Монгол Улсын Хөгжлийн банкийг өдгөөгөөс 10 жилийн өмнө байгуулсан. Үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улсын хөгжлийг дэмжих банк шаардлагатай гэж олон нийт үзэж байлаа. Тэдний энэ л хүсэл эрмэлзлийн долгион Хөгжлийн банкийг байгуулахад хүргэсэн. Хөгжлийн банкны тухай хуульд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар тусгасан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкийг шинэчлэх стратеги танилцуулаад байна.
Эл банкийг ЭКСИМ буюу экспорт, импортын банк болгон өөрчлөх стратеги боловсруулжээ. Төвбанкныхан тус банкны активын чанарыг ангилж эхэлсэн. Энгийнээр хэлбэл, чанартай, чанаргүй зээлийг нь ялгаж байгаа гэсэн үг. Цаашдаа энэ банкийг хэрхэх гэж буйг тааж ядах зүйлгүй. Муу активыг нь ялгаад Хөгжлийн банканд үлдээнэ. Тэгээд учрыг нь олох гэж удна. Сайн активыг нь ялгаж аваад ЭКСИМ банк байгуулна. Байгуулаад 10 жил болсон Хөгжлийн банк ийнхүү түүх болон үлдэх нь.
Хөгжлийн банкны нийт актив гурван их наяд төгрөгт хүрсэн. Үүний 1.3 их наяд төгрөг нь чанаргүй зээл гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тус банк өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ямар нэгэн дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Санхүүжилт татаагүй, зээл олгоогүй. Хуульд ашгийн төлөө этгээд байна гэж тусгасныг дээр дурдсан. Ашгийн төлөө санхүүгийн байгууллага ямар нэгэн санхүүжилт татахгүй, зээл олгохгүй бол дампуурах нь ойлгомжтой. Уг банкны чөлөөт хөрөнгө буюу дансан дахь бэлэн мөнгийг арилжааны банкуудад байршуулж хүү тооцуулдаг байжээ. Тэгвэл өмнөх удирдлага нь арилжааны банкуудыг дэмжээд байна гэсэн үндэслэлээр Монголбанканд данс нээн хүүгүйгээр байршуулах болсон аж. Ингэж орлогынх нь нэг сувгийг хаажээ. Хөгжлийн банкныхныг зүгээр сууж байх үед цар тахал дэгдлээ. Хил, гааль хаагдаж, олон аж ахуйн нэгжийн орлого буурсан. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн орлого ч буурч, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй хүндэрсэн нь дамжиггүй. Ийм тохиолдолд Хөгжлийн банкны муу зээлийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой.
Эх сурвалжийн мэдээлснээр Хөгжлийн банкны өмнөх удирдлага зээлдэгчдэдээ хатуу ханджээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралд өртөж, санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгч¬ дийнхээ зээлийн хугацааг сунгаагүй байна. Мөн зээлийн төлбөрийг нь хэсэг хугацаанд хойшлуулах гэх мэт ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй аж. Харин зээлээ төлөх ёстой гэж “дарамтлан”, чадахгүй бол хууль хяналтын байгууллагад хандаж байжээ. Эдийн засгийн хямралын үед ийнхүү хатуу хандах нь аль алиндаа ашиггүй нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, ийм арга хэмжээ авч ажиллаагүй нь Хөгжлийн банкийг бодлогоор удирдаж байсан Засгийн газрын гишүүдийн далд санаатай ч холбоотой байж мэднэ.
Хөгжлийн банкны муу гэсэн ангилалд багтаж буй томоохон зээлүүдийг тоймлон харъя. “Төрийн орон сууцын корпорац” хямд өртөгтэй орон сууц барихын тулд Хөгжлийн банкнаас 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авчээ. Эл мөнгөөр “Буянт-Ухаа-I”, “Буянт-Ухаа-II” гэх мэт орон сууцын хороолол барьсан. Гэвч авсан зээлээ төлөөгүй. Засгийн газраас “Төрийн орон сууцын корпорац”-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийг төсөвт суулгаж төлнө гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэрээ хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлчихээд өөрт ногдсон үүргээ биелүүлдэггүй гэсэн үг.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг 30 жилийн хугацаатай эзэмших-шилжүүлэх концессоор эзэмшиж буй толгой компани нь Хөгжлийн банканд 200 тэрбум төгрөгийн өртэй. Мөн “Хөтөлийн цемент шохой” компани 270 орчим тэрбум төгрөгийн өртэй болсон. Эдгээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэгдэж буй Д.Эрдэнэбилэгийн мэдлийн компани. Засгийн газар Д.Эрдэнэбилэгийн хөрөнгө оруулсан “Монголын зэс корпорац”-ыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр төрийн мэдэлд авсан. Одоо “Эрдэнэт үйлдвэр” нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай үйл ажиллагаа явуулж байна. “Монголын зэс корпорац” хувьцааны 49 хувийг худалдаж авахын тулд ОХУ-ын “Ростехнологи” компанид 400 сая ам.доллар төлсөн. Д.Эрдэнэбилэгийн төлсөн мөнгийг Засгийн газар Хөгжлийн банкнаас авсан зээлээр нь төлнө гэж шийдвэрлэсэн. Ингэснээр мөнөөх компани болон “Хөтөлийн цемент шохой” зээлээ төлөхөө больсон юм. Тэгэхээр Хөгжлийн банкны муу зээлийн 800 орчим тэрбум төгрөг нь Засгийн газартай холбоотой байгаа биз.
Дээрээс нь “Эрэл” компанитай холбоотой зээлийг дурдаж болно. Тус компани “БҮК-1” төсөл хэрэгжүүлж, хуучин байшин үйлдвэрлэх комбинатад барилгын хавтан үйлдвэрлэх орчин үеийн технологи суурилуулсан. Германы дэвшилт технологи суурилуулахад зориулж Хөгжлийн банкнаас 160 тэрбум орчим төгрөг зээлсэн юм. “Эрэл БҮК-1” үйлдвэр нь жилд 250 мянган ам метр орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн дөрвөн улиралд барих хүчин чадалтай болов. Уг нь Засгийн газар үйлдвэрлэсэн хавтанг нь орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга хурдан хугацаанд барихад ашиглана гэж тохиролцсон байлаа. Нэг ёсондоо Засгийн газар захиалагч, “Эрэл БҮК-1” нийлүүлэгчээр ажиллахаар тохиролцсон. Гэтэл Засгийн газар хавтангаар барилга барих төсөл хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, “Эрэл” компанид молиго үмхүүлсэн хэрэг.
“Эрэл” компанийн хөрөнгө оруулагч Б.Эрдэнэбат “Хэрэв Засгийн газарт хууртаагүй бол үйлдвэрийн барилгаа агуулах хэлбэрээр ашиглаад, үйл ажиллагаагаа санхүүгийн дарамтгүй хэвийн үргэлжлүүлж болохоор байлаа” гэж ярьсныг эх сурвалж дуулгасан. Нэгэн цагт Монголын томоохон групп компаниудын нэг байсан “Эрэл” өдгөө хэцүү байдалд орсныг хэвлэлийн хуудсанд гарч буй мэдээллээс харж болно. Ингээд 160 тэрбум төгрөг муу зээлд шилжсэн. Хөгжлийн банкны муу зээлийн нэг их наяд орчим нь Засгийн газартай ямар нэг сэжмээр холбогдож байна. Тэгэхээр Хөгжлийн банкийг Засгийн газар дампууруулжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
Мөн “Бэрэн” групп Хөгжлийн банканд 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хү¬ дэр боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан ч зөвшөөрөл олгох гэх мэт Засгийн газартай холбоотой тээг саад гацаасан гэдэг. Хөгжлийн банк зээлээ ам.доллароор олгосон. “Ногоон”-ы ханш сүүлийн жилүүдэд 20-30 хувиар өслөө. Аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөр ийм хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг. “Монцемент” компани ханшийн зөрүүнээс үүссэн 30 сая ам.долларыг нь төлөхгүй гэж маргаан үүсгэсэн. Уг нь бусад орны жишгээр бол Хөгжлийн банкны хэрэгжүүлэх гэж буй төслүүдийн санхүүжилтийг төсөвт тусгадаг гэнэ. Харин Монгол Улсын Хөгжлийн банк гадаадаас санхүүжилт татаж, түүнийг чамгүй өндөр хүүтэй зээлж ирсэн. Одоогийн Хөгжлийн банкны зээл арилжааны банкныхтай бараг адил болсныг анзаарах хэрэгтэй. Товчхондоо, төр байгуулсан банкаа дампууруулчихжээ.