Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит энэ жилийн грантыг “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээлээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн судлаач, эрдэмтдийн баг хүртсэн. Уг бүтээгдэхүүнийг гаргасан багийн удирдагч, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Д.Будрагчаатай ярилцлаа.
-“Зэсел тарилгын шингэн” ямар үр дүнтэй, юунд зориулсан бүтээгдэхүүн бэ?
-Энэхүү бэлдмэл нь селен болон зэс элементүүдийн дутагдлаас үүдэлтэй бог малын бодисын солилцооны хямрал болох булчин цайх, оронги өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай. Мал эмнэлгийн хүрээлэнгийн бодис солилцоо, биохимийн лабораторид хэрэгжүүлж буй “Бэлчээрийн болон байран маллагаатай мал, амьтны бодисын солилцоог дэмжих эмчилгээ, сэргийлэлтийн бэлдмэлийн шинэ технологи” шинжлэх ухаан технологийн төслийн дэд сэдэвт судалгааны багийнхан бид 2018- 2021 онд Баянхонгор аймгийн Богд, Баацагаан, Хөвсгөлийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Тариалан сумын малд туршин гаргасан. Эл сумуудыг сонгосон учир нь газар нутгийн онцлог, өвс, ургамлын тархац, шинж чанараас шалтгаалж бог малд нь бодисын солилцооны эмгэг үүсэн, дээр дурдсан өвчлөлд өртдөг. Ер нь говийн аймгуудын малд зэс, хангайн бүсийнхэд селен дутагдах нь элбэг учраас бог мал нь хээл хаях, эсвэл гарсан төл нь ядарч сульдан, булчин нь саажиж, улмаар хорогддог. Тэгвэл “Зэсел” нь нэг тарилтаар оронги, булчин цайх өвчнөөс сэргийлж, эмчлэх төдийгүй малын бодисын солилцоо, булчингийн үйл ажиллагааг дэмжих давхар үйлчлэлтэй. Манайх иймэрхүү үйлчилгээтэй тарилгыг ОХУ, БНХАУ, Турк, Чех улсаас импортолдог. Гэхдээ давс хэлбэрээр бэлдсэнийг нь хэрэглэдэг. Давс хэтрүүлэх нь сайн биш. Тиймээс бид давсан дахь хэрэгтэй элементийг нь нийлэгжүүлэх аргаар салган авч, хөл газрын ургамлаас тээвэрлэгч бодис ялган, органик шинж чанар бүхий баяжуулсан бэлдмэлээ гаргасан. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг илэрсэн малын булчингийн эрүүл мэндийг эсийн түвшинд хамгаалж, хэт ислээс сэргийлж, энергийн эх үүсвэр болох глюкозын уусмал, биеийн жинг нь нэмэгдүүлэх тэнцвэржүүлэгч болон D, E аминдэмээр баяжуулсан нь импортын бэлдмэлтэй өрсөлдөхүйц найрлага үүсгэсэн.
-Ийм тариа хийх түүхий эдийн нөөц манайд хангалттай юу?
-Судалгааны багийнхан зөвлөлдөөд хөл газрын ургамлаас тээвэрлэгч бодис гаргахад санал нэгдсэн. Учир нь НЗДТГ-аас “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж, хөл газрын ургамал түүж, цуглуулж буйг ашиглан, усан ханднаас шаардлагатай элемент ялган авсан нь эдийн засагт ихээхэн хэмнэлттэй гэсэн үг.
-Та бүхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит энэ жилийн грантыг хүртжээ. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид ашигтай загварын гэрчилгээ, патент авах хүсэлтээ Оюуны өмчийн газарт хүргүүлэх бэлтгэлээ хангасан. Ерөнхийдөө тарилгынхаа технологийг бүрэн боловсруулж бэлдмэлээ гарган, лаборатори болон хээрийн туршилтуудаа хийж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн сорьц баталгаажуулалтын албанд шалгуулан, малын эмийн бүртгэлд оруулахаар ажиллаж буй. Цаашид тарилгаа улсын хэмжээнд нэвтрүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлуулан хэрэглэж хэвшүүлэх зорилго байна. Ингэж шууд хэлэхийн учир нь импортын бэлдмэл нь селений давс болон Е аминдэмийн найрлагатай бол “Зэсел тарилгын шингэн” нь Е, D аминдэм, зэс, селений баяжмал, глюкоз агуулсан.
-Малчид “Зэсел”-ийг сонгодог болж, малын эмийн борлуулалтын сүлжээнд байр сууриа эзлэхийн тулд таны бодлоор юу хийх хэрэгтэй вэ. Тариагаа тасралтгүй үйлдвэрлэх тоног төхөөрөмж, орчин нөхцөл нь манайд бий юү?
-Их хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд цаг хугацаа зарцуулж, дэс дараатай ажиллах хэрэгтэй. Малын эм үйлдвэрлэлийн “Биоимпекс” компанийн үйлдвэрлэлийн шугам дээр “Зэсел” тарилгын шингэний төвшрүүлэг хийж, бага хэмжээгээр үйлдвэрлэдэг. Бид БШУЯ-наас зарладаг Технологи туршилт, зүгшрүүлэлт болон инновацын төсөл шалгаруулалтад ирэх жил багаараа орохоор төлөвлөсөн. Инновацын төслөөр шалгарвал бүтээгдэхүүнээ их хэмжээгээр гаргах боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн их хэмжээгээр нийлүүлж эхлэхэд төрөөс импортын бүтээгдэхүүний татварыг нэмээд өгвөл дотоодын тарилгыг борлуулахад илүү хялбар болж, өрсөлдөж чадна гэж тооцож буй.
-“Зэсел”-ийг гарган авах санаа хэрхэн төрсөн бэ?
-Би МУИС-ийг биохимич мэргэжлээр 2008 онд төгсөөд Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллах болсон. Тухайн үед бог малын оронги, булчин цайх, иодын дутагдал буюу бахуутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлдмэлийн технологийг боловсронгуй болгох төслийн багт орсон. Судалгааны үр дүнгээр бид 2011 онд селений давс агуулсан тарилгын бэлдмэл СЕЛАД, зэсийн давс агуулсан КУПРАД-Б бэлдмэл гарган малын эмийн бүртгэлд оруулж байв. 2012- 2018 онд би Япон Улсад докторын зэрэг хамгаалж ирээд Мал эмнэлгиийн хүрээлэнд эргэн ажиллаж, шинэ багийнхны хамт сэдэвт судалгааг орчин үеийн аргуудтай хослуулан үргэлжүүлсэн нь хавсарсан үйлчлэлтэй “Зэсел” юм.
-Та Японд ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?
-“Химийн аргаар гаргаж авсан шинэ бүтэцтэй синтетик полисахаридын дархлалын олдмол хомсдлын вирусийн эсрэг үйлчлэх механизм” сэдвээр хамгаалсан. Анагаахын инженерчлэлийн чиглэлийн ажил гэсэн үг.
-Сүүлийн жилүүдэд малын өвчлөл өссөний улмаас бие нь давжаарч, ашиг шим нь буурлаа гэж ярих боллоо. Манайх хэр эрүүл малтай вэ?
-Огт өвчлөлгүй, эсвэл цоо эрүүл малтай гэж хэлэх нь өрөөсгөл. Халдварт бус өвчин нь орон нутгийн онцлог, өвс, ургамлын гарц, тухайн жилийн цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж үүсдэг. Зуд зурхан болж малын тамир муудан, эрдсийн дутагдалд орж булчин цайх, оронги зэрэг өвчинд нэрвэгдэж буй, эсэхийг малчид, малын эмч нар тодорхойлж, шаардлагатай эм, тариаг нь хэрэглэх нь зүйтэй. Мал хүнтэй адилхан зарим эрдэс бодисын дутагдалд орж, заримаар нь илүүддэг учраас эмчийн оношилгоо, зөв эмчилгээ чухал. “Зэсел”-ийг малд жилд багадаа 2-3 удаа тарина. Тарианаас малын биед ямар нэгэн илүүдэл бодис хуримтлагдахгүй. Үйлчилгээгээ үзүүлээд биеэс нь гадагшлах учраас хүнд ч сөрөг нөлөөгүй. Үүнээс гадна хаварт төл хорогдоод эхлэхэд малчид хаврын харчиг цаг, малын тэсвэрт чанартай холбон тайлбарлаж, байх ёстой зүйл мэтээр тоохгүй орхидог. Зөв эмчилж, шаардлагатай тариаг нь хийвэл малын зүй бус хорогдлыг бууруулах бүрэн боломжтой.
-Тариа ямар үнэтэй байх бол?
-Импортын бэлдмэлийг 100 граммыг нь 12 000-15 000 төгрөгөөр борлуулдаг. Нэг малд 1.5 мл буюу нэг шилийг нь 60 малд хийнэ гэвэл нэг удаа тариулахад 200-250 төгрөг болдог. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэсэн тариаг импортынхоос хямд, ядаж ижил үнээр борлуулах хэрэгтэй гэсэн үг. Дээр дурдсанчлан, юуны түрүүнд импортын бэлдмэлийн татварыг нэмбэл “Зэсел”- ийг нэвтрүүлэхэд төдийгүй цаашид малын эм, бэлдмэл үндэсний зохиогч, үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болно.
-Цаашид гадаадаас тариа худалдан авахгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай улс 2020 оны өвөл 57 орчим сая бог тоолуулсан. Хаварт таван малын дөрөв нь төллөхөд хэдэн арван сая ширхэг тариа хэрэг болно. Тухайн жилийн онцлог, малын авсан тарга тэвээрэг, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж хэдэн ч малыг тарих шаардлага гарч болно. Тиймээс дотооддоо бага хэмжээгээр үйлдвэрлэн, улмаар өргөжүүлээд явбал хэдэн жилийн дараа “Зэсел” тарилгын шингэн булчин цайх болон оронги өвчний үед хэрэглэх үндсэн сонголт болж, импортын бүтээгдэхүүнийг орлуулах боломж байна.
-Эрдэмтэн, судлаачид ажиллах туршилтын бааз, лабораторийн орчин манайд хэр байна. Мал эмнэлгийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин ямар байгаа бол?
-Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн стандартын шаардлага хангасан, тохилог орчинд ажилладаг. Японы ЖАЙКА төслийн хүрээнд халдварт, халдварт бус өвчин судлалын аль ч багийнхан сайн тоног төхөөрөмжөөр шат дараатай хангагдаж буй. Өндөр мэдрэг зарим багажийг бусад хүрээлэн, их сургуулийн лабораторид очиж ашиглах боломж бий. Харин эрдэм шинжилгээний бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх, маркетингаа сайжруулах талаар анхаарах хэрэгтэй гэж боддог. Эцэст нь хэлэхэд “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээл гаргахад бүх талаар тусалсан төслийн удирдагч, дэд профессор, доктор Т.Энх-Оюун болон багийнхандаа баярлалаа. Энэ жил манай хүрээлэнгийн 60 жилийн ой тохиож буй учраас үе үеийн эрдэмтэн, судлаачид, хамт олондоо баярын мэнд хүргэе.