Тонн зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш анх удаа 9000 ам.доллароос доошлов. Улмаар ханш нь сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрч, тонн нь 8922 “ногоон”-той дүйжээ. Ам.долларын ханш чангарч, уг таваарын нийлүүлэлтийн тасалдал багассан нь үүнд нөлөөлсөн тухай “Reuters” дамжууллаа. Голлох валютуудын эсрэг ам.долларын ханш сүүлийн есөн сарынхаа дээд түвшинд хүрээд буй юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний долоон сард манай улсын нийт экспортын дийлэнх буюу 91 хувь нь (4.31 тэрбум ам.доллар) БНХАУ-д ногджээ. Урд хөршид экспортолсон бараа, бүтээгдэхүүний 38 хувийг зэсийн баяжмал, 24 хувийг нь чулуун нүүрс эзэлсэн дүн бий. Энэ хугацаанд Монгол Улс ашигт малтмалууд дундаас хамгийн өндөр дүнтэй орлогыг (1.25 их наяд төгрөг) зэсээс бүрдүүлсэн юм. Эргэн сануулахад, манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст сүүлийн 10 жилд анх удаа 10 000 ам.доллар давсан бол өдгөө ийнхүү хямдраад байна.