Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, 17 асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаараа мэдээллээ. “Коронавируст халдварт цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-ний хүрээнд орон сууцын ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, “Нийслэлийн орон сууцын корпорац”, бусад холбогдох хуулийн этгээдэд шаардлагатай тусгай зөвшөөрөл шинээр олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг тус хороонд даалгасан. Тэгвэл “Нийслэлийн орон сууцын корпорац” ХК-ийн үүсгэн байгуулсан “Носк нэг ТЗК”, “Носк хоёр ТЗК”, “Носк гурав ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, нийт 1030 төрийн албан хаагчид хамаарах 87.8 тэрбум төгрөгийн орон сууцын түрээсийн орлогоор баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн байна. Түүнчлэн “Носк дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги” хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын зээлдэгчид бага хүүтэй санхүүжилт олгох нөхцөл бүрдүүлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хэрэгжүүлэхээр заасан. Үүний дагуу дээрх хуралдаанаар “ҮЦСК актив нэг ТЗК” ХХК-ийн уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт олгосон хэвийн зээлээр баталгаажсан 40.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, гурав хүртэлх жилийн хугацаатай үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргасан аж.
Бэлтгэсэн Б.Сонор