Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарc Х.Буянтүмэнтэй авлига, албан тушаалын гэмт хэрэг мөрдөхөд учирч буй бэрхшээл, хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ оны II улиралд хэчнээн хэрэг, гомдол, мэдээлэл шалгаж, авлигын хэргийн хэдий хэмжээний хөрөнгө битүүмжлэн хамгаалаад байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Энэ оны эхний найман сарын байдлаар шинээр 752 гомдол, мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 691-ийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 91.9 хувьтай байна.
Мөн энэ хугацаанд 1217 үйлдэлтэй, 596 хүн холбогдсон, 1045 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсны 13.7 хувийг шүүхэд шилжүүлэх, 26 хувийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорын хяналтад шилжүүлжээ. Харин 42-ыг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэн, 40-ийг нь өөр бусад хэрэгт нэгтгэн шалгасан байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 47.6 хувьтай, шүүх 55 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
2021 оны эхний найман сард шалгасан гэмт хэргийн улмаас нэг их наяд гаруй төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 90.3 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 120 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө битүүмжлэн хамгаалжээ. Энэ ташрамд хэлэхэд, авлигын хэрэгт хураагдсан болон нөхөн төлүүлсэн хөрөнгийг төрийн үйл ажиллагааг цахимжуулах, зөвшөөрлөөс татгалзаж, стандарт бүртгэлийн тогтолцоо руу шилжүүлэхэд зарцуулах шийдвэр саяхан Монгол Улсын Засгийн газраас гаргасан байгаа.
АНУ-Д ХУДАЛДАН АВСАН 11.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ХОЁР ХАУСЫГ БУЦААН АВСАН
-Оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байсан хүмүүст холбогдох хэргүүд ямар шатанд байна вэ. Нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч, маш удаан хугацаанд шалгаж байгаа санагдах юм. Оффшор бүсээс авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан татан авчирсан, хөрөнгө буцаасан тохиолдлууд хэр байгаа вэ?
Дэлхий даяаршиж, манай иргэд улс хооронд чөлөөтэй зорчих боломж, нөхцөл бүрдээд 30 жил өнгөрчээ. Энэ цаг хугацаанд иргэд гадаад улсад ажиллаж амьдрах, өмч хөрөнгөө таатай орчин бүхий улс орнуудад байршуулах, ашиг шимийг нь хүртэх, гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарч бизнес эрхлэх явдал түгээмэл болсон. Үүнтэй зэрэгцэн хууль бус эх үүсвэртэй хөрөнгө мөнгө гадаад улсад гаргаж нуух, оффшор бүс нутагт байршуулсан явдал цөөнгүй бүртгэгдлээ. Гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл боломж хязгаарлагдмал, тухайн улс оронтой эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй гээд олон хүндрэл бэрхшээл тулгардаг.
Үйлдэгдсэн гэмт хэргийг бүрэн илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр тодорхой ажлуудыг бид хийж гүйцэтгэсэн. Энэ чиглэлээр нэлээд ахиц гарч, практик тогтоож байгаа. Эрх зүйн хувьд хязгаарлагдмал нөхцөл байдалд байгаа хэдий ч Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орсон гишүүн улс орнууд, авлигын эсрэг бүс нутгуудын холбоодтой хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогоороо АНУ-д худалдан авсан 11.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр хаус, Английн Лондон хотод байрлалтай 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц зэргийг буцаан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ. Мөн оффшор бүсээр дамжин Монголд буцаж орж ирээд үл хөдлөх хөрөнгө болсон нэлээд хөрөнгийг хураасан. Цаашид ч олон газраас хулгайлагдсан мөнгө, хөрөнгөө буцаан авахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд, олон нийт ойлгохдоо оффшор бүсэд хуулийн этгээд байгуулсан, данс нээсэн л бол тэр дансанд маш их мөнгө байгаа, тэр мөнгийг хэн нэгэн албан тушаалтан, хуулийн байгууллага шууд аваад ирэх юм шиг ойлгож, бичээд түүний үр дагавраас болж нийгэмд хүлээлт үүссэн. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд татварын таатай орчин хайж гадаад улсад хуулийн этгээд байгуулсан, данс нээсэн тохиолдлууд бий. Өөрөөр хэлбэл, гадаад улсаас хөрөнгө оруулалт татах, гадаадын иргэдтэй хамтран ажиллах зорилгоор харийнхантай, эсвэл өөрийн биеэр болон интернэтээр холбогдож БНХАУ-ын Бээжин, тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Сингапур улс зэрэг газарт байрлах зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компаниудаар дамжуулан Сейшел, Гибралтар, Бермуд, Британийн Виржинийн арлууд, Кипр зэрэг оффшор бүсэд хуулийн этгээд байгуулж тэндээс хөрөнгөө оруулж ирэн уул уурхай, барилга гэх мэт салбар луу оруулсан байдаг. Тэрнээс биш оффшор бүсэд бэлэн мөнгө хөрөнгө байнга хадгалаад байдаггүй юм.
Хилийн цаана, өөр улс оронд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь эрх зүйн орчны хувьд хүндрэлтэй, цаг хугацаа ихээр шаарддаг ажиллагаа. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улс орнууд руу хүргэх мөрдөн шалгах ажиллагааны хүсэлтийг гэрээнд заасны дагуу ХЗДХЯ, УЕПГ, ГХЯ, тухайн улс оронд суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан хүргэдэг тул цаг хугацаа ихээхэн шаарддагаас гадна, зарим албан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан хүрэх газартаа очоогүй тохиолдол ч байдаг. Бизнесийн харилцаа улс орнуудад нээлттэй, харин эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй улс орнууд хязгаартай байгаа, улс маань тэр болгон олон улстай гэрээ байгуулж чадаагүй байна. Тэгэхээр ийм гэрээгүй орнуудын иргэд, аж ахуйн нэгж, бүлэглэлтэй хамтарч үйлдсэн хууль бус бизнес, мөнгө угаасан хэргүүдийг шалгахад хүндрэл үүсдэг. Гэхдээ бид заавал эрх зүйн харилцан туслах гэрээтэй орнууд гэлтгүйгээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг үндэслэн илүү олон улстай харилцаа тогтоож хамтарч ажиллаж байна.
-АТГ-ынхан “жараахай” саатууллаа, “тул” барихгүй, авлигачидтай тэмцэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байнга байдаг. Ер нь авлига, албан тушаалын хэргийг том, жижиг гэж ангилж тэмцэх нь зөв юм уу?
Гэмт хэргийг том, жижиг гэж ангилж, түүнд хандах хандлага нь өөр байж болохгүй. Тэр тусмаа авлигын гэмт хэрэгт ийм хандлага байж болохгүй. Нийгэмд шударга ёсыг алдагдуулдаг, нийтийн эрх ашигт хохирол учруулдаг учир авлигын гэмт хэргийн хор холбогдол бусад хэргээс илүү аюултай. Шударга нь шударга бусыгаа ялж байгаасай гэж би боддог. Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Цэндийн Доржготов гуай “Авлига дээгүүрээ арслан барс шиг аймаар хүчирхэг. Халдашгүй дархлаа нь хуулийг үйлчилгээгүй үхсэн хүн шиг болгоно. Авлига доогуураа жижигхэн ч олуулаа. Өт батгана шиг үржимтгий. Нүдэнд үл үзэгдэх хээл хахууль хүн амыг бүхэлд нь шимж эхлэв. Монгол орны баялгийг, уншигч таны амьдралыг их, бага хоёр авлига дээр дороос нь идэж үгүй хийх аюул нүүрлэлээ” гэж нэгэн цагт бичсэн нь авлигыг их бага, том жижиг гэж ангилж болохгүйг ойлгуулсан сургамж гэж боддог. Тэгэхээр үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, хохирлыг бүрэн төлүүлэх нь хуулийн байгууллагын зорилго байх ёстой.
-Мөрдөн шалгах ажиллагаанд янз бүрийн бэрхшээл саад байдаг учраас хэрэг удааширдаг. Ер нь хууль эрх зүйн болон бусад ямар саад бэрхшээл мөрдөгчдөд өдөр тутам тулгардаг вэ. Цар тахлын нөлөө мөрдөн шалгах ажилд хэрхэн тусаж байгаа бол?
Мөрдөн шалгах ажиллагаа ямар ч нөхцөлд тасралтгүй явагдаж байх хуультай. Бүх нийтийн хол хорио тогтоосон цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах амаргүй байлаа. Хөөн хэлэлцэх хугацаа, мөрдөн байцаалтын хугацаа зогсохгүй. Иргэнээ, хэргийн оролцогчдоо, ажилтнаа эрүүл мэндийн эрсдэлд оруулахгүй, ажлаа хэвийн явуулахын тулд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэм, журмыг мөрдөн ажилласан. Одоо ч ийм нөхцөлд ажилласан хэвээр.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж 2017 оны долдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад хийдэл бүхий зохицуулалт олон байгаагаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тохиолдол нэлээд гарч байна. Хүний эрхийг хамгаалах нэрийн доор зөвшөөрлийн зохист харилцаа алдагдсан, хөөн хэлэлцэх хугацааг багаар тогтоосон, гэмт хэргийн шинжийг бүрхэгдүүлсэн, мөрдөгч бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг Эрүүгийн хуулийн зорилго, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оноох, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд бий. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлэгч хуулийн байгууллагуудын эрх, үүргийн харилцааг тэнцвэржүүлэх ёстой. Энэ нь ажил шуурхай болохоос гадна тухайн байгууллагуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх сайн талтай. Эрх зүйн онолын хувьд Үндсэн хуульд үзэл санааг тусгаж, тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуульд зарчим, үндсэн зохицуулалт бичигдэж салбарын хуулиар баталгаажуулдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан харилцааг салбарын хуульд тусгах, тусгай процессыг хуульчлах, халдашгүй байдал нэрээр албан тушаалтнуудад дархлаа тогтоосон олон хууль, бидний ажилд чөдөр тушаа болдог. Түүнээс гадна нийгэмд ч тодорхой бухимдал үүсгэж байгаа.
Хахууль авах гэмт хэргийн субъект, гэмт хэргийн шинж гэхэд олон улсын хэм хэмжээнд бүрэн нийцэж чадаагүй л байна. Монгол Улс 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод зааснаар “Оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай болон цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага, улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж ойлгох ёстой” байтал өнөөдөр шүүхээс төрийн зарим албан хаагчийг “Нийтийн албан тушаалтан мөн” гэсэн дүгнэлт гаргуулах тухай заалттай бичиж хэргүүдийг нь буцаасаар л байна. Тэгэхээр хуулийг тодорхой болгох хэрэгтэй санагддаг.
-УИХ-аас баталж буй хуулиуд хийдэл ихтэй, эсвэл албан тушаалтныг шалгах болохоор дээд удирдлагаас нь заавал зөвшөөрөл авах гэх мэт саадтай учирдаг. Түүгээр ч зогсохгүй танай шалгасан зарим хэргийг шүүх шийдэх болоход Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн гэх үндэслэлээр түдгэлзүүлчихдэг тохиолдол ч бий. Энэ бүхнээс хэрхэн ангижирч болох вэ?
Улстөрчид, хууль тогтоох засаглалд ажиллаж байгаа хүмүүс авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж хийдэлгүй хууль батлах, хийдэл бүхий хуулийг хүчингүй болгох, өөрчлөх, тодорхой болгох ажлыг тасралтгүй хийх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж тунхагласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”-ыг баталгаажуулсан байдаг. Гэвч сүүлийн үед тодорхой албан тушаалтны хараат бус, халдашгүй байдал, эрх зүйн баталгаатай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй харилцааг салбар хуулиудаар тогтоож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсон. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэнэ гэж тодорхойлоод гэрч нь хуулийн байгууллагын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн, зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 38.6-д “Монгол Улсын ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрлөөр, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг Монгол Улсын ерөнхий аудиторын зөвшөөрлөөр гаргасан аудитын тайлан, дүгнэлттэй нь холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авч болно” гэсэн зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, хэрэгжүүлэгч биш субъектээс мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрөл авах зохицуулалт тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа. Ийм зохицуулалтууд УИХ-ын тухай хууль, Шүүх, Прокурор, Тагнуул, Төрийн аудитын тухай хууль, Авлигын эсрэг хуульд байгааг хууль тогтоох байгууллага эргэж харах ёстой гэж боддог. Ер нь халдашгүй байдлын асуудлыг хязгаартай, бас тодорхой болгох хэрэгтэй. Тиймээс хууль тогтоох байгууллага Үндсэн хуульд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох ёстой. Хүнийг нь биш, хийсэн хэргийг нь харж шийдвэрлэдэг байх нь шударга ёсны нэг илэрхийлэл юм.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн бас нэг чиг үүрэгт шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнуудын үйлдсэн хэрэг зөрчлийг шалгах ажил хамаардаг. Ер нь хуульчидтай холбоотой хэргийг шалгахад ямар бэрхшээл тулгарч байна. Зарим улстөрч Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн ажиллуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Ер нь тус алба байхдаа хэдэн хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байв. Өдгөө танай хэлтсийнхэн хэчнээнийг шалгаж, шүүхээр эцэслэн шийдүүлж байгаа бол?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд АТГ хуулийн байгууллагуудын ажилтнуудын үйлдсэн хэргийг шалгана гэсэн харьяалал тогтоогоогүй. Харин тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно гэж заасан байдаг. Үүнд шүүгч, прокурорын үйлдсэн хэргийг хэн шалгах нь бас тодорхойгүй. Тиймээс хуульд орхигдсон субъектүүдийн үйлдсэн хэргийг хэрхэн шалгахыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журмаар зохицуулж байгаа. 2002 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, хуулийн байгууллагуудын ажилтан, албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг бий болгож, энэ бүтэц 2014 он хүртэл ажилласан байдаг. Уг байгууллагыг 2014 онд татан буулгаж АТГ-т чиг үүргийг нь шилжүүлсэн. Аль ч мөрдөх байгууллага яллах болон цагаатгах нотлох баримтаа бүрдүүлэн хэргийг прокурорын хяналтад шилжүүлдэг. Тухайн баримтад тулгуурлан прокурор, шүүгч шийдвэрээ гаргаж байгаа. Энд хууль бус нөлөөлөл байх боломжгүй.
Иргэдээс прокурор, шүүгч хэргийг хууль бусаар шийдсэн тухай гомдол, мэдээлэл их ирүүлдэг. Гэтэл Шүүх, Прокурорын тухай хуульд шүүгч, прокурорыг хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглосон. Тиймээс иймэрхүү гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хүндрэлтэй байдаг. Дээр өгүүлсэн Үндсэн хуульд хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг зарчим энд яригдах л ёстой.
2002-2014 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба жилд дунджаар 580 орчим гомдол, мэдээлэл шалгаж, түүнийхээ 30.7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж байж. Жилд дунджаар 280 орчим хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, мөрдсөн хэргийнхээ 43.3 хувийг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн статистик бий. Тус албаны шилжүүлсэн хэргийн 30.2 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Үүнээс харахад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргийн 70 хувийг гэмт хэрэгт тооцоогүй буюу шүүхээр шийдвэрлээгүй байгаа юм. Тус алба энэ хугацаанд албан тушаалын 209, авлигын 42 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байжээ.
АТГ-т УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг нэгтгэн, чиг үүргийг нь шилжүүлсний дараа шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн хэргийн 59.3 хувийг шүүх шийдвэрлэсэн. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг 29 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэрэг, түүнээс нь шүүхээр шийдвэрлэсэн хэргийн харьцаанаас харахад мөрдсөн хэрэг бүрийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлдэг байх бодлого барьж байсан болов уу гэж харагддаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд АТГ хууль хяналтын байгууллагад үүрлэсэн зохион байгууллалттай, нууц далд үйлдэлтэй, үгсэн хуйвалдсан шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцсон хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гарсан гэж үзэж болно. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарим судлаач тус албыг сэргээх талаар санал гаргаж, ярих болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын байгууллагын чиг үүргийг “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг төр, иргэн хүн бүр хэлбэрэлтгүй дагах ёстой. Иймд УЕП-ын дэргэд мөрдөх байгууллага байгуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
ХЭРЭГ ИЛЧИЛСНИЙ ТӨЛӨӨ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ БУЙ Ч ШҮҮХ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах боломж нөхцөлийн талаар судалж танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох хүмүүст үүрэг болгоод байгаа. Ийм дагнасан шүүхтэй болохгүй бол авлигын хэргүүдийг шийдэж чадахгүй, орон нутгийн шүүх, хуулийн байгууллагынхан нь тухайн албан тушаалтнуудтайгаа танил тал, садан төрлийн холбоотой учраас хэргийг нь шийдвэрлэхгүй, эсвэл хэт хөнгөн ял шийтгэж байна гэж би нэг бус удаа бичиж байсан. Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах талаар та ямар бодолтой явна вэ?
Дагнасан шүүхийн асуудлыг улс орон бүрт ярьж байна. Ийм дагнасан шүүхтэй улс орон ч цөөнгүй бий. Дагнасан шүүх байгуулснаар эерэг хандлага, төлөвшил бий болж байгааг судалгааны байгууллага, судлаач нар тогтоосон байдаг юм билээ. Би хувьдаа дагнасан шүүхийг байгуулаасай гэж боддог. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд “Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн бүлэг, гэмт хэргийн шинж төрлөөр дагнасан шүүх байгуулах боломжгүй гэж ойлгогдож байгаа. Магадгүй зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх байгуулж болох байх.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст торгох, зорчих эрх хязгаарлах гэх зэрэг хэт хөнгөн ял шийтгэж буй нь Монгол Улсын авлигын индекс буурахгүй, жил бүр өсөж байгаагийн нэг шалтгаан гэж үзэх хүн бий. Авлигын хэрэгт ногдуулж буй эрүүгийн хариуцлага хөнгөн гэдэгтэй та санал нийлэх үү?
Нэг талаасаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд авлигын хэрэгт оноох эрүүгийн хариуцлага хүнд биш, төр, олон нийтэд учруулсан хор хохиролтой нь харьцуулахад хөнгөн байгаа нь үнэн. Хүлээлгэх хариуцлагын хэмжээнээс хамаараад хөөн хэлэлцэх хугацаа бага байдаг. Нөгөө талаасаа “Транспэренси интэрнэйшнл” байгууллагын авлигын төсөөллийн индекс нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үнэлдэггүй. Төсөөллийн индекс нь тухайн улс орныг бүхэлд нь, тогтолцоогоор нь үнэлдэг. Жишээлбэл, энэ үнэлгээ тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бууралт, инфляцын түвшин зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд, хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын авлига, улс төрийн намын санхүүжилт ил тод эсэх, иргэдийн чадвар чадамж, өрсөлдөх чадвар гэх мэт маш олон асуултаар гаргадаг оноо юм. “Транспэренси интернэйшнл” байгууллага нь олон улсын хараат бус есөн байгууллагаас Монгол төрийн үйл ажиллагаанд олон нийтээс өгсөн төсөөллийн судалгаа болон санал асуулгыг авч индексээ гаргадаг. Энэ судалгаанд хамрагдсан иргэд бодитой бус мэдээлэл өгдөг, өөрийн төсөөлөл, бусдаас сонссон мэдээллийн хүрээнд үнэлгээ өгч байгаа нь бас сөргөөр нөлөөлдөг юм байна. АТГ-ын зүгээс авлигын төсөөллийн индексийг сайжруулах зорилгоор Засгийн газартай хамтран хүнд суртал, авлига хамгийн их байгаа үйлчилгээг тодорхойлж цахимжуулах, хүний оролцоог багасгах, салангид байгаа мэдээллийн санг нэгтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар санал өгч, оролцох, авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоолгох, төр, олон нийтэд учирсан хохирлыг барагдуулахад илүүтэй анхаарч ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас авлигын хэрэгт хураагдсан болон нөхөн төлүүлсэн хөрөнгийг төрийн үйл ажиллагааг цахимжуулах, зөвшөөрлөөс татгалзаж стандарт бүртгэлийн тогтолцоо руу шилжүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн.
-Засгийн газар, АТГ хамтран байгуулсан Авлигын эсрэг комиссынхон эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэд хэдэн хүний үйлдлийг шалгуулахаар болсон. Тухайлбал, ОСНААУГ-ын удирдлага, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эрх бүхий албан тушаалтнууд, “ДЦС-3” ХК-ийн гүйцэтгэх захирал, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга зэрэг хүмүүсийг шалгаж эхэлсэн. Мөн прокурорын байгууллагын албан тушаалтан, өмгөөлөгч Ц.Баасанцогт тэргүүтэй хүмүүсийг ч шалгаж байгаа шүү дээ. Олон нийтийн зүгээс эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэж буйг хүлээж суугаа.
Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан Авлигын эсрэг комисс нь авлигын индексийг бууруулахад чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэгтэй комисс болохоос тус газрын мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй гэдгийн дээр хэллээ. Авлигын индексийг бууруулахад АТГ, Засгийн газар хамтран ажиллахаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо ч чухал. Авлигын индекс сайжирснаар манай улсыг гадаадад үнэлэх үнэлгээ өсдөг. Тэр нь бизнес, эдийн засагт сайнаар нөлөөлөх учиртай.
Нэр дурдсан хэргүүдийн хувьд олон нийтийн дунд шуурхай шийдээсэй гэсэн хүлээлт үүссэн байж болох юм. Цар тахал дэгдсэн энэ цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг боломжийн хэмжээнд явуулж буй хэдий ч биднээс шалтгаалахгүй хүндрэл бэрхшээл үүсэж байгаа. Хэргийн цар хүрээ, холбогдогч нарын үйлдлийн тоо, оролцоо бүрийг тогтоох чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Дээрх хэргүүд эхнээсээ шүүхэд шилжсэн, зарим нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн. Бид аль болох шуурхай, бүрэн шийдэх хуулийн зорилтыг хангахаар ажилладаг.
-Албан тушаалтнууд ажлаа бүтээх гэж хөөцөлдөж яваа хэн нэгнийг хясан боогдуулж хахууль авах тохиолдол их. Улмаар өөрсдийгөө илчилж танайд ханддаг нь ч бий. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэчихээд яллагдагчаар татчихлаа хэмээн бухимдах хүн цөөнгүй. Үүнд та тайлбар өгөөч.
Хууль тогтоох байгууллага гэмт хэргийн талаарх бодлогоо тодорхойлоод хахууль өгөх үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байхад гэмт хэрэгт тооцох ёсгүй гэж тайлбар хийж болохгүй. Эрүүгийн хуульд дэвшил бүхий зохицуулалтууд бий болсон. Жишээ нь, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлдөг. Иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл хэрэг илчилсний төлөө яллагдагчаар татагдаж буй ч шүүхээс ял оноохгүйгээр хариуцлагаас чөлөөлж байгаа. Энэ тохиолдолд хувь хүн, хуулийн этгээд шүүхээр ял шийтгүүлсэнд тооцогдохгүй байх эрх зүйн зохицуулалтыг хуулиар олгосон. Тиймээс үүнд эмзэглэхгүйгээр хахуулийн асуудлыг илчилж байж шударга ёс тогтооход дэм болно.
-Танайд шалгаж буй хүмүүс албан тушаалд томилогдох, ажлаас нь түдгэлзүүлээгүйгээс дахин эрх мэдлээ урвуулах явдал гаргасан дуулддаг. Тухайлбал, ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өөр ажилд томилогдож байна. Эрүүгийн хэрэгт шалгуулж буй зарим хүн үндсэн ажлаа хийсээр л байгаа. Байдал ийм л байх ёстой юу?
Төрийн алба хашиж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдэж албанаас чөлөөлөгддөг боловч шүүхээр шийдсний дараа, эсүл шалгуулж байх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид албан тушаалд томилдогдсон тохиолдол гарч байгаа. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулах үед бид энэ тухай дурдаж, томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг боловч төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд томилохгүй учраас боломжтой гэж үзэж томилсон байдаг. Энэ нь тухайн томилж буй эрх бүхий албан тушаалтны ёс зүй, хандлагатай холбоотой асуудал. Энэ харилцааг зохицуулсан хэм хэмжээг өөрчлөх шаардлага бий. Хуульд оруулах өөрчлөлтийн талаарх саналаа бид эрх бүхий байгууллагад хүргүүлсэн.
-Өнгөрсөн жилүүдэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж дүгнэсэн ч Дээд шүүх олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг дахин шалгуулахаар танайх руу шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон сайд нар, Оюутолгойн гэрээг батлахдаа эрх мэдлээ урвуулсан төрийн өндөр албан тушаалтнууд, Монголбанкны удирдлага гэх зэрэг хүмүүст холбогдох хэрэг танайд буцаж ирээд байгаа шүү дээ.
2015 онд УИХ баталж, 2017 оноос мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн үед хэргийг шүүхээс буцаахгүй шийддэг байх зохицуулалт яригдсан боловч дэмжигдээгүй. Эрүүгийн хэрэгт тогтоовол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй гэж шүүх үзвэл нэмэлт мөрдөн байцаалтад, өмнөх шатны шүүхүүд хууль буруу хэрэглэсэн, ялын бодлогын асуудал зэргээр дээд шатны шүүх анхан шатны шүүхэд хэргийг буцааж дахин хэлэлцүүлж байгаа. Шүүх бол хавтаст хэрэгт тусгасан баримтын хүрээнд хянан хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Шүүхээс буцсан зарим хэрэгт мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа тохиолдлууд бий. Мөн прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааны улмаас шүүхээс буцаасан хэргийг заавал мөрдөх байгууллагад ирүүлж хугацаа алддаг явдал байгааг анхаарч мөрдөх байгууллагад шилжүүлэхгүйгээр тухайн прокурорын байгууллагаар нь засуулдаг зохицуулалт хуулийн өөрчлөлтөөр оруулах шаардлага харагддаг. Шүүгч бол шударга ёсны баталгаа байх учиртай, хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлсөн бол нөлөөллийн мэдүүлгээ бичээд шударгаар шийдвэрлэх ёстой. Шүүгчийн бичсэн нөлөөллийн мэдүүлэг судалгаанаас харахад харьцангуй цөөн харагддаг. Тэгэхээр нөлөөлөл бага байдаг байх гэж итгэдэг.
-Албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн, ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн шалгадаг талаар мэдээлэл өгөөч.
Манай байгууллагын бүтэц, зохион байгуулалтын нэгжид Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс гэж бий. Тэр хэлтэст албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулж, хэрэгжилтийг хангах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан дүгнэлт хүргүүлэх чиг үүрэгтэй Хяналт шалгалтын алба, ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулах үйл ажиллагааг байгууллагын түвшинд зохион байгуулдаг 1700 гаруй эрх бүхий албан тушаалтанд арга зүйн зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, мэдүүлэгт дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэй Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба гэсэн хоёр албатай.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 322 өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэн, 6472 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан хүргүүлж, гомдол, мэдээлэл болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 124 албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан байгаа. Иргэд, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тухай мэдээллийг энэ хэлтэст гаргаж шалгуулах эрх нь нээлттэй.