БХЯ-ны Авто хуягт танкийн газрын дарга (1983-1989), ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар (1999-2009) ажиллаж байсан, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хошууч генерал, танкчин Б.Эрдэнэбаттай ярилцав.
-Жил бүрийн есдүгээр сарын 9-нд Монголын хуягт танкийн цэргийн өдөр тохиодог. Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн өдрийг тэмдэглэх тухай журмыг 2013 онд Батлан хамгаалахын сайд баталжээ. Та, мэргэж лийн танкчин хүний хувьд энэ үйл явдлын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Батлан хамгаалахын сайдын 2013 оны А/368 тоот тушаалаар “Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн өдрүүдийг батлах тухай” болон “Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай журам” баталсан нь цэргийн алба хаагчдын хувьд чухамдаа баярлууштай шийдвэр байлаа. Ер нь бол ихэнх улсын Зэвсэгт хүчний хэмжээнд “Мэргэжлийн цэргийн өдөр” гэж байдаг. Манай Зэвсэгт хүчний хувьд ийм өдрийг албан ёсоор тогтоож, холбогдох тушаалаар баталгаажуулсан нь мэргэжлийн цэргийн түүхэнд чухал үйл явдал болсон.
Миний мэдэхээр 2001 оноос эхпэж жил бүрийн долдугаар сарын 8-нд Цэргийн холбоочдын өдөр, ЗХЕШ-ын даргын (хуучин нэрээр) тушаалаар мөн 2001 оноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд Артиллерийн цэргийн өдөр, 2007 оноос тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Харин танкчдын хувьд 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 9-нд Хуягт танкийн цэргийн өдөр буюу бидний хэлж заншсанаар Танкчдын өдөртэй болж, мэргэжлийн цэргийн баяраа тэмдэглэдэг болсон. Харамсалтай нь, цар тахлын гайгаар бид олуулаа цуглаж, Зайсан дахь танкийн хөшөөнд цэцэг тавьж, ахмад танкчид маань уулзан хуучилдаг боломж сүүлийн хоёр жил гарсангүй.
-Танкчдын өдрийн энэ огноог яагаад есдүгээр сарын 9-нөөр тогтоосон юм бэ?
-Батлан хамгаалахын сайдын тушаал гарахын өмнө хуягт танкийн цэргийн үүсэл, байлдааны анги салбартай болсон, манай Зэвсэгт хүчний зэвсэглэлд танк болон хуягт машиныг анхлан хүлээж авсан гэх зэрэг түүхэн үндэслэлийг тодорхойлж илтгэх шаардлага тавигдсан. Энэ талаар манай түүхчид, судлаачид, мэргэжлийн танкчид арвин материал судлан тодруулж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад саналаа илтгэсэн юм. Энэ судалгаанд миний бие болон бригадын генерал Н.Наран-Очир, хурандаа Довчинбавуу, Т.Соронзонболд, Х.Шагдар нарын олон хүн идэвхтэй оролцож ажилласан. Түүхэн үйл явдлаас авч үзвэл, 1924 оны нэгдүгээр сард Бүх цэргийн зөвлөлийн тогтоолоор Уурын тэрэгний хороо байгуулж, улмаар хуягт машины жолооч, механикч-жолооч нарыг бэлтгэж эхэлсэн. 1928-1935 онд Монголын ардын хувьсгалт цэргийн зэвсэглэлд 20 шахам нэгж хөнгөн, дунд танк, 120 гаруй нэгж хуягт машинтай болсон. Халх голын дайны өмнө манай армийн зэвсэглэлд “БТ-7” маркийн дугуйт-гинжит хөнгөн танк авсан тухай түүхэн баримт сэлт олон байгаа. Харин ямар үндэслэлээр мэргэжлийн цэргийн хувьд Танкчдын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 9-нд гэж тогтоосон бэ гэвэл, хуурай замын цэргийн цохилтын гол хүч болдог танкийн, анхны байлдааны салбар байгуулагдсан түүхт өдрийг авсан болно. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1943 оны энэ өдрийн 68 тоот тушаалаар Монголын ардын хувьсгалт цэргийн, тусгай танкийн рот гэдэг байлдааны салбар байгуулагдсан байдаг. Тохиолдлоор гэх үү, сонирхолтой давхцал байгааг хэлэхэд, 1943 оны тэр өдрийн 68 тоот тушаал, 2013 оны 368 тоот тушаал гээд харвал тушаалын дугаарын сүүлчийн орон нь ижил байгаад бид ихэд бэлгэшээсэн юм.
-Танк гэдэг байлдааны техникийн талаар танин мэдэхүйн үүднээс товчхон ярьж өгнө үү?
-Танк гэдэг машиныг анх англичууд зохион бүтээж дэлхийн I дайны үед буюу Германтай байлдахдаа 1916 онд Сомма голын орчимд хэрэглэсэн тухай түүхэн баримт байдаг. Улмаар байлдааны болон байлдааны хангалтын техник, зэвсэглэл хөгжихийн хэрээр танк хэмээх энэ хүчирхэг, байлдааны асар их чадавх агуулсан, орчин үед техник технологи, нано технологийн гайхамшиг болсон зэвсэглэл өнөөгийн бидний мэддэг, ашигладаг түвшинд ирсэн байгаа.
XXI зуунд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд нь хуягт танкийн анги салбар байхгүй улс гэж үгүй юм. Танкийн цэрэг гэдэг нь орчин үед ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгааг Иракийн, Сирийн, Израилийн зургаан хоногийн гэх мэт байлдааны олон үйл явдал харуулж байна. Тэр ч байтугай дэлхийн их гүрнүүд агаар-десантын цэрэгтээ хуягт танкийн техник ашигладаг болоод удаж байгаа шүү дээ. Орчин үеийн танкийн тоот, машинаасаа гарахгүйгээр хэд хоногоор, радиацын болон химийн хордолт бүхий газарт байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэдгийг хэлэхэд хангалттай биз ээ. Мөн байлдааны нисэх онгоц, байлдааны нисдэг тэрэгтэй харилцан ажиллах бүрэн чадвартайг нэмж хэлэх ёстой.
Олон улсын байдал хурцадсан 1960-1980-аад оны үед Монголын ардын армийн танкийн анги, салбар нь манай цэргийн цохилтын гол хүч хэвээр байсан бөгөөд шаардлага тулгарах юм бол эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг хамгаалан тэмцэхэд техникийн бэлэн байдлыг өндөр түвшинд хангасан, сэтгэл зүйн хат ханасан экипажтай байсан гэдгийг би баттай хэлж чадна.
Манай Зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа “Т-55”, “Т-72А” маркийн танк, дугуйт хуягт тээвэрлэгч “БТР-70М”, “БТР-80” зэрэг нь техникийн хөгжлөөс нэг их хол хоцроогүй гэдгийг итгэлтэй хэлж болно. Жишээ нь, “Т-55” танкийг авч үзвэл, эдүгээ дэлхийн 50 гаруй орны зэвсэглэлд байгаа. “Т-72А” гэхэд дэлхийн олон улс оронд явагдсан ба явагдаж буй байлдаанд оролцсоор л байна. Саяхан ОХУ-д болсон олон улсын хэмжээний танкийн биатлон тэмцээнд манай танкчид “Т-72” танкаар оролцож чансаагаа ахиулаад ирлээ. Экипаж тус бүрийн дагнасан тэмцээнд манай танкчид хуваарилагдсан дивизиондоо хоёр нь нэгдүгээр, нэг нь хоёрдугаар байр эзэлсэн.
-Манай Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа танкчдын мэдлэг, чадварын талаар Та юу хэлэх вэ?
-1960-аад оны эхээр Монголын ардын армийг дахиж өргөтгөн зохион байгуулахдаа юуны өмнө мото буудлагын, танкийн ангиудыг шинээр байгуулсан. Ер нь, тухайн цаг үеийн шаардлагаар мэргэжлийн цэргийн анги байгуулах явцад тэнд ажиллах мэргэжлийн бие бүхэлдэхүүнийг бэлтгэх асуудал чухал байсан байх. Тэгээд ч танкчин офицер, ахлагч нарыг буюу мэргэжлийн танкчдыг олноор бэлтгэсэн гэж би боддог. Манай Зэвсэгт хүчний түүхэнд, бага даргын сургууль гэдгээс эхлээд Үндэсний батлан хамгаалахын их сургууль хүртэлх хугацаанд цэргийн сургалтыг хөгжүүлэх явцдаа танкийн мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэж байсан юм. Зарим мэдээ баримтад тулгуурлаж хэлбэл, дээд болон тусгай дунд боловсролтой 2000 гаруй танкчныг бэлтгэсэн байдаг. Манай улс эхэн үедээ ЗХУ-ын танкийн дунд, дээд сургууль, академид, дараа үед нь буюу 1978 оноос эхэлж ЦНДС-ийн танкийн тэнхимд үндэсний дээд, дунд боловсролтой мэргэжпийн боловсон хүчнийг, улмаар 1990 оноос ҮБХИС-д мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүнийг бэлтгэж байсны статистик үзүүлэлт энэ болно.
Онцолж хэлэхэд, манай Зэвсэгт хүчний хэмжээнд танкийн инженер мэргэжил эзэмшиж ирсэн анхны дөрвөн танкчин буюу хурандаа Х.Гиваа, Б.Дашдэлэг, С.Сэдэд нар болон миний бие танкчин гэдэг энэ сайхан мэргэжилтэй болсондоо үнэхээр бахархаж явдаг. Мэргэжлийн танкчдын дундаас төрж гарсан Монгол Улсын баатар гурав, генерал цолтон 10 (Б.Цог, Д.Гэндэнпил, Р.Гүнчин-Иш, Д.Бямбацогт, Г.Дамдинсүрэн, Б.Эрдэнэбат, С.Баасанхүү, Н.Наран-Очир, Х.Даваацэрэн, П.Жаргалан), техникийн шинжлэх ухааны доктор хоёр (Б.Эрдэнэбат, Л.Батцэнгэл), дэд эрдэмтэн, боловсролын доктор 20 шахам байна.
Ер нь гадаад, дотоодын академи, их, дээд сургууль төгссөн мэргэжпийн танкчид Зэвсэгт хүчний бүтцэд төдийгүй манай улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагад янз бүрийн албан тушаалд томилогдож, хариуцлагатай идэвх зүтгэлтэй, чадалтай ажиллаж танкчдын нэр төрийг өндөрт өргөж яваа. Үүний учир гэвэл, ерөөсөө танкчин хүн тал бүрийн мэдлэгтэй байх ёстойн дээр энэ мэргэжил өөрөө хатуу шаардлага тавьж тэр өндөр босгыг нь давж чадсан хүн ингэж нийгмийн аль ч салбарт түүртэхгүй ажиллах мэдлэгтэй, чадвартай болсон байдагт оршино.
-Зэвсэгт хүчний хэмжээнд мэргэжлийн цэргийн өдөртэй болсны ач холбогдлыг танкчид яаж үнэлж байна вэ?
-Юуны өмнө энэ сайхан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын нийт танкчид, мэргэжил нэгт нөхөд, бидний залгамж халаа залуустаа чин сэтгэлээс баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз хийморь, амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Ийм тушаал батлагдаж, мэргэжлийн цэргийн өдөртэй болсноор манай Зэвсэгт хүчний залуу халаа, шинэ дайчид, чин эх оронч үзэлтэй болж төлөвшихөд тус дэмтэй, ач холбогдолтой гэж боддог. Зөвхөн танкийн төдийгүй бусад мэргэжлийн цэргийн түүхэн замнал, дайчин уламжлалыг судалж мэдэх, ахмад үеийн байгуулсан гавьяа, дунд үеийнхний цэрэг армийг өргөтгөж зохион байгуулсан, байлдааны бэлэн байдлыг хангахад тэдний оруулсан нэн их хувь нэмрийг ойлгох, түүнээс суралцах, улмаар мэргэжлээрээ бахархах, бусдаа хошуучлан манлайлах хариуцлага, чадвартай болгохын тулд мэргэжлийн цэргийн өдрийг үр өгөөжтэй, оновчтой ажил болгож тэмдэглэж байх явдал чухал юм.