Төвбанк өнгөрсөн долдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Улмаар 2021 он гарснаас хойш нийт 11 тонн үнэт металл худалдан авсан дүн гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.07 тонноор бага гэсэн үг. Өмнөх сард тус банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 79.6, Баянхонгор дахь салбар нь 152 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ хугацаанд нэг грамм алтыг дунджаар 164 862 төгрөгөөр авсан аж.
Сонирхуулахад, Төвбанк өнгөрсөн нэгдүгээр сард 1.34 тонн, хоёр болон гуравдугаар сард 643, 917 кг үнэт металл худалдан авч байв. Тэгвэл дөрөв, тавдугаар сард 1.34, 2.68 тонн үнэт металл авсан дүн бий. Ташрамд дурдахад, алтны ханш өнгөрсөн баасан гарагт хямдарч, унци нь 1762.9 ам.доллартой тэнцлээ. АНУ-д өнгөрсөн сард таамагласнаас илүү ажлын байр бий болсон нь үүнд голлон нөлөөлжээ.
Бэлтгэсэн Б.Сонор