Япон Улсад амьдардаг морин хуурч А.Дэлгэрмаатай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө амьдардаг мужийнхаа соёлын наадамд тоглож, бичлэгээ интернэтэд байршуулсан юм.
-Та саяхан болсон соёлын наадмын талаар танилцуулах уу?
-Цар тахалтай холбоотойгоор урлагийнхан бид тоглолт хийх боломжгүй байгаа энэ үед Япон Улсын Нийгата мужийн Соёлын газраас тус мужид амьдардаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор түрүү жилээс эхлэн соёлын наадмыг “Youtube” дэх “Niigata stage channel” хуудсаар дамжуулан зохион байгуулж ирсэн. Ингэхдээ уран бүтээлчдээр тодорхой шалгуур бүхий анкет бөглүүлээд, тэнцсэнд нь тоглолтын 10 минутад багтаасан бичлэгээ явуулахыг санал болгодог. Би уг наадамд хоёр дахь удаагаа оролцлоо. Өнгөрсөн жил хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Хэлхээ аялгуу” хэмээх бүтээл тоглосон. Харин энэ удаа хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”-иор оролцов. Зохиолын утга агуулгыг бүрэн гаргахын тулд маш сайн ойлгох, хэрхэн тоглохоо тооцоолох зорилгоор туурвисан эзнээс нь уг бүтээлээ хэрхэн төрүүлсэн талаар мэдээлэл авсан юм.
-“Сэтгэлд шингэсэн говь” хэрхэн бүтэж вэ?
-Их гоё түүхтэй юм билээ. Н.Жанцанноров гуай “1988 онд алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёр олон улсын хөгжмийн наадамд оролцохоор хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод очсон юм. Бидний зочид буудал Нева мөрний эрэгт. Маш их салхи, шуургатай ч байлаа. Тэгэхэд бид хоёр “Ус мэдэхгүй монгол хүн энэ рүү орвол хоёр ч алхахгүй дээ” гэж ярилцлаа. Тэгээд бас “Устай газрын хүмүүс манай говьд очвол төөрнө шүү дээ” гэцгээсэн юм. Ингэж Монголынхоо говийг алс газраас, их усны дэр гэдээс жигтэйхэн их санаж, Ленинград хотод зочид буудлын ширээн дээр бичсэн” гэж ярь сан. Энэ нь Монголын морин хуурт зориулсан орчин цагийн анхны зохиолуудын нэг болсон юм билээ. Уг түүхийг сонсоод “Бүтээл төрөх гэж агуу юм. Харь оронд нутгаа санасан сэтгэлээ ийм сайхан уран яруу, уянгалаг бөгөөд эрчилсэн аялгуугаар илэрхийлнэ гэдэг гайхалтай” гэж бодоод, хөгжмийн зохиолчоор бахархах сэтгэл улам их ундарсан. Түүхийг нь яриулсан өдрөө хэд дахин сонссон. Одоо ч сонсдог. Н.Жанцанноров гуай зохиолынхоо тайлбарыг хэлж байхдаа “Их говь гэдэг бол эзэнгүй юм шиг мөртлөө чи очвол ганцхан чи эзэн нь юм шиг, гэтэл зэрлэг хулангууд гарч ирж эзэн нь гэдгээ мэдэг дэхэд, тэдний тоосон дунд бас чи “Говь бид хоёр хэн хэндээ эзэн нь юм байна” гэж бодно. Сэтгэлийн гүнээс ингэж илэрхийлсэн аялгуу юм” гэсэн.
-Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Хэлхээ аялгуу” бүтээлийн талаар юу хэлэх вэ?
-Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал “Хэлхээ аялгуу”-гаа 1985 онд морин хуур, үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн, жинхэнэ монгол сонгодог бүтээлүүдийн нэг. Ноотыг нь харахад амархан юм шиг боловч яг ойлгож, илэрхийлж тоглоход хэцүү бүтээл гэж боддог.
-Япон Улсад хэр удаан амьдарч байна вэ?
-Суурин амьдрахаар ирээд долоон жил болж байна. Монголдоо очилгүй дөрвөн жил болчихжээ.
-Байнга тоглож байдаг уран бүтээлчдийн нэг юм билээ. Жилдээ хэр олон тоглолттой байдаг вэ?
-Жилд 10 орчим тоглолтод оролцдог байсан ч цар тахлаас болоод бүхий л арга хэмжээ цуцлагдсан.
-Танай нөхөр гэрэл зурагчин мэргэжилтэй. Бас уран бүтээлч. Та хоёр хамтарч ажилладаг юм билээ. Хоёул олон ажлын ард гарч байв уу?
-Тийм ээ, тайзны гэрэл зурагчин юм. Хийл тоглодог. Харин одоо өөр салбарт ажиллаж байна. Ер нь бол миний менежер. Тоглолтын гэрээнээс авхуулаад бичиг цаасны ажил хийнэ. Бас жолооч, тайлбарлагч, зурагчин гээд морин хуур тоглохоос бусдыг хийдэг. Зарим газарт морин хуурын тоглолтоос гадна гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэргээр хамтарсан. Сая л гэхэд энэ наадамд оролцоход тоглох зохиол сонгох, япончуудад юу харуулбал, сонсговол сонирхох, ямар яриа, зураг оруулах вэ гэдгийг нөхөр шийдсэн. Аливааг их бодож хийдэг. Энэ наадмыг улсын, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулдаг болохоор оролцогчид өндөр ач холбогдол өгдөг. Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлийнхээ талаар ярьсныг япон хэлний өндөр мэдлэгтэй Болортуяа гэдэг найзаараа орчуулуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн. Яриаг хөгжмийн зохиолчийн охин Ж.Уугантуяагийн тусламжтай бичлэгээр авсан юм. Өөрөө орчуулах гэсэн чинь нэг л итгэлгүй байлаа. Бидний хийсэн бичлэг олон япон хүнд хүрээсэй, Монголын үзэсгэлэнт байгалийг харж, Морин хуурын чуулга болон алдарт хөгжмийн зохиолчийн тухай олон хүн мэдэж аваасай, сайхан цаг ирэхээр Монголд минь очиж үзээсэй гэж хүсэж байна. Энэ ташрамд надад тусалсан Ж.Уугантуяа эгч болон Болортуяа найздаа баярлаж байгаагаа илэрхийлье. Н.Жанцанноров гуайдаа эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Мөн намайг үргэлж дэмжсээр ирсэн ханьдаа баярлаж байна.
-Тэгэхээр таны тоглосныг “Youtube”-ээс сонсох боломжтой юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хэдэн хүн үзэж, сонсох нь вэ гээд харж сууна (инээв). Ер нь “Сэтгэлд шингэсэн говь”-ийг тоглолтынхоо хөтөлбөрт заавал багтаадаг. Үзэгчид сэтгэгдэл их өндөр хүлээж авдаг. Монголын уудам тал, салхийг мэдэрдэг ч гэлцдэг. Энэ бүтээлийг би “Цацал” цомогтоо багтаасан. Оркестрын бичлэгийг дагаж, шинээр тоглож бичүүлсэн юм.
-Та Морин хуурын чуулгын хөгжимчин байсан. Тус чуулгын ямар ямар томоохон бүтээлд оролцож, тоглосон бэ?
-Би 2005 онд ХБК-ийн бакалаврын хоёрдугаар курст орох жилээс Ц.Батчулуун багшийн удирдлагад суралцаж эхэлсэн юм. Гуравдугаар курст байхдаа Морин хуурын чуулгад дагалдан хөгжимчнөөр ажилд орсон. 2006 онд чуулга Австри, Герман, Швейцар луу аялан тоглолтоор явахад анх удаа бүрэлдэхүүнд нь багтах завшаан тохиож байлаа. Дараа жил нь сургуулиа төгсөөд чуулгадаа жинхэлж, үндсэн хөгжимчин болсон юм. Түүнээс хойш долоон жил ажиллахдаа гоцолж бол тоглож байгаагүй. Ганц нэг баруун монгол ардын дуутай холбоотой бүтээл дээр икэл тоглосон. Манай чуулгад Монголын нэг номерын хуурчид л гоцлон тоглодог шүү дээ.
-Уран бүтээлийн ойрын ирээдүйн төлөвлөгөөг тань сонирхож болох уу. Одоо ямар зохиолууд дээр ажиллаж байна вэ. Хэзээ, хаана тоглох бол?
-Аравдугаар сарын 20-нд товлосон тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна. Икэл хуурт баруун Монголын татлагууд дээр ажиллаж байгаа.
-Та яагаад хөгжимчин, тэр дундаа морин хуурч болов. Сурах хэцүү байсан уу. Багш нь хэн бэ. Эмэгтэй морин хуурч цөөн. Энэ талаас нь авч үзэхэд ховор мэргэжил эзэмшсэн азтай бүсгүй гэж бодож байна. Таны бодлыг сонсъё.
-Морин хуурч мэргэжлийг сонгоход миний өвөө, эмээ их нөлөөлсөн. Би Увс аймгийн уугуул. Хоёр буурал минь икэл тоглодог байсан болохоор намайг хөгжимчин, тэгэх тусмаа морин хуурч болоосой гэж боддог, дэмждэг байлаа. Гэхдээ мэргэжлээ сонгоод, ирээдүйгээ итгэлтэйгээр харж, эргэлт буцалтгүй цааш явахад нөлөөлсөн нь радиогийн мэдээ. “Монголын анхны эмэгтэй морин хуурч Ж.Уугантуяа, Б.Уянга” гэж зарлаад л, ер нь энэ хоёр уран бүтээлчийн нэр олонтоо сонсогдох болсон л доо. Тэгэхэд “Өө, эмэгтэй хуурчид байдаг юм байна” гэж ойлгоод, маш итгэлтэйгээр цааш суралцсан. Яа гаад ч юм хэн нэгэн “Чи эмэгтэй юм байна шүү дээ” гээд болиулах ч юм уу, ажилд авахгүй байх вий гэсэн айдас байсан. Ийм бодолтой байсан гэхээр тэр үед эмэгтэй хуурчид дөнгөж гарч ирж, олонд танигдаж эхэлж бай сан үе юм даа. Одоо бол нэлээд олон болсон байх. 1997 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид Х.Азжаргал багшийн удирдлагад суралцаж эхэлсэн. Хэцүү байгаагүй. Багшийн заасан ба рил, тавил, дасгалыг дорхноо сурчихна. Багш “Чи яасан хурдан сурдаг юм бэ” гэдэг байв. 2001-2003 онд нийслэл дэх ХБК-д шилжин Ц.Амаржаргал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар, Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийн удирдлагад суралцаж сургуулиа төгссөн. Манайхан ХБК-ийн анхны бакалаврын дипломтой төгсөгчид юм.