Монголд 10 орчим жилийн өмнөөс кластер хөгжүүлэх талаар ярьж эхэлсэн ч суурийг нь тавиад удаагүй байна. Тухайн салбарын үйлдвэрлэгчид бодлогоор нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд кластер тустай гэдэг. Мөн эрдэмтдийн мэдлэгийг практикт нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг кластер гэх нь ч бий. Ер нь кластерын талаарх тодорхойлолт олон. Кластер нь түүхий эд нийлүүлэхээс авхуулаад зах зээлд бүтээгдэхүүн борлуулах хүртэлх оролцогч талуудын нэгдэл бөгөөд үүнд багтсан аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг зорьдог. Тодруулбал, компаниуд өөрсдөд нь тулгарч буй нийтлэг бэрхшээлийг даван туулах, экспортын боломжуудыг ашиглахын тулд хамтарч ажилладаг байна. Кластерын оролцогч талууд газар зүйн байрлалын хувьд нэг дор байхыг чухалчилдаг аж.
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхийн тулд өөр өөр салбарын мэдлэгийг “нийлүүлэх” хэрэгцээ нэмэгдэж буй өнөө үед кластерын ач холбогдол их. Нөгөөтээгүүр, ложистик, нягтлан бодох бүртгэлийн зарим хэсэг, маркетинг, агуулах, түүхий эд худалдан авах зэргийг хамтран зохион байгуулан үр ашгаа нэмэгдүүлж, зардлаа хэмнэхэд кластер эерэг нөлөөтэй.
Кластерын үндсэн гурван оролцогч нь аж ахуйн нэгжүүд (үйлдвэрлэгч, тээврийн, сав баглаа боодлын, ханган нийлүүлэгч, хэвлэл мэдээллийн гэх мэт), судалгаа шинжилгээний (эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиуд, судлаачид зэрэг) болон төрийн байгууллагууд байдаг. Эдгээрийг “гурвалсан мушгиа” гэж нэрлэх нь бий агаад бүх тал идэвхтэй оролцдог байна. Тухайлбал, Германд кластер нь тухайн салбарын мэргэжилтнүүдтэй нэг сүлжээнд “орох” боломж олгодог мэдээллийн сантай байдаг аж. Бас кластеруудыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор улстөрчдөд зөвлөгөө өгдөг гэнэ. Тус улсад кластерыг хөгжүүлэхийн тулд тохирсон газрыг нь олж өгөх, авто болон төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бусад байгууламжтай холбох, эрчим хүчээр хангах зэрэгт дэмжлэг үзүүлдэг. Германд бүс нутгийн кластер санаачилга, сүлжээ 500 гаруй байдаг аж. Тухайлбал, биотехнологи, электроник, хуванцар, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, санхүүгийн кластер тэнд бий. Технологид чиглэсэн 370 орчим кластерын оролцогч талууд нь хамтын стратегиа ягштал баримталдгаараа алдартай. Сонирхуулахад, Европын Холбооноос гишүүн орнуудынхаа кластеруудад зориулж санхүүжилт олгодог байна. Тэгвэл Японы автомашин үйлдвэрлэгчид кластер хөгжүүлж, түүхий эдээ тодорхой бүс, мужаас авдаг тогтолцоотой. “Toyota” гэхэд эд ангийнхаа дийлэнхийг Айчи, “Mazda”-гийн хувьд Хирошима, “Nissan” Иваки хотоос авдаг байх жишээтэй.
Салбар бүрт, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд нэгдэж, кластер үүсгэх хэрэгцээ манай улсад бий гэдгийг мэргэжилтнүүд хэлэв. Европын Холбооны Монгол Улсын худалдааг дэмжих TRAM төсөл (2017-2021 онд хэрэгжүүлж дууссан) манайд экспортын кластеруудын суурийг тавьсан гэж болох аж. Жижиг, дунд 100 гаруй аж ахуйн нэгжийг чадавхжуулан, тэднийг нэгтгэж, экспорт хийхэд хамтрах нь зүйтэйг таниулсан учраас ийн хэлсэн хэрэг. Тодруулбал, дээрх төслийнхөн уул уурхайн бус экспортын дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг сэдэлжүүлснээр гоо сайхны бүтээгдэхүүн, торомны ноос-сарлагийн хөөвөр, арьс, шир, чацарганын кластер байгуулагдаж, чадавхажсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Берлин хотын төвд Монгол Улсын мэдээлэл, худалдааг дэмжих төв нээн, дээрх кластеруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулж эхэлжээ. Ташрамд дурдахад, манайхаас Европ руу бүтээгдэхүүн экспортлоход REX систем мөн эергээр нөлөөлсөн байна. Энэхүү “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг манай улс 2020 оны эхнээс нэвтрүүлснээр Европ руу нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг зөвхөн нэг удаа бүртгүүлэх болсон юм. Тус системд Европын Холбоо дахь Монгол Улсын мэдээлэл, худалдааг дэмжих төвийн www.mongolian-green-labels.eu цахим дэлгүүрээр бараагаа худалдах дээрх дөрвөн кластерын уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогч 111 аж ахуйн нэгж бүртгүүлсэн дүн бий. Захиалсан бүтээгдэхүүнийг нь Европын Холбооны аль ч улс руу хүргэх боломжтой гэнэ. TRAM төслийн үр дүнд чацарганын болон гоо сайхны кластер хамтран түүхий эдээ Германд шинжлүүлж, багагүй хугацаа зарцуулсны эцэст импортын өндөр шаардлагыг нь хангасан шинэ бүтээгдэхүүн гаргаж чадсан гэсэн таатай мэдээ байна.
Торомны ноос, сарлагийн хөөвөр нь ноолуурыг орлох хэмжээний түүхий эд аж. Тодруулбал, торомны ноос 15-16 микронтой, 40 мм урттай нь ямааны ноолуурынхтай ижил түвшний үзүүлэлт гэнэ. Зөвхөн ямаагаа бус, сарлаг, тормыг самнах нь байгаль орчинд ээлтэйг малчдад ойлгуулснаар өмнө нь салхинд хийсгэдэг байсан энэ хоёр “эрдэнэ”-ээ үнэд хүргэсэн нь олзуурхууштай. Дээрх төслийн үр дүнд компаниуд хөөвөр, торомны ноос авахын тулд аймгуудын хоршоодтой мачмэйкинг буюу харилцан тохиролцох уулзалт хийдэг болж, малчид, хоршоологчдын чадавхыг бэхжүүлэн (сарлаг, тормыг самнах, мөшгөж болохуйц байдлаар ноосыг цуглуулах, ялгах, уутлах зэрэг), сарлагийн ширийг хэрхэн зөв бэлтгэн нийлүүлэх ёстойг ч таниулжээ. Зөв самнасан сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн нэхмэл болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг Берлин дэх дээрх төвд борлуулахад Европын хэрэглэгчдэд ихээхэн таалагджээ. Энэ нь тус төвийг нээгээд хоёрхон сарын дараа 150 мянган еврогийн үнэ бүхий нэхмэл, арьс, ширэн бүтээгдэхүүн борлуулж амжсанаас харагдана. Манай улс өмнө нь тэмээний ноосоор орны бүтээлэг, хантааз, оймс зэрэг цөөн бүтээгдэхүүн л үйлдвэрлэдэг байсныг уншигч та санаж буй байх. Нөгөөтээгүүр, манайхаас торомны ноос, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад зохион байгуулдаг үзэсгэлэнд дэлгэхэд үйлдвэрлэгчид ганзагын наймаагаар авч гардаг байсан цаг ард хоцорчээ. Өөрөөр хэлбэл, хил дээр бүртгүүлж, татвараа төлөхгүй, манай улсын экспортын хэмжээ “дарагддаг” байсан нь тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн гэсэн үг. Ерөөс аливаа бүтээгдэхүүнийг албан ёсоор нийлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд кластер ач холбогдолтой. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, сарлагийн тоогоор дэлхийд тэргүүлдэг зэрэг давуу талаа ашиглан кластер хөгжүүлж чадвал дээр дурдсанчлан гадаад зах зээлд борлуулах “зам” нээгдсэн нь эндээс харагдаж буй.
Дээр дурдсан дөрвөн кластер болон хуш модны самрын кластер нэгдэн, цаашид бусад салбарт ч кластер байгуулан, экспорт, худалдааг дэмжсэнээр уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдэж байв. “Монголын самрын кластер” ТББ гэхэд уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн бий болгох, хушин ойн экосистемийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай хэрэглэх, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг зорьж буй гэсэн. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгийн санаачилгаар байгуулагдсан, 10 компани нэгдсэн тус кластерынхан нэг сая ам.долларын бонд босгохоор төлөвлөж буй агаад Европын орнууд, АНУ, БНХАУ-ын зах зээлийг “онилжээ”. Тэд зорьсноо биелүүлбэл манайхаас самрыг нууцаар, дэлхийн зах зээлийнхээс хямдаар гаргаж байгааг өөрчлөх ач холбогдолтой. Ерөөс кластер нь экспортыг эмх цэгцэд оруулж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх хөшүүрэг гэж хэлж болно. Тэгвэл кластерт суурилсан, уул уурхайн бус экспортын тогтолцоо бий болгохоор МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр дээрх кластерууд “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ-ыг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан аж. “Экспортын кластер дэлхийн зах зээлд хүрэх гүүр” уриатай тус сүлжээ компаниудыг нэгтгэж, салбаруудын кластер байгуулан, бодлогоор удирдан, чадавхжуулж, менежментийг нь хариуцан, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүн экспортлох, олон улсын гэрчилгээ авах зэрэгт анхаарах нь. Магадгүй аж ахуйн нэгжүүд нэгдсэн брэндтэй, дундын үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй болохыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд дээрх кластерын сүлжээ зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх юм. Ер нь тус сүлжээнд цаашид байгуулагдах бүх кластерыг нэгтгэн, гишүүнчлэлтэй болгох аж. Улмаар кластерт нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татахыг зорьж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь. Үүний тулд кластеруудаас төлбөр авах гэнэ.
“Монголын экспортын кластерын сүлжээ” ойрын хугацаанд эмийн ургамлын кластер байгуулах бөгөөд БОАЖЯ-тай хамтраад экспортоор тэргүүлдэг таван компанийг нэгтгэхээр төлөвлөжээ. Түүнчлэн цаашид мэдээллийн технологи, аялал жуулчлал, цэнгэг усны кластер байгуулахыг зорьж буй гэсэн. Далайд гарцгүй орнуудаас хоёр дахь том нутаг дэвсгэртэй манай улсын хувьд загас үржүүлгийн аж ахуй хөгжүүлэх боломжтой хэмээн судлаачид дурдлаа. Мөн мах, зөгийн бал, ноос, ноолуур зэрэг уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний кластер байгуулахаар төлөвлөж буй юм байна.
ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийнхөн МҮХАҮТ-тай хамтран ажиллаж буй. Уг төслийнхөн Монголд үйлдвэрлэсэн зөгийн балыг Япон, БНХАУ руу нийлүүлэхийг зорьж, зөгийн балны экспортын кластер байгуулахаар ажиллаж байгаа юм. Үүнд нэг жил бэлдэнэ гэж Японы тал тооцоолсон бөгөөд ХХААХҮЯ, МҮХАҮТ, МХЕГ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар боловсруулах, зөгийн балны кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан байна. Талууд дээрх кластерыг 2022 оны гуравдугаар сард байгуулахаар товоо тогтоожээ. Манай улс зөгийн балыг үйлдвэрлэхэд мөрдөн мөшгөх тогтолцооны стандарт хэдийн баталсан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа аж. Уг стандарт Хятадын тогтолцоонд нийцэж буй, эсэх талаар хэлэлцэх хүсэлтээ манайхаас илэрхийлэх гэнэ. Улмаар худалдан авагч талын шаардлагыг тогтолцоондоо тусгаж, түүнийг нь биелүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах нь. Өмнө нь манай зөгийн бал үйлдвэрлэгчид нэгдсэн тохиолдол үгүй агаад бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээнд экспортолж буй компани байхгүй юм. “Монголын уул уурхайн бус экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүхэн кластерт нэгдэн, хөгжих боломжтой. МҮХАҮТ менежментийг нь хариуцан, зөвлөж чиглүүлэн, дэмжин ажиллах туршлага хуримтлуулж байгаагийн хувьд хамтран ажиллах боломжтой” хэмээн тус байгууллагын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул онцоллоо.