Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван барилдаан хийхдээ нийт найман минут зарцуулсан, 45 оноо авч (11.3 секунд тутамд нэг оноо авсан гэсэн үг), өрсөлдөгчдөө хоёрхон оноо алдсан, 35.3 секунд тутамд өөр өөр мэх амжилттай хийж, гүйцэтгэсэн гэдэг үзүүлэлтээр 2001 оноос хойшхи ДАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас дээд амжилт тогтоов, монгол охин. Тэр бол мэдээж Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг. Түүнийг “Хоймор”-тоо урьж хөөрөлдөхөөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт очиход өрөөндөө хоёр сайхан буурайтай хамт хэвтэж байлаа.
-Тамирчид дөрвөн жилийн циклээр ажил, амьдрал, бэлтгэл сургуулилалтаа зохицуулж, төлөвлөдөг. Өнгөрсөн дөрвөн жилд Батцэцэг ямар бэлтгэлтэй байсан бэ гэдэгт дүн тавих цаг дөхлөө. Олимп ойртох тусам таны сэтгэл зүйд ямар нэг өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Бие, сэтгэлээ олимпод бэлтгэж л байна. Манай шигшээ багийнхан Сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Золзаяатай хамтран ажиллаж, зөвлөгөө авдаг. Сэтгэлзүйчтэй болсон нь тамирчин бидэнд маш сайнаар нөлөөлж байгаа шүү. Дэвжээний ерөнхий бэлтгэлээ Дүвчин, Батбаяр, Сүхбаатар, Батням багштайгаа хийж байгаа. Хүчний бэлтгэлээ Төрөө багш дээр хийдэг. Зөвхөн би ч гэлтгүй, тамирчин болгон л хамаг анхаарлаа олимп руу чиглүүлэн, дор бүртээ хичээж байгаа. Ер нь дэлхий нийтээрээ олимп руу анхаарч, олимпын тухай ярьцгааж байна. Дөрвөн жилийн турш үүнийг л хүсэн хүлээсэн болохоор арга ч үгүй биз.
-Аль улсаас ямар бөх ирэх бол гэдэг судалгааг мэдээж хийж байгаа болов уу?
-Олимпын эрх олгох тэмцээнүүд хараахан дуусаагүй байгаа учраас хаанаас хэн ирэх нь яг тодорхой болоогүй байна. Одоогоор 12 тамирчин эрх аваад байгаа. Тэднийг анхаарч, ажиглаж л байна. Эрх олгох тэмцээнүүд дууссаны дараа хэн ирэх нь ерөнхийдөө тодорхой болдог. Тэгээд олимпын нэгдсэн бэлтгэлд гарахаар сургуулилалтаа нарийвчилсан судалгаатайгаа уялдуулаад явчихдаг.
-Өнгөрсөн жил дэлхийн хошой аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлэх тэр агшинд та нэлээд тайван харагдаж байсан. “Болох ёстой юм болдгоороо боллоо” гэх шиг тийм амгалан төрхийг харах сайхан байсан шүү. Одоо таныг Рио де Жанейрогийн тэнгэрт Монголын далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлээсэй гэж олон хүн хүсэж, найдаж байгаа...
-Би дэлхийн хошой аварга болохыг маш их хүсэж байсан. Тиймээс яг тэр агшинд “Болох ёстой юм болдгоороо боллоо” гэж бодоод, тайван байсан минь үнэн л дээ. Одоо тамирчин хүн бүрийн зорьж, тэмүүлдэг олимпын аварга болохын төлөө хичээнэ. Зорилгодоо хүрч, олон хүний итгэл найдварыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийнэ дээ. Миний бэлтгэлийг Дүвчин багш маань ерөнхийд нь тааруулдаг. Спортын анагаах ухааны албатай хамтарна, багш нар маань ч тооцоо судалгаагаа сайн хийдэг. Дээрээс нь сэтгэл зүйн бэлтгэл их чухал.
-Монголын Батцэцэгийг дэлхийн чөлөөт бөхийн ертөнц тэр чигээрээ судалж байгаа нь ойлгомжтой. Тэдний судалж мэдсэнээс арай өөр зүйл бодож, төлөвлөж, бэлдэхийн тулд монгол хүний, монгол дасгалжуулагчийн уран нарийн ухаан гаргах хэрэгтэй байх, тийм үү?
-2015 оны ДАШТ-ий финалд надтай үлдсэн Японы бөхийн дасгалжуулагч барилдааны өмнө шавийгаа өөрийнхөө хөлд оруулаад, жийж дараад байсан. Тэгэхэд би “Энэ япон охин миний хөлийг авах нь тодорхой. Гэхдээ би энэ багш шиг хөлөө жийлгээд алдахгүй. Би Батцэцэг болохоос багш нь биш” гэж бодож билээ. Миний барилдаануудын талаар судалгаа мэдээж их хийгдэж байгаа биз. Би ч судалгаагаа хийнэ. Хэчнээн их судалгаа хийлээ гээд тухайн тамирчны багш, эсвэл бэлтгэл хангагч нь яг над шиг байж чадахгүй болов уу. Би тэгж л боддог.
-2014 оны ДАШТ танд том сургамж өгсөн байх. Мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох Каори Ичо тань жин хасаад доошоо явчихсан байсан тул “Одоо түрүүлчихнэ” гэж бодож байтал шагналт байр ч үгүй хоцрох тамирчин хүнд тун хэцүү байх нь ойлгомжтой.
-Тэр тэмцээн надад маш их ухаарал өгсөн. “Яагаад ийм юм болчихов оо” хэмээн өөртөө дүгнэлт хийж, хэзээ, юун дээр алдсанаа эргэцүүлсэн. Гэхдээ тэр ДАШТ-д түрүүлсэн бол надад сайхан ч нөгөө талаар өөртөө тэгж дүгнэлт хийхгүй “Би болж байгаа юм байна” гэж бодоод явах байсан болов уу. Магадгүй тэгсэн бол энэ жил финалдаж, олимпын эрхээ авч чадахгүй үлдэх ч байсан юм бил үү. Тиймээс 2014 оны ДАШТ намайг илүү хурцалсан гэж хэлж болно.
-Дэлхийн хошой аварга болоход нутгийнхан тань жигтэйхэн их баярласан байх даа?
-Тийм ээ. Манай сумынхан клубтээ баяр тэмдэглэсэн байна лээ. Хөдөө буйд газар учраас мэдээлэл хожуу хүрнэ. Намайг дэлхийн аварга болсныг дуулаад, манай сумынхан клубтээ цугларцгааж, финалын барилдааны бичлэгийг том дэлгэцээр үзэцгээсэн юм билээ. “Дараа нь бид баяраа тэмдэглээд наргисан” гэж байсан (инээв).
-Төрийн дууллыг анх хэзээ сурч байв?
-Дархан манай... гэдэг хэсгийг нь мэдээ орсон цагаасаа сурсан. Дараа нь сургуульд ороод Төрийн дууллаа бүрэн эхээр нь сурсан даа.
-Нэгэн цагт энэ гайхамшигтай дууг тив дэлхийд эгшиглүүлдэг мундаг тамирчин болоод, өөрөө дуулна гэж тэр үед төсөөлж байв уу?
-Гэхдээ тэр үед ёстой тэгж бодож байгаагүй юм байна (инээв). Харин 2006 онд би хоолойны мах авахуулах гээд Архангайд эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болж, тэрийг нь би хажуугийн нэг өрөөний хаалганы завсраар зурагтаар үзэж билээ. Тэгэхэд олон монгол оюутан түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэн, багш нарыгаа тэвэрч авахыг хараад, “Чөлөөт бөх их гоё юм байна” гэж анх удаа бодож байсан. Түүнээс өмнө би Дондов багшийнхаа дугуйланд хичээллэдэг байсан ч чөлөөт бөхөд тэгтлээ дурлаагүй явсан юм билээ. Багш намайг дугуйландаа авахгүй байхаар нь шарандаа л орчихоод, тэнд байгаад байсан хэрэг. Цаашдаа яах нь тодорхойгүй, ямар нэгэн зорилгогүй байсан гэсэн үг шүү дээ. Харин тэр үеэс хойш би бэлтгэлээ эрчимтэй хийж, орсон тэмцээн болгондоо амжилт гаргаж эхэлсэн.
-Манай Төрийн дуулал үнэхээр сүр жавхлантай сонсогддог. Танд тэгж санагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Алтан медалийн тавцанд зогсоод, Төрийн дууллаа дуулах шиг аз жаргалтай мөч тамирчин хүнд ховор шүү. Өөрийнхөө хийж чадах юмаар эх орондоо хувь нэмрээ оруулж, “Монголчууд ийм хүч чадалтай, мундаг шүү” гэдгийг олон улсад таниулж яваадаа баярлах, бахархах боломж тэр л байдаг.
-Оросын телевизийн нэг нэвтрүүлэгч аавын тань нэрийг хэлэх гээд “хэлээ хугалчих” шахаж байгаа бичлэгийг үзсэн. Олон улсын тэмцээнд Батцэцэгийн өмнөөс таны аав Соронзонболд гуай “барилдаж” байдаг. Аавынхаа нэрийг тэгж гаргаж яваа охиноороо Соронзонболд гуай их бахархдаг байх. Өнгөрсөн хугацаанд ааваасаа сонссон хамгийн сайхан үг юу байв?
-Миний аав их зөөлөн, үг дуу цөөтэй, тайван хүн. Гурван охин, хоёр хүүгийнхээ хэнийг нь ч аашилж загнадаггүй, гар хүрч үзэлгүй өсгөсөн. Хэдэн хүүхэд нь эрүүл саруул байвал л аавын сэтгэл дүүрэн байдаг даа. Ийш тийшээ тэмцээнд явахад “Миний охин сайн яваад ирээрэй” л гэдэг. Түүнээс биш “Амжилт гаргаад, медаль аваад ирээрэй” гэж хэзээ ч хэлэхгүй. Аавын тэр үг энгийн хэрнээ цаанаа ямар гүн утга учир агуулдгийг би мэдэрдэг. Тэр хүнд охин нь эрүүл саруул, бэртэж гэмтэхгүй гэртээ ирэх л хамгийн чухал байна.
-Бэртэж гэмтэх вий гэдгээс эхлээд нарийн ширийн олон юманд санаа тавих үүрэг тэгвэл ээжид тань ногддог байх нь. Таны ээж ямархуу хүн бэ?
-Ээж минь эршүүд талдаа шүү. “Ээж ээ, би ингэчихлээ, тэгчихлээ” гэхээр “Аан, одоо тэгээд гайгүй юү” гэсхийгээд л болдог хүн. Юм болгонд санаа зовоод байхгүй. Ямар сайндаа намайг тэмцээнд орохоор аав миний барилдааныг үзэж чаддаггүй, ээжээр яриулдаг гэнэ лээ. Аав эсвэл гараад явчихдаг, нэг бол гэр дотроо холхиод, “Одоо яаж байна” гэж ээжээс асуудаг гэсэн.
-Өвөө нь өнгөрсөн жил өөд болсон байх аа. Хайртай зээ охин нь байсны хувьд өвөөгийнхөө тухай дурсаж ярих уу?
-Өвөө маань эцэг, эхээс их олуулаа байсан. Өөрөө ч олон хүүхэдтэй. Миний ээж хоёр дахь охин нь. Ач, зээ нараа мөн ч их эрхлүүлдэг хүн байсан даа. Одоо бодоход өвөө маань биднийг эрхлүүлэхдээ, тоглуулахдаа хүртэл цаагуураа дандаа хүмүүжил, төлөвшлийг суулгаж өгч байсан юм билээ. Өнгөрсөн жил өвөөгөө алдах надад их хүнд байсан. Гэхдээ хорвоогийн жам тул сэтгэлээ аль болохоор барихыг л хичээсэн. Уушгины хорт хавдартай, эмчилгээгүй гэдгийг нь мэдэж байсан учраас бэлтгэлээ тараад хөдөө рүү залгаж, өвөөгийнхөө биеийг байнга асууна. Бие нь муудаад хэвтэрт орж, үр хүүхдүүдээ цуглуулахдаа “Миний охиныг дуудаад хэрэггүй шүү. Тэр хүн бэлтгэлээ сайн хийж, тэмцээндээ заавал явах ёстой. Намайг үхсэн байсан ч та нар охинд минь “Өвөө нь гайгүй” л гээрэй” гэж захисан гэдэг. ДАШТ-ий өмнөхөн өвөө маань өөд болсон. Ажил явдалд нь ч оролцож чадаагүй.
-Дэлхийн хошой аваргын алдар хүнд танд тэгвэл их л үнэтэй иржээ дээ?
-Тэгж хэлж болно оо. Гэхдээ ДАШТ-ий бэлтгэлд гарахаасаа өмнө би нөхөртэйгөө өвөө дээрээ очиж гурав хоносон л доо. Тэгэхэд өвөө манай хүн бид хоёртой тоглож, инээж ханиагаад, их баяртай, сэтгэл нь цаанаа л ханасан шинжтэй байсан. Зун хаалга онгорхой унтаж байтал нохой хуцсан чинь өвөө “Энэ муу нохой хүүхэд унтуулахгүй нь ээ” гээд гэрээс гарч өнөөхөө хөөж билээ. Ганцаараа явж чадахааргүй болсон байсан хэрнээ шүү дээ. Ээж, эмээ, ах дүүс маань “Өвөө нь та хоёрыг хараад бүр сайхан болчихлоо. Хүнтэй инээж хөхөрч юм ярихаа ч больчихсон байсан” гэж байсан. Биднийг буцахад “Миний охин одоо том тэмцээнд оролцоно. Ирэхэд нь өвөө нь байхгүй ч байж мэднэ шүү. Энэ хүн л очиж тосох байх даа” гэж билээ. Миний өвөө охиноо амжилт гаргана гэдгийг мэдээд, эмээ нь ганцаараа очиж тосох байх гэж хэлсэн хэрэг. Үнэхээр ч намайг дэлхийн аварга болоод ирэхэд миний эмээ, аав, ээж, ах, эгч нартай ирж тоссон доо.
Уужуу ухаантай, холын бодолтой, сайхан буурал өвөөгийнхөө тухай ярих зээ охины нүдэнд нулимс өөрийн эрхгүй цийлэлзээд ирэв. Гэхдээ тэр нулимсыг дотогш залгиад, нэгэн хэвийн хоолойны өнгөөр яриагаа үргэлжлүүлэх тэвчээр С.Батцэцэгээс л гарах болов уу.
-Гадаа налайсан сайхан хавар болж байна. Ийм өдрүүдэд хөдөө өнгөрсөн хүүхэд насны минь дурсамж тодорч, “Тэр үед цаг хугацаа ямар удаан өнгөрдөг, яасан ч сайхан тайван байсан юм бэ” гэж эрхгүй бодогддог. Таны бага нас мөн л энэ маягаар өнгөрсөн байх?
-Энэ жил харин их сайхан хавар болж байх шиг. Энэ хэвээрээ салхи, шуургагүй байдаг бол хавар сайхан улирал л даа. Хөдөө аав, ээж, эмээ, өвөө дээрээ байсан бага нас минь амьдралын хамгийн жаргалтай үе байжээ гэж бодогддог. Тэр үед том хүн болох гэж юунд тэгтлээ яардаг байсан юм бол гэж гайхах юм (инээв). Сайхан амармаар санагдсан үедээ ганц, хоёр хоног байсан ч хамаагүй, нутаг руугаа гараад явчихдаг. Тэнд л очиж амар амгалан, тайвшралыг мэдэрч байна даа.
-Гэхдээ яг хөдөө байхдаа би барагдаж өгдөггүй их ажлаас нь залхаж, бушуухан сургуульдаа явахын түүс болдог байсан. Манайхан хүн бүл цөөтэй болохоор маньд хийх ажил мундахгүй. Таны хувьд яадаг байв?
-Манай аав, ээжийн тал аль аль нь их олуулаа учраас би тийм “зовлон” үзээгүй ээ (инээв). Тэр олон бужигнасан хүмүүсээс хэн нь ч намайг хүн байна гэж тоож зардаггүй. Хааяа өөрөө дурандаа хурга, ишигний хойноос явбал явна. Дээр хэлсэнчлэн би үнэхээр эрх өссөн. Миний бага нас хүмүүсийн нуруун дээр үүрүүлж, дүүрүүлж, гараас гар дамжин, мөрөн дээр нь сууж, тарвалзаж өнгөрсөн.
-Хилийн цэргийн тамирчны хувьд улсынхаа хил дээр очиж үзсэн үү?
-Спортын буянаар олон оронд очиж үзлээ. Тэгэхээр хил дээр очсонтой бараг ялгаагүй болов уу.
-Олон оронд очиж үзсэн хүний хувьд монголчуудынхаа амьдралыг гадаадынхантай зүйрлэж хардаг л байх. Гадаадаас ирсэн монголчуудын хэлдэг шиг бид үнэхээр тийм тааруухан нөхцөлд амьдарч байна гэж та боддог уу?
-Яалаа гэж дээ. Хэчнээн өндөр хөгжилтэй оронд ч гэсэн тулгамдаж ямар нэг асуудал байж л байгаа. Манайхнаас хэцүүхэн нөхцөлд амьдарч буй улс орны иргэдийг ч харж л байсан. Харин Америк, Дани хоёрт очихдоо би нүд халтирмаар, яая даа гэмээр хэцүү зүйлтэй тулгарч үзээгүй шүү. Тэр тусмаа Данид ард түмэн нь ямар сайхан амар амгалан байдаг юм бэ гэж бодогдож байсан. Гудамжинд таарсан хүмүүс нь хүртэл яарч сандарсан, уцаарласан төрхгүй, цаанаа л нэг тайван алхаж байдаг юм билээ.
-Эмэгтэй тамирчид гадаад руу тэмцээнд явахаараа дэлгүүр их хэснэ биз?
-Хэснэ ээ. Бүсгүйчүүд бид дэлгүүр хэсэх тал дээр ахлах багш Батбаяртайгаа санаа их нийлдэг. “Багш аа, байгаа биз дээ” гэхээр багш “Байгаа. Та нар эхлээд сайн барилдчих. Дараа нь та нарыг зад шоппинг хийлгэнэ ээ” гэдэг.
-Байгаа гэдэг нь цаг хугацаа юу, мөнгө гэсэн үг үү?
-Аль алиныг нь ярилцаад зохицуулна даа. Ер нь цаг зав бол хангалттай гардаг юм аа.
-Өвлийн хүйтэнд гудамжинд жаахан хүүхдүүд гуйлга гуйгаад сууж байдаг. “Манай хүүхэд ийм өвчтэй болчихлоо, гадаад руу эмчилгээнд явах зардал олоход минь туслаач” гэсэн зар хаа сайгүй харагдах юм. Та иймэрхүү зүйлд хандив өгдөг үү?
-Тиймэрхүү зүйл харахаар сэтгэл их өвддөг. Хэрэв би чаддаг, мэддэг байсан бол бүх асуудлыг нь шийдээд өгчихмөөр л байдаг. Гэхдээ тэдэнд боломжийнхоо хэрээр туслахыг хичээдэг. Даанч одоохондоо тийм хүнд тэгж туслаад, эдгээчихлээ гэж хэлэх юм алга. Миний боломж бололцоо хараахан тийм хэмжээнд хүрээгүй байна.
-Гуйлга гуйж байгаа хүний алган дээр шууд юм тавьж өгдөггүй гэдэгт та итгэдэг үү?
-Итгэдэггүй. Нэг хүний алган дээр юм тавьсны төлөө нөгөөх нь хоосорно ч гэж юу байх вэ дээ. Би иймэрхүү мухар сүсэг шиг юмыг барагтай бол тоодоггүй. Харин манай хүн надаас илүү ач холбогдол өгөх талтай шүү. Гадуур хамт явж байгаад тийм хүнтэй таарвал “Чи яах юм бэ. Би өгчихье” гээд ухасхийдэг. Миний өмнөөс сайн, муу бүхнийг үүрч, арыг минь найдвартай хамгаалсаар ирсэн хүн дээ (инээв).
-Та хоёр хурим хийх үү. Залуу гэр бүлийн хувьд төлөвлөсөн зүйл олон байгаа юу?
-Хуримаа хийнэ гээд төлөвлөөд л байгаа. Бас сайхан аялмаар байна гэж хэдэн жил ч ярив даа, мэдэхгүй. Бүхнийг олимпын дараа гэж хойшлуулсаар байтал заримдаа олон зүйл дээр цаг хугацаа алдаад байх шиг санагддаг.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин гэж та хэдэн төгрөг авдаг билээ?
-Дэлхийн аваргын алт, мөнгөн медаль, олимпын хүрлийнх гээд нийт таван сая төгрөг авдаг.
-Улс тэр мөнгийг тогтмол өгч чадаж байна уу. Эсвэл хямралтай гээд заримдаа тасалдах юм уу?
-Намар нэг хэсэг өгөөгүй. Одоогоор тэрийгээ нөхөж өгөөгүй л байна. Харин энэ оны нэгдүгээр сараас цалингаа тогтмол өгөөд явж байгаа.
-Та хоёр тэр мөнгөнөөсөө цааш нь хадгалж, хуримтлуулж чаддаг уу?
-Одоохондоо хуримтлал үүсгэж амжихгүй байна аа. Аав, ээж, ах, дүүсээс эхлээд шаардлагатай үед хүмүүст өгөөд, үлдсэнийг нь өөрсдөө хэрэглээд таардаг даа.
-Уучлаарай, дэлхийн хошой аварга болоод ирэхэд тань бэлэглэсэн 500 гр алтаа та хоёр ямар нэгэн зүйлд зарцуулсан уу, үгүй юү?
-Алтаа гэртээ хадгалж байгаа. Юу юуны туханд хүрэлгүй, зарж үрэхийг хүсээгүй юм.
-Та олуулаа бужигнаж өссөн хүн. Одоо нөхөртэйгөө та хоёр хоёулаа л амьдарч байна уу?
-Үгүй ээ. Өнгөрсөн намраас бидэнтэй манай хоёр эрэгтэй дүү хамт амьдарч байгаа. Нэг нь миний төрсөн дүү. Нөгөө нь ээжийн маань дүүгийн хүүхэд. Би багаасаа эрчүүдтэй ноцолдож, дарвиж өссөн. Одоо ч гэртээ гурван эрэгтэй хүнтэй амьдарч байна. Урьд нь бид хоёулаа амьдардаг нэртэй ч байнга л зочин гийчинтэй байдаг байсан. Хөдөөнөөс манай ах дүү нар их ирнэ. Нэг хэсгийг нь үдэж өгөөд, дараагийнх нь угтаж авдаг. Ийм л бужигнасан айл даа.
-Тэгэхээр та хоёр зан их сайтай хүмүүс байх нь ээ. Зан сайтай айлд хүн бүхэн чуулдаг гэдэг дээ?
-Магадгүй ээ (инээв). Манайд ер нь гийчингүй өнжсөн өдөр гэвэл тун ховор доо. Найзууд ирнэ. Найзын найзууд цуглана. Манай нөхрийн талын ах дүүс ч амралтын өдрөөр гэрт ирж, бужигнана.
-Батцэцэг хэр сайн гэрийн эзэгтэй бол?
-Яах вэ, хоол, унд гайгүй хийж сурахыг хичээж л байна. Гэхдээ би хааяа нэг хоол хийдэг дээ. “Чи гэрийн эзэгтэй учраас би чиний гарын хоолыг иднэ” гэж манай хүн хэлдэггүй. Намайг ихэнх тохиолдолд завгүй байдгийг мэдэх болохоор хоол хийлгэх гэж гуйдаг ч үгүй. Өөрөө хоолоо хийчихдэг юм.
-Та хоёр тэмцээнд хамт явж байсан уу?
-2013 оны ДАШТ-д хамт явж байсан.
-Тэр үед алтан медалийн төлөө барилдаад Каори Ичод ялагдан, дэвжээн дээрээс уйлаад бууж ирэхэд танай хүн хэрхэн тайвшруулж байв?
-“Зүгээр ээ. Чи дараа Ичог заавал ялах юм байна. Наадах чинь чамд юу ч болохгүй юм байна” гэхээр нь нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод тайвширч билээ. Манай хүн надад их итгэдэг. Намайг түрүүлнэ, амжилт гаргана гэдэгт үргэлж итгэдэг болохоор хааяа ганц нэг тэмцээнээс “мултарчихаад”, нөхөртөө дуулгахаар “Хүнээр худлаа тоглоод байгаарай” гэдэг юм.
-2014 ДАШТ-ээс “мултарчихаад” ирэхэд танай хүн юу гэсэн бэ?
-Тэр тэмцээнээс ирээд “Би одоо барилдахгүй. Хайр нь чамд хүүхэд төрүүлээд өгье” гэсэн чинь өөдөөс шууд л үгүй гэсэн. “2016 оны олимпод л оролцоно гэж талд нь хүртэл бэлтгэл хийчихээд одоо болино гэж байхгүй шүү.Чамд буцах зам байхгүй. Юуны чинь хүүхэд төрүүлэх вэ” гээд халгаагаагүй.
-Долоон жилийн дотор ДАШТ-д гурван удаа финалдаж, хошой аварга болсон, олимпоос медаль хүртсэн бахдам сайхан амжилтын эзэн нь та. Энэ нь хэдийгээр богино хугацаа юм шиг боловч тамирчны ялалт хямдхан олддоггүй учраас та туулах ёстой бүхнийг туулаад л гарсан байх, тийм үү?
-Тийм ээ. Энэ амжилт надад бага үнээр олдоогүй. Спортын төлөө би золиослох зүйлээ золиосолж, зориулах ёстойгоо ч зориулсан. Гэхдээ одоо эргээд бодоход бас бус боломжуудыг ч алдаж байсан юм билээ. Тэглээ гээд гаргасан амжилтаа чамлаж хэзээ ч болохгүй.
-Монгол Улсын Гавьяат багш, Гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин гуай Архангайн Хашаатын нутагт төрж, өссөн гэдэг. Багш, шавь хоёр нэг нутаг юм билээ шүү дээ?
-Тийм шүү. Ойдов, Дүвчин багш бид хэд яг нэг дор төрцгөөсөн хүмүүс. Намайг өдий зэрэгтэй бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Дүвчин багш. Анх барилдаж байхдаа хааяа хожигдоно. Тэр үед багш маань “Тамирчин хүн ийм байх ёстой. Чи цаашдаа илүү мундаг бөх болно. Тэгэхийн тулд ийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй” гэх мэтээр миний оюун ухаанд олон зүйлийг суулгаж өгсөн. Миний анхны багш Дондов намайг аливаа зүйлд ул суурьтай хандаж сурах суурийг тавьж өгсөн хүн. Бэлтгэл дээр бүтэн хоёр цагийн турш надаар цорын ганц мэх давтуулдаг байсан. Тэр нь намайг тэвчээртэй болгосон гэж боддог.
Ярилцсан Л.Ганчимэг