“Токио-2020” зуны олимпын XXXII наадам “хөшгөө татаад” ес хонож байна. Талын Монголын олимпын баг, тамирчид арлын Японоос нэг мөнгө, гурван хүрэл медаль “олзолсон” амжилт гаргасан. Медаль хүртсэн тамирчид, олимпын баатруудын маань ярилцлага, оролцсон нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байна, энэ өдрүүдэд. Энэ бол зүй ёсных. Гэхдээ мөн ялагдсан, хожигдсон тамирчид, дасгалжуулагчдаас учир байдлыг нь тодруулж, алдаа, оноондоо ямар дүгнэлт хийж буйг нь бас олон түмэнд хүргэх үүрэгтэй. Тиймээс “Токио-2020” олимпын марафон гүйлтийн төрөлд оролцсон ч барианд орж чадалгүй замаас гарсан Гавьяат тамирчин, олимпын наадамд тав, ДАШТ-д есөн удаа өрсөлдсөн, Азийн марафон гүйлтийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Лондон, Берлиний марафонд топ 10-т бичигдэж байсан Бат-Очирын Сэр-Одын дасгалжуулагч О.Оюунтуяатай ярилцлаа.
-Б.Сэр-Од барианд орж чадаагүй нь тэмцээний өмнө ханиад хүрсэнтэй холбоотой гэж спорт сонирхогчид таамаглаж байгаа. Түүний амжилтад ханиад хэрхэн нөлөөлөв, эсвэл өөр хүчин зүйл байв уу?
-Тамирчин бүр бэлтгэл, тэмцээний аль ч үед ямар нэгэн өвчин тусахгүйг хичээж, маш болгоомжтой байдаг. Бид хоёрын хувьд ч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, аль болох өвдөхгүйг хичээж тэмцээн уралдаандаа оролцож ирсэн. Гэхдээ өвдөнө гэдэг хэцүү шүү дээ, хэлж ирэх биш. Тэмцээн эхлэхээс 10-аад хоногийн өмнөөс Б.Сэр-Од “Хамраас жаахан шингэн нус гараад, нэг л биш ээ” гэхэд нь сандарч эхэлсэн. Боломжтой бүх л арга хэмжээг авсан. Багийн эмчтэйгээ байнга холбоотой байж, зөвлөлдөж байсан. Тамирчин хүн формтой буюу тэмцээнд оролцоход бэлэн болсон тэр торгон үедээ өвдөнө гэдэг маш хүнд, хамаг бие махбод нь сул болж тамир тэнхээгээ алддаг. Б.Сэр-Одын хувьд халуураад шууд эмнэлэгт хандсан. PCR шинжилгээг гурван янзын аргаар авахад бүгд сөрөг гарсан. Харин хүйтнээр үлээдэг агааржуулагчид “цохиулж”, хоолой нь бага зэрэг улайсан байна гэж эмч хэлсэн. Японд хэт бүгчим халуунд 24 цагаар хүйтнээр үлээлгэхээс өөр аргагүй байдаг. Читосэ хотод байрласан буудалд өрөө өрөөгөөр нь биш, нийтэд нь хүйтнээр үлээлгэж байсан юм.
-Ханиад хүрээд биед нь ядрах, сульдах өөрчлөлт оржээ. Бэлтгэлд нь хэр нөлөөлсөн бол?
-Ядарна гээд бэлтгэлээ шууд багасгасан. Ханиадаа дарахын тулд халуун бүлээн шингэн зүйл ууж байсан учраас биеэс нь энгийн үед ч маш ихээр хөлс гарч байсан. Тэр үед их тамирдсан.
-Тэмцээн болох дөхсөн, тамирчин нь ханиад хүрсэн үед дасгалжуулагчийн хувьд танд ямар бодол төрж байв?
-Хамар нь битүүрч, бие нь арзайгаад байсан болохоор ханиадыг нь дараад авъя л гэж хамгийн түрүүнд бодсон. 10-аад хоног үлдсэн байсан учраас бие нь сэргэчих байх гэж бодсон ч тэгээгүй. Халуун байсан учир гадаа ч, дотор ч хөлс нь гарч өдөр өдрөөр, бага багаар тамир тэнхээгээ алдаад л байсан. Б.Сэр-Одын оронд би ханиад хүрчихгүй яав даа гэж бодож байлаа. Олон улсын тэмцээн байсан бол шууд л цуцлах байв. Тамирчин бус, хэн ч ханиад хүрээд эдгэсний дараа бие нь сул болсон байдаг. Тамирдчихсан байхад нь яаж тэмцээндээ оролц, заавал гүй гэх вэ дээ. Гэтэл дөрвөн жилд ганц болдог олимп гэхээр яаж боль гэх вэ. Өөрөөс нь асуухаар “Одоо гайгүй ээ, эхний хэдэн км хүнд байгаад сэргэчихнэ, гүйнэ ээ” гээд л байсан болохоос больё гээд халширсан, зүрхшээсэн юм огт байгаагүй. Дасгалжуулагчийн хувьд биедээ тааруулаад зөөлөн гүйж эхлээрэй гэж захисан. Замын км ахих тусам тамирдаж, сүүлдээ цуцаж хоёр гуяных нь урд талын ачаалал дийлэхээ байж, чангараад тавигдахгүй байсан. Тэгэхээр нь энгэрийн дугаарын сүлбээр зүүгээ тэнийлгэж байгаад гуяныхаа урд талыг ээлжлэн хатгаж, чангарсан булчинг хүчээр суллан гүйсэн ч нэмэр болоогүй. Тэгээд 32 дахь км-т дохио зангаагаар больчих уу гэж асуусан. Би ч боль гэж хариулаад зогсоосон.
-Ханиад хүрэхээс өмнө бэлтгэл хэр байв?
-Бэлтгэл нь маш сайн байсан. Хамгийн том зорилго тавьж орсон тэмцээн гэж хэлж болно. Бэлтгэлийн хажуугаар хэд хэдэн тэмцээнд сорил хийж оролцсон, бүгдэд нь дээд амжилтаа шинэчилсэн. Ачаалал даах чадвар нь өмнөх жилүүдийнхээсээ хамаагүй илүү байсан. 14 сар ямар ч гэмтэл бэртэлгүй бэлтгэлээ хийсэн.
-Миний хувьд Б.Сэр-Одыг өмнө нь марафон гүйлтийн замаа дуусгалгүй гарч байсан гэж сонсож байгаагүй.
-Б.Сэр-Од нийтдээ 70 гаруй марафонд гүйж байсан. Нэг ч удаа замаас гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол.
-Тэгвэл анх удаа, тэгээд олимпын марафоны замаас гарахаар их л хүнд байгаа байх даа?
-Мэдээж бид хоёрын хувьд үнэхээр хэцүү байсан. Газар дээр нь байгаагүй, нөхцөл байдлыг хараагүй болохоор хүмүүс хэцүү байжээ гэж бодоод л өнгөрнө. Гэвч үүний цаана ямар урт цаг хугацаа зарцуулж, хүч гаргаад, найдлага тавьж, дэмжин тусалж байсан олон хүний итгэлийг алдсандаа маш их харамсаж, сэтгэлээр унасан. Үүнийг хүн бүрт хэлж тайлбарлах хэцүү. Биднийг ойлгон, зорин ирж, бүхнийг тодруулж, ярилцаж байгаад танд маш их баярлалаа. Япон болон бусад оронд сэтгүүлчид нь тамирчдынхаа баярласан, харамссан сэтгэгдлийг аль алиныг нь хуваалцахыг хичээдэг юм шиг санагдсан.
Б.Сэр-Одын хувьд одоо болтол хүнд байдлаасаа гараагүй байна. (Ярилцлагыг наймдугаар сарын 10-нд Олимпын тосгонд авав) Ээж болон ах, эгч, дүү, хамаатан садан, найз нөхөд, тусалж дэмжиж ирсэн хүмүүстэйгээ ч холбогдож чадахгүй, сэтгэлээр унасан. Тэмцээний замаа дуусгаж чадсангүй гэж бус, харин бэлтгэлийнхээ үр дүнг харж чадсангүйдээ гэж л харамсаж байна, бид хоёр.
-Мэдээж энэ олимп та хоёрын хувьд төгсгөл биш гэдэг нь ойлгомжтой. Дараа дараагийн уралдаан тэмцээн, бэлтгэл хүлээж байгаа. Ямар зорилго, төлөвлөгөөтэй байна вэ. Эх орондоо харьж, амарч, сэргэх үү?
-Үгүй ээ, одоогоор эх орондоо харих болоогүй. Нагояд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Ирэх 10, 11 дүгээр сард тэмцээнтэй. Яг одоогоор Монгол руугаа буцах цаг нь биш байна л даа. Учир нь гадаа бэлтгэл хийхэд хүйтэрч байна, мөн хил нээгдээгүй болохоор тэмцээнд оролцоход асуудалтай, нислэгийн хуваарь таарахгүй гэх мэт шалтгаан бий. Дараагийн гол зорилго гэвэл ирэх зун болох хөнгөн атлетикийн ДАШТ-д амжилттай оролцох. 2022 оны долдугаар сард АНУ-ын Орегон муж улсад болох ДАШТ-ий марафон гүйлтэд оролцох стандарт нь хоёр цаг, 11 минут, 30 секунд бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хойш гаргасан амжилтаар тооцох юм. Б.Сэр-Од хоёрдугаар сард болсон “Lake Biwa” марафонд хоёр цаг, есөн минут, 26 секундийн амжилттай гүйж, ДАШТ-д оролцох эрхээ авсан.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин