Манай улс энэ жилээс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах болсон. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас уг ажлыг санаачлан, зохион байгуулж, эхний ээлжид 30 сургуульд ажиллах сэтгэлзүйчийг сонгон шалгаруулаад байна. Тэд өдгөө мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй. Мэргэшүүлэх сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж байгаа аж. Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, Удирдлагын академийн дэд захирал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Ш.Батсүхтэй энэ талаар ярилцлаа.
-Сургуулиудад ажиллах сэтгэлзүйч манай улсад хангалттай байна уу?
-Манай нийгэмлэгийнхэн өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзсан. Тухайн үед сайд сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах хэрэгтэйг онцлоод, үүнийг хариуцан хэрэгжүүлэхийг хүссэн. Тэрхүү уулзалтаас хойш бид тасралтгүй ажиллаж, хүний нөөцийг судлан, ойрын хугацаанд буюу энэ онд багтаан 160 гаруй сэтгэлзүйчийг богино хугацаанд мэргэшүүлж, сургуулиудад ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн. Манай их, дээд сургуулиуд, ялангуяа МУИС, МУБИС 1992 оноос сэтгэлзүйч бэлтгэсэн. Үүнээс гадна хувийн хэвшлийн бусад сургууль ч энэ чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэсэн байна. Ингээд үзэхээр улсын хэмжээнд 2000 гаруй сэтгэлзүйч бакалаврын түвшний боловсрол эзэмшжээ. Тэдний зарим нь төрийн бус байгууллага, компани байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь томоохон компаниудад хүний нөөцийн, маркетинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Харин сэтгэлзүйчийн ажлын байр манай улсад хомс. Гэхдээ хэрэгцээ асар их бий. Яагаад гэвэл XXI зууныг дэлхий дахинд “Сэтгэл зүйн” гэж онцлоод байгаа шүү дээ. Учир нь хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөгөөр хүмүүсийн амьдралд олон өөрчлөлт гарч байгаа. Байгаль, цаг уурын өөрчлөлт ч асар их. Ялангуяа мэдээллийн технологи хөгжсөнөөр хүмүүс дэлгэцийн хамааралд өртөж, виртуал буюу зохиомол ертөнцөд амьдардаг болчихлоо. Үүнээс үүдэн ганцаардалд өртөх тохиолдол элбэг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тухайд хэрхэн бие хүн болж төлөвших, өсвөр насныханд бол мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэгт сэтгэлзүйчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Тиймээс барууны орнуудад 100 гаруй жилийн өмнөөс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Харин манай улс үүнийг одоо л системтэйгээр хэрэгжүүлэх гэж байна.
-Сургуульд ажиллах сэтгэлзүйчид өдгөө мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа. Эхний ээлжид 30 мэргэжилтэн бэлтгэнэ. Уг ажил цаашид үргэлжлэх үү?
-Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөлд хамрагдсан, зургаан аймаг, нийслэлийн хоёр дүүргийн нийт 30 сургууль эхний ээлжид сэтгэлзүйчтэй болно. Тус агентлагаас нэмэлт санхүүжилт гарган, бакалаврын зэрэгтэй сэтгэлзүйчдээс сонгож, шалгарсан хүмүүсийг 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлсэн. Уг ажил амжилттай үргэлжилж байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан яамны харьяа 45 лаборатори сургуульд сэтгэлзүйч ажиллуулахаар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлалаа. Сургалт явуулах бэлтгэл ажлуудаа өдгөө хангаж байна.
-Сэтгэлзүйчдийг хэрхэн сонгон шалгаруулав. Тэдэнд ямар шаардлага тавьсан бол?
-Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хоёр шаттай шалгаруулалт явууллаа. Эхнийх нь бичиг баримтын шалгаруулалт. Хоёр дахь шатанд сэтгэлзүйчдээс ярилцлага авсан. 73 хүн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн. Бидний зүгээс сэтгэл судлалын бакалавр зэрэгтэй байх гэсэн ганц л шаардлага тавьсан. Гэтэл манайд ганцхан жил сургаад, сэтгэл зүйн бакалаврын зэрэг олгочихсон сургууль байна. Олон улсад, манай хууль тогтоомжоор ч нэг жилийн дотор бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх боломжгүй. Багадаа гурав, цаашлаад дөрвөн жил суралцсанаар сэтгэлзүйч болдог. Тийм хүмүүсийг л ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулна. Уг шаардлагад нийцэхгүй, эсвэл өөр мэргэжилтэй гэх шалтгаанаар хасагдсан хүмүүс бий. Одоогоор 26 сургууль сэтгэлзүйчээ сонгосон. Сонгон шалгаруулалтын явцад бид их, дээд сургуулиудын сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатайг, боловсролын зарим байгууллага үндэслэлгүйгээр диплом олгодог зэргийг олж харлаа.
-Сэтгэлзүйчдийн ажлын байр, цалин зэргийг хэрхэн шийдэх вэ?
-Сэтгэлзүйч нэг сургуульд тогтмол ажиллана. Сургуулиас нь орон тоог гаргаж, цалинг нь олгоно. “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн Байгаль орчны сургалт, хөгжлийн төвийнхөн сургуульд ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, сургууль нь анги танхимаа засаж тохижуулан, хүүхэд, багш, эцэг, эх зөвлөгөө авахад таатай орчин бүрдүүлсэн өрөө гаргана. Тэнд нь шаардлагатай ширээ сандал, компьютер, сейф зэргийг “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслөөс нийлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, сэтгэлзүйчид сейф хамгийн чухал. Яагаад гэвэл хувь хүний нууцыг хадгалах ёстой. Тийм учраас бичиж тэмдэглэсэн зүйлээ заавал сейфэнд хадгалж, тусгай архив, хувийн хэрэг үүсгэдэг. Нэг удаа зөвлөгөө авсан хүн дахиж ирвэл өмнө нь ямар асуудал тулгарсан, түүнийгээ шийдвэрлэсэн, эсэхийг нь харгалзан үзнэ гэсэн үг. Сэтгэл судлалаар мэргэшсэн хүн судалгаанд тулгуурлаж зөвлөгөө өгдөг, өөрийн гэсэн арга барилтай. Түүнээс биш үзмэрч шиг бусдыг хараад дүгнэхгүй шүү дээ.
-Ямар хөтөлбөр, арга барилаар сэтгэлзүйчдийг сургаж байгаа вэ?
-Сургуулиудад ажиллуулах сэтгэлзүйчийг сонгох, мэргэшүүлэн сургана гэдэг бол амаргүй ажил. Тухайлбал, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг бид шинээр боловсрууллаа. Уг хөтөлбөрийн дагуу эхний гурван долоо хоногт онолын сургалт цахимаар явуулна. Дараагийн хоёр долоо хоногт Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд танхимын сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Сургуулиудад ажилласан туршлагатай, өндөр чадвартай багш нар сүүлийн гурван долоо хоногт суралцагчдыг дадлагажуулах юм. Нэг багш 5-8 хүн ахлан дадлага хийлгэнэ.
-Их, дээд сургууль дөнгөж төгссөн хүмүүс сургалтад хамрагдаж байна уу. Эсвэл туршлагатай мэргэжилтнүүд үү. Тэд хэзээнээс ажилдаа орох вэ?
-Өнгөрсөн өвөл, хавар сургуулиа төгссөн хүн бий. Бас туршлагатай сэтгэлзүйчид ч байгаа. Тэд багштайгаа бүтэн жил хамтран ажиллана. Багш нар сар тутам тэдэнтэй уулзан, чиглүүлж, зөвлөгөө өгнө. Түүнчлэн бид 30 сургуульд ээлжлэн ажиллах зөвлөх баг гаргах төлөвлөгөөтэй. Сургуульд ажилласан сэтгэлзүйч сар бүр тайлан бичиж, ололттой тал болон бэрхшээлтэй асуудлаа бусадтайгаа хуваалцан, багшаасаа тогтмол зөвлөгөө авах маягаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх учиртай. Эхний ээлжид мэргэшсэн 30 сэтгэлзүйч ирэх сарын 15-наас сургуулиудад ажиллана. Яамны харьяа 45 лаборатори сургуулийн сэтгэлзүйчид есдүгээр сарын сүүлчээр ажлын талбарт гарах боломжтой. Яагаад гэвэл хоёр дахь ээлжийн мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 16-наас эхлэхээр төлөвлөсөн.
-Тэднийг мэргэшүүлэхдээ аль улсын жишиг, туршлагыг баримталсан бэ?
-Бид өмнө нь сургуулийн сэтгэлзүйч гэж ярьж ирсэн. Харин олон улсын ажил, мэргэжлийн жагсаалтад үүнийг боловсролын сэтгэлзүйч гэж томьёолсон. Манай улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ч Монголын ажил, мэргэжлийн жагсаалтыг батлахдаа боловсролын сэтгэлзүйч гэж оруулсан. Нэр томьёо ийнхүү өөрчлөгдсөнөөр агуулга ч илүү өргөн хүрээг хамарна. Хүн төрөхөөс эхлээд насан туршдаа суралцдаг, боловсордог. Тэрхүү сурах, хөгжих үйл явцад сэтгэлзүйч хэрхэн дэмжлэг үзүүлэхийг боловсролын сэтгэл зүй гэдэг агуулгаар тодорхойлж байгаа юм. Л.Энх-Амгалан сайд өнгөрсөн хавар Францын Элчин сайдтай уулзахдаа Монголд сургуулийн сэтгэлзүйч ажиллуулахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Үүний дагуу бид Францын Элчин сайдын яам, тус улсын Үндэсний боловсролын яам, Бордугийн их сургуультай хамтран ажиллаж байгаа. Францын боловсролын сэтгэлзүйчийг мэргэшүүлдэг сургалтын тогтолцоо, хичээлийн агуулгатай танилцаж, холбогдох байгууллагынхантай нь өнгөрсөн зургадугаар сарын 29-нд цахим уулзалт хийж, туршлага судалсан. Францад 2017 он хүртэл сургуулийн сэтгэлзүйч гэж нэрлэдэг байж. Харин тухайн оноос эхлэн үндэсний боловсролын сэтгэлзүйч гэдэг нэршилтэй болгосон. Тус улсад боловсролын сэтгэлзүйчийг бүтэн жил бэлдэж, мэргэшүүлэн сургадаг юм байна. Үүнээс гадна 16 орны боловсролын сэтгэл зүйн тогтолцоог судалсан.
-Боловсролын сэтгэлзүйч гэхээр зөвхөн ерөнхий боловсролын сургуульд бус, бүх шатанд, илүү өргөн хүрээнд ажиллана гэсэн үг үү?
-Боловсролын сэтгэлзүйч гурван түвшинд ажиллах ёстой. Эхнийх нь микро түвшин. Энэ бол хувь хүмүүстэй ажиллана гэсэн үг. Хоёр дахь нь дунд түвшин. Анги, хамт олон, сургуулийг хэрхэн хөгжүүлэх, хүүхдүүд суралцах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг эл түвшинд хамааруулна. Гурав дахь нь макро буюу бодлогын түвшин. Жишээ нь, олон улсын болон үндэсний эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлан, бага насны хүүхдүүдтэй ажиллах зарчим, бодлогыг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн ажлуудыг гүйцэтгэх юм. Л.Энх-Амгалан сайд Монголд боловсролын сэтгэлзүйч ажиллуулах бодлогын баримт бичиг боловсруулах үүргийг бидэнд өгсөн. Үүнийг ирэх аравдугаар сар гэхэд боловсруулж, Засгийн газраар батлуулах төлөвлөгөөтэй. Уг ажлын хүрээнд улсын хэмжээний томоохон судалгаанууд хийнэ. Мөн бодлогоо хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөө гаргана. Тодруулбал, цаашид сэтгэл зүйн үйлчилгээг сургуульд хэрхэн системтэйгээр нэвтрүүлж, хөгжүүлэхийг тооцоолох юм.
-Сэтгэлзүйчдийг бэлтгэж, сургуулиудад ажиллуулсан туршлага манайд улсад өмнө нь байсан уу?
-Социализмын үед байсан. Би БНАГУ-д Лейпцигийн их сургуульд сэтгэл судлалаар суралцсан. Сургуулиа төгсөөд Яармаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 63 дугаар сургуульд хэл засалч багшаар нэг жил ажиллаж байлаа. Үүний дараа Архангайн багшийн сургуульд орлогч захирлаар гурван жил ажилласан. Дараа нь Боловсролын хүрээлэн буюу тухайн үеийн Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч болсон. Тэнд ажиллах явцдаа сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах, энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэхээр хүрээлэнгийнхээ захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргад хандсан. Хүрээлэнгийн удирдлага ч саналыг минь дэмжиж, улмаар БНМАУ-ын Ардын боловсролын яамны сайд Б.Даваасүрэн 1989 оны аравдугаар сарын 2-нд тушаал гарган, Монголд анх удаа сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар шийдвэрлэж байлаа. Тухайн үед сэтгэлзүйчээр ажиллах хүмүүсийг багш нараас сонгож, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд гурван сарын курст сургасан. Тэр үед аймгуудын Боловсролын газар нь Сургалт, арга зүйн кабинет гэдэг нэртэй байсан. Тэдгээр кабинетад, мөн нийслэлийн дөрвөн районд бас тус бүр нэг сэтгэлзүйч ажиллуулахаар бэлтгэж байв. Харамсалтай нь, нийгмийн шилжилтийн үетэй давхацсанаар уг ажил зогссон юм. Гэсэн ч энэ ажлыг би хийх л учиртай байж. 32 жилийн дараа дахиад эхэллээ. Одоо бол ажил ямар нэгэн саадгүй үргэлжилж байна. Хүний нөөцөө бэлтгэж, нэг жил туршилтаар ажиллуулах тушаалыг салбарын сайд гаргалаа. Өөрөөр хэлбэл, боловсролын тогтолцоонд сэтгэл зүйн үйлчилгээ гэсэн цоо шинэ дэд тогтолцоо оруулж ирнэ гэсэн үг. Бас нэг томоохон дэвшил бий. Сэтгэл зүй чухал болохыг олон нийт ойлгож эхэлсэн. Жишээ нь, өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн дараа аймгуудын Засаг дарга нар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Тэгэхэд 4-5 аймгийн Засаг дарга “Сургуульд сэтгэлзүйч ажиллуулна” гэж хөтөлбөртөө тусгасныг олж үзсэн. Уг нь манай улс 2005 онд Бага, дунд боловсролын тухай хуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах сэтгэлзүйчийг сургуульд ажиллуулна гэж заасан. Мөн Засгийн газар, сайдуудын түвшинд гаргасан зарим тушаал, шийдвэрт ч сэтгэлзүйч ажиллуулна гэж тусгасан нь бий. Гэхдээ өнөөг хүртэл системтэй хэрэгжүүлээгүй юм.
-Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг хамруулсан сэтгэл зүйн судалгаа манай улсад байна уу?
-Системтэй, улсын хэмжээний томоохон судалгаа хомс. Гэхдээ Боловсролын хүрээлэнгээс 2014 оноос эхлэн Монголын хүүхдийн цогц хөгжлийн оношилгооны суурь судалгаа хийж байгаа. Уг судалгааны завсрын үр дүнгээр ном, гарын авлага гаргасан байдаг. Мөн янз бүрийн төсөл, хөтөлбөрийн шугамаар, хувь хүний санаачилгаар хийсэн судалгаанууд бий. Зарим судалгаагаар Монголын өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь ганцаардалд өртсөн гэх дүн гарсан байх жишээтэй. Мөн 70 гаруй хувь нь сэтгэцийн дарамтад ордгийг тогтоожээ. Эцэг, эхчүүдтэй ярилцахад ижил насны хүүхдүүд нэгнээ дарамтлах, гадуурхах үзэгдэл ихэссэнийг хэлэх болсон. Энэ мэт асуудлаас сэргийлэх, бусадтай эвээ олж амьдрахыг хүүхдэд багаас нь зөвлөх шаардлага тулгарч байгаа. Манай сэтгэлзүйчид 12 дугаар анги төгсөх хүүхдүүдэд өнгөрсөн хавар цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Үүний хүрээнд 10 сэтгэлзүйч Боловсролын үнэлгээний төвд нэг сарын турш гурван ээлжээр ажилласан юм. Тэд 1000 гаруй хүүхдэд зөвлөгөө өгсөн нь маш үр дүнтэй ажил болсон. Тухайн үед бид 4000 гаруй хүүхдийг хамруулсан судалгааг цахимаар хийсэн. Үүнээс харахад хүүхдүүд “Ковид-19”-өөс үүдэлтэй ганцаардалд өртөх тохиолдол элбэг байна. Гэр бүлийн зөрчил, таарамжгүй харилцаа, үерхэл нөхөрлөлийн асуудал, найз нөхдийн үл ойлголцол зэрэг асуудлаар хүүхдүүд зөвлөгөө авсан тохиолдол олон байлаа. Зарим нь сэтгэл гутралд орсон байна. Мэргэжлээ сонгох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхтэй холбоотойгоор айдаст автсан хүүхдүүд ч сэтгэлзүйчид хандсан.
-Сургуульд сэтгэлзүйч ажиллуулж, нэг хүүхэд зөвлөгөө авлаа гэж бодъё. Гэтэл бусад нь түүнийг сэтгэцийн өвчтэй гэж гадуурхвал яах вэ. Үүнээс сэргийлэх арга хэмжээ төлөвлөсөн үү?
-Сургуульд ажиллах сэтгэлзүйчид соён гэгээрүүлэх, сэтгэл зүйн боловсрол олгох арга хэмжээ, аян зэргийг зохион байгуулах ёстой. Хоёрдугаарт, сэтгэлзүйчтэй хэн уулзаж байгааг бусдад мэдэгдэхгүй, нууцыг чандлан хадгалж, итгэлийг нь алдахгүй байх шаардлагатай. Бас багш, эцэг, эхчүүдэд сургалт явуулна. Жишээ нь, багш өнөөгийн Z үеийнхний онцлогийг мэдэх үү. Тэдэнтэй зөв арга барилаар ажиллах чадвартай юу зэргийг сэтгэлзүйч үнэлж, шаардлагатай тохиолдолд багш нарт зөвлөх юм.
-45 хоногийн сургалтаар бэлтгэсэн сэтгэлзүйчид ийм хэмжээний мэдлэг, чадвар эзэмших боломжтой юу?
-Тэднийг маш сайн бэлтгэж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд шиг нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургах боломж манайд одоогоор алга. Харин МУБИС бакалаврын түвшинд боловсролын сэтгэлзүйч бэлтгэх хөтөлбөр боловсруулж, БШУЯ-аар батлуулсан. Энэ намраас элсэлт авах гэж байна. Мөн нэг жилийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулсан. Бусад сургууль ч энэхүү туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр цаашид богино бус, урт хугацаагаар мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг.
-Төсөлд хамрагдаагүй сургуулиуд сэтгэлзүйч ажиллуулъя гэсэн хүсэлт тавивал нөөц мэргэжилтэн бий юү?
-Ийм хүсэлт тавьсан сургуулиуд бий. Бид энэ ажлыг эхлэхээс өмнө сэтгэлзүйч ажиллуулдаг байсан 70 орчим сургууль байгаа. Тэдгээрийн 30 орчимд нь мэргэжлийн сэтгэлзүйч ажилладаг. Бусад нь мэргэжлийн бус. Тэгэхээр сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшсэнийг нь бид давтан сургалтад хамруулж, мэргэшүүлэх төлөвлөгөөтэй. Харин мэргэжлийн бус хүмүүсийг солихоос өөр аргагүй. Яагаад гэвэл сэтгэлзүйчид эмч шиг мэргэших ёстой. Анагаахын оюутнууд цөөнгүй жил суралцаж, дадлагажсаны дараа эмч болдог шүү дээ. Үүнтэй л адил.