Монгол бүжгийг дэлхийд сурталчлахад авьяас, ураа зориулж буй залууг “Уран бүтээлч” буландаа онцоллоо. Бүжигчин, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар 12 настайдаа бүжгийн урлагтай амьдралаа холбож, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, “Их эзэн хааны театр”, “Хүн” театрын уран бүтээлүүдэд гоцолж, өдгөө “Сүлд” чуулгаар овоглож явна. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын А зэрэглэлийн 10 гаруй уралдаан, наадамд амжилттай оролцсоны зэрэгцээ “Дэлхийг тойрсон биелгээ” төсөл санаачлан хэрэгжүүлж буй.
-Бүжиглэх үедээ юу мэдэрдэг тухай асуултаас ярилцлагаа эхэлье. Бүжиглэх тайз бүхэн өөр ч төстэй мэдрэгддэг зүйл бий байх.
-Бүжиглэх үедээ юу ч боддоггүй. Зарим тохиолдолд яаж бүжиглэснээ ч санадаггүй. Тухайн уран бүтээл, дүрийн онцлог, үзэгчдэд хэрхэн хүрч буйгаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрдөг. Уран бүтээлийн санаа, агуулгыг хэрхэн мэдэрснээ хөдөлгөөнөөрөө илэрхийлж үзэгчдэд хүргэх л хамгийн гол нь.
-“Энэ л миний хийх ёстой зүйл мөн” гэж хэзээ мэдэж, бүжгийн урлагтай амьдралаа хэрхэн холбосон бэ?
-2015 онд СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа хүндээр өвдөж, эдгэснийхээ дараахан Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл багшийн дэглэсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжигт тоглосон юм. Эл уран бүтээлд тоглох үедээ насан туршдаа хийх дуртай зүйлээ олсон юм байна гэж бодсон.
-Жон Драйден “Бүжиг бол биеэр илрэх яруу найраг”, Марта Грахам “Бүжиг бол хүний сүнсний нууц хэл” гэсэн нь бий. Харин таныхаар бүжиг гэж юу вэ?
-Би шавь нартаа бүжиг бол хүмүүжил, хүндлэл, хайр гэж хэлдэг. Харин мэргэжлийн бүжигчнийхээ хувьд бол цул мэдрэмж л гэж хэлнэ. Бүжиг гэдэг хөдөлгөөнүүдийн холбоос боловч мэдрэмж үгүй бол юу ч биш.
-Олонх бүжигчдэд ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг бүжгийн урлагт хэн хөтлөв?
-Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. 12 настайгаасаа аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач, Гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлагад мэргэжлийн бүжигчнээр бэлтгэгдсэн. 2012 он хүртэл тус театрт ажиллахад багш минь зөвхөн ардын гэлтгүй бүжгийн олон төрлөөр бүжиглэхийг сургасны ачаар би өдий зэрэгтэй яваа. СУИС-д Д.Энхгэрэл, М.Мөнгөнцэцэг багш нараасаа үлгэрлэж суралцсан. Мөн Д.Дашлхагва багшаа дурдах ёстой.
-Бүжгийн бусад төрлөөр ч бүжиглэх боломж танд байсан. Яагаад ардын бүжигт илүү дурласан юм бэ?
-Би монгол бий биелгээг контемпорари бүжигтэй хослуулж туурвидаг. Уламжлалт зүйлийг шинэчилж, орчин үеийнхтэй “сүлж” байж үнэ цэнийг нь бусдад илүү таниулж, цааш хөгжүүлэх боломжтой гэж боддог. Орчин үеийн залууст, гаднынханд бий биелгээг таниулахын тулд орчин үеийн бүжигтэй хослуулах нь илүү үр дүнтэй, бас сонирхолтой.
-Бүжгээс үзэгчид гоо зүйн таашаалаас авхуулаад олон нандин мэдрэмж авдаг. Ингэхийн тулд бүжигчид асар их хөдөлмөрлөдөг. Урлагийн мэргэжил эзэмшсэнээр та юуг олж авч, юуг золиосолсон бэ?
-Урлагийн мэргэжил хүнд олон сайхан чанарыг төлөвшүүлдэг. Түрүүн хэлсэнчлэн хүмүүжил, тэсвэр тэвчээр, хайр хүндлэл гээд олон зүйлийг бүжгийн урлагаас авчээ. Мэдээж золиос бий. Хамгийн түрүүнд би хүүхэд насаа золиосолсон гэхэд хилсдэхгүй. Бага ангид үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад би бүжгээ давтдаг байлаа. Жаахан томроод ангийнхан хичээлээ л хийж байхад би сурахынхаа хажуугаар театрт ажилладаг байв. 12 настайгаасаа ингэж сурч, ажиллаж, тэгэхийн тулд гэрийнхнээсээ хол дотуур байранд амьдарсан болохоор биеэ эрт даачихсан. Бусад хүүхэд шиг ээж, аавдаа ханатлаа эрхэлж, хамтдаа олон дурсамж бүтээж чадаагүй.
-Тайзан дээр бүтээсэн аль дүр тань таны дотор хүнтэй төстэй мэт санагддаг вэ?
-Мэргэжлийн бүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. 2013 онд балетмейстер Д.Дашлхагва багшийн “Их эзэн хааны театр” БНСУ-ын найруулагч Сун Ён Илтэй хамтран “Бодлын үнэр” модерн балетыг үзэгчдэд хүргэсэн. Тус уран бүтээлд бүжиглэсэн дүр минь намайг бүрэн илэрхийлэх мэт санагддаг.
-Одоо цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, дэглээчээр ажиллаж буй. Бүжиглэх амттай юу, эсвэл дэглэх нь үү?
-Дэглэсэн бүжгийг минь мэргэжлийн уран бүтээлчид бүжиглэхийг харах сайхан. Гэхдээ надад тайзан дээр бүжиглэх хэдхэн жил үлдэж. Тиймээс яг одоо бол бүжиглэх нь илүү жаргалтай, амттай санагдаж байгаа.
-Олонх бүжигчин тэтгэвэрт гарахаараа бүжиг дэглээч болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах болохоор дараа нь юу хийх вэ гэж үргэлж боддог. Би “D dance lab” компани байгуулсан. Юуны түрүүнд бүжгийн хувцасны брэнд гаргахаар судалгаа хийж дуусаад, үйлдвэрлэж эхэлж байна. Мэдээж уран бүтээлүүдээ хүргэнэ. Дэлхийд өрсөлдөхүйц бүжгийн компани байгуулахаар зорьж буй юм. Тэтгэвэрт гарахаараа багшилж, бүжиг дэглэхийн хажуугаар компанидаа л түлхүү анхаарах байх.
-2019 онд та оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” цомоор шагнуулсан. Тус шагналыг хүртсэн хамгийн залуу уран бүтээлч үү?
-Хамгийн залуу нь мөн, эсэхийг мэдэхгүй. Тэр жил би олон улсын дөрвөн уралдаанд амжилттай оролцож, бүжгэн хоёр жүжгийн гол дүрд тоглосон юм. Түүнчлэн ардын урлагийг сурталчлах зорилготой “Дэлхийг тойрсон биелгээ” төслөө хэрэгжүүлж эхэлсэн.
-Уг төслийнхөө санааг хэрхэн олсон бэ?
-Язгуур урлаг, тэр дундаа ардын бүжгээ сурталчлахын тулд юу хийх вэ гэж удаан бодсон. Гаднынхны сонирхлыг татахын тулд хүмүүсийн сайн мэддэг газруудад очиж бүжиглэх ёстой гэж үзсэн. Энэ санаагаа ХБНГУ дахь олны сайн мэддэг газруудад очин бүжиглэж, бичлэг хийснээр эхэлсэн. Санаагаар болдог бол орон орны “нүүр царай” болсон газарт нь ардын бүжгээ бүжиглэж, бичлэг хиймээр байна. Мөн Монголынхоо үзэсгэлэн байгаль, өвөрмөц тогтоцтой газруудад бүжиглэж, бичлэг болгон гаднынханд гайхуулмаар байгаа.
-Ер нь та олон улсын хэчнээн наадам, уралдаанд оролцож байв?
-Мэргэжлийн бүжигчдийн дунд зохион байгуулдаг А зэрэглэлийн 11 наадамд оролцсоноос бүгдэд нь эхний гурван байрт шалгарч, гран при шагнал хүртсэн.
-Дахин уралдаанд өөрийгөө сорих уу?
-Мэдээж өөрийгөө дахин сорихыг хүсэж байна. Төлөвлөсөн зүйл ч бий.
-Гадаадын олон бүжигчинтэй өрсөлдөж, эсвэл уран бүтээлд хамтран оролцдог болохоор тэднийг нэлээд ажигладаг байх. Монгол бүжигчдийн бусад орныхноос ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Ардын бүжигт тулгуурлаж яривал манай бий биелгээ асар баялаг хөдөлгөөнтэй. Бид нам сууж биелэхээс гадна цээжин биеийн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, солбилт зэргийг гүйцэтгэдэг. Энэ нь харахад, хэлэхэд энгийн санагдах ч манай бүжигчдийн хамгийн онцлог, давуу тал.
-“Амьдралыг тэтгэгч” цуврал тоглолтыг үргэлжлүүлэх үү?
-“Монголын балетын хөтөлбөр” экологи, нийгмийн сэдвийг хөндсөн уран бүтээлүүд туурвидаг. “Амьдралыг тэтгэгч” нэртэй байгаль орчны төслийн хүрээнд ус, агаар, хөрс, хог хаягдал сэдвээр дөрвөн цуврал тоглолт үзэгчдэд хүргэхээр төлөвлөсний эхнийх болох “Амьдралыг тэтгэгч-H2O” тоглолтыг “Номадик балет” продакштай хамтран хүргэсэн. Дараагийнх нь “Амьдралыг тэтгэгч-O2”. Би эл тоглолтын найруулагч, бүжиг дэглээчээр ажилласан. Удахгүй бусад сэдвээрх тоглолтуудыг хүргэнэ.
-Монголд ардын язгуур урлагийн, бүжигчдийн үнэлэмж тийм ч сайн биш санагддаг. Манай нөхцөлд бүжигчний мэргэжлээр сэтгэл хангалуун амьдрах боломж бий юү. Танд гадаадын театр, продакшнаас ажлын санал хэр тавьдаг бол?
-ХБНГУ, Бразилын компаниас санал ирүүлсэн. БНСУ-д суралцаж байхдаа “Ён Ил” компанид хэсэг ажилласан. Ажиллах нөхцөл, хангамж, цалин хөлсний хувьд манайхтай харьцуулшгүй. Тэнд үргэлжлүүлээд бүжиглэх боломж байсан ч эх орондоо ажиллахыг илүүд үзсэн.
-Яагаад?
-Тэнд сурсан зүйлсээ эх орондоо хэрэгжүүлж, бүжгийн урлагийн хөгжилд бага ч болов хувь нэмрээ оруулах нь миний үүрэг. Шантрах, харамсах үе олон байдаг ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсдэг. Нэгэнт л энэ олон жилийг үүнд зориулсан юм чинь эцсийг нь үзнэ гэж өөрийгөө хурцалдаг даа. Урлагт аль авьяастай, тэвчээртэй нь л үлддэг шүү дээ.
-Сүүлийн үед таны дэглэсэн бүжгийн бичлэг, клипүүд цахим орчинд тархаж, хүмүүс ч ам сайтай байгаа. Энэ төрлийн бичлэгүүд тогтмол хүргэх үү?
-Хүмүүс ам сайтай байж, сайхан сэтгэгдэл үлдээж байгаад баяртай байгаа. “Сүлд” чуулгынхаа уран бүтээлчидтэй хамтарсан болон ганцаарчилсан уран бүтээлүүдийн бичлэг, контентыг тогтмол “цацах” санаатай.
-Ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Өнгөрсөн жилийн аравдугаар сард “Халил” этник бүжгийн тоглолт хийсэн. Харин энэ жил контемпорари бүжгийн тоглолт хиймээр байна. Хэзээ, хэрхэн хийх нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалах болохоор харзнаж л байна.
Бэлтгэсэн А.Тайшир