"Монголбанк" Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрт "Монголбанк"-ны төлөөлөл оролцох боломж бүрдэв.
Энэхүү хөтөлбөр нь "Монголбанк"-ны мөнгөний бодлогын шинжилгээ, макро эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулна хэмээн холбогдох албаныхан үзэж буй.
Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газрын BCC хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд хөгжиж буй улс орнуудын Төв банкны аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг аж. Одоогоор Албани, Азербайжан, Босни ба Херцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс дээрх хөтөлбөрт амжилттай хамрагдан 54 удаагийн судалгааны ажлыг нийтлээд байна.
Санамж бичигт "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Швейцарын Хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри гарын үсэг зурлаа.