Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жилийг ардаа үджээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байгаад чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн бусад оронтой харьцуулахад энэ зах зээлийн хөгжил манайд харьцангуй сул гэж үнэлэгддэг. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн систем алхам алхмаар сайжирч буй. Үүнийг дагаад шинэ бүтээгдэхүүн гаргах, зах зээлийн багтаамжаа тэлэх боломж нээгдэж, хөгжил нь шат шатаар ахиж байгаа билээ.
OTC буюу биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох шийдвэрүүд гаргасан нь хөрөнгийн захын хөгжлийг урагшлуулах том алхам боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан. Уг журмын дагуу Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах юм.
Олон оронд үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг нэгтгэсэн, өөрийгөө зохицуулах байгууллага нь биржийн бус зах зээлийнхээ үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг жишигтэй. Эл жишгийг баримтлан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийг эх орондоо хөгжүүлэх үүрэг хүлээж байна.
Тус холбооноос биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудаа боловсруулж, өнгөрсөн сарын 1-нд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компанитай Бир жийн бус зах зээл дээрх үнэт цаасыг хадгалах тухайлсан бүртгэл хөт лөх гэрээ байгуулав. Түүнчлэн “Анд глобал” компани биржийн бус зах зээлийн арилжааны системийг хийн, туршилтыг нь эхлүүлсэн. Тэгэхээр үндсэндээ биржийн бус зах зээлийг хөгжүүлэх суурь бүрдсэн гэхэд болно. Тодруулбал, эрх зүйн орчин, арилжааны сис тем, үнэт цаасыг хадгалах нөхцөл нь бүрдээд байна. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ирэх сард багтаан анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа дуулгав. Биржийн бус зах зээлээс хөрөнгө “босгох” компаниуд аман байдлаар хандаад эхэлсэн гэсэн.
Монголын хөрөнгийн зах зээл тун удахгүй биржийн болон биржийн бус гэсэн хоёр хэсэгт хуваагдах нь. Онцлог, ялгаатай талуудтай учраас биржийн бус зах зээл гэж тусгайлан нэрлэдэг. Биржийн бус зах зээл нь мэргэжлийн оролцогчдын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хэн дуртай нь энэ зах зээлээс бүтээгдэхүүн худалдаж авч, арилжаа хийх боломжгүй. Тэгэхээр биржийн бус зах зээл дээрх бүтээгдэхүүн хаалттай хүрээнд арилжигдана гэж ойлгох хэрэгтэй. Шалгуур хангасан этгээдийг мэргэжлийн оролцогч гэж үзэх нь.
Журамд мэргэжлийн оролцогчийг шууд болон шууд бус гэж хоёр ангилахаар тусгажээ. Шууд оролцогч нь андеррайтерын эрхтэй үнэт цаасны компаниуд байх аж. Монголд үнэт цаас зуучлан борлуулах буюу андеррайтерын эрхтэй 16 компани бий. Тэдгээр нь биржийн бус зах зээлийн мэргэжлийн оролцогч болох боломжтой. Шууд бус оролцогч гэж хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжийг хэлэх юм байна. Тэдэнд нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцсон туршлагатай, жилийн 500 сая төгрөгийн орлого, эсвэл үүнтэй дүйх хөрөнгөтэй байх гэсэн шалгуур тавих аж. Тэгэхээр хувь хүн, аж ахуйн нэгж 500 сая төгрөгийн орлого, эсвэл хөрөнгөтэй байж биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоно гэсэн үг.
Яагаад шалгуур тавьдаг вэ гэвэл биржийн бус зах зээл эрсдэл өндөртэй. Тиймээс эрсдэл даах чадвартай этгээдийг оролцуулдаг гэсэн үг. Одоогоор шууд бус оролцогчийг андеррайтер компани нь тодорхойлох зохицуулалт хийжээ. Цаашдаа Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос оролцогчоо тодорхойлж, арилжааны системд нэвтрэх эрх өгөх юм байна. Үнэт цаасны хоёр данстай оролцогч өөр тэйгөө арилжаа хийх замаар ханшийн зохиомол хөөрөгдөл үүсгэх магадлалтай байгаа нь ирээдүйд ингэж зохицуулах шаардлага үүсгэж буй гэнэ.
Андеррайтер компани биржийн бус зах зээлээс өөрийн хөрөнгөөрөө үнэт цаас худалдаж авбал ирэх жилийн наймдугаар сарын 1 хүртэл ямар нэгэн шимтгэл авахгүй байхаар Санхүүгийн зохицуулах хорооноос журамласан аж. Энэ нь шинээр үүсэх зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Нөгөөтээгүүр, зах зээл үүсгэгчийг хөгжүүлэх эхлэлийг тавина гэж үзэж буй. Андеррайтер нь өөрийн хөрөнгөөр үнэт цаас худалдаж авах үзэгдлийг зах зээл үүсгэх гэж нэрлэдэг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад үнэт цаасны компаниуд хувьцаа, бонд худалдан авч, арилжин зах зээл үүсгэх үзэгдэл түгээмэл билээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Биржийн бус зах зээлээс дилерүүд хувьцаа цаас худалдаж авахад шимтгэл төлөхгүй байх шийдвэр нь үнэт цаасны компаниудад хөрөнгөө өсгөх нэг боломж. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болох эхлэл болж байна” гэв.
Биржийн бус зах зээлийг эрсдэл өндөртэй гэж дээр дурдсан. Уг зах зээлд гаргах үнэт цаасанд өндөр шаардлага тавьж, нарийвчлан хянадаггүй учраас эрсдэл өндөр. Шинээр үүсгэх гэж буй биржийн бус зах нь татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээнд хязгаар тавихгүй гэнэ. Бүртгэлийн зөвлөл ажиллах агаад тэд материалын бүрдүүлбэр нь журам, дүрэмд нийцэж буйг л хянах юм байна. Ингээд хөрөнгө “босгох” бүртгэлийг 5-15 хоногт багтаан хийх аж. Биржийн бус зах зээл нь зардал багатай байдаг. Тиймээс үнэт цаасны бүртгэлийн хураамж, арилжааны шимтгэл маш бага. Энэ нь аж ахуйн нэгж, гарааны бизнесүүдэд богино хугацаанд, зардал багатайгаар хэрэгцээтэй санхүүжилтээ татах боломж олгодог. Биржийн зах зээл нь захиалгад суурилсан байдаг. Харилцагч үнэт цаасыг тодорхой ханшаар худалдаж авах захиалга өгч, тэр үнээрээ л авдаг гэсэн үг. Харин биржийн бус зах зээл нь мэргэжлийн оролцогчид хоорондоо үнэ тохиролцон арилжаа хийх боломж бүрдүүлдэг байна.
Биржийн бус зах зээлд гаргах эхний үнэт цаас нь компанийн өрийн хэрэгсэл байх аж. Өөрөөр хэлбэл, бонд арилжих нь. Дараа нь Засгийн газрын бондыг арилжих хүсэлт гаргах гэнэ. Цаашлаад уг зах зээлд хувьцаа, санхүүгийн үүсмэл хэрэгсэл арилжих юм байна. Биржийн бус зах зээлийн гол бүтээгдэхүүн нь бонд байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж бондын зах зээлд өрсөлдөгчтэй болох нь. Үнэт цаас бүртгэх хугацаа нь богино, зардал багатай учраас биржийн бус зах зээл ялах нь тодорхой биз.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “УИХ-ын тогтоолоор Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Энэ баримт бичигт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах, багтаамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан юм. Үүнийг хэрэгжүүлэх бодлогын цогц арга хэмжээний нэг хэсэг нь биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажил байлаа. Олон улсын зах зээлд биржийн бус зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн нь бонд байдаг. Уг зах зээлийг хөгжүүлснээр компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл хөгжих эхлэл тавигдлаа гэж харж байна” гэв. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон ч биржийн бус зах зээл бондын захыг маш хурдтай хөгжүүлнэ гэж тооцоолж буй. Тус холбооныхон дунд болон урт хугацаанд биржийн бус зах зээлийг олон улсын шаардлагад нийцсэн стандартад оруулах зорилго тавьсан гэнэ. Энэ ажлын хүрээнд “ASEAN+3 multi-cur¬rency bond issuance framework”-д уялдуулсан стандарт боловсруулж эхэлжээ. Улмаар Ази, Номхон далайн орнуудтай холбогдон зах зээлээ өргөжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхний алхам болгож “International capital market association” байгууллагатай харилцан гишүүнчлэлийн гэрээ байгуулжээ. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн шинэ талбар нээгдэх нь ээ.