Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсанВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт Монголын финтек, блокчейний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Ажлын хэсгийг гишүүн Н.Учралаар ахлуулан, гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин болон “Дриймэрс” нэгдэл, “Койн хаб”, “Ай си ти”, “Их бит”, “Стэпп групп”, “Ард санхүүгийн нэгдэл” компани болон Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны төлөөлөл оролцлоо.
Эхлээд “Их бит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг олон улсын крипто зах зээл, хэрэглээ, хуулийн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн бол “Ай си ти” группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн технологи, Монгол Улс болон олон улсын блокчэйны хэрэглээний талаар мэдээлэл өгөв. Мөн Монголын хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны дарга О.Батхүү крипто валютын олон улсын хууль эрх зүйн орчны талаар танилцуулсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөл дээрх төсөлд саналаа хүргүүлсэн юм. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгох, крипто хөрөнгө худалдан авах, борлуулахад хяналт тавих, шинээр койн гаргахад тавих шалгуурыг тодорхой болгох зэрэг саналыг хэлж байлаа.
Өмнө нь ажлын хэсгийнхэн дээрх хуулийн төслийг санаачлагч Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагатай уулзсан бөгөөд энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж. Түүнчлэн иргэд крипто валют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлалтай байна. Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш” хэмээн онцолсон. Хууль батлагдсанаар зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд нь тодорхой шаардлага тавих талаар зөвлөлдөж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Уран