Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн үйл ажиллагааны хэвийн, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж байна. Үүний хүрээнд Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хамтран тус улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг дээрх компаниудад нийлүүлэхээр болжээ. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдсэн байна.
Энэ хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлж буй “KOMATSU” худалдааны төлөөлөгч "Трансвест Монголиа"-ийн зүгээс “Шивээ-Овоо” компанид хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар "Эрдэнэс Монгол" компани мэдээлэв.
“Шивээ-Овоо” компанийн зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа 6.7 ам метрийн хүчин чадалтай экскаватор гурав, автосамосвал 100 тн даацтай зургаа, 60 тн даацтай найм, гинжит бульдозер хоёр, нийт 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брэндийн 19 ширхэг машиныг техникийн шинэчлэлийн хүрээнд хүлээлгэн өгчээ.