Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах “Жэй Эм Си Прожектс Инди” компанийн Монгол дахь төслийн захирал Indivar Sharma, Дорноговь аймаг дахь төсөл хариуцсан захирал Sanjiv Kumar нартай уулзаж, ажлын явц, ТЭЗҮ, ложистикийн асуудлаар санал солилцлоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын нэгдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Жэй Эм Си Прожектс Инди” компани шалгарч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээг байгуулан, үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэвч Тяньжин боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл, далайн тээврийн компани зарим улсаас Монгол Улс руу хийх тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор дээрх үйлдвэрт ашиглагдах бараа материал хүлээгдэж, ажлын явц удаашрахад нөлөөлсөн.
Тиймээс дээрх уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч багийнхан Тяньжиний боомтод гацсан үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад ашиглах тоног, төхөөрөмж, бараа, материалыг тээвэрлэн оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал анхаарал хандуулан, боломжит бүхий л гарцыг хайн ажиллаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад саадгүй нэвтрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа мэдэгдэв.
Үйлдвэр байгуулах ажил үндсэн дөрвөн үе шаттай бөгөөд эхний ээлжийн багц ажилд иргэний барилга, байгууламжууд, түүхий ус хадгалах сав, үйлдвэрийн талбай дах автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам, Бор хөөвөрийн говиос түүхий ус дамжуулах хоолой, худаг, өргөх насос станц, үерийн ус зайлуулах систем, угтах байр, лаборатори зэрэг багтах аж.
Харин өнөөдрөөс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36.000 шоо метр усны резервуарын бетон цутгалтын ажлыг эхлүүлжээ.