүн алдарт төгөлдөр хуурч В.Хоровицийн нэрэмжит “Great master international piano competition”-д II байр эзэлсэн. Надад багшлах арга зүйн ойлголт өгч, сургасан хүн бол миний мэргэжлийн багш, Гавьяат багш, профессор Ч.Тунгалаг. ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор В.Б.Носинагийн удирдлагад суралцаж төгссөн. Цөөхүүл хөгжмийн багш Т.Н.Тарнавская, концертмейстерийн ур чадварын багш В.А.Петрова нараас төрөл бүрийн ур чадвар, заах арга зүйн маш олон төрлийг илүү мэргэшиж суралцсан. Үргэлж талархаж явдаг багш нар маань төгөлдөр хуурч, Гавьяат жүжигчин, Консерваторын хүндэт профессор Б.Солонго, төгөлдөр хуурын хоршлын анхны мэдэгдэхүүн, ур ухаанд сургасан У.Цэцэгмаа нар юм. Цөөхүүл хөгжмийн анхны ойлголтыг удирдаач Б.Лхагвасүрэн багш маань өгсөн. Дан ганц цөөхүүл ч бус, хөгжмийн ерөнхий мэдлэг, хөгжимчний сэтгэл зүй гээд олон зүйлд намайг хөгжүүлсэн ачтан гэж талархаж явдаг даа, багш нартаа. Мэдээж нэр дурдаагүй олон багш бий. Бүгдэд нь талархаж явдаг.