“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компанийн гүйцэтгэх захирал Ш.Лхагватай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг хуваарилахтай холбоотойгоор олон иргэн үнэт цаасны данстай болж, хөрөнгийн зах зээл идэвхэжсэн. Одоогоор Монгол Улсын хэдэн иргэн үнэт цаасны данс нээлгээд байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.5 сая гаруй иргэн эзэмшдэг. Үүнээс 2.4 сая нь үнэт цаасны дансаа нээлгэсэн байна. Тэдгээрийн 2 161 275 иргэн ногдол ашгаа авчихсан. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны бүртгэлжилт харьцангуй сайжирлаа. Гадаадад амьдарч буй, мөн хаягийн зөрчилтэй 200 мянга орчим иргэн үнэт цаасны дансаа нээлгээгүй байна. 2.2 сая иргэн ногдол ашгаа авсан гэдэг нь чамлахаар тоо биш. Нийт 800 мянга орчим иргэн и-баримтаар ногдол ашгаа авсан. Тэдний 500 мянга нь үнэт цаасны данстай иргэн байна лээ. Нэгэнт үнэт цаасны данстай бол түүгээрээ дамжуулж ногдол ашгаа аваад, дансныхаа үлдэгдлийг шалгаад явсан нь дээр байсан даа гэж бодогддог. Ачаалал ихтэй байсан учраас и-баримтаар тараачихсан. Хойшдоо ногдол ашгийг үнэт цаасны дансаар нь дамжуулж, хуваарилах зорилготой байгаа. Үнэт цаасны компаниуд ногдол ашиг тараах, харилцагчдадаа мэдээлэл өгөх үүрэгтэй. Компаниудын үүргээ хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхийн тулд зорих нь зөв гэж бодож байна.
-Үнэт цаасны дансаа шалгуулах хүмүүсийн дараалал танай компанийг “дарсан” байсан. Хүн амын олонх нь үнэт цаасны дансаа нээлгэж, хөрөнгийн зах зээлийн оролцогч болжээ. Одоо ачаалал багассан уу?
Хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны данс гэж яриад сурчихжээ. Үнэт цаасны данс бол зөвхөн 1072 ширхэг хувьцаанд зориулсан зүйл биш. Иргэд хөрөнгийн зах зээлийн оролцогч болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Үнэт цаасны дансаар дамжуулж хөрөнгийн зах зээлээс “Эрдэнэс Тавантолгой”-нхоос өөр компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх худалдан авч болно. Үнэт цаасны данстай хүмүүс харилцагч брокер, дилерийн компани руугаа утасдаад хувьцаа, бонд худалдаж авах боломжтой. Хөрөнгө оруулагчийн худалдаж авсан үнэт цаасыг тоо ширхгээр нь хадгалж байх үүрэгтэй байгууллага нь манайх. Монгол Улсад байгаа хувьцаат компаниудыг бүгдийг нь манай байгуулага бүртгэнэ. Тухайн компани хэдэн ширхэг хувьцаа гаргасан, түүнийг нь хэн, хэн эзэмшиж буйг мөн бүртгэдэг. Биржийн арилжааны дараа хэн хувьцаагаа зарсан, хэн хэдийг авсныг нь манайх нарийн бүртгэж байдаг. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарсан бол хасаж, авсан бол тухайн хүний үнэт цаасны дансанд нэмж бүртгэнэ гэсэн үг. Хувьцаа биет бус болсон. Тиймээс хэн хэдэн ширхэг хувьцаатайг манайх л тодорхойлох эрхтэй.
-Их хувьчлалын хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбар авсан хүмүүс 1990-ээд оны эхэнд аль нэг компанийн хувьцааг эзэмшсэн байдаг. Гэвч түүнийгээ мартсан тохиолдол бишгүй. Одоо иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор үнэт цаасны дансаа шалгуулаад, энэ асуудал цэгцэрсэн үү?
-Өмнө нь үнэт цаасны данстай байснаа мартчихаад дахин нээлгэх тохиолдол нэлээд гарч байна. Зарим хүн 1072 ширхэг хувьцааны данс тусдаа байна гэж буруу ойлгоод дахин данс нээлгэсэн тохиолдол ч гарч байгаа. Үүнээс сэрэмжлэхийн тулд 2016 оноос үүрэн телефоны оператор харгалзахгүйгээр 158989 тусгай дугаар луу өөрийн регистрийн дугаарын өмнөх хоёр үсгийг латинаар бичээд, араас нь тоонуудыг нь шивээд илгээчихвэл аль үнэт цаасны компанид харьяалалтай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байна вэ гэсэн мэдээллийг нь хариулдаг үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн үнэт цаасны компанийнх нь утасны дугаарыг хамт илгээдэг. Тиймээс иргэн үнэт цаасны компанийнхаа утсаар холбогдоод, өөрт холбогдолтой мэдээллээ авч болно. Түүнчлэн өөрт ойр ТҮЦ машин дээр очоод “Хувьцаа” гэсэн цонхыг нээгээд, зааврын дагуу мэдээллээ оруулж ямар үнэт цаас эзэмшдэгээ харах, хэвлэх боломжийг 2019 онд нээсэн.
Нэг гэр бүлийн таван гишүүн байлаа гэж бодъё. Гэтэл өрхийн тэргүүн нь бүх хувьцааг нь нэгтгээд өөрийн үнэт цаасны данс руу “хийчихсэн” байдаг. Энэ тохиолдолд хүүхдүүд нь “Би хувьцаатай байх ёстой” гээд шалгуулбал мэдээлэл гарч ирдэггүй. Гэр бүлийн гишүүдийнхээ хувьцааг өөрийн дансанд нэгтгэж бүртгүүлээд нас барчихсан тохиолдол байж болно. Ийм тохиолдолд үр хүүхэд нь өвөлж авах эрхтэй. Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ нас барсан гэрчилгээ, өөрөө түүний хэн болохыг баталсан бичиг баримттайгаа ирээд хувьцааг нь манайхаар шүүлгэж болно. Хэрэв хувьцаатай байвал өвлүүлж өгнө. Иргэний бүртгэл болон төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй мэдээлэл солилцохоор ажиллаж байна. Мэдээлэл солилцсон тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хэн өвлөхөөр болсон нь тодорхой болох юм. Эл мэдээллийг манайх Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” компанид гаргаж өгөх үүрэгтэй гэж харж байгаа. Тус компанийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлээд 10 жил өнгөрлөө. Нэлээд хугацаа өнгөрсөн учраас хувьцааг нь үр хүүхэд нь өвлөж авах эрх үүсгэх шаардлага бий. 2019 оны байдлаар 100 гаруй мянган хүний хувьцааг өвлүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ бол зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг. 1990- ээд оны эхээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ хувьцаа авсан хэрнээ нэг ч удаа “хөдөлгөөгүй” нийт 29 гаруй мянган иргэн бий. Хувьцааных нь ногдол ашиг, хувийн үлдэгдэл 700 гаруй сая төгрөг байна. Тэдгээрийг нас барсан, хувьцаатай гэдгээ мартсан хүмүүс гэж ойлгож болно.
-Хувьцаатай, эсэхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн ногдол ашиг 10 тэрбум төгрөг давсан гэж сонсож байсан. Нэлээнд багасжээ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хуваарилах үйл явцтай холбоотойгоор олон хүн үнэт цаасны данстай, хувьцаа эзэмшдэг, эсэхээ шалгуулсан. Ингээд хувьцаатайгаа мэдсэн иргэд ногдол ашгаа авсан. Үлдэгдэл нь ингэж багассан хэрэг. Банк хоорондын гүйлгээний шимтгэл 300 төгрөг байдаг. Үүнээс бага, эсвэл 500 төгрөг хүртэл одоогоор нийт 271 сая төгрөг бүхий ногдол ашигтай 2821 иргэн бий. Тэд мөнгөө авахгүй манай дансанд байлгасаар байна. Монголбанктай ярилцаад, шимтгэлгүйгээр ногдол ашгийг нь тараах боломж бий. Харилцагч хүсэхгүй бол мөнгийг нь шилжүүлэх эрх зүйн боломж манайд байдаггүй. Тиймээс өндөр дүнтэй мөнгөтэй ч санаатайгаар манай данс дээр үлдээдэг хүмүүс ч бий.
-Хувьцаа, үнэт цаасны данстай гэдгээ мэддэггүй гэх мэт хөрөнгийн зах зээлд үүсчихсэн байсан замбараагүй байдал цэгцэрчээ. Үнэт цаасны хадгаламжийн системээ олон улсын түвшинд хүргээд, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, гадаадтай холбох нөхцөл бүрдүүлчихвэл хөрөнгийн зах зээлийн хөгжлийн суурь асуудал шийдэгдэх нь гэж ойлголоо.
-Манай байгууллага 2018 оны наймдугаар сарын 14-нд БНСУ-ын төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай хил дамнан үйл ажиллагаа хамтран эрхлэх гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд олон улсад гарцтай тус төвлөрсөн хадгаламжийн байгууллага болон түүний кастодиан банктай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, энэ онд олон уулзалт зохион байгууллаа. Хэлэлцээ амжилтад хүрвэл Монголын хувьцаат компаниуд цаашид гадаадын биржид давхар бүртгүүлж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, нэр хүндээ өсгөх, гадаад зах зээлд гарах зардлыг багасгах боломж бүрдэж эхэлнэ. Мөн давхар бүртгэлтэй холбоотойгоор олон улсад тухайн үнэт цаасыг хөрвүүлэх үйл ажиллагааг хийх боломжтой. Ингэснээр зах зээлээ тэлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээл рүү татах чухал алхам болно. Бас дээрх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн хувьцаа барьцаалах, зээлдүүлэх үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн болоод аж ахуйн нэгжүүд худалдан авсан аливаа хувьцаа, бондыг дансандаа хадгалаад байх биш, хэн нэгэн хүсэлт гаргасан этгээдэд богино болон урт хугацаагаар зээлдүүлэх, мөн зээлдүүлж байх хугацаандаа үр шимээ өөрөө хүртэх боломж бүрдэнэ. Түүнчлэн өөр улс оронд байгаа тухайн хувьцаа, бондыг зээлдэх хүсэлтэй байгаа этгээдэд Монгол Улсаас манай байгууллагаар дамжуулан зээлдүүлэх, хөрвүүлэлт хийх боломж үүснэ. Энэ үйлчилгээ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьцааны төвлөрлийг багасгах, богино хугацаат хэлцэл хийх, үүсмэл санхүүгийн хэрэгсэл бий болгох зэргээр зах зээлийг эргэлтэд оруулах, нийт хөрөнгө оруулагчдад ашигтай байлгахад чиглэсэн чухал алхам болно. Ойрын жилүүдэд ийм ажлуудыг амжуулснаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх суурь улам томорно гэж үзэж байна.