УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган сарын дараа буюу аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын даргын хийж буй ажил, байр суурийг тодруулах зорилгоор түүний нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд өдөр болгон уулзалт зохион байгуулж, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Яг ямар асуудлыг хэлэлцэн шийдэж, үр дүн гаргав?
-Энэ парламентын үндсэн зорилго бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийж дуусгах гэж харж байгаа. УИХ-ын даргын хувьд ийм байр сууринаас хандан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж 31 хуулийг УИХ батлах ёстойгоос одоогоор 12-ыг нь эцэслэсэн. Өнгөрсөн 30 жилийн хөгжил дэвшилд дүн шинжилгээ хийж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө амилуулах, энэ нь ирэх 20, 30 жилд Монгол Улсын хөгжлийг ямар түвшинд аваачих вэ гэдэг бодит дүр зургийг тодорхой болгохын тулд шинэчлэлийг цаг алдалгүй хийж дуусгах нь эн тэргүүний зорилго юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг цогц болгохын тулд хэлэлцээгүй үлдсэн хуулиудыг ирэх намрын чуулганд багтаан батлуулах чиглэлийг УИХ-ын дарга бүх байнгын хороо, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй гишүүд, УИХ-ын Тамгын газарт өгч, үндсэндээ байнгын үйл ажиллагаа явуулж байна.
-Ирэх намрын чуулганаар батлах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга үүрэг, чиглэл өгч ажиллаж буй талаар та ярилаа. Үүнд ямар ямар хуулийн төслүүд багтаж байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Худалдааны тухай, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Валютын зохицуулалтын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль зэрэг эдийн засгийн чиглэлийн гол гол хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй явц, байдлын талаар Г.Занданшатар дарга мэдээлэл сонсож, “Ковид”-ын дараа эдийн засгийн сэргэлт авчрах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг цогцоор нь ярилцсан байх жишээтэй. “Ковид”-ын үеийн хямрал, хүндрэлийг даван туулах ажлыг эрх зүйн шинэчлэлтэй нь хамт явуулах ёстой гэсэн түүний байр суурь маш тодорхой байгаа. Тухайлбал, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсоход Засгийн газрын “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгосон зээлийн багагүй хувь нь импортыг дэмжих хэлбэрээр гарсанд УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандсан. Байнгын ажлын байр бий болгосон, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг бодит хөрсөн дээр буулган хэрэгжүүлэх явдал нь одоогийн энэ цаг үед маш чухал.
Урт, дунд, богино хугацааны төлөвлөлтөө маш чамбай хийчихсэн, ямар ч хүнд цаг үе тулж ирэхэд ард түмнийхээ сэтгэл зүйг хүртэл бэлдчихсэн, ойлгомжтой, тодорхой бодлого хэрэгжүүлэх талаас нэлээд анхаарал хандуулж, импортын бараа худалдаж авахаас илүү өөрсдөө үйлдвэрлэ гэсэн мессежийг өгч байгаа. Хямралаас үүдэн бүх нөхцөл муудсаны дараа биш, үүнтэй зэрэгцэн ажлын байраа хадгалах байдлаар эдийн засгаа сэргээх бодлого явуулбал их хохирол амсахгүй. Өөрөөр хэлбэл, түүний яриад байгаа “Япон лугаа хөгжье” гэдэг үзэл баримтлалын загвар бий. Мэргэжлийн байгууллагууд энэ саналыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Түүнчлэн УИХ-ын даргын зүгээс хуулийн төслүүдийг боловсруулах явцад онцгойлон анхааруулж, чиглэл өглөө. Мөн хуулийн төслүүдээ шуурхайлах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гаргах Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг томоохон суурь хуульд яамдаасаа санал аваад, өргөн барих ёстой. Өнгөрсөн хаврын ээлжит чуулганд ийм чиглэлийн 12 хуулийн 10-ыг нь гишүүд өргөн барьсан гэдэг нь УИХ хууль санаачлах ажлаа боломжийн түвшинд хийж байна гэсэн үг.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулан баталсан томоохон хуулиудын дунд Шүүхийн тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль байна. Өнгөрсөн үйл явдлуудаас харахад хуулийн төсөл хэлэлцэх бэлтгэл хангахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд нэлээд анхаарч буй юм байна гэж ойлголоо.
-Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлээд бараг зургаан сарын хугацаа өнгөрч, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцсэн шүүх засаглалыг бэхжүүлэх нөхцөл бүрдсэн ч Цэц хуралдаж, дүгнэлттэйгээ холбоотой шийдвэр гаргаагүй байх жишээтэй. Хуулийн хэрэгжилт ийн хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, яаралтай асуудал орж ирвэл тодорхой хугацааны дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэх зэргээр хугацаа заахыг Цэцийн тухай хуульд оруулж өгөх санал, байр сууриа Занданшатар дарга өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд нөлөө бүхий албан тушаалтнууд шүүгчтэй ямар ч асуудлаар уулзсан ч энэ тухайгаа протокол хөтөлж үлдээх, мөн авлигыг бууруулж чадахгүй бол авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг УИХ-д оруулж ирж болно гэдэг чиглэл өгсөн. Эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд мөн үүрэг болголоо.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэнтэй мөн УИХ-ын дарга уулзсан. Эдгээр хуулийг эрх баригч нам дангаараа шинэчилж, боловсруулна гэж үгүй байх. Хэлэлцүүлэг ямар шатандаа явж байна вэ?
-Мэдээж УИХ-д суудалтай намуудын саналыг нэгтгэн зөвшилцөж, энэ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх нь чухал боловч парламентын гадна үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын саналыг аваад зөвшилцөх замаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлж батлах суурь хуулиудын нэг учраас энэ төслийн хэлэлцүүлгийг сайн явуулах шаардлагатай. Төрийг нээлттэй, шуурхай байлгая гэвэл улс төрийн намуудыг нээлттэй, шударга байлгах ёстой. Иргэд намуудын санхүүжилтэд шүүмжлэлтэй ханддаг. Парламентын засаглалыг сонгодог хэлбэрээр нь хөгжүүлж буй улс орнуудын сайн жишгийн талаар эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, тэдний судалгаанд дүгнэлт хийх замаар төслөө боловсруулж оруулж ирэх ёстой болов уу. Тухайлбал, Герман болон Европын олон оронд улс төрийн намыг иргэдийн өгсөн саналын хэмжээгээр татвар төлөгчдийн мөнгө буюу төсвөөс санхүүжүүлдэг. Ингэснээр авлига авдаг, албан тушаалыг үнэлдэг явдал хаагддаг. Нөгөө талаар хандив, туслалцаанд доод болон дээд босго тавьж өгдөг олон улсын сайн жишээ бий. Түүнээс гадна намууд хөгжлийн концепцоор өрсөлдөж, сайн үр дүнд хүрдэг жишиг байна. Манайх дөрвөн жилийн настай мөрийн хөтөлбөрөөр өрсөлдсөөр байвал урт хугацааны хөгжлийг харж чадахгүй, ийм настай томилгоо хийж, үүнийг дагасан асуудал дундрахгүй гэсэн үг. Хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлдөж чаддаг, тийм хэмжээний чадавхтай хүний нөөцөө бэлтгэдэг, энэ шалгуурыг хангаагүй хүмүүс төрд ажилладаггүй болох өөрчлөлтийг хуульд оруулбал намууд эрх мэдлийн төлөө биш, улс орны хөгжлийн бодлогоороо уралддаг болж, засаг төр нь тогтвортой ажиллана. УИХ-ын дарга үүнийг хэлж, ирэх есдүгээр сард төслүүдийг эцэслэн боловсруулж өргөн барих чиглэл өгсөн.
-Цаашид төлөвлөсөн уулзалт, хэлэлцүүлэг нь юу байх бол?
-Төрийн албаны шинэтгэлийн асуудал байна. Төрийн албанд тавьж буй шалгуураа өндөрсгөж, мерит зарчмаа баримтлах ёстой. Үүнийг төрийн албаны суурь хуульд оруулсан ч бусад салбар хуулиар зохицуулж өгөх нь зүйтэй байх. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ямар зохицуулалтаар оруулж ирэхийг Төрийн албаны зөвлөлтэй хийх уулзалтаар ярилцана гэж төлөвлөсөн.
Олон нийтийн зөвшилцлийг хангасан, иргэдийн саналыг авсан хуулийн төсөл оруулж ир гэж УИХ-ын дарга шаардаж байна. Мөн өөрөө манлайлаад цахим парламент болох ажлыг эрчимжүүлж байгаа. Олон нийтийн саналыг тусгасан хууль боловсруулах үүднээс Lawforum. parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим систем нэвтрүүлээд, хэвийн үйл ажиллагаатай болгосон. Иргэд “Ковид”-ын энэ цаг үед дээрх системүүдээр дамжуулан хуулийн төсөлд саналаа өгөх бүрэн боломжтой. УИХ-ын гишүүд, төсөл санаачлагчид өөрсдийнхөө ойлголтоор хуулийн төсөл боловсруулж, хэлэлцэн батлах бус, иргэдийн саналыг нь суулгаж чадвал урт настай, хэрэгждэг хуультай болно.
Бэлтгэсэн Ц.Баасанжаргал