“Бидний амьдралыг ДОЗ гэдэг үг бүрэн илэрхийлнэ гэхэд хилсдэхгүй. Нэг талаас ДОЗ гэж Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул гэсэн нэрийн эхний үсгүүдийн нийлбэр. Амьдрал, уран бүтээл минь энэ нэртэй салшгүй холбоотой. Нөгөө талаас энэ үг тун, хэмжээ гэсэн утгатай. Бүх л зүйлийн тунг тааруулж байж амьдрал урагшилна, өөдөлнө гэж бид боддог” гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм. “Хос багана” буландаа жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин, продюсер А.Мөнгөнзул нарыг урилаа.
-Ярилцлагаа шинэ уран бүтээлийн тухай асуултаар эхэлье. ДОЗ энтертайнмент ямар бүтээл үзэгчдэд хүргэхээр зэхэж байна вэ?
Ш.Доржсүрэн: -ДОЗ-ыхон киноны зургаа ихэвчлэн гадаадад авч, бүтээдэг учраас эрсдэл их, зардал өндөр гардаг. Гэхдээ мэргэжил нэгтнүүддээ гадаадад киноны зураг авах, бүтээх жимийг гаргаж чадсандаа бид олзуурхдаг. Харин сүүлийн тав орчим жил өөрсдийгөө хөгжүүлэх, шинэчлэхээр уран бүтээлээ хэсэг завсарласан гэхэд болно. Харин өнөө жил шинэ уран бүтээлүүд хүргэхээр ажиллаж байна. Ингэхдээ ажиллангаа залуу уран бүтээлчдийг сургаж, цар тахлын улмаас бүрэн хэмжээний уран сайхны киноноос илүүтэй богино хэмжээний контентууд хийх болсон.
-Гэр бүлийн хос уран бүтээлд хамтрах амар уу, эсвэл ярвигтай юу?
А.Мөнгөнзул: -Гэр бүлийн хүмүүжил, аливаад хандах хандлага, байр суурь, зан араншин, дадал зуршил нь өөр хоёр хүн амьдралаа холбоход ойлголцож, нэгнийгээ байгаагаар нь хүлээж авч, хүлээн зөвшөөрөхөд тодорхой хугацаа зарцуулна. Бид ч тэгсэн. Бидний 26 жи лийн хамтын амьдралын бараг эхний 10-аад нь дээр дурдсан шиг зан зангаа авалцахад зарцуулагдсан. Дандаа инээд цалгисан сайхан байсангүй. Сайдах, муудах үе бишгүй байлаа. Гэхдээ бидний сэтгэл, мөрөөдөл нэг учраас бэрхшээл бүрийг хамт давсаар өнөөдрийг хүрчээ.
Ш.Д: -Намайг УДЭТ-т ажиллаж байхад манай хүн СУИС-ийн оюутан байлаа. Тэр үед Л.Жамсранжав, Б.Нармандах, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын уран бүтээлч хосууд театрт ажилладаг байв. Жаамаа ах (Ардын жүжигчин Л.Жамсранжав) “Чиний найз охин жүжигчин болохоор сурч байгаа гэл үү. Гэр бүлийн хоёр хамт ажиллах шиг хэцүү зүйл байдаггүй шүү, Дооёо. Нэгнийгээ маш сайн ойлгож, хүлээцтэй байгаарай” гэж захиж байв. Тэгэхэд нь би “Харин ч амар юм биш үү. Яагаад ингэж хэлж байгаа юм бол доо” гээд л гайхаад өнгөрч байлаа. Гэтэл үнэн юм билээ. Их ээдрээтэй. Гэхдээ бас их жаргалтай.
-Нэгнийгээ анх харахад юу нь таны сэтгэлийг татав?
Ш.Д: -Зах зээлд шилжээд удаагүй, жаахан хэцүү, тарчиг үе байлаа. Хэдийгээр жүжигчин, найруулагчаар суралцаж байсан ч гэлээ би тийм ч нүүрэмгий байгаагүй. Би гэлтгүй бидний үеийн залуус даруулгатай л өссөн шүү дээ. Зулааг анх харахад их өвөрмөц охин шиг санагдсан. Хослол өмсөөд, зангиа зүүчихсэн. Цав цагаан царайтай. Жигтэйхэн царайлаг. Надаас дүү болохоор эхний алхмыг хэрхэн хийх учраа олохгүй хэсэг харж явсан. Тэгээд л дээд дамжааны ах хүн байна даа, зориглосон доо.
А.М: -Анх харсан, танилцсан түүхийг ярихын тулд СУИС-ийг дурдахаас аргагүй. СУИС-ийн коридороор нэг их гоё улаан хавтас сугав чилчихсан залуу л явдаг байлаа. Чамин, содон эд ховор байсан үе шүү дээ. “Энэ хаанаас ийм гоё хавтас олчихдог байна аа” гэж боддог байснаа тод санадаг юм.
-Анхны болзоонд хэн нь түрүүлж урьсан бэ. Хаана болзож байв?
Ш.Д: -Мэдээж би л дээ. Манай эгч, хүргэн ах ганзагын наймаанд явдаг байлаа. Чихэр, шоколад их авчирна. Би өглөө хичээлдээ явахдаа л “Milky way” гээд шоколаднаас нь хэдийг халааслаад гарна. Хичээл тараад Зулаатай уулзах гэсээр байтал нөгөөх нь хайлчихна. ДСНК (одоогийн Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-ийн гадаа сууж, буу хална. Ээж, аавын өгсөн цөөхөн хэдэн төгрөгөөр Зулааг хоолонд оруулж, гэр лүү нь таксигаар хүргэж өгчихөөд өөрөө XIX хороолол руу алхаж харина.
-Ижил мэргэжилтэй хүнтэй амьдралаа холбоно гэж төсөөлж байв уу?
Ш.Д: -Ижил мэргэжилтэй гэх нь битгий хэл тийм, ийм хүнтэй сууна даа ч гэж бодож байгаагүй. Ирээдүйн хань ижлээ битгий хэл СУИС-д сурч байхдаа өөрийгөө жүжигчин болж чадах, эсэхээ ч мэдэхгүй явлаа. Лааны дөл шиг сүүмэлзэж байсан амьдралд минь энэ хүн чийдэн шиг л гэрэл цацруулаад ороод ирсэн дээ.
-Тэгвэл адилхан урлагийн хүнтэй гэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бол?
А.М: -Тухайн үед урлагийн хүн гэхээр л хөнгөн хуумгай гэдэг хандлага нийтэд байсан шүү дээ. Манай ээж, аав ч тийм л буруу ойлголттой явсан. Түүнээсээ ч болоод намайг ижил мэргэжилтэй хүнтэй үерхэж байгаа гэхэд жаахан дургүйлхсэн. Гэхдээ эсэргүүцэж чадаагүй. Харин танилцаад л манай хүн ээж, аавын минь итгэлийг олж, хайрыг татчихсан.
Ш.Д: -Би ээж, аавынхаа хэнз хүү л дээ. Тийм болохоор настай хүмүүст яаж хэлэх учраа олдоггүй ээ. Тэгээд бодож бодож шуудхан л гэртээ засвар хийгээд эхэлсэн. “Юу болоод гэнэт засвар хийгээд унав аа” гээд ээжийг гайхаж асуухад нь “Хүн ирнэ” гээд хэлчихсэн.
А.М: -Манай аав, ээж Эрдэнэтэд амьдардаг байлаа. Анх танилцахаар ирэхдээ Дооёо хонины гулууз мах үүрээд ирж билээ.
-Гал голомтоо хаана, хэрхэн бадрааж байв?
А.М: -Түрүүн Дооёо хэлсэн дээ, гэртээ засвар хийгээд эхэлсэн гэж. Засварыг нь дуусангуут л би ганц саарал чемоданаа чирээд л очсон доо. Тэр чемодан одоо ч бий. XIX хорооллын 32 дугаар байр. Эхэндээ хадмуудыгаа хэн гэж дуудахдаа мэдэхгүй, хэлж чадахгүй их хөглөсөн. Би хувь тавиландаа өдөр бүр талархдаг. Ээж, аав минь эгч, дүү, бид гурвыг их танхи өсгөсөн. Төрсөн гэрээс гарч хадмындаа ирэхэд намайг ямар сайхан угтсан гэж санана. Манай хадам ээж хүүхдүүд, хүргэн, бэрүүдээ үргэлж дэмждэг сайхан хүн.
Ш.Д: -Хамт амьдраад хоёр бил үү гурван жил болсны дараа би хадам ээжээсээ гурван сая төгрөг зээлээд бие даан инээдмийн шоу тоглолт хийсэн юм. “Х-ТҮЦ”-ийн болон бусад жүжигчдийг урьж оролцуулаад. Тэр тоглолт ёстой “цөм авсан”. Тэр тоглолтын мөнгөөрөө хуучин Тээврийн товчооны хажууханд байр авч, тусдаа гарч байлаа.
-Гэртээ ямар эд хогшил анх авснаа санадаг уу?
А.М: -Хадмынд амьдардаг байхад бид хоёр өрөөндөө жижигхэн цагаан шүүгээ авсан. Түүндээ амттай юмаа нуучихна. Гүзээлзгэнийн компотонд их дуртай. Мөнгөтэй болохоороо л нөгөөхөөсөө аваад шүүгээндээ хийчихдэг байв.
Ш.Д: -Тусдаа гараад хамгийн анх зурагт авсанаа тод санаж байна. 24 инчийн “Sony”. Одоо манай зуслангийн байшинд бий.
А.М: -Тусдаа гарахдаа ах, эгч нар, хамаатан садныхаараа явж “Танайх энэ тавилгаа хэрэглэх үү. Өөр илүү юм байгаа юу” гээд л цуглуулсан даа, хөөрхий. Бусдад өрөвдмөөр сонсогдож болох ч бидэнд бол сайхан дурсамж шүү.
-Анх аав, ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
А.М: -Хоёр ээж “Жирэмсэн үед их ядардаг. Амар амар” гэдэг байлаа. Би ч мэдэхгүй болохоор юу ч хийхгүй л идээд, хэвтээд байсан. Гэтэл эсрэгээрээ, болж өгвөл хөдөлгөөнтэй байх зүгээр юм билээ.
Ш.Д: -Түрүүн хэлсэн дээ, манай хүн их танхи өссөн гэж. Бие давхар болоод хөдөлгөөн нь багассан чинь хүүхэд маань гэдсэндээ томорчихсон. Тэнгэр шиг том гэдэстэй хүн л сууж байна. Хадмууд Эрдэнэтэд байсан болохоор манай хүн тэнд очиж төрсөн юм. Би хотод тоглолттой таарсан. Өглөө 06.00 цагийн үед “Төрсөн. Гэхдээ хүү чинь бүтэлттэй төрлөө” гэж хадмууд их сандарсан байдалтай залгав. Дотор пал гээд л явчихсан. Яахаа мэдэхгүй, их хэцүү. Гэтэл хэдэн минутын дараа “За хүү нь уйлсан шүү. Одоо алзахгүй” гээд дахиад утасдсан. Хэчнээн их баярласан гэж санана. Нэг тийм уйлах, инээх хосолсон маягтай сонин мэдрэмжтэй л аав болсон доо.
А.М: -Харин охиноо хүүгээсээ нэлээд хэдэн жилийн дараа төрүүлсэн. Хүүгээ төрүүлэхдээ гэдсэндээ томруулаад хаширчихсан хүн чинь дахин жирэмсэн болоод ажлаа ерөөсөө орхиогүй. Өглөө боссон чинь нэг л сонин мэдрэмж төрөөд “Юу ч гэсэн үзүүлье” гээд эмнэлэг орлоо. Дооёо тоглолтын бэлтгэл, сургуулилалт гээд завгүй. Гэтэл эмч “Солих хувцсаа авчирсан уу. Өнөөдөр төрөх нь. Одоо шууд хэвт” гэж байна. Тэгэхээр нь “Өөрөө яваад аваад ирье” гээд машинаа жолоодоод явж байтал өвдөөд эхэлсэн. Тэгээд өдөржингөө өвдөөд, орой нь аавыгаа тоглолтоо дуусгаад ирсний дараа төрсөн дөө, охин минь.
-Урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх дургүй байдаг юм билээ. Та хоёр хүүгээ найруулагч болно гэхэд эсэргүүцээгүй юү?
Ш.Д: -Арай гэж эхнэртэйгээ хамтарч ажиллаж дадаад байж байтал гэр бүлийн бас нэг гишүүн кино урлагт хөл тавьчихлаа. Манай хүү Д.Эрдэнэбулган Канадад найруулагчаар сурч байгаа. Ээж, аавынхаа хэрхэн ажиллаж байгааг харж, бараг л тайзны ард, зургийн талбайд өссөн болохоор энэ мэргэжил илүү ойр байсан болов уу.
А.М: -Бага ангидаа манай хүү нэг удаа даалгавраа хийлгүй хичээлдээ очиж л дээ. Яагаад даалгавар хийгээгүй шалтгааныг нь асуутал “Ажилтай байлаа. Киноны зургаа дуусаагүй” гэсэн гээд л багш нь инээгээд ярьж байсныг мартдаггүй. Тэгж л ээж, аавынхаа ажлыг харж, мэдэрч өссөн дөө. Бас нэг баримт байдаг даа, хүүхэд ээж, аавынхаа генийн мэдээллийн 30, 30 хувийг өвлөж төрдөг гэж. Тэгэхээр жүжигчин, найруулагч ээж, аавын “юм” бас байгаа байх аа.
-Эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга ондоо. Танай гэр бүл хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг бол?
Ш.Д: -“Амьдрал заавартайгаа ирдэггүй”, “Бүгд л анх удаа амьдарч байна” гэх зэрэг үг байдаг даа. Яг л тийм. Бид анх удаа л амьдарч, ээж, аав болж, үр хүүхэд өсгөж үзэж байна шүү дээ. Дөрвүүлээ адилхан л алдаж, оноод л явж байна. Бурхны авралаар миний хоёр хүүхэд зөв явж байна. Хоёулаа их зөөлөн зантай. Бид “Чи хамгийн мундаг нь бай” гэж хэзээ ч хэлж байгаагүй, хүчилж үзээгүй. Тэгж эрх чөлөөг нь өгч өсгөсөн болохоор өөрийнхөө юу хийх, юу чаддагийг эрт мэдсэн болов уу.
А.М: -Ээж, аав минь биднийг эрхлүүлж өсгөсөн болохоор би ч хүүхдүүдээ тэгж өсгөхийг хичээдэг. Гэхдээ буруу эрхлүүлэхгүй л дээ. Би хүүхдийн суурь хүмүүжилд ээжийн нөлөө хамгийн их гэж боддог. Тиймээс аль болох өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Харин ааваасаа алсын бодолтой байх, ултай байхыг суралцана. Миний хүүхдүүддээ хэлдэг ганц зүйл бол “Хүн чанартай байгаарай”.
-Амьдрал үргэлж дардан байхгүй. Унаж, боссоор өдий хүрсэн байх. Та хоёрын амьдралын хамгийн хүнд үе хэзээ байв. Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?
Ш.Д: -Ээж, аав, ахмад уран бүтээлчид, хамтран ажиллагсад, найз нөхөд гээд сайн хүмүүсийн дэмээр бидний амьдрал сайхан эхэлсэн. 2005 онд ДОЗ энтертайнментаа байгуулснаар амьдралтай жинхэнэ улаан нүүрээрээ тулсан. Гэхдээ бэрхшээл бүрийг хүсэл мөрөөдлөөрөө давсан даа. “Ухрах зам байхгүй. Хоёулаа давна шүү” гээд л нэгнийгээ зоригжуулна. “Аз жаргал зовлонгийн хажууд дагаж явдаг” гэж үг байдаг даа. Маш өндөр зардлаар Тайландад бүх зургийг нь авч дуусгаад, бэлэн болгосон киногоо санаандгүй алдаанаас болж бүр ор мөргүй устгуулж ч үзсэн. Тэр киногоо Тайланд, Япон, Камбож гээд олон оронд гаргахаар төлөвлөж, гэрээ хийчихсэн байлаа. Энэ мэт амьдралын сорилттой тулж, тэр бүрийг давсаар л явна даа.
-Нэгнээсээ сонссон хамгийн сайхан үг юу байв?
А.М: -Нялуун, халуун үгнээс илүү ханийгаа хажууд байхад л би үргэлж баярладаг. Өнөөдрийг хүртэл надад итгэж, намайг урамшуулж, амьдрал, үр хүүхдүүдийнхээ төлөө хамт зүтгэж байгаад нь талархдаг.
-Сүүлийн жилүүдэд гэр бүл салах нь нэмэгдэж байна. Харилцаагаа хэвийн байлгах, гэр бүлийн үнэ цэнээ хадгалахад “жор” байдаг уу?
Ш.Д: -Харилцан хүндлэх л хамгийн чухал. Нэгнийгээ ойлгож дэмждэг, үнэлдэг бол ямар ч харилцаа сайхан үргэлжилнэ шүү дээ.
-Танай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал юунд оршдог юм бол?
А.М: -Нэг мөрөөдөл, нэг зорилготой. Түүнийхээ төлөө гал, ус руу ч хөтлөлцөөд орж чадахуйц нэгэндээ итгэдэг. Харин ч би өөрөө түрүүлж гал, ус руу орж, ханийнхаа явах замыг гаргах сан гэж хичээдэг. Надад тийм зориг бийг миний хань мэднэ. Итгэлийг минь алдахгүй тэр замаар хамт явна гэдгийг нь би мэднэ.