Азийн шатрын холбооноос өнгөрсөн долдугаар сард www.tornelo.com сайтад зохион байгуулсан Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах цахим тэмцээнд 24 улсын 80 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 17 насны ангиллын ганцаарчилсан төрөлд “Босоо ноён” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Н.Батболд түрүүлж, аваргаар шалгарсан юм. Тэрбээр ерөнхий боловсролын “Наран” сургуулийн 11а ангид сурдаг. Уг тэмцээнд өмнө нь есөн настайдаа оролцож, мөнгөн медаль хүртсэн, 2015 онд болсон Монголын хүүхдийн спортын V наадам, 2016 онд сурагчдын УАШТ, 2017 онд “Цагаан бэрс” УАШТ-ий рапид, блиц төрөлд тус бүр хошой алтан медаль зүүсэн түүнийг “Залуус” буланд урилаа.
-Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд шилдгүүд оролцдог. Тамирчид олон шалгуур давж, өрсөлдөх эрх авдаг юм билээ.
-Үүнээс өмнө Монголд болсон сонгон шалгаруулах тэмцээнд 10 гаруй хүүхэд тоглоход би түрүүлж, дээрх тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон юм.
-Эхний өргөөс л хүчтэй өрсөлдөгчтэй таарав уу?
-Цар тахлын улмаас томоохон тэмцээнүүд цуцлагдсан тул оролцолгүй удсан. Ираны шатарчинтай эхний өргөө эхлүүлэхдээ бага зэрэг сандарсан. Тэр үед хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр энэ улсын тамирчдыг нэрлэж байв. Өрсөлдөгч минь тоглолтоо сайн тооцоолсон тул хожиход амаргүй болж, тактикаа өөрчилсөн. Миний хувьд гараагаа амжилттай эхлүүлж, дунд хэсэгт хожих төлөвлөгөөтэй байлаа. Түүнийг тактикийн алдаа гаргахад нь хожлыг өөрийн талд эргүүлсэн. Бид өмнө нь таарч байгаагүй. Гэхдээ өргүүдийг нь интернэтээс харж, арга барилыг нь судалж амжсан.
-Тэмцээний үед дэргэд тань хэн байж хурцалсан бэ?
-Томоохон тэмцээний өмнө Э.Энхнар багштай зөвлөлддөг. Энэ удаа ч ярилцсан. Багш өргийг минь хараад “Чи олон сар тэмцээнд оролцоогүй болохоор сандарч байна. Анхаарлаа төвлөрүүлж тоглохыг хичээгээрэй” гэсэн.
-Хамгийн сонирхолтой тоглолт аль улсын тамирчных байв?
-Миний дараагийн учраа мөн л Ираны тамирчин байсан. Тэрбээр байнга түрүүлдэг шилдэг шатарчдын нэг. Түүнтэй III өрөгт таарсан. Би тоглолтын дунд үед идэвх гаргасан ч сайн төвлөрөөгүй. Цаг өндөрлөх дөхөхөөр яарч буруу нүүдэл хийх хамгийн эрсдэлтэй. Тиймээс олонх тамирчин мэдрэмжээрээ нүүдэг. Тэрбээр надтай тэнцэхдээ сандарч, алдаа гаргаснаар ялагдсан. Тамирчин хүнд ухаан, ур чадвараас гадна тэр өдрийн аз нөлөөлдөг. Түүнийг хожиход тийм л аз ивээсэн хэрэг.
-Шийдвэрлэх мөчид ямар тактикаар өрсөлдөгчөө буулгаж авсан талаар яриач?
-Сүүлчийн өдөр зургаа дахь өргөө тоглож байтал миний “zoom” гацчихав. Монголын шүүгч И.Отгонбат ах тэр үед тусалснаар долоо дахь өргөө 10 минутын дараа эхлүүлсэн. Тоглолтын цаг бага үед хожил, хожигдлын тухай бодохоос илүү зүгээр л зоригтой байхыг чухалчилсан. Гараан дээр бодох цаг надад байгаагүй. Бодох тусам хугацаа алдах тул мэдрэмжээрээ нүүсэн. Өрсөлдөгч миний цагийг явуулах бодлоготой хурдан нүүгээд байлаа. Тэрбээр яарснаасаа болж нүүдлээ буруу хийж, тоглолтын дунд хэсэгт ялагдсан. Энэ тэмцээнд надаас гадна манай гурван тамирчин өрсөлдсөн.
-Түрүүлэх агшинд юу их бодогдсон бэ?
-Сүүлийн хоёр өрөгт сонирхолтой олон зүйл өрнөсөн. Хожлын өрөгт өмнөхөөсөө муу тоглосон. Тэр үед хожчихвол боллоо гэсэн бодол төрөөд байлаа. Үүнийг өрсөлдөгч минь анзаарч, намайг жаахан хүүхэд хожиж буй мэт төвөггүй ялсан. Тэмцээнд тэмцэлгүй хожигдох урамгүй. Өмнөх өргүүд бодогдож сэтгэл ч тавгүйтдэг. Хожлыг шийдэх аваргын төлөөх өрсөлдөөнд өөртөө найдаж, хар, хоргүй тоглохоор шийдсэн. Сайн байрлал авч, тайван нүүсэн. I ширээн дэх хоёр тамирчны хар талаас тоглосон нь надад хожих боломж олгосон юм. Түрүүлэх магадлалтай тамирчны өргийг ч үзэлгүй мэдрэмжээрээ тоглосон. Тэгээд тэмцээний дараа дүнгээ сонсохоор хүлээсэн дээ.
-Азийн аваргаар тодорсон баярт мэдээг ээжээсээ сонссон гэл үү?
-Тийм ээ, өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Эхний гурван байрт орсон байх гэж бодсон болохоор мэдээг ч хармаагүй санагдсан. Тэгтэл ээж түрүүлсэн тухай хэлж баярлуулсан.
-Хэдэн настайдаа шатар тоглож, хөлөг дээр нүүж сурсан бэ?
-Дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Таван настайдаа тэмцээнд оролцдог болсон. Аав, ээж минь үргэлж тусалж, дэмжсээр ирлээ. Хаана шатрын тэмцээн болно тэнд ээж намайг дагаад л явна. Оюуны спортын талбарт тамирчны баяр хөөр, гуниг хэрхэн өрнөдгийг багаасаа мэдэрсэн. Шантрахад гэрийнхэн минь урам өгдөг. Надад шатрын нүүдэл анх заасан хүн бол Монголын хүүхдийн ордны багш, олон улсын шүүгч Ш.Батбилэг. Дараа нь ур чадвараа ахиулахаар Ц.Довдон багшийн удирлагад нэг хэсэг хичээллэж, Дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаагийн шавь болсон. Би багшийнхаа отгон шавь нарын нэг. Ур чадвар ч сайжирч, гадаадын тэмцээнд нэг бус удаа чамлахааргүй амжилт гаргасан. Өнгөрсөн жилээс Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар багшийг сонгож, бэлтгэл хийж байна. Багш болгоны заах арга барил өөр. Миний хувьд арга барилаа өөрчилж тоглох дуртай.
-Багш нараас хэн нь өвөрмөц арга барилтай вэ?
-Э.Энхнар. Н.Төвсанаа багшийн удирдлагад хичээллэхдээ битүү гараагаар тоглодог байсан. Хожсон өрөг ч цөөнгүй. Одоо тооцоолох бэлтгэл түлхүү хийдэг. Урьд нь өмнөх өргөө бодож, анхаарлаа төвлөрүүлэхгүй ялагддаг байв. Бухимдсандаа шатаж тоглосоор тэмцээнээ өндөрлүүлчихнэ. Тооцоон дээр суурилж задгай байрлалтай, олон арга барилаар тоглож сурах хэрэгтэй. Надад хожих нь тодорхойгүй байрлалаар тоглох сонирхолтой санагддаг. Шатарчид ур чадвараа харуулахын тулд тооцооны тулаан хөлөг дээр өрнүүлдэг юм. Шатар заасан гурван багшийн минь эрдэм хэрэг болдог.
-Сая болсон тэмцээнээс өмнө нь мөнгөн медаль хүртсэн үү?
-Есөн настайдаа Ази тивийн сурагчдын АШТ-д анх оролцохдоо мөнгөн медаль зүүж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн. Би тэр үед Н.Төвсанаа багшаас их зүйл сурсан. Намайг өрөг болгонд зоригжуулж оруулдаг. БНХАУ-ын тамирчинтай дөрвөн цаг тоглож, тэнцээгээр өндөрлөсөн. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж, алт болгосондоо сэтгэл өндөр байгаа. Намайг тэмцээнд өрсөлдөхөд ах, дүүс минь сонирхож үздэг. Цахимаар тоглоход зарим нь үзэж амжаагүй ч түрүүлснийг сонсоод баяр хүргэсэн.
-Үеийнхээ тамирчдаас суралцах зүйл бишгүй байдаг биз?
-Миний насныхнаас Г.Амартүвшин, С.Чингүүн, Э.Энх-Од гээд таван тамирчин тогтмол хичээллэдэг. Бид улсын аварга болон бусад тэмцээнд тэргүүн байр эзлэхээр өрсөлддөг. Э.Энх-Од бол Э.Энхнар багшийн төрсөн дүү. Г.Амартүвшин, С.Чингүүн нар “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч, их мастер Б.Гүндавааийн удирдлагад хичээллэдэг. Тус клубийнхэн шатрын томоохон тэмцээнээс олон түрүүтэй. Манай дээд үеийнхнээс Д.Батсүрэн шилдэг нь. Тэрбээр Монголын эрэгтэй шатарчдын дээд амжилтыг эвдсэн хамгийн залуу их мастер. Сайн тооцоолж, тоглолтын дунд үед ямар стратеги төлөвлөгөө гаргахаа мэддэг.
-Грект зохион байгуулсан ДАШТ-д багштайгаа хамт явж, оролцсон байх аа?
-Тэгсэн. 2010 онд БНСУ-д зохион байгуулсан Ази тивийн АШТ-д оролцчихоод дараа нь Грект болсон ДАШТ-д өрсөлдсөн. Тэр үед 10 настай байлаа. Өмнөд хөршийн тамирчинд эхний өрөгт хожигдож, дараагийнхад нь тэнцсэн. Тэгээд дөрөв дараалж хожоод, Бельгийн шатарчинтай таарч зургаан цаг, 30 минут тоглосон. Тэрбээр насныхаа ангилалд нэртэй тамирчин. Тэмцээний талбарт би үлдсэн байв. Тэнд байсан шатарчид бидний өргийг харахаар тойрон бүчсэн. Сүүлчийн нүүдлээ хийж, түүнийг хожчихоод гар барих мөчид догдолсондоо хашхирмаар санагдаж билээ. Багшдаа хожсоноо дуулгахаар баярласандаа яаран гүйсэн. Европ хүүхдүүд стратеги сайтай. Гараагаа зөв эхлүүлж, тэмцээний дунд үе хүртэл сайн тоглодог. Тэгвэл Азийнхан тооцоолон бодохдоо гаргууд. Тэр дундаа Хятадын тамирчид багийн тоглолтод тэргүүлсээр байгаа.
-Цахимаар болон танхимд шатар тоглохын аль алинд нь давуу тал бий юү?
-Цахимаар шатар тоглох амаргүй. Компьютерын дэлгэц олон цаг ширтэхээр нүд өвддөг. Удаан суухаар толгой эргэнэ. Гар халтирснаас буруу нүүх тохиолдол бий. Шийдвэрлэх тоглолтод буруу дарвал буцах аргагүй. Тиймээс бүх зүйлийг сайн тооцоолж, анхаарлаа сарниулж болохгүй. Тоглолт ид өрнөж байхад интернэт салах хамгийн хэцүү. Саяхан болж өндөрлөсөн “Дэлхийн цом 2021” тэмцээнд Кубын тамирчинтай тоглож байтал интернэт тасарч харамсалтайгаар хожигдсон. Түүнийг хожих байрлалтай байсан ч өөрөөс шалтгаалахгүй зүйлээс болж ялагдсан. Европын тэмцээн Монголын цагаар шөнө болдог. Амарч байх цагт тоглохоор нойр хүрдэг, унтсан ч өглөө тавгүй босдог юм. Танхимаар тоглох нь давуу талтай. Өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад нүүхэд итгэл төрдөг. Ялах мөчид төрсөн баяр хөөр, догдлолыг юутай ч зүйрлэмгүй. Монголд зохион байгуулдаг шатрын УАШТ Азийн тоглолтоос дутахааргүй болдог. Үеийнхээ шатарчидтай багаасаа тоглосон болохоор арга барилыг нь мэднэ. Тэд ч гэсэн арга барилаа өөрчилсөн байдаг. Шатрын тэмцээнд хагас шигшээгийн тоглолт ширүүн болдог. Гал гарсан тоглолтыг хагас шигшээд тунасан тамирчдаас олж харна. Өсвөрийн тамирчдаас Г.Амартүвшингийн тоглолт тун сонирхолтой. Тэрбээр насныхаа ангилалд хүчтэй өрсөлдөгч. Амжилтаа цааш ахиулбал ирээдүйд их мастер болно гэж боддог. Шатар намайг олон талаар өөрчилж, зөв зүйлд сургасан. Хүнийг төлөвшүүлж, эерэг хандлагатай болгодгоороо оюуны спорт гайхамшигтай.
-ОХУ-ын Сочи хотод өнгөрсөн наймдугаар сард болсон Дэлхийн цомын АШТ өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн. Энэ удаа Польшийн их мастер Жан-Кшиштоф Дуда Норвегийн дэлхийн аварга, их мастер Магнус Карлсеныг хожиж, аваргаар тодорсон нь шатрын ертөнцөд багагүй шуугиан тарилаа шүү.
-Би чансаагаараа тэргүүлдэг шатарчдын тоглолтыг сонирхож хардаг. Дэлхийн шилдгийн шилдгүүдээс амжилтаараа тэргүүлдэг Норвегийн дэлхийн аварга, их мастер Магнус Карлсеныг X байрт жагсдаг Польшийн их мастер Жан-Кшиштоф Дуда хожсон нь олныг алмайрууллаа. Дуда түүнийг тус тэмцээний хагас шигшээ тоглолтод ялсан нь шатрын ертөнцөд шуугиан тарьсан. Эхний тоглолтод тэнцсэний дараа өрсөлдөгчөө тэрбээр маш сонирхолтой нүүдлээр төгсгөлд нь хожиж, нийлбэр дүнгээр 2.5:1.5 харьцаатай ялсан юм. Үүгээрээ Польшоос Дэлхийн цомын финалд анх удаа шалгарсан. Тэрбээр 2013 онд 15 настайдаа их мастер цол хүртэж, 2014 онд Европт болсон шатрын рапид тоглолтын аваргаар шалгарсан амжилттай. Магнус Карлсены тоглолтыг үзэж суухдаа тухайн үед “Тэр тун эвгүй байна даа. Дудад хожигдох вий” гэх мэдрэмж төрсөн. Гэхдээ ялна гэдэгт нь итгэж байлаа. Дараа нь өргийг нь хараад миний мэдрэмж зөв байжээ гэж бодсон. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлж эрэгтэйчүүдээс их мастер Д.Батсүрэн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс олон улсын мастер Т.Мөнхзул, их мастер Б.Мөнгөнтуул нар өрсөлдсөн.
-Азийн тамирчдаас БНХАУ-ын Дин Ли Жэнь тун өвөрмөц, содон тоглолттой. Түүний арга барилыг судалдаг уу?
-Миний шүтдэг тамирчин. Гадаад чансаагаар дэлхийн шилдгүүдээс тавд жагсдаг. Түүний гараа төгс гэмээр. Өрсөлдөгчөө алгуур хожиж, ялалтыг гартаа оруулдаг онцлогтой. Түүнээс суралцах зүйл их бий. АНУ-ын Сэм Шенклендийн тоглолтын хэв маяг өвөрмөц, санаанд багтамгүй этгээд нүүдлүүдийг хийдэг. Түүнээс тоглолтын гоё санаануудыг Дэлхийн цомын тэмцээний үеэр олж харлаа.
-Бэлтгэл байнга хийдэг шатарчинд чөлөөт цаг ховор гардаг байх.
-Зуны амралтаа шатрын бэлтгэлд зориулдаг. Бэлтгэл байнга хийх ёстой. Ингэх нь амжилт гаргахад нөлөөлнө. Долоо хоног бэлтгэл хийхгүй өнжвөл цаг хугацаа явахгүй байгаа мэт санагддаг. Ангийнхантайгаа ойр нөхөрлөдөг болохоор намайг ойлгож дэмждэг юм. Хичээлтэй үед тэмцээнд оролцох амаргүй. Сургуулийнхаа удирдлага, багш нартай уулзаж, чөлөө авдаг. Гадаадад бол сургуулиа орхиод зөвхөн шатраар дагнаж хичээллээд амжилт гаргасан тамирчид бий. Миний хувьд хичээлээсээ хоцрохгүй, тэмцээнээ ч өнжихгүйг хичээдэг. Гэхдээ санаснаар болохгүй үе бий. Монголд шатрыг спортын бусад төрөл шиг дэмждэггүй. Би ирээдүйд IT-гийн чиглэлээр суралцана.
-Завтай үедээ дүүдээ шатар тоглохыг заадаг уу?
-Би айлын ууган хүү, нэг дүүтэй. Дүү минь энэ жил I ангийн сурагч боллоо. Миний зааснаар шатар тоглодог ч их хөдөлгөөнтэй тул одоохондоо сууж сураагүй байна. Хааяа зав гарвал клубийнхээ тамирчидтай сагсан бөмбөг тоглодог. Чөлөөт цагаараа төгөлдөр хуурын аялгуу сонсох дуртай. Шатраас гадна волейбол, хөлбөмбөг сонирхдог.