“Токио-2020” наадмын хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа. Энэ удаагийн олимпод Монголоос ажилласан таван шүүгчийн нэг тэрбээр тамирчны замналаа 2002 оноос эхэлжээ. Удалгүй шүүгч болсон тэрбээр эдүгээ олон улсын нэгдүгээр зэрэглэлтэй. Одоогоор найман удаагийн ДАШТ, Дэлхийн цомын тэмцээн хоёр, олон улсын түвшний зургаан наадамд шүүгчээр ажилласан туршлагатай. Түүнчлэн тивийн аварга, гран при зэрэг 30 гаруй тэмцээн шүүсэн, спортын олон улсын түвшний зүтгэлтэн юм.
-“Токио-2020”-ийн хүндийг өргөлтийн төрөлд хэдэн шүүгч ажилласан бэ?
-Уг нь олимпод 35 шүүгч ажилладаг байсан. Энэ удаагийн олимп жендерийн харьцааг тэгшитгэснээрээ онцлог. Өмнө нь эрэгтэйчүүдийн өрсөлдөх жин илүү, эмэгтэйчүүдийнх цөөн байсан юм. Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдлөө. Нийт 197 тамирчин оролцсоны 99 нь эрэгтэй, 98 нь эмэгтэй. Эмэгтэй тамирчид нэмэгдсэнээс шалтгаалаад энэ жил зургаан эмэгтэй шүүгч нэмсэн. Өөр өөр орны, нийт 41 шүүгч ажиллалаа.
-Спортын дийлэнх төрлийн шүүгчид олны нүдэнд ил ажилладаг атал хүндийг өргөлтийнх сууж байдаг болохоор харагдахтай, үгүйтэй юм. Олимпын таван монгол шүүгчийн нэг та зураглаачийн дуранд тэр бүр өртөхгүй байсан болохоор ийм хүн олон орны тамирчдын хүч, чадал, тэсвэр тэвчээрийг шүүн дэнсэлсэн юм гэдгийг уншигчдадаа танилцуулахыг хүслээ.
-Хүмүүс үнэхээр тэгж хэлсэн шүү. Найзууд минь “Чамайг хармаар байна. Камерын өмнүүр ганц удаа гүйгээдхээч” гэж байсан (инээв). Тэгэхээр нь би “Тамирчны өмнүүр гүйхээс ялгаагүй. Тийм болохоор болохгүй ээ” гэсэн.
-Энэ спортод хэзээ хөл тавьсан бэ. Өнөөг хүртэл туулсан замнал тань сонирхолтой, хуримтлуулсан туршлага арвин болов уу?
-Би 2002 онд тамирчин болохоор шийдэж, хичээллэж эхэлсэн юм. 2003 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж бүрдсэн. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ нь Монголынхоо эмэгтэйчүүдээс анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртсэн тохиолдол байлаа. Дараа нь Бээжингийн Биеийн тамирын их сургуульд дасгалжуулагчаар суралцаж ирээд, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд мэргэжлээрээ ажилласан. Тэр үед сая “Токио-2020”-д өрсөлдсөн Э.Билэгсайханд штангийн гол атгуулсан багш нь болж байлаа. 2010 оноос Хүндийг өргөлтийн холбооноос зохион байгуулж ирсэн тэмцээнүүдэд хөтөлж явуулах, шүүх зэргээр ажилласан. Улаанбаатарт болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын шүүгч болох гараа эхэлсэн юм. Үүнээс гурван жилийн дараа олон улсын шүүгчийн хоёрдугаар зэргийн үнэмлэх авсан. Энэ нь Ази тивийн хэмжээний тэмцээнүүдийг шүүх эрх л дээ. 2015 онд АНУ-ын Хьюстон хотод насанд хүрэгчдийн ДАШТ болоход шүүгчийн зэргээ ахиулах зорилгоор очсон. Тухайн үед санхүүгийн боломж тааруу байсан тул цалингийн зээл аваад явж байлаа. Ингээд дараа жил нь анхны ДАШТ-дээ уригдаж шүүгчээр ажилласан.
-Олимпын наадам анх удаа шүүв үү?
-Насанд хүрэгчдийн зуны спортын наадмын тухайд анхных нь. Урьд нь 2018 онд Аргентины Буэнос-Айрес хотод болсон Залуучуудын олимпын наадамд шүүгчээр ажилласан.
-Монголоос олимпын наадам анх шүүсэн эмэгтэй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ.
-Та ДАШТ-ийг гэхэд найман удаа шүүсэн. Өөр ч олон тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай, баялаг түүхтэй юм байна. Хүндийг өргөлтийн тухайд лавлахад, энэ нь эмэгтэйчүүдэд хүнд спортын төрөл биш үү. Яагаад эл спортыг сонгов?
-ДАШТ-ээс гадна Дэлхийн цомын тэмцээнийг хоёр удаа шүүсэн. Эдгээр нь А ангиллынх. Азийн, оюутны, Зүүн Азийн, залуучуудын, “Токио-2020” зэрэг зургаан наадамд шүүгчээр ажилласан байна. Ер нь олон тэмцээн шүүсэн дээ. Хүн төрөлхтөн аливаа спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлээд оргилд нь хүргэлээ. Хүндийг өргөлт ч адилхан. Хүний бие организмыг маш нарийн судалсан байдаг учраас тухайн тамирчинд зориулсан бэлтгэл, ачааллыг өгөхөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Спортод бэртэл, гэмтэл зэрэг эрсдэл байдаг. Нэр алдарт хүрсэн тамирчдын дунд үүнийг даван туулаагүй нь ховор. Биеийн хөгжлийн хувьд гажилт үүсгэх зүйл байхгүй.
-Медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэгийг дөрвөн сартай хүүхэдтэй гээд байлаа. Нялх шахуу биетэй хүн тэмцээнд оролцож болдог юм байх даа гэж олон хүн ярьсан.
-Эндүүрсэн байна лээ. Хүүхэд нь одоо гурван настай. Харин хүүхдээ гурван сартай байхад нь бэлтгэл хийж эхлээд, дөрвөн сартайд нь олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцсон.
-Олимпод хүч үзсэн хоёр тамирчнаа энэ хэрийн амжилт үзүүлнэ гэж төсөөлж байв уу?
-М.Анхцэцэгийн өгсөн захиалгыг хараад медалийн төлөө өрсөлдөх нь гэж ойлгосон. Ширүүн өрсөлдөөн болох нь тамирчдын захиалгаас харагдаж байлаа. -87 кг-ын жинд 264 кг өргөх захиалга өгснийг нь хараад нэг талаар огшиж, бас өрөвдөж байв. Тэрбээр бүх сумаа тавья гэж бодсон нь илт байсан.
-Дөрөвдүгээр байр эзэлсэн нь чамлахааргүй амжилт биз?
-Тэгэлгүй яах вэ. Түүхэн амжилт.
-Нийт хэдэн орны тамирчин өрсөлдсөн бэ?
-Дэлхийн хүндийг өргөлтийн холбоонд 198 орон гишүүнээр элссэн байдаг. Үүнээс 77 орны тамирчин энэ удаагийн наадамд оролцсон. Олимпод хэн дуртай нь оролцдоггүй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ДАШТ биш, эрхийн оноо өгөх 5-6 тэмцээнд оролцож, өндөр оноо авч, медальд хүрсэн тамирчид өрсөлдсөн. Шилэгдмэлүүд гэсэн үг.
-Хүндийг өргөлтийн төрлийн шүүгчийн ажлын онцлогийг товч, тодорхой илэрхийлбэл юу гэж хэлэх вэ?
-Сонирхолтой байж магадгүй гэж бодоод хэдэн тоо хэлье. Тэмцээн төрлөөсөө хамаараад онцлогтой. Хүндийг өргөлт нь хэмжигдэхүүнтэй спорт тул ялгаатай. Шүүхийн тулд нэг жинд дөрвөн цаг зарцуулдаг. Эхлэхээс хоёр цагийн өмнө ирж бүтэн цагийн турш жинг нь үзнэ. Дараа нь нэг цаг завсарлаад, тэмцээний турш суудал дээрээ хоёр цаг суудаг. Удаан хугацаанд ажилладаг болохоор ачаалал ихтэй. Сая хуваарийн дагуу найман жингийн өрсөлдөөнийг дэнсэллээ. Үүнээс тав нь финалын буюу аваргын төлөөх өрсөлдөөн байсан. Тэгэхээр 60 тамирчны 360 өргөлтийг дүгнэсэн гэсэн үг. Олимпод тус бүр таван алт, мөнгө, хүрэл медальтан тодрууллаа. Олимпын дээд амжилт 12-ыг баталгаажуулсан.