“Шинэ эрин” сургуулийн 12б бүлгийн сурагч Г.Мишээл ширээний теннистэй нөхөрлөж, богино хугацаанд амжилт гаргасан тамирчдын нэг. “Friends” клубийн дасгалжуулагч Ж.Болд, Ш.Оюун нар шавийнхаа авьяасыг хөгжүүлэн, ур чадварыг нь ахиулсаар байгаа. Тэрбээр өнгөрсөн жил Баянгол дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж, багийнхан болоод багш нараа баярлуулсан юм. Түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Тамирчид хүрэл медалийг их бэлгэшээдэг. Өнгийг нь хувиргах хүсэл төрдөг үү?
-Би медалиа хойшид алт, мөнгө болгоно гэж боддог. Найман настайдаа “Шинэ эргэлт” клубт ширээний теннисээр хоёр жил хичээллэсэн. Дараа нь “Шинэ эрин” сургуульд шилжин сурсан юм. Гэр, сургууль клубээс хол, хичээл бэлтгэл хийх цагтай давхцдаг байсан тул зургаан жил тоглолгүй завсарласан. Сургуулийнхаа үйл ажиллагаатай холбоотой биеийн тамирын шалгалт өгөхдөө спортын энэ төрлийг анх сонгож байв. Тоглолтынхоо ур чадварыг сайжруулах зорилгоор “Бамбар” клубт нэг хэсэг бэлтгэл базаасан. Миний зорилго бол Ш.Оюун багшийнхаа зөвлөсөн болгоныг хэрэгжүүлэхийг хичээдэг. Би одоо “Шинэ эрин” сургуулийн 12б ангийн сурагч. Өмнө нь Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуульд сурдаг байхдаа ширээний теннисээр сургуулийнхаа аварга болсон. Зургаан жилийн дараа теннисний спортдоо эргэн ирж, урам авсан. Миний хувьд багийн спортыг илүү сонирхдог. Гэхдээ би сайн байсан ч багийнхан минь тааруухан тогловол амжилт гаргахгүй шүү дээ. Тиймээс аав, ээжтэйгээ ярилцаад теннисээ үргэлжлүүлэхээр шийдсэн.
-Өөрт байхгүй зүйлээ тамирчид өрсөлдөгчөөсөө олж хардаг шүү дээ.
-Түрүүлж байгаа тамирчнаас өөртөө итгэлтэй, тууштай, зоримог байдлыг олж хардаг. Амжилт нь өөрийгөө дайчилж, үргэлж хичээх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг юм. Спортод тууштай байх нь амжилт руу хөтөлдөг болохыг өнгөрсөн жилийн тэмцээнээс мэдэрсэн.
-2020 онд Баянгол дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ, тэмцээнд оролцохдоо ангийнхандаа хэлээгүй. Медалиа зүүгээд очиход нөхөд минь “Чи тэмцээнд оролцож байгаагаа бидэнд яагаад хэлээгүй юм, очиж дэмжих байлаа” гэж гомдоллосон. Ангийн багш “Миний шавь сайн байна, тууштай хичээллэж амжилт гаргаарай” гэж урам хайрласан. Багш, ангийн хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж, амжилтын төлөө тэмүүлэх зорилго тавьсан. Ширээний теннис эрсдэл багатай, тэр бүр бэртээд байдаггүй болохоор охидын хамгийн дуртай спортын төрөл. Ирээдүйд дуртай мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ теннисээ орхихгүй гэж боддог. Хичээлдээ явах, тэмцээнд оролцох гээд бүхнийг амжуулахын тулд одооноос хийх ажлуудаа төлөвлөж байгаа.
Бэлтгэсэн Г.Цэцэг