“Тод каннам” гоо заслын эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс шүүх хурал хойшилсон асуудлаар тодруулга, тайлбар авлаа.
-“Тод каннам”-ын гэх эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдэлгүй жил гаруй сунжирч байна. Хэд дэх удаагаа хойшлоод байна вэ?
-Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр анх хүлээн авсан. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш уг хэргийн шүүх хуралдаан 9 удаа хойшилсон байна.
-Ямар шалтгаанаар ийм олон удаа хойшилсон юм бол?
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс нийт 7 удаа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй хэмээн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан 9 удаа хойшилсны 7 нь хохирогч талын хүсэлтээр гэсэн үг.
-Уг хэрэг мөрдөн байцаалтад бас буцсан санагдаж байна?
-2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас 4 үндэслэл бүхий шалтгаанаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн л хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангасан явдал юм.
- Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэдийд хэрэг шүүхэд шилжиж ирэв?
-Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусгаад яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны долдугаар сарын 8-нд дахин ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, 2021 оны наймдугаар сарын 20-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр товлосон ч, тодорхой хэд, хэдэн үндэслэлээр хойшилж, товыг жич зарлахаар болсон.
-Шүүх хуралдаан хойшлох нь тодорхой бол хэргийн оролцогчдод урьдчилаад мэдэгддэг үү. Өнгөрсөн баасан гаригт товлогдсон шүүх хуралдаанд оролцох прокрор ээлжийн амралттай байсан гэх юм?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр товлон зарлаж, шүүгчийн туслах талуудад доод тал нь 7 хоногийн өмнө хурлын товыг мэдэгдсэн. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож буй прокурор Ш.Алтанцэцэг хуульд заасан ээлжийн амралттай байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүх хуралдаан болох өдөр тус шүүхэд ирүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс иргэний хариуцагч Д.Тоднямыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шинжээч Б.Байгальмааг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтүүд гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, талуудаас иргэний хариуцагч, шинжээч нарыг оролцуулахаар шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар шийдвэрлэсэн байна.
-Шүүгдэгчдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?
-Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, мөн сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөгдөж буй. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар маргаж буй хэрэгт шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа буюу гэм буруугийн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өршөөлийн хуульд хамруулсан, шүүх хуралдаанаас өмнө хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хэн нэгэн этгээдийн нөлөөлөл байгаа мэтээр гүтгэлгийн шинжтэй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан хараат бус байдалд нөлөөлж, дарамт шахалт үзүүлж буйн хэлбэр гэдгийг анхаарах шаардлагатай.