Олон сайхан шүлэг, өгүүллэг, найраглалыг үзэгч, сонсогчдын сэтгэлд дуу хоолойгоороо хоногшуулсан Гавьяат жүжигчин Д.Жагдаг 2019 онд бидний дундаас “явсан” юм. Борог амьдралд өссөн ч багаасаа урлагт дурлаж, 16-хан настайдаа “Мах комбинат”-ын Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхлэн, Ардын армийн чуулгын “жаран хар, арван цагаан”-ы нэг болж, Армийн драмын театр, Хошин урлагийн театрыг байгуулалцсан, их урлагт 50 гаруй жил үнэнчээр зүтгэсэн эл эрхмийг “Дурсахуй”-д нэхэн саналаа.
ЭЭЖИЙГЭЭ ОРЛОСОН ЭГЧ
Д.Жагдаг 1949 онд Хэнтий аймгийн Мөрөн сумд Б.Дамбийнямынх хэмээх айлын удаах охин болж мэндэлжээ. Нэг ах, найман дүүтэй тэрбээр 1957 онд Мөрөн сумынхаа дунд сургуульд элсэж, 1965 онд Улаанбаатар хотод 12 дугаар сургуулийн наймдугаар ангийг төгсжээ. Сургуулийнхаа бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог түүний зураг хүндэт самбарыг үргэлж чимдэг байлаа. 16 настайд нь ээж Д.Лхамжав нь өөд болсноор тэрсхэн олон хүүхдээ ганцаараа өсгөх хүндхэн үе аавд нь тулгарав. Д.Жагдаг ч аавдаа нэмэр болохоор сургуулиасаа гарч, дүү нараа асрах, ээжийн оронд ээж болох үүрэг хүлээжээ.
ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ
Багаас урлагт дуртай байсан болохоор ажилд орох санаатай Төмөр замын, барилгачдын, худалдааны ажилчны Соёлын ордон гээд 16-хан настай түүнийг авч магадгүй гэсэн бүх л газрын хаалгыг татав. Ингэж явсаар “Мах комбинат”-ын Соёлын ордонд багахан цалинтайгаар дагалдан жүжигчнээр орж, таван сар гаруй ажилласан аж. Гэсэн ч ам бүл олонтой айлд авдаг хэд нь хаанаа ч хүрэхгүй. Тэр үед арай илүү цалинтайгаар нь оёдлын үйлдвэрт оръё гэж шийдээд ажлаасаа гарахынх нь даваан дээр Цооцоо (Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа) багш бодлыг нь өөрчилжээ. Тухайн үед ямар ч уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийн өмнө уран сайхны зөвлөлөөр хянуулан, батлуулсны дараа тоглодог байв. “Мах комбинат”-ын Соёлын ордныхныг шинэ уран бүтээлээ хүргэхийн өмнө Л.Цогзолмаа тэргүүтэй уран бүтээлчид шалгалтаар иржээ. Тэрбээр Д.Жагдагийн шүлэг уншихыг сонсоод “Хөгжүүлбэл авьяастай хүүхэд байна” хэмээсэн аж. Энэ л үг түүнд урам, итгэл өгч, цаашдын амьдрал, уран бүтээлийнх нь замыг зурчихаж. Ингээд л “Жаахан шарга” дуулалт жүжгийн Чимэдлхамын дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Д.Жагдаг “Ижий минь их сайхан дуулдаг хүн байлаа. “Талын таван толгой”-г байнга дуулна. Бэлчээрээс малаа туугаад ирж явахад л хаа холоос дуу нь цангинана шүү дээ. Би ээжийгээ дагаж дуулах дуртай. Тэгж л багадаа дуучин болох сон гэсэн мөрөөдөл тээсэн. Жаахан томроод жүжигчин л болох юм шүү гэж боддог байв. Их сэргэлэн, дэггүй охин байсан минь ч нөлөөлсөн байх” хэмээсэн удаатай.
УРАН УНШЛАГА РУУ “УРВАВ”
1969 онд “Хөх даалимбан тэрлэг” найраглал олны хүртээл болж, Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулсан уралдааны тэргүүн байрт шалгаран, сонинд хэвлэгдэхэд нь Д.Жагдаг “Д.Пүрэвдорж гэж зохиолч байдаг юм байна. Сайхан ч шүлэг юм. Найруулагчдаа хэлж Соёлын ордныхоо үзүүлбэрийн тоонд заавал оруулъя” гэж боджээ. Найруулагч нь ч зөвшөөрснөөр сар гаруй сургуулилалж байж үзэгчдийн өмнө уншсан аж. Энэ тухайгаа тэрбээр “Тайзан дээр “Хөх даалимбан тэрлэг”-ийг анх уншихад хамаг бие чичрээд, нэг л мэдэхэд уншаад дуусчихсан, үзэгчид алгаа нижигнэтэл ташиж байлаа. Ихэд таалагдсан шиг санагдсан. Түүнээс урам зориг авч, уран уншлагаар дагнах бодол төрсөн. Энэ найраглалаар л хүмүүс намайг таньдаг болсон доо” хэмээн дурсаж байлаа.
НАЙРАГЧДЫН ХАЙРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ
1975 онд тэрбээр уран уншлагын улсын уралдаанд анх удаа оролцжээ. Тус уралдаанд өөрийг нь олонд таниулсан Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалаас гадна С.Удвалын “Ховор хүн” бэсрэг тууж, “Тунгалаг пиво” хошин өгүүллэг уншиж, тэргүүн байр эзлэв. Үүний дараагаас тухайн үеийн Зохиолчдын хорооны дарга С.Удвал түүнийг Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа нарын уран бүтээлчтэй танилцуулж, тэд ч түүгээр шинэ уран бүтээлүүдээ уншуулж, тэр хэрээр Д.Жагдаг зурагтын нэвтрүүлэг, арга хэмжээнүүдэд уригддаг үнэ цэнтэй уран бүтээлч болжээ. Тэрбээр энд тэнд явахдаа байнга л шинэ шүлэг, яруу найргийн ном сонирхож цуглуулна. “Утга зохиол”, “Цог” сэтгүүлээс таалагдсан шүлгээ хайчилж аваад хадгалдаг байж. Ардын уран зохиолч Ш.Дулмаа “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-аа Д.Жагдагаар уншуулахыг зөвшөөрч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж түүнд зориулж “Светлана” найраглалыг 1979 онд өгч байв. Тэр жил уран уншлагын улсын уралдаанд энэхүү цоо шинэ бүтээлээр оролцож, дахин шагналт байрт шалгарчээ.
АНХДАГЧДЫН НЭГ
Түүний хань, таван хүүхдийнх нь аав, 20 гаруй ач, зээгийнх нь өвөө Ч.Мөнхтөр цэргийн хүн болохоор ч тэр үү, Д.Жагдаг цэрэг, эх орны сэдэвтэй шүлэг, найраглалд дуртай, тайзан дээр уншдаг ч байв. Нөхрөө томилолтоор явахад ч дагаж явах үе бишгүй байж. Гэтэл нэг өдөр түүнийг Батлан хамгаалах яамнаас дуудаад Ардын армийн чуулгад ажиллах санал тавьжээ. Ингээд Д.Жагдаг 1983 оноос Ардын армийн чуулгад ажиллаж, тэндээсээ 1987 онд Армийн драмын театр байгуулагдахад анхны жүжигчдийнх нь нэг болов.
1989 онд Гавьяат жүжигчин Б.Батзаяа уран бүтээлч нөхдийн хамт Хошин урлагийн театр байгуулж, улмаар 1991 онд “Монголын нэг өдөр” бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг үзэгчдэд хүргэхэд Д.Жагдаг анхны бүрэлдэхүүнд нь багтаж байв. Тэрбээр 1998 онд “Азтай бадарчин” хошин урлагийн наадмын алтан цомын эзэн болжээ.
Түүний дүрээ мөнхөлсөн анхны дэлгэцийн уран бүтээл нь найруулагч Р.Доржпаламын 1984 онд олны хүртээл болгосон “Саруул талын ерөөл”. Тус бүтээлд тэрбээр залуухан эмэгтэй зохиолчийн дүрд тогложээ. Мөн найруулагч Б.Нагнайдоржийн “Солонгын долоон өнгө” киноны оёдолчин бүсгүй, хошин урлагийн театрын анхны бүтээл “Бэрсүүт жүрж” киноны хадам ээжийн дүрийг үзэгчид андахгүй.
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
Өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Д.Жагдаг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр нарыг биширдэг байв. Тэрбээр тэднээс үлгэрлэж суралцсан мэдлэг, өөрийн авьяас, туршлагаараа шавь нараа бэлтгэж, уншлагын клубтэй болохыг хүсдэг байж. Д.Жагдаг 2004 “Их найргийн хурим” видео цомгоо гаргасан юм. Энэ цомгийнхоо талаар “Зохиолчдын уран, яруу, тансаг бүтээлийг цээжилж уншихдаа гол нь биш. Өөрөө мэдэрч унших нь хамгийн чухал шүү дээ. Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болдог. Уран унших биш, уран сайхнаар ярих юм шүү дээ” хэмээж байв. Түүний их урлагт зүтгэсэн тууштай он жилүүд, нөр их хөдөлмөрийг үнэлж, 2008 онд Гавьяат жүжигчин цол олгосон. Эл цолоор шагнуулчихаад тэрбээр “Мах комбинат”-ын Соёлын ордныхоо тайзанд мөргөж байв.
Өнгөрсөн онд охин М.Энхтуяа нь ээжийнхээ дурсгалд зориулж “Их найргийн хурим-2” цомгийг нь сонсогчдод хүргэсэн юм. Монголын зохиолчдын бүтээлийг ард түмэнд хүргэх гүүр нь байсан түүний “Их найргийн хурим” цомогтоо багтааж чадаагүй олон бүтээлийг охин нь ийн нэгтгэжээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв “Монголын тэргүүн зэргийн уран уншигч Дамбийнямын Жагдаг шиг цэцэн цэлмэг, ой ухааны цэлмэг сан болсон, урт урт найраглалуудыг булгийн ус шиг жирэлзүүлэн уншиж, олон түмнийхээ оюун санааг яруу найргийн гэрэлт мөрөөр ариусган цэнгүүлсэн ийм уран уншигч дахин төрөхөд их ховор” хэмээсэн нь бий.