Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоотой Оюутолгойн гүний уурхайн зардлын хэтрэлтэд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар ярилцлаа.
-“Рио тинто” групп Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл хүндэрснээс шалтгаалсан гэж тайлбарласан. Тэгвэл хөндлөнгийн шинжээчид зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээ эхэлсэн үед ийм дүгнэлт гаргасан нь олны анхаарлыг татаж байна. Юуны түрүүнд хөндлөнгийн шинжээчид бодитой дүгнэсэн үү гэсэн асуулт гарч байна л даа.
-Хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах шаардлага яагаад үүссэн бэ гэдгийг эхлээд хөндөх хэрэгтэй. Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг гүний уурхайгаас олборлох боломжтой. Тиймээс газрын гүнд өргөн хүрээтэй дэд бүтэц, инженерийн байгууламж барьж, бүтээн байгуулалт хийж байна. Оюутолгойг дэлхийн хэмжээний томоохон уурхай болгохын тулд гүний уурхайг нээх шаардлагатай.
Одоогоор “Оюутолгой” компани ил уурхайгаасаа хүдэр олборлож байна. Үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын хэмжээ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээс арай илүү. Гэвч дэлхийн том уурхайнуудын тоонд ороход олборлолтын хэмжээ нь хангалттай биш. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой. Улсын төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмнэ гэсэн хүлээлт бий. “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан 2015 онд гүний уурхайн бүтээн байгуулалт 2021 оны нэгдүгээр сард дуусна гэж төлөвлөсөн. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу бол өдийд гүний уурхайг ашиглалтад оруулаад, олборлолт нь эхэлчихсэн байх ёстой. Тухайн үед нийт хөрөнгө оруулалтын зардал нь 5.3 тэрбум ам.доллар болно гэж тооцсон. Гэтэл “Рио тинто” групп 2019 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдадаа гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1.9 тэрбум хүртэлх ам.доллароор өсөх хүлээлттэй, ашиглалтад оруулах хугацаа 30 сараар хойшилж болзошгүй байна гэсэн албан ёсны мэдэгдэл ирүүлсэн. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь “Оюутолгой” компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Нэмэлт санхүүжилт татах, авсан зээлийнхээ хугацааг хойшлуулах нөхцөл бүрдсэн зэрэг санхүүгийн хүндрэл үүсгэсэн. Нөгөөтээгүүр, Монгол Улсын хүртэх үр өгөөжийн хугацааг хойшлуулсан. Тодруулбал, Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх тооцоолол тэднийх ирүүлсэн. Мөн татварын орлого хойшилж байгаа. “Рио тинто” групп мэдэгдэл гаргасны дараа “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны ханш огцом унасан. Үүнийг хөрөнгө оруулагчид нь сөргөөр хүлээж авсан. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах 92 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-аас ажлын хэсгийнхэнд өгсөн хамгийн том чиглэл нь Оюутолгойн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон “Дубайн гэрээ”-г Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлж, сайжруулах үүрэг юм. “Рио тинто” групп 2019 оны долдугаар сараас хойш геотехникийн нөхцөл буюу төслийг эхэлж байх үед урьдчилан харах боломжгүй байгалийн чулуулгаас болж, зардал өсөж, хугацаа хэтрэх нөхцөл бүрдсэн гэж тайлбарлаж ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь хяналтаас гадуурх нөхцөлөөс шалтгаалсан гэсэн тайлбар хийсэн хэрэг. Тэгвэл гадаадын зарим хэвлэлд гарсан болон “Рио тинто”-гийн эсрэг “шүгэл үлээж” буй хүмүүсийн өгч буй мэдээллээс зөвхөн геотехникийн нөхцөлөөс үүдэж зардал өсөж, хугацаа хэтрээгүй байж болзошгүй нь харагдсан. Манай Засгийн газар “Оюутолгой” компаниас эзэмшиж буй 34 хувиа зээлээр санхүүжүүлдэг. “Рио тинто” хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож менежментийн төлбөрөө авдаг. Тиймээс өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөдөг юм биш үү гэсэн эргэлзээ дагуулсаар ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд зардал хэтэрсэн асуудал хөндөгдөж, “Рио тинто”-той үл ойлголцол үүсэж байсан. Зардал хэтэрсэн асуудлыг манай тал “Дубайн гэрээ”-г байгуулаад хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг анх ахалсан. Тухайн үед “Эргэлзээтэй байгаа асуудалд хариулт авах хэрэгтэй юм байна. Хариулт авахын тулд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулъя” гэж шийдсэн. Ингэхдээ Засгийн газар дангаараа санаачилга гаргахгүй, “Оюутолгой” компанийн засаглалын хүрээнд шийдвэрлүүлье гэсэн. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж ажиллах ёстой. Улмаар гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ТУЗ-өөр нь дамжуулж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлье гэсэн саналыг Засгийн газрын ажлын хэсгээс албан ёсоор гаргасан. Манай саналыг “Туркойз хилл ресурс” компани дэмжсэн. “Оюутолгой”-н ТУЗ-д манай Засгийн газрыг төлөөлдөг гурав, “Туркойз хилл ресурс”-ийг төлөөлдөг гурван гишүүн ажилладаг. Тэд хамтарч хөндлөнгийн шинжээчийн шалгалт оруулъя гэдэг шийдвэрийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан юм. Ингээд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн тусгай хороо байгуулъя, үүнд нь манай Засгийн газрыг төлөөлсөн хоёр, “Туркойз хилл ресурс”-ийг төлөөлсөн хоёр гишүүнийг оруулъя гэж шийдвэрлэсэн. Тусгай хорооны чиг үүрэг нь хөндлөнгийн шинжээчдийг томилж ажиллуулах, гаргасан дүгнэлтийг нь танилцуулах байсан. Тусгай хороог 2020 оны арванхоёрдугаар сард байгуулаад, ажиллах дүрмийг нь баталж, хөндлөнгийн шинжээчдээ хайж эхэлсэн. “Рио тинто” групп дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс “Рио тинто”-той сонирхлын зөрчилгүй зөвлөх компани олоход хүндрэлтэй байсан учраас нэлээд хугацаа зарцуулсан. Аль болох сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн дүгнэлт гаргах компанийг тусгай хорооны гишүүд хайсан.
-Тэгээд ямар бүрэлдэхүүн сонгосон бэ?
-Эцэст нь “Independent consultаnts group” гээд хөндлөнгийн мэргэшсэн зөвлөхүүдээс бүрдсэн баг сонгосон. Энэ багийн найман хүн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт хийсэн. Олон улсад гүний уурхайн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, төслийн зардал яагаад хэтэрсэн, хугацаа хойшилсон гэдэгт дүгнэлт хийх ур чадвар, мэргэжлийн туршлагатай хүмүүсийг томилсон байна лээ. Тусгай хорооны гишүүд багийнхантай ярилцлага хийж, ажлын туршлагатай нь танилцаад сонгосон гэж ойлгож байгаа. Засгийн газраас ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй хамт, тэдний мэдээлэл бидэнд ирсэн. Үүнээс харахад, Австрали, Америк, Канадын геотехник, төслийн худалдан авалт, геологийн чиглэлээр мэргэшсэн найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Зарим нь 30-40 жил уул уурхайн салбарт ажилласан, нэр хүндтэй хүмүүс байна лээ. Мэдээжийн хэрэг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд итгэж болох уу гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг давхар хоёр хараат бус зөвлөхөөр хянуулсан. Хоёр зөвлөх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Дэлхийн томоохон мэргэжилтнүүдийн дүгнэлтийг мөн л тэдний адил ур чадвар өндөртэй хоёр зөвлөх баталгаажууллаа. Хоёр зөвлөх нь салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм билээ. Хоёр зөвлөх “Рио тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн том төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. “Рио тинто”-гийн зөвлөхөөрөө ажиллуулдаг хүмүүс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг баталсан гэхээр итгэл үнэмшил төрөх болов уу. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулаад “Рио тинто” групп албан ёсны байр сууриа илэрхийлэх байх. Тус группийнхэн геотехникийн нөхцөлөөс шалтгаалсан гэсэн бол хөндлөнгийн шинжээчид төдийлөн нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гаргачихлаа шүү дээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио тинто” группийн Монгол дахь төлөөллийг хүлээн авч уулзаад, албан ёсны тайлбар өгөхийг шаардсан. “Рио тинто” группийнхэн дүгнэлттэй танилцаж байна гэсэн хариу өгөөд байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Туркойз хилл ресурс” компанийн хөрөнгө оруулагчид нухацтай авч үзэх ёстой гэж бодож байна. Учир нь, тус компанийн хувьцааны үнэ цэнд нөлөөлөх хэмжээний том мэдээлэл юм. Бид төслийн оролцогч талуудаас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулан ямар тайлбар, мэдээлэл ирүүлэх нь вэ гэдгийг хүлээж байна.
-“Рио тинто” группийн геотехникийн нөхцөлийн хүндрэлээс үүссэн гэсэн тайлбарыг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт няцаалаа. Тэгвэл зардал өсөж, хугацаа хэтэрсэн нь юунаас шалтгаалж вэ гэдгийг тогтоох шаардлага үүсэх нь. “Шүгэл үлээгч”-д материал худалдан авах алдаанаас үүдэж зардал нэлээд өссөн гэдгийг хэлж буй. Хөндлөнгийн шинжээчдийн багт худалдан авалтын зөвлөх ажилласан юм байна. Тэгэхээр геотехникээс бусад шалтгаанд ямар дүгнэлт гаргасан бэ?
-Нийт 157 хуудас дүгнэлт гаргасан. Хугацаа яагаад хойшилсон бэ гэдгийг дэлгэрэнгүй заасан байгаа. Харин хөрөнгө оруулалтын зардал яагаад өссөнийг тогтоохын тулд санхүүгийн хөндлөнгийн аудитаар нарийвчлан шалгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хөндлөнгийн шинжээчид өгөөд байна. Бидний харж байгаагаар төслийн менежментийн асуудлаас болоод хугацаа хойшилсон юм болов уу. Хугацаа хойшилж, хийх ажил сунжирснаас үүдэж, ерөнхий зардал нэмэгдсэн, дунд нь худалдаа авалтын алдаа гарсан асуудал байгаа нь ч харагдсан. Төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио тинто” болон туслан гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа сайн байгаагүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарсан байсан лээ. Геотехникийн нөхцөлөөс хамаарч зардал нэмэгдээгүй юм бол юунаас үүдсэн юм бэ гэдгийг нарийвчлан судлах шаардлага үүсэж байна. Хөндлөнгийн шинжээчдийн санхүүгийн аудит хийлгэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг “Оюутолгой” компанийн ТУЗ харгалзаж үзэх болов уу. “Рио тинто” групп жил бүр 200 гаруй сая ам.долларын төлбөр авч энэ төслийг удирддаг. Дэлхийд тэргүүлэх өндөр туршлага, ноу-хау, чадвартай компани учраас бид төслийн удирдлагыг тэдэнд итгэж өгсөн. Гэтэл тэдний тайлбараас зөрүүтэй дүгнэлт гарч байгаа нь санаа зовоосон асуудал яах аргагүй мөн.
-Том зургаар нь харвал хэлэлцээ хийх шатрын өрөг дээр том өөрчлөлт гаргах нөхцөл үүсжээ. Тоглоомын дүрмээ өөрчлөх шаардлага ч үүсэж мэднэ. Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээрийг цаашид ямар хандлагаар үргэлжлүүлье гэж төлөвлөж байгаа вэ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах нь үл ойлголцлын зангилааг тайлах шийдэл байсан шүү дээ.
-Өнөөдөр хэлэхэд эрт байна. “Рио тинто” группийн албан ёсны байр суурийг сонсоогүй байна. “Туркойз хилл ресурс” компани ч харгалзаж үзээд, байр сууриа илэрхийлэх байх. Албан ёсны байр сууриа илэрхийлсний дараа “Рио тинто”-той яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Үүсээд буй нөхцөл байдал “Одоо яах вэ” гэдэг асуулт дагуулах нь ойлгомжтой. Ерөнхийд нь харвал бид “Оюутолгой” төслийг урагшлуулах шаардлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах ёстой. Ингэж байж ордын нөөцийн үнэ цэнтэй хэсгийг олборлох нөхцөл бүрдэнэ. Улмаар төсвийн орлогоо нэмэгдүүлж, баялгийнхаа өгөөжийг хүртэнэ. Төсөлд оролцогч аль ч талын хүсэл гүний уурхайг хурдан хугацаанд ашиглалтад оруулах гэж бодож байна. Яриа хэлэлцээний явцад гүний уурхайн бүтээн байгуулалтыг гацаах албагүй гэж харж байгаа. “Рио тинто” групп гэрээт гүйцэтгэгчийн хувьд гүний уурхайг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ шаардлагыг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөрөнгө оруулагч талд тавьсан. “Рио тинто” групп өмнө нь геологийн нөхцөл байдлаас үүдсэн хэмээн өөрсдөөс нь хамаарахгүй байдлаар зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэж тайлбарласан. Тэгвэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт өөр хариулт өгч байна. Ингэж яриа хэлэлцээг асуудалд ул суурьтай, үндэслэлтэй хандаад үргэлжлүүлэх байх. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зарим асуудлыг тодорхой болголоо. Тодорхойгүй байсан асуудал тодорхой болж байгаа нь сайн хэрэг гэхдээ бид яриа хэлэлцээнд нухацтай хандах шаардлагатай. Бидэнд байгаа бодит үнэн бол “Рио тинто” групп “Туркойз хилл ресурс” компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч. “Туркойз хилл ресурс” компани “Оюутолгой”-н хувьцааны 66 хувийг эзэмшдэг. Тэгэхээр хөрөнгө оруулагч талуудтай ойлголцож, гүний уурхайгаа ашиглалтад оруулах нь зөв. Ингэх нь манай эдийн засагт хэрэгтэй. Төслийн хөрөнгө оруулагчдад ч хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэт халдах нь зөв хандлага биш. Аль болох зөвшилцөх нь зүйтэй болов уу.
-Хэрэв хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Рио тинто” хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ гэдгийг төсөөлөх хэрэгтэй болов уу?
-“Рио тинто” эсрэг байр суурьтай байвал хөндлөнгийн шинжээчидтэй хамтарч ажиллаж болно. Хамтарсан шинжээчдийн баг ажиллуулж болно. Мэдээжийн хэрэг байр сууриа үндэслэлтэйгээр тайлбарлах байх. Техникийн мэргэшсэн багууд хоорондоо ойлголцох болов уу гэж найдаж байна. Ойлголцолд хүрэхийн тулд цаг авч магадгүй. Тиймээс бид асуудлыг хэт яарч шийдэх шаардлагагүй. Нөгөөтээгүүр, хоёр тал бие биеэ буруутгаад суугаад байх хэрэггүй. Харилцан үр ашигтай хамтарч ажиллахад анхаарах шаардлагатай. “Оюутолгой” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал өссөн, хугацаа хэтэрсэн гэсэн үл ойлголцлоос гадна татварын маргаан бий. Талууд ойлголцоод нэг талдаа гараад, гүний уурхайг ашиглалтад оруулсны дараа маргаангүйгээр төслөө үргэлжлүүлэх нь “Оюутолгой” компанийн эрх ашигт нийцнэ. Бид төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна
-“Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд хавар Монголд ирэхдээ тооноо тойрч сууж ярилцаад асуудлаа шийдвэрлэе гэсэн санал гаргасан. Албан бус эх сурвалжийн хэлснээр Б.Болд захирлыг нэлээд ажил амжуулаад буцна гэж төлөвлөсөн ч санаанд хүрээгүй гэж сонссон. Манай Засгийн газар тухайн үед нэлээд алгуур хандсан юм уу даа. Та яарч асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэлээ. Монголын талаас цаашдаа яриа хэлэлцээнд хэр идэвх, манлайлалтай оролцох вэ?
-Бид яриа хэлэлцээнд нээлттэй байгаагаа хэлдэг. Аль болох үр дүнд хүрье гэсэн хандлагаар ажиллаж байгаа. Манай ажлын хэсгийнхэн хавар Б.Болд захиралтай уулзаж, маш олон асуулт тавьсан. Дараагийн уулзалтыг хийж хариулт өгөхөөр тохиролцсон. Хариулт өгөх уулзалтын хугацааг товлосон ч “Ковид-19”-ийн нөхцөл хүндэрснээс шалтгаалаад цуцалсан юм. Монголд ирсэн багийн хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодсон байх. Бид огт холбоо тасраагүй. “Рио тинто”-гийн Монгол дахь төлөөлөгчтэй нь харилцаатай байгаа. Ойлголцох өнцгөөс асуудлыг хүлээж авч байна. Нөгөө талаас “Рио тинто” группийнхэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагчдад маш үндэслэлтэй санал тавьж байгаа. Аль аль тал нь яриа хэлэлцээнд үр дүнд хүрье гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ийм хүсэл эрмэлзэлтэй байвал яриа хэлэлцээнд урт хугацаа зарцуулахгүй болов уу. Ялангуяа гүний уурхайг ашиглалтад оруулах дөхсөн үед асуудлыг сунжруулж, яриа хэлэлцээг алгуурлая гэсэн байр суурь Засгийн газарт байхгүй. Яараад хэрэггүй гэдэг нь асуудалд үндэслэлтэй хандаж, өөрийн болоод хөрөнгө оруулагч талын байр суурьд сайтар дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн санаа юм. Түүнээс биш, хараад суугаад байна гэсэн үг биш. Бид ажилласаар байна. Хуулийн болон санхүүгийн мэргэшсэн шинжээчдээ томилоход ойрхон байна. Энэ талаар цаг тухайд нь мэдээлэл өгнө. Хэлэлцээрт бэлтгэлтэй орох чухал гэдэг байр суурийг бид ямагт баримтална.
-“Оюутолгой” төсөл улс төрийн халуун сэдэв болдог. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулаад “Худалч “Рио тинто”-г хөөж гаргая” гээд улстөржүүлээд явчихыг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл үүсвэл яриа хэлэлцээнд баримталж буй Засгийн газрын бодлоготой сөргөлдөөд зогсохгүй, гацааж мэдэх байх.
-Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлийг шийдвэрлэхийн тулд аль болох олон талын оролцоог хангаж, дотоодын нэгдмэл байр суурьтай ажиллахыг эрмэлзэж байна. Засгийн газрын ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчнүүдийн төлөөллийг оруулсан. Нэгдмэл байр суурьтай яриа хэлэлцээнд ороход энэ чухал. Бид байр сууриа нэгтгэхийн тулд олон талын оролцоог хангасан гэж ойлгож болно. Засгийн газар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байгаа. Тиймээс уг 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороог хаврын чуулганы үеэр байгуулж ажилласан. Бидний хийж байгаа ажлыг УИХ хянаж байгаа учраас дотоодын улстөрчид нэгдмэл байр суурьтай байх болов уу гэж бодож байна. УИХ-аас тодорхой санал оруулбал харгалзаж үзээд яриа хэлэлцээнд оруулаад явах бүрэн боломжтой. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлага их бий. Хөрөнгө оруулагчдын мөнгө, ноу-хау, технологийг ашиглан эдийн засгаа хүртээмжтэй өсгөх шаардлагатай байна. Хөрөнгө оруулагч татъя гэхээр Монгол Улсын талаар өрөөсгөл ойлголт тэдэнд байдаг. Үүний нэг шалтгаан нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой үүсэж буй үл ойлголцол, маргаантай асуудал юм. Энэ нь Монголын олон улс дахь имижид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид “Оюутолгой” төсөлтэй холбоотой үл ойлголцол, маргаантай асуудлаа цэгцлээд нэг талдаа гаргачихвал хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэж найдаж байна. Төслийг зогсоох ч юм уу, ямар нэг эмоцтой шийдвэр гаргах нь бидэнд ашиггүй. Монголчууд нэгдмэл байр суурьтайгаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэт хөндөхгүйгээр өөрсдийн эрх ашгаа сайжруулах хэрэгтэй. Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулахаас өмнө яриа хэлэлцээгээ өндөрлөөд, нэг талдаа гарчих болов уу гэсэн найдвар байна.