“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1987 онд үүдээ нээсэн. Тус станц долоон зуух, гурван турбингенератортой, 36 МВт цахилгаан, 302 Гкал.цаг дулааны хүчин чадалтайгаар Эрдэнэт хот болон Монгол Улсын Төвийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж ирсэн. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас олгох 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэжээ. Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын арга хэмжээг нээх үеэр"Салбарын 2021-2022 өвөлжилтийн өмнө Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор дотоодын үйлдвэрлэлээс гурав дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчний хэмжээ багасах нөхцөл бүрдлээ. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн болон Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой. Энэ амаргүй цаг хугацаанд том бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн БНХАУ-ын гүйэтгэгч компанид талархал илэрхийлье" гэлээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсөж байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломжийг бүрдүүлж байгаа нь онцгой чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам