“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүхтэй ярилцлаа.
-Багадаа кино их үздэг хүү байв уу. Хэзээнээс найруулагч мэргэжилд хорхойсов?
-Манай гэр бүл, хамаатнууд дунд инженер мэргэжилтэй хүн олон бий. Хэрэв би дунд сургуульд байхдаа математик, физик зэрэг хичээлдээ сайн байсан бол тэднийхээ адилаар инженер болох байсан биз. Харин би монгол хэл, уран зохиолын хичээлдээ илүү сайн, бас дуртай, мөн сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог хүү байв. Тэр үеэс л кинонд, найруулагч мэргэжилд хорхойссон. Ахлах ангидаа “Би “Гоомарал”-ын эзэн болно” гэж мөрөөддөг байлаа.
-Та Б.Сумхүү найруулагчийн отгон шавь нарын нэг юм билээ. КУДС-д багш тань өөрөө шалгаж авсан гэл үү?
-Тухайн үед СУИС, “Харцага”, “Бэрс”, КУДС зэрэг урлагийн цөөн сургууль байлаа. Хэрэндээ судалгаа хийсний эцэст кино найруулагчийн мэргэжлээр КУДС-д суралцах нь зөв гэж шийдсэн. Биднийг Б.Сумхүү багш өөрөө шалгаж, элсүүлсэн. Багшийнхаа кинонуудыг зөндөө үзсэн мөртлөө яг ямар дүр төрхтэйг нь мэддэггүй байсан юм. Элсэлтийн шалгалтын үеэр л барааг нь анх харсан. Ингэж багшийнхаа шавьж болж, 2002 онд төгссөн дөө.
-Багш тань ирээдүйн найруулагч шавь нартаа юуг хамгийн их захидаг байв?
-Оюутан байхдаа багшийнхаа үгийг ойлгодоггүй, ойшоодоггүй байж. Гэтэл төгсөөд, зургийн талбайд очиход хэлж байсан үг бүр нь үнэ цэнтэй санагдаж, орой руу ордог юм билээ. Багш бидэнд онолоос илүү туршлагаасаа хуваалцдаг байлаа. Тэр киног хийх үед тэгсэн, энэ бүтээлээ ингэж хийсэн гээд л түүх ярина. Манай ангийнхан ч түүнд нь дуртай. Ер нь их “өлөн” оюутнууд байлаа. КУДС-ийн бусад төгсөлттэй харьцуулахад манай ангийнхан бараг бүгд кино урлагтаа ажиллаж буй. “Улаанбаатар” фильмийн найруулагч Б.Отгонзориг, “Жаалхүү” фильмийн найруулагч, кино зохиолч Л.Таванбаяр манай ангийнх. С.Батбаяр маань Бээжинд кино судлаач, шүүмжлэгчээр төгсөөд ирлээ. Э.Доржсүрэн зураглаачаар, Б.Туул, Ц.Буянсүрэн продюсероор, Х.Баяраа, Э.Нэргүй, Э.Анхжаргал нар “Логик” фильмийг ажиллуулж байгаа. Олонх нь кино урлагт хөтөлгөө морьтой ажиллаж байна.
-Б.Сумхүү багшийнхаа ямар уран бүтээлд хамгийн дуртай бол?
-“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинонд нь хамгийн дуртай. Би шинэ уран бүтээлийнхээ зургийг авч эхлэхийн өмнө энэ киног нь заавал үздэг. Үзэх бүрт шинэ зүйл сурч, ажиллах урам зориг авдаг.
-Та анх ямар кинонд ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бэ?
-Хоёрдугаар дамжаанд байхдаа ангиараа Ж.Солонго найруулагчийн “Хааны сүүлчийн хатан” кинонд туслахаар ажилласан. Цалингүй ч гэлээ киноны арын албанд ажиллах нь бидэнд их л сонирхолтой санагдаж байлаа.
-Тэгвэл цалин авч ажилласан нь?
-2002 онд сургуулиа төгсөөд Б.Отгонзориг бид хоёр “Нарны сүүдэр” гэж кино хийж байв. Харамсалтай нь, энэ киноны маань эх хувь бидэнд одоо байдаггүй. Түүнээс хойш хэсэг киноноос холдсон. ТВ-9 телевиз, МҮОНТ-д найруулагчаар, ангийнхантайгаа “Логик” фильм байгуулан ажиллаж байгаад 2010 онд “Долоон бурхан харвадаггүй” киногоо хийхээр зориглосон юм.
-“Долоон бурхан харвадаггүй” киног хүргэсний дараа та хүмүүсээс магтаал, шүүмжлэлийн алийг нь их сонссон бэ?
-Залуу байлаа. Сургуулиа төгсөөд олон уран бүтээлд ажиллаагүй, туршлагагүй найруулагчид хэн итгэж мөнгө өгч, хүссэн киногоо хийх боломж олгох вэ. Харин тэр үед Ж.Мөнхбат найз маань надад итгэж, энэ киног найруулах боломж олгосон. Киногоо гаргасны дараа магтаал, шүүмжлэлийн аль алийг нь л сонссон. Тэр болгоныг хүлээцтэй сонсож, дүгнэлт хийж, “Бүү март”, “Түүх мартахгүй” киногоо улам чамбай хийхийг хичээсэн. Сүүлийн хэдэн жил түүхэн кинонд ажилласны ачаар гэх үү, ажлын шаардлагаар гэх үү судалгаа их хийж, түүхийн мэдлэгээ тэлж байна.
-Яах гэж энэ мэргэжлийг эзэмшив дээ гэж харамссан үе бий юү?
-Харин саяхнаас тиймэрхүү бодол орж ирээд байгаа. Гэхдээ харамссан гэх нь оновчгүй юм. Энэ насанд ирэхээр дэврүүн байхаа больж, аливаад сэтгэл хөдлөлөөр хандахаас илүүтэй эргэцүүлдэг болдог юм байна. Кинонд ажилласнаар олсон зүйлс байхад алдсан нь ч бий. Золиосолсон ч гэж болно. Одоо л тэр бүгдийгээ л эргэцүүлж байна.
-“Бүү март” киноны зургийн үеэр харамсалтай явдал тохиолдож, гол дүрийн жүжигчин Б.Төмөрбат нас барсан. Олон найруулагчид ийм гарз тохиогоогүй байх. Тухайн үед та ямар байдалд орсон бэ?
-“Долоон бурхан харвадаггүй”-г хийсний дараа маршал Ю.Цэдэнбалын тухай кино хийхээр төлөвлөсөн байсан юм. Гэвч судалгаа хангалтгүй санагдаад хойшлуулсан. Ингээд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тухай киног түрүүлж хийхээр шийдсэн юм. Энэ киногоороо монгол хүний давуу чанар юу болохыг харуулахыг хүссэн. Тухайлбал, герман хүнийг цаг яс барьдаг, япончуудыг зарчимч, хятадуудыг хөдөлмөрч гэхчлэн ярьдаг шүү дээ. Тэгвэл монгол хүнийг ямраар харуулах вэ. Бид аливаа зүйлд хурдан зохицдог, саад, бэрхшээл, аюул тулгарсан үед давах, туулах гарцыг амархан олж, асуудлыг тайвнаар шийдэж чаддаг. Энэ зан чанарыг харуулахыг хүссэн. Ялангуяа Н.Төмөрбат ахын тоглосон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх гуайн дүрээр энэ чанар тод илэрдэг. Киноны зургийн ажил 70 орчим хувьтай байхад Н.Төмөрбат ах өөд болж, нөхөж баршгүй гарз учирсан. Юу болж байгааг анзаарах сөхөө ч байгаагүй. Н.Төмөрбат ахтайгаа зургийн талбайд өнгөрүүлсэн мөчүүд бодогдоод, хямарчихсан. Талийгаачийг нутаглуулсны дараа кино багийнхан цуглахад л “Нээрэн би чинь кино хийж байгаа шүү дээ. Одоо яах билээ” гэж бодсон. Талийгаач 20 орчимд үзэгдэлд зургаа авхуулах дутуу байсан юм. Ярилцсаны эцэст зохиолоо өөрчилж, проб хийх үеэр авсан түүний дүрсээс эвлүүлж, мөн орлон тоглогч, нүүр хувиргалт, компьютер график ашиглаж киногоо дуусгасан.
-“Түүх мартахгүй” кинондоо гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Гадаадын уран бүтээлчдэд монгол кинонд тоглох санал тавихад хэрхэн хүлээж авав. Тэднийг Монголд авчирч ажиллуулах ямар байв?
-Киноны дүрүүдэд тоглох жүжигчдийг сонгохдоо хамгийн их цаг зарцуулдаг. “Түүх мартахгүй”-д бүр ч илүүг зарцуулсан даа. Зөвхөн Анастасия Ивановна Филатовагийн залуу насны дүрд тоглох жүжигчнийг олохын тулд 5000 орчим эмэгтэйн танилцуулгыг харж, шалгаж, залуу жүжигчин Екатерина Коббаг сонгосон. Гадаадын жүжигчдэд Монголын түүхэн кинонд тоглуулах санал тавихад уриалгахан хүлээж авсан нь ч бий, Монголд киног хэрхэн хийдгийг тандахаар ирсэн нь ч байна. Манай оронд хөл тавьж үзэхээр зөвшөөрсөн нь ч бий. ОХУ-ын Гавьяат жүжигчин Галина Бокашевская, Виктор Балабанов, Евгений Шмелев нарын туршлагатай уран бүтээлчтэй ажилласандаа олзуурхаж байгаа.
-Таныхаар кино бизнес үү, урлаг уу?
-Аль аль нь. Одоогийн миний насанд романтик болон прагматик чанар тэнцчихдэг ч юм шиг. Тэгэхээр аливаа зүйлд наана цаанатай хандаж, жин тунг нь тохируулахыг хичээдэг юм байна. Үзэгчдээ мэдрэхгүй, зөвхөн урлаг талаас нь харж кино бүтээх нь бас өрөөсгөл. Нэгэнт л уран бүтээлч гэгдэж байгаа бол хүмүүст хүрэх бүтээл хийх хэрэгтэй. Тэгэхээр аль аль нь байгаа биз.
-Найруулагч бүрт ажиллаж дадсан арга барил, онцлог бий. Өөрийнхөө онцлогийг та юу гэх бол?
-Түүхэн кинонд түлхүү ажилласан болохоор бэлтгэлээ хангалттай базааж, ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж, түүнийгээ яс мөрдөөд дадчихсан. Зургийн талбайд очоод цаг алдахгүй, алдаа гаргахгүй байхын тулд. Тэгж ажиллах урамтай ч байдаг. Олон уран бүтээлчийн хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө санхүү “урсаж” байгаа үед найруулагч сэтгэл хөдлөлдөө хэт автаж, төлөвлөгөөнөөс гажиж болохгүй. Хамтарч буй уран бүтээлчдээсээ ч зарчимч байхыг шаарддаг.
-Найруулагч бүрт хамтарч ажиллаж дадсан жүжигчид байдаг юм билээ. Танд кино бүртээ тоглуулахыг хүсдэг тийм жүжигчин байдаг уу?
-Түрүүн хэлсэнчлэн түүхэн кино түлхүү найруулдаг учраас нэг жүжигчнийг хэд хэдэн кинондоо нэг л дүрд тоглуулах тохиолдол бий. Тухайлбал, Ардын жүжигчин А.Дашпэлжээ ах миний кино бүрт маршал Х.Чойбалсангийн дүрд тоглосон. Ардын жүжигчин Г.Равдан ахыг кино бүртээ тоглуулж, хамтран ажиллахыг хүсдэг. Гавьяат жүжигчин У.Батбаатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны хүү Л.Баярсайхан ахтай бас хамтрах дуртай. Ур чадвар, ажилдаа хандаж буй байдал, биеэ авч явах чадвар нь гайхалтай уран бүтээлчид. Тэдгээр эрхэмтэй зөвхөн хамтрахаас гадна кино багт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг тэднээс үлгэр дуурайл аваасай гэж хүсдэг юм.
-Одоо та ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Уран бүтээлийн шунал ихтэй л байна, сүүлийн үед. Хоёр кино, нэг жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Нэрт дуучин Х.Төмөр агсны тухай кино хийхээр судалгаа хийж, зохиолоо бичиж байгаа. Энэ мундаг дуучин хар, цагаан нийгмийг өнгөтөөр харж байсан хүн шүү дээ. Түүний амьдрал, уран бүтээлээр олонхоос өөр, өвөрмөц үзэл бодолтой хүний талаар өгүүлэхийг хүсэж байна. “Хүн хар, эсвэл цагаан байдаггүй. Хүн алаг. Хүнд сайн, муу чанар аль аль нь бий. Гэхдээ сайныг нь хардаг нүдтэй бай” гэж багш минь хэлдэг байлаа. Мөн “Амиа хорлогч” гэж киноны зохиолыг бичээд бараг дуусаж байна. Энэ киногоор дундаж давхаргын бэртэгчнүүдийг шүүмжлэх гэсэн юм. Энэ дундаж давхаргын бэртэгчин гэдэгт алдах зүйл ихтэй учраас нийгмийн өөрчлөх зүйлсэд зорьдоггүй, урсгал дагаж хөвдөг, бусдад мэддэггүйг нь мэдүүлэх гэж хичээдэг биш, шоолж өөнтөглөдөг, тэгсэн атлаа жинхэнэ сэхээтнүүд, соён гэгээрүүлэгчдийн хаана нь ч хүрэхгүй тийм хүмүүс. Тийм хүн их олон болж.
-Хийхээр зорьж буй тайзны уран бүтээл тань сонирхол илүү татаж байна.
-“Mongolian paramoia” гэх түүхэн, цуврал жүжиг. Холограм буюу гурав хэмжээст дүрс, үзүүлбэрүүд ашиглаж сонирхолтой уран бүтээл хийхийг хүсэж байна. Одоохондоо ярихад эрт.