Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны зургадугаар сарын эцэс гэхэд улсын инфляц 6.6, Улаанбаатарын хотынх 7.1 хувьд хүрсэн. Цаашдаа инфляц өснө гэсэн хүлээлт олон нийтийн дунд өндөр байна. Олон эдийн засагч инфляц энэ оны эцэс гэхэд Монголбанкны зорилтот түвшнээс давна гэж таамаглаж байна. Төвбанк энэ онд инфляцыг 4-8 хувьд байлгах зорилт тавьсан. Тэгэхээр инфляц найман хувиас давж, хоёр оронтой тоонд ойртох магадлалтай болжээ.
Эдийн засагчид инфляц өсөхөд шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь, мөн махны нийлүүлэлт хомс хэвээр байх нь нөлөөлнө гэж таамаглаж байгаа аж. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүний гацаа үргэлжлэх төлөвтэй, намар шинэ ногооны үнэ өндөр байх зэргээс шалтгаалж инфляц нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Улаанбаатар хотын инфляцын дийлэнх буюу 4.7 хувийг цөөн хэдэн нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүн, нийтийн хоолны үйлчилгээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, сайжруулсан түлш, шатахууны үнийн өсөлт инфляц нэмэгдэх гол шалтгаан болсон гэнэ. Эдгээр нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсны 30 хувийг бүрдүүлдэг байна.