Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Коронавируст халдварын тархалт өнгөрсөн сараас тогтмол буурсан. Энэ нь дархлаажуулалтын үр дүнтэй холбоотой юу. Эсвэл иргэдийн хөл хөдөлгөөн багассан нь нөлөөлсөн үү?
-Нийслэлд халдварын тархалт буурч байгаа. Орон нутгийн хувьд өвчлөл ихсэж байснаа өдгөө тодорхой хувиар буурсан. Бид эпидемиологийн судалгааны зарчмын дагуу коронавируст халдварын мэдээллийг долоо хоног бүрээр гаргадаг. 2021 оны 30 дугаар долоо хоногт (өнгөрсөн долоо хоног) 8931 иргэнээс коронавирус илрүүлсэн. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо буурсан үзүүлэлт. Тохиолдлын тоо буурсан нь нэг талаас дархлаажуулалтын үр дүнтэй холбоотой. Нөгөө талаас иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталсан нь ч нөлөөлсөн. Зуны амралтын үеэр хүн амын хөдөлгөөн саарсантай бас холбоотой.
-Цаашид нөхцөл байдал өөрчлөгдөх, эсэхийг ЭМЯ-наас судалсан уу?
-Халдварын нөхцөл байдал энэ байдлаараа үргэлжилбэл Улаанбаатар хотод долдугаар сарын 30-нд мэдээлсэн тохиолдлын тоо (398 хүнээс коронавирус илрүүлсэн) 33 хоногийн дараа буюу есдүгээр сарын эхэн үед хоёр дахин буурах магадлалтай. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан тохиолдолд ийм түвшинд хүрнэ гэсэн үг. Иргэд амны хаалт сайн зүүж байна. Гэхдээ хүн хоорондын зай барих дэглэмийг төдийлөн баримталдаггүй. Ялангуяа дэлгүүр, үйлчилгээний газарт иргэд зай барих дэглэм огт мөрддөггүй. Улаанбаатар хотод хоногт бүртгэсэн тохиолдлын тоо буурсан. Гэхдээ нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь өндөр хэвээр байгаа. Эл үзүүлэлт таван хувиас буурч байж л халдварын тархалт хумигдлаа гэж хэлэх үндэслэлтэй. Гэтэл энэ долоо хоногт (өнгөрсөн) эерэг тохиолдлын хувь PCR шинжилгээгээр 18.4-тэй байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо нэг хувиар буурсан дүн. Тохиолдлын тоо өндөр байхад уг үзүүлэлт 30 хувьд хүрч байсан шүү дээ. Одоо 18.4 болж буурсан нь сайн хэрэг боловч тайвшрах үр дүн биш.
-Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үр дүн ямар байна вэ. Хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцин хийлгэв?
-Нийт хүн амын 67.5 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн. 61.3 хувь нь хоёр дахь тунг тариулсан. Тэр дундаа 216 000 гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна. Тодруулбал, 12-15 насны 151 000, 16-17 настай 65 000 гаруй хүүхэд вакцин хийлгэсэн. Бид 290 000 хүүхдийг дархлаажуулах төлөвлөгөөтэй. Тэгэхээр дархлаажуулалтын явц 73 хувьтай гэсэн үг. Энэ бол вакцины эхний тунгийн хамралтын дүн. 12-15 насныхны 43.6, 16-17 насныхны 56.8 хувь нь хоёр дахь тунг тариулсан. Дархлаажуулалтын үр дүнд хүүхдийн өвчлөл буурсан. Тухайлбал, өмнө нь өвчилсөн хүүхдүүдийн 16 хувийг 16-17 насныхан эзэлж байсан. Тэгвэл дархлаажуулалтыг эрчимтэй үргэлжлүүлсний дараа дээрх үзүүлэлт найман хувьд хүрсэн. Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад дархлаажуулалтын цэгт ирж байна. Идэвх сайн байгаа. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулсан үзүүлэлт харьцангуй богино хугацаанд өндөр хувьд хүрсэн.
-Танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тэр үеэр хөл хөдөлгөөн ихсэж, хүүхдүүд нэлээд эрсдэлтэй нөхцөлд хичээллэх магадлалтай. ЭМЯ-наас эрсдэлээс сэргийлэх ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэх вэ?
-Манай улс сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ нь нэг талаар хүүхдүүдийг халдвараас хамгаалсан сайн талтай. Гэхдээ хүүхдүүд гэртээ байгаа хэрнээ л халдварт өртсөн шүү дээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм баримталж, хүүхдүүд өөрсдөө хичээгээд танхимын сургалтыг үргэлжлүүлэх шаардлага тулгарсан. Сургууль завсардана гэдэг нь хүүхэд нийгмийн харилцаанд орж чадахгүй байх, ганцаардалд өртөх зэрэг олон сөрөг талтай. Танхимын сургалтын үед баримтлах зөвлөмж, удирдамж боловсруулахын тулд ЭМЯ, БШУЯ хамтран ажлын хэсэг байгуулсан.
-Удирдамж, зөвлөмж хэзээ багш, сурагчдад хүрэх вэ. Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн учраас сургуулиуд аль болох эрт зөвлөмж авч, тодорхой хэмжээнд бэлтгэсний дараа мөрдөх шаардлага үүсэх байх.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд халдвараас сэргийлэх арга замуудыг мэддэг болсон. Энгийн хэдхэн арга л бий шүү дээ. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах гэх мэт. Танхимын сургалтын үед цоо шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхгүй. Халдвар хамгааллын энгийн дэглэмүүдийг л мөрдөхийг зөвлөнө. ЭМЯ халдвар хамгааллын дэглэмийн талаар хоёр жилийн турш ярьсан. Түүнийгээ л хэрэгжүүлнэ. Мэдээж сургуульд эерэг тохиолдол гарах үед ямар арга хэмжээ авах, өвчилсөн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаар сургуулиудад зөвлөмж өгнө.
-Хүүхдүүдийн дархлаажуулалт нэлээд өндөр хувьтай байгааг та дурдсан. Вакцин хийлгэсэн хүүхдүүдээс хэдэн хувь нь халдвар авсан бэ?
-Энэ чиглэлийн судалгаанууд үргэлжилж байна. Хүүхдүүдийг саяхнаас л дархлаажуулж эхэлсэн. Харин судалгааны үр дүн гарахад цаг хугацаа хэрэгтэй. Яагаад гэвэл вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа тогтох боломжтой. Гэхдээ хүн бүр өөр. Заримд нь хоёр дахь тунг тариулснаас хойш 14, нэг хэсэгт нь 40 хоногийн дараа ч дархлаа тогтож болзошгүй.
-Олон улсад коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх талаар эрчимтэй судалж байгаа. Зарим улс иргэддээ хийгээд эхэллээ. Манай улсад энэ чиглэлээр судалгаа хийж байгаа юу?
-“АстраЗенека” вакцин хийлгэсэн хүмүүс гурав дахь тунг хийлгэснээр эсрэг биеийн түвшин нэмэгдэж, дельта хэлбэрийн халдвараас хамгаалж байна гэсэн үр дүнг зарим улсад гаргасан. Бидний хувьд олон улсын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, судалж байгаа. Олон улсын туршлагыг сайн судалсны дараа шийдвэр гаргана. Одоогоор албан ёсоор тушаал, шийдвэр гараагүй.
-Манай улсад коронавирусийн дельта хэлбэр бүртгэгдэж, долоон хүн өвчилснийг холбогдох байгууллагуудаас өнгөрсөн сард мэдээлсэн. Дельта хэлбэрийн халдвар дахин бүртгэгдсэн үү?
-Дельта хэлбэрийн халдварын судалгаанууд үргэлжилж байна. Одоогоор шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Дэлхий дахинд коронавирусийн мутацад орсон дельта, альфа, гамма, бета зэрэг олон хэлбэр тархсан. “Дельта хэлбэрийн халдварлах чадвар өндөр байгаа учраас үүнээс шалтгаалсан шинэ давлагаа улс орнуудад үүсээд байна. Дельта бол цар тахлын доторх цар тахал. Тиймээс улс орнууд цар тахлын шинэ давлагаанд бэлэн байх ёстой” гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Тэгэхээр Монгол Улсад дельта хэлбэрийн давлагаа үүсэхээс сэргийлэхийн тулд хүн бүр хариуцлагатай байх нь чухал. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. “Ковид-19”- ийн өвчлөл буурлаа гэж тайвширч, найр наадам хийхээ больё. Бид одоо тайвширч, коронавирусийн тархалт ихэсчихвэл есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сайн баримтлаарай гэж уриалъя.
Бэлтгэсэн Ч.Мөнх