“Хүний амьдрал сонин шүү. Улсын сайн малчин аав, ээжийн өргөмөл ганц хүү би хэзээ ч өөрийгөө урлагт хөл тавина гэж төсөөлөөгүй. Аав минь намайг “Миний хүү дээрээ дэлгүй, дороо сүүлгүй, ганц юм” гээд дэргэдээсээ холдуулах тун ч дургүй байлаа” гэсээр жүжигчин Ш.Даваасамба бидний ярилцлага эхэлсэн юм. 1972 онд Увс аймгийн Хөгжимт драмын театрыг байгуулагдахад анхны жүжигчдийнх нь нэгээр шалгаран уран бүтээлийн гараагаа эхэлж, цэл залуу насаа “Үүрийн цолмон”, “Намрын халуун өдрүүд”, “Би нисэх дуртай”, “Тод магнай” зэрэг үзэгчдийн эчнээ мэдэх кинонд мөнхөлсөн, амьдралынхаа 50 жилийг Монголын тайз, дэлгэцийн урлагт зориулсан эрхмийг “Хүмүүс” буландаа урилаа.
-Таны төрсөн нутаг ус, ижий, аавынх нь тухай асуултаар ярилцлагаа эхэлье. Та өргөсөн ээж, аавынхаа ганц хүү нь гэсэн. Харин төрсөн ээж, аавыгаа мэдэж өссөн үү?
-Би Увс аймгийн Өндөрхангай сумынх. Дээхнэ Засагт ханы Ханхөхий уулын хошуу гэдэг байсан юм билээ. Сүүлд засаг захиргааны нэгж өөрчлөгдөхөд Увсад харьяалагдах болсон юм гэсэн. Миний төрсөн аав 1943 оны улсын начин “уран” Малий, ээж Лонх гэж хүн байсан. Эхээс долуулаа. Харин би нагац ахдаа өргүүлж, хүний ганц хүү болж өссөн юм.
-Таныг аравдугаар ангиа төгсөөд хот руу дээд сургуульд явах гэж байхад аав тань болиулсан юм билээ.
-Манайх мал олонтой айл байлаа. Ганцаараа өссөнийг хэлэх үү, малын захтай, ажлын дөртэй болж өссөн. Аав минь багаас л “Хүн ажил хийж байвал хамжилцаж бай. Бусдад тус бол” гэдэг байв. Хот руу сургуульд явах гэхэд “Чамайг яваад эргээд ирэхийг хүлээж дийлэхгүй. Эндээ ажилла” гэхэд нь зөрж чадаагүй юм.
-Амьдралаа урлагтай хэрхэн холбосон бэ?
-Аавынхаа үгэнд орж хөдөө үлдээд, Баруунтурууны сангийн аж ахуйд таван жил тракторчин хийлээ. Ажилдаа ч дасаад, гаршаад овоо болж байв. 1972 оны зун сангийн аж ахуйн төв дээр соёлын арга хэмжээ болно гэхээр нь Б.Хорхой гэж найзтайгаа давхиад очлоо. Манай Баруунтурууныхан бүгд шавчихаж. Тайзан дээр гурав дөрвөн хүн суучихсан, яриа хийж байв. Тэр үед ямар хүмүүс гэдгийг нь таниагүй. Дараа нь мэдэхэд хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, найруулагч Х.Мягмарсүрэн, С.Гэндэн, Г.Дарамзагд гуай нар байсан юм. Хэсэг сууж байгаад тамхилахаар гарах гэтэл сангийн аж ахуйн орлогч дарга Дэмбэрэл гуай бариад авлаа. Тэгснээ “Чамайг дуудуулъя гэж бодож байсан юм. Ашгүй өөрөө хүрээд ирж” гэв. Тэгээд “Манай аймагт театр байгуулагдах гэж байгаа. Залуучуудыг шалгана гэнэ. Заавал шалгуулаарай” гэлээ. Шалгуулахаар орсон хүмүүс 10-аад минут болоод л гарч ирээд байв. Гэтэл манай хамт ирсэн найз ороод таг. 30-аад минут боллоо. Тэгж тэгж хамаг хөлс нь цувчихсан амьтан гарч ирсэн. Араас нь би орлоо. Нямын багш (Ардын жүжигчин Нямын Цэгмид) нутаг ус, аав, ээж, адуу мал, одоо хийж буй ажил төрөл гээд баахан л зүйл асуулаа. Харин Б.Дамдинсүрэн гуай “Дуул” гэж байна шүү. Дууллаа. Гэтэл “Чи уртын дуу мэдэх үү” гэхээр нь “Мэдэхгүй. Гэхдээ аавынхаа дуулж байхыг зөндөө сонссон” гээд л үнэнээ хэллээ. Тэгээд аавын “Бор борын бялзуухай”-г дуулахыг сонсож байснаараа л “аваад хаячихлаа”. Тэгтэл “Энэ дуу хэн хүний аялдаг дуу биш. Сайхан хоолойтой юм байна” гэв. Гарахын өмнө энгэрээсээ жижиг дэвтэр гаргаж, юу ч юм тэмдэглэсэн. Ингэж л 68 хүн шалгуулснаас гурван хүн тэнцсэний нэг нь би.
-Ямар дүрээр тайзан дээр анх гарсан бол?
-Тэрийг мартжээ. Театрынхаа бүх л жүжгийн гол дүрд тоглосон доо, залуудаа. Би гэхдээ театраасаа гурван ч удаа гарахаар оролдоод, чадаагүй юм.
-Яагаад?
-Эхнийхэд нь “Би хөгшин аав, ээжтэй. Ажлаа хийлгүй бол болохгүй нь. Майга хөлтэй, монхор хамартай би л энд дутав гэж” гэтэл халгаасангүй. Найруулагч нэг цаас үзүүлсэн юм. “Би ганцхан драмын жүжигчин олж авлаа” гэсэн Нямын багшийн тэмдэглэл. Өнөө шалгуулаад гарахад дэвтэртээ бичсэн зүйл нь тэр байж л дээ. Хэсэг ажиллалаа. Нэг зун ээлжийн амралтаа аваад Баруунтуруун руугаа тэр чигтээ явчихмаар л байв. Гэтэл бас л найруулагч нэг бичиг үзүүлсэн. Тэр нь “Ч.Гомбын зохиол, Ж.Бунтарын найруулах киноны гол дүрд тоглохоор боллоо” гэсэн бичиг. Ингээд “Үүрийн цолмон” кинонд тоглочихоод, эргээд театртаа ажилласан. 1998 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтад суусны дараа хэсэг дуусан үед нь уран бүтээлд оролцож байгаад бүр больж хот руу нүүж ирсэн юм.
-Тус киноны Дамба даргын залуу, хөгшин дүрд та тоглосон. Идэр насандаа ахимаг эрийн дүрд тоглоно гэхээр сонин, бас төсөөлөхөд бэрх байсан уу?
-Ж.Бунтар найруулагч шийдчихээд л түүндээ бат зогсчихсон. Хүмүүс “Ийм залуу хүнийг настай хүний дүрд тоглуулах гэлээ” гэхэд нь “Би мэдэж байна. Та нарт ямар хамаатай юм” гээд амыг нь хаачихдаг байв. Би ч үеийнхнээсээ овортой нь ч овортой л байсан л даа.
-“Үүрийн цолмон”, “Намрын халуун өдрүүд”, “Би нисэх дуртай”, “Тод магнай” гээд үзэгчдэд хүрсэн кинонд тоглосныхоо дараа та хотод суурьшаад, үргэлжлүүлэн дэлгэцийн уран бүтээлд ажилласан бол хүмүүст илүү танигдах байж дээ гэж боддог уу. Хүмүүс орон нутгийн битгий хэл, төвийн театрын уран бүтээлчдийг ч төдийлөн сайн мэддэггүй шүү дээ.
-Тэгж бодсон үе бий бий. Одоо ч тийм элдэв, шалдав юм бодохоо, тоохоо ч больж. Би С.Гэндэн нарын багшийнхаа буянаар жүжигчин болсон хүн. Багш дүрийн судалгааны талаар их тайлбарладаг байлаа.
-Өнөөдрийг хүртэл та дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглосноо багцаалж үзсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногт нэг кинонд зургаа авхуулчихаад ирсэн. Маргааш (наймдугаар сарын 26) өөр киноны зургийн ажилд явна. Эдгээрийг оролцуулбал 84 болно. Социализмын үед тоглосон кинонуудаа сайн мэдэхээс сүүл үеийнхийгээ мэдэхээ больчихсон байв. Гэтэл хэдэн жилийн өмнө найруулагч А.Мөнхсүх хүү надад жагсаалт гаргаж өгсөн юм. Тэрнээс хойш үргэлжлүүлээд тэмдэглэж байгаа.
-Таны хань бас Увс аймгийн театрт ажиллаж байсан юм билээ. Ханийнхаа талаар яриач, та?
-Миний ханийг Д.Бор гэдэг. Биднийг багад манай хоёр гэр айл болж зусдаг байлаа. Багаасаа л нэгнийгээ мэднэ. Манай хүн Улсын багшийн дээд сургуулийг төгсөж, насаараа шанз хөгжим тоглосон. Манайх гурван хүү, гурван охинтой.
-Хүүхдүүдээс тань урлагийн мэргэжил эзэмшсэн хүн бий юү?
-Хөвгүүдийн дуу хоолой минийхтэй их төстэй. Гэхдээ хэн нь ч урлагт дурласангүй. Бүгд инженер. Том охин эдийн засагч, хоёр бага нь багш. Отгон охин уг нь их авьяастай. Сайхан дуулна, зурна.
-Хүн хүүхдийнхээ хүүхдийг илүү хайрладаг гэлцэх юм билээ?
-Анхны зээгээ төрсний дараахан ажилдаа явж байтал урд баацганасан “юм” хөтөлсөн хүн алхаж байна. Зээг худынхан яваад явчихаар санаад болдоггүй байсан үе. Тэр өглөө
“Хоёр мөрөндөө мөнгөн хонхтой
Хос бойтгондоо зэс хонхтой
Хүн бүхэнд заяадаг мөртлөө
Хүж дэлхийд ганцхан юм шиг
Өөдөсхөн миний зээ
Өргөн түмний нэг билээ.
Уяаныхаа үзүүрт мөлхөж хүрчихээд
Уул давсан юм шиг маасайн суудаг
Удам ургийн алтан залгаа
Уугуул Монголын шинэхэн иргэн
Өөдөсхөн миний ач
Өргөн түмний нэг билээ.
Үдэш бүхэн бүүвэйн уянгатай
Өглөө болгон инээд баясалтай
Өтгөн сэвлэгтэй, өнгийн туузтай ч бий
Өмдөн дотроо цэргийн батлахтай ч бий
Өөдөсхөн миний ач, зээ нар
Өргөн түмний нэг билээ” гээд зохиосон. Хөгжмийн зохиолч нар сонсохоороо “Ямар хөөрхөн юм бэ. Ая хийе” гэдэг л юм.
-Хүүхдүүд, ач зээ нартаа юуг хамгийн их захидаг вэ?
-“Сайн хүний үр нутаг усандаа нэртэй, сайн багшийн шавь явсан газраа хүндтэй” гэж аав минь хэлдэг байлаа. Бас “Үг дааж байж хүн болно. Яагаад ингэж хатуу үг хэлэх болов гэдгийг нь эхлээд бод. Дараа нь хариу хэл” гэдэг байв. Би ч хүүхдүүддээ “Хүнд чадаж явах үе ч бий, ядаж явах ч үе бий. Хэнтэй ч эргээд уулзах нүүртэй бай” л гэж захидаг даа.
-Залуудаа дуулж, бичүүлсэн уран бүтээл тань МҮОНР-гийн архивт байдаг юм билээ. Хааяа радиогоор явж сонсогддог. Та сонссон уу?
-Залуудаа театрынхаа тоглолтуудад гоцлол ч дуулдаг байлаа. 2002 оны хавьцаа санагдаж байна. Нэг хөгтэй юм болсон. Автобусанд суулаа. Хүн жигтэйхэн ихтэй байв. Гэтэл радиогоор хүнгэнэсэн сайхан хоолойтой залуу дуулж байна шүү. “Ёстой л эр хүн шиг дуугардаг хүү байна даа” гэж бодоод лавшруулаад чагнатал миний залуудаа дуулсан бичлэг байдаг юм. Ичсэн гэж жигтэйхэн. Уг нь тэр автобусан дахь хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэсэн ч нүүр халуу оргиод, хөлс бурзайгаад, дараагийн зогсоол дээр шууд буучихсан. Дээхнэ “Хулсан ташуур”, “Дөрвөн уул” зэрэг дөрөв таван дуу бичүүлсэн нь одоо үндэсний радиогийн архивт байдаг юм гэсэн.
-Гурван ч удаа театраасаа гарахаар оролдсон гэсэн шүү дээ. Анхнаасаа театрт ороогүй байсан бол өдийд юу хийж яваа бол гэж бодож байсан уу, та?
-Бодож байсан шүү. Баруунтуруунд тракторчин байхад намайг Хөдөө аж ахуйн их сургуулийн механикийн ангид явуулна гэдэг байсан юм. Тэгэхээр инженер болчихсон яваа юм болов уу. Эсвэл хэдэн малаа дагаад явж байж ч магад.
-1972 оноос хойш гээд бодохоор та 50 шахам жил урлагт ажиллажээ. Танд урлагаас авсан нь их үү, алдсан нь их үү?
-Авсан нь их. Урлагийн буянаар сайхан л амьдарч байна.
-Одоо нутаг руугаа хүлгийн жолоо залж байна уу?
-Ноднин, уржнан явж чадаагүй. Энэ жил бас л амжихгүй нь. Ноднин би долоон киноны зурганд орсон. Энэ жил гэхэд зургаа дахид нь явах гэж байна.
-Алтан үеийнхнээс авхуулаад одоогийн залуу найруулагч нартай ч ажиллаж үзлээ. Хэнтэй нь хамгийн их гар нийлж байв?
-Намайг найруулагч нар загнах нь байтугай олон давтаж зураг авдаггүй. Ажилласан бүх л найруулагчтайгаа сайхан харилцаатай байсаар ирсэн. “Үүрийн цолмон”, “Намрын халуун өдрүүд”-д тоглох үеэр хүмүүс Б.Сумхүү гуайг айхтар ааштай, жүжигчдийг загнадаг гэж ярьж байхыг сонссон юм. Гэтэл түүний “Би нисэх дуртай”-д тоглохдоо би лав тэгж загнуулаагүй.
-Одоо “Ийм л дүрд тоглочих юм сан” гэж бодож явдаг дүр бий юү?
-Зохиолд өгөгдсөн нөхцөл нь бий. Тэр дүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг төсөөлж тоглоно. “Хэрвээ би байсан бол” гэж бодно. Лам, архичин, дарга, аав, өвөө гээд олон төрлийн дүрд тогложээ. Гэхдээ ноён “болж” үзээгүй. Ноён хүний дүрд тоглож үзэх сэн гэж хүсэж явдаг юм. Харин саяхан нэг залуу найруулагч холбогдсон. Түүхэн сэдэвтэй кино хийх гэж байгаа юм даг уу даа. Тэр кинондоо харин хошуу ноён болгох юм гэсэн. Зургийн ажил нь хойтон эхэлнэ.
-Хамгийн “махаа идэж” тоглосон дүр тань аль нь бол?
-“Намрын халуун өдрүүд”-ийн Насанбат. Дүрийн судалгаа хийх гэтэл юу ч олдоогүй. Хөлөө эргэтэл архивуудаар гүйсэн. Харин Үндэсний төв архивын нэг өвгөн “Монгол бичиг мэддэг бол хэрэг болж магад” гээд хоёр жижигхэн дэвтэр өгсөн. Нэг нь жанжин Д.Сүхбаатарын тэмдэглэл. Тэнд “Миний бие илаарших төлөвгүй. Өнөөдөр дотоодыг хамгаалахын Насанбатыг дуудаж уулзлаа. Ямар ч дарга, сайд бол гэсэн бололгүй эндээ бай л гэж захилаа” гэсэн байв. Эндээс тэд дотно байсан нь харагдана. Нөгөө дэвтэр нь С.Данзангийнх. “Чойбалсанг хөндийрүүлж амжлаа. Сүхбаатарын бие илааршихгүй нь. Цэрэндорж, Бодоо мэтийн нөхдүүд миний хойноос дөртэй үхэр мэт дагаж байна… Дотоодыг хамгаалахын Насанбат!” гэсэн байсан. Энэ хоёр дэвтэр “Намрын халуун өдрүүд” кинонд ч гардаг. Бүх бэлтгэлээ хангачихаад зургаа авхуулах гэхэд хар хавтас сугавчилсан албаны хувцастай хүмүүс “Өнөөдрийн зураг авхуулах зохиолоо аваад ир” гээд л хүрээд ирнэ. “Энэ үгийг хас, энийг хэлж болохгүй” гээд хориглочихно. Тэгээд л кино зохиолд миний хэлэх үгийг өөрчилчихөөр бусдынхыг нь ч засаж, жүжигчид дахин уншиж цээжлэх болдог байлаа.
-Идэр залуугаас аав, нас тогтсон эр, одоо өвөө, хөгшний дүрд тоглож байна. Уран бүтээлч хүнд нас ахих гунигтай санагддаг уу?
-Нэг талаас сайхан. Монгол ахуй, нүүдэлчин ёс заншлаас авхуулаад сурсан, мэдсэн, туршлага хуримтлуулсан зүйл бишгүй. Залуу уран бүтээлч нар олонх нь аав гэж дуудна. Тэдэндээ дэм болохыг хичээнэ. Гэхдээ сэтгэл зовох зүйл ч олон.
-Одоо зургийн ажлаар хөдөө гадаа явахдаа ядарч байна уу. Эсвэл бүр сэргээд сайхан байдаг уу?
-Харин ч сайхан. Залуу хүүхдүүд ядарлаа гэж байхад ажрахгүй л сууж байна. Ер нь манай үеийнхэн тийм шүү дээ. Ажлын ачаалал даагаад сурчихсан байдаг юм. Хүүхдүүд ч кинондоо тоглуулахдаа биднийг тохь тух алдуулахгүй авч явах юм.