“Уран бүтээлч” буландаа СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн удирдлагад төгсөж, өнгөрсөн оноос “Улаан байшин”-гаар овоглож буй Г.Номин-Эрдэнийг урилаа. УДЭТ-ын 90 жилийн ойд зориулан Төрийн шагналт Н.Наранбаатарын найруулж буй “Хаадын хаан” жүжгийн Бөртэ хатны дүрээр тэрбээр үзэгчидтэй тун удахгүй “уулзах” юм.
-Яагаад жүжигчний мэргэжил сонгож, эзэмшсэн юм бэ?
-Би нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн. Манай уран зохиолын багш намайг утга зохиол, яруу найрагт дурлуулсан. Дотоодын болон дэлхийн алдартай зохиолчдын бүтээлүүдээс уншуулж, номтой нөхөрлүүлсэн юм. Багш хичээлээ сонирхолтой болгох үүднээс биднийг УДЭТ, Улсын хүүхэлдэйн театрт хүүхдийн болон хүүхэлдэйн жүжиг үзүүлдэг байлаа. Тэр үеэс л театр сэтгэлд дотно санагддаг болчихсон. Тэгж явсаар ахлах ангидаа урлагт илүү дурлаж, жүжигчин болохоор шийдэн, төгсөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Н.Ганхуяг багш нарын удирдлагад СУИС-ийн элсэлтийн шалгалтад бэлдэж, шалгуулаад тэнцсэн.
-УДЭТ-т үзсэн хамгийн анхны жүжиг нь юу байсан бол?
-Хамгийн анх Х.Андерсоны “Лусын дагина” хүүхдийн жүжиг үзсэн. Театрын үүдээр ороход нэг их гоё үнэр ханхалсныг мартдаггүй. Бас Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжиг үзсэнээ үргэлж санадаг. Б.Лхагвасүрэн гуайн бүтээлүүдийг унших их дуртай. Түрүүн хэлсэнчлэн уран зохиолын багшийн минь л нөлөө.
-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юү. Жүжигчин болно гэхэд хэр дэмжсэн бэ?
-Намайг үргэлж дэмждэг. Миний ээж Монгол Улсын консерваторт багшилдаг. Хоёр дүү минь төгөлдөр хуурч. Ээжийн талын хамаатнууд дунд хийлч, морин хуурч гэхчилэн хөгжимчин олон бий. Хөгжимчдийн дунд өссөн минь жүжигчин болоход ч эергээр нөлөөлсөн болов уу. Мэдрэмжтэй, сонсгол сайтай байх, анхаарлаа төвлөрүүлэх гээд олон дадлыг надад суулгасан гэж боддог.
-“Улаан байшин”-гийн босгыг хэрхэн давсан тухай ярья.
-Их догдолсон. СУИС-д суралцаж байхдаа л төгсөөд заавал УДЭТ-т шалгуулна гэж боддог байлаа. 2016 онд сургуулиа төгссөн боловч өөрийгөө чамлаад байсан юм. Харин өнгөрсөн жил л шалгуулахаар зориглосон. Театрын студи ангийн жүжигчнээр тэнцсэн талаараа сонсоод хагартлаа баярласан.
-Театрын жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Ажиллах нь түүнээс өөр байна уу?
-СУИС-д оюутан байхаасаа студи, продакшнд ажиллах нь бий. Цөөн хэд нь хоёр жилд нэг удаа УДЭТ-т шалгуулж, ордог. Үлдсэн нь чөлөөт уран бүтээлч болдог. Гэхдээ олонх нь УДЭТ-ын босго давахыг хүсдэг гэхэд хилсдэхгүй. Мөрөөдөж байсан газартаа ажиллаад сайхан байна.
-УДЭТ-ын босго даваад ямар уран бүтээлээр тайзан дээр гарсан бэ?
-Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн олны хэсэгт тоглож анх тайзнаа гарсан.
-УДЭТ-т хөл тавиад удалгүй энэ онд үзэгчдэд хүргэх “Хаадын хаан” түүхэн жүжгийн гол дүрд тоглох боллоо. Сандарч байна уу, эсвэл догдолж байна уу?
-Юуны түрүүнд том хэмжээний уран бүтээлийн гол дүрд тоглох боломж олгосон, итгэл хүлээлгэсэн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар болон хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн итгэлийг нь алдалгүй хичээж ажиллахаа амлая. Найруулагчийг жүжигт тоглох уран бүтээлчдийг зарлахаас өмнө бид зохиолоо уншчихсан. Нас залуу хэдий ч уран бүтээлч л юм хойно зохиол уншихдаа эмэгтэй дүрүүдийг илүү шохоорхож, “Бөртэ хатны дүрд тогловол гоё” гэж мөрөөдөж байлаа. Гэсэн ч туршлагатай жүжигчин олон учир горьдоогүй. Найруулагчийг “Бөртэ хатны дүрд Номин-Эрдэнэ тоглоно” гэж зарлахад юу гэхээ мэдэхгүй хэсэгхэн сандарсан, бас их баярласан. Одоо харин хариуцлагаа ухамсарлаж, ард нь амжилттай гарахыг хичээж байна.
-Тайз болон дэлгэцийн уран бүтээлд Бөртэ хатны дүрийг бүтээсэн ахмад, туршлагатай уран бүтээлчдээс үг сонсов уу. Таны үзэгчидтэй “уулзуулах” Бөртэ ямар онцлогтой байх бол?
-Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын туршлагатай жүжигчний эл дүрд тоглосныг үзэгчид сайн мэднэ. Дүрээ маш их судалж, тоглосон нь ойлгомжтой. Би ч чадлынхаа хэрээр судалж явна. Тухайн үеийн монголчуудын аж байдал, зан төлөв тэнгэр шүтлэгтэйгээ хэрхэн холбогдож байв, яагаад Хонгирад аймгийн эмэгтэйчүүдээс хатан буулгадаг байсан, тэр дундаа Бөртэ хатны ертөнцийг үзэх үзэл, мөн чанарын талаар судалж байна.
-Театрын урын санд багтдаг атал сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз?
-Боломж олдвол У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд тоглох сон. Яагаад ч юм бэ энэ дүр надад цагаан цэцэг мэт санагддаг юм.
-Жүжиг болгож амилуулаагүй сор зохиол олон бий. Энэ зохиолын тэр дүрд тоглох сон гэж хорхойсдог нь байдаг уу?
-Ф.М.Достоевскийн романуудад дуртай. Ялангуяа түүний “Солиот”-ыг жүжиг болговол тоглохыг мөрөөддөг.
-Дэлгэцийн уран бүтээлийн санал ирж байна уу?
-Киноны гол дүрд тоглож үзээгүй. Санал хааяа ирдэг ч театрын уран бүтээлийн хажуугаар амжуулах хэцүү. Юм бүхэнд оролцож олны танил болох нь чухал биш, аль болох чамбай, чадвартай байх нь надад эрхэм санагддаг. Ингэж ярихаар хүмүүс залуу, туршлагагүй хүн байж гээд шүүмжилж магадгүй л юм.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?
-Хүндэлж, биширч явдаг хүн олон бий. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд багшийг биширдэг. Зөвхөн уран бүтээлч талаас нь бус, хувь хүнээс нь ч үлгэрлэдэг. Түүнийг явсан газар бүртээ бусдыг дагуулдаг, гэрэлтүүлдэг, жинхэнэ эмэгтэй хүн, уран бүтээлч гэж боддог.
-Тайзан дээр хамт тоглохыг хүсдэг жүжигчин бий юү?
-Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтай хамтран тоглохыг хүсдэг. Түрүүн “Гамлет” жүжгийг дурдсан нь ч ийм учиртай.
-Гадаадын театрууд, театрын шинэ төрөл, тоглолтын талаар судалдаг уу?
-Би олон газарт очиж үзээгүй л дээ. Багаасаа Оросын уран зохиолд дурласан болохоор ч тэр үү, тус улсын театрууд их таалагддаг. Оюутан байхдаа ОХУ-ын Кемерово хотын театрын сургуульд мастер хичээлд хамрагдсан юм. Тэр үед өөр урсгалуудаар тоглодог хувийн театруудынх нь тоглолтыг үзсэн. Мөн Өмнөд Солонгосын театрууд таалагддаг.
-Өнгөрсөн хавар уран бүтээлчдийн дунд болсон монологийн уралдаанд А.П.Чеховын “Цахлай” жүжгээр оролцсон нь оросын зохиолуудад дуртайтай нь холбоотой юу?
Дуртайгаас гадна “Цахлай” бол миний тоглохыг хүсдэг жүжгүүдийн нэг. Оюутан байхдаа “Цахлай”-н хэсгүүдээс өөр өөр маягаар тоглож байсан юм. Тус жүжгийн Нина Заречнаягийн дүр эмэгтэй жүжигчний шандас сорьдог гэж боддог.
-УДЭТ-ын олонх жүжигчин нэг хүний жүжгийн төрлөөр урын сангаа тэлдэг. Та жүжгийн энэ төрлийг сонирхдог уу?
-Сонирхдог. “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадмын үзэгч. “Зуун иений тус” гэж Японы зохиолыг нэг хүний жүжиг болгож тоглоно гэж боддог. Бас Жан Коктогийн “Хүний дуу хоолой”-г хоёр хүний жүжиг хэлбэрээр тоглохыг хүсдэг.
-Уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж та боддог вэ. Таны баримталдаг зарчим юу вэ?
-Яг л түрүүн хэлснээ давтах гээд байна. Жүжигчин, тэр дундаа эмэгтэй жүжигчин хүн яг л Н.Сувд багш шиг байх хэрэгтэй гэж зүйрлэдэг. Тиймээс ч түүнээс үлгэрлэдэг.
-“Театр бол жинхэнэ урлагийн сүм”, “Театр нь тусгал толь биш, харин томруулдаг шил” гэхчилэн зүйрлэдэг. Жүжигчид ч театрын талаар өөрийнхөөрөө тайлбарласан нь бий. Харин таныхаар театр гэж юу вэ?
-Бид бүгд нийгмийн дүр. Театр бол тэдгээр дүрийг өөрсдөд нь үнэнээр харуулж чаддаг, хамгийн шударга газар гэж би боддог.